Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2020/ДШМ/1446

 

 

 

 

 

 2020              12             02                                         2020/ДШМ/1446                                                                                                Т  M 546                                  МАЛАЛ

Т.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Гэрэлмаа,

шүүгдэгч Т.Б-гийн өмгөөлөгч Б.Мэргэн,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 08 дугаар сарын 18ы өдрийн 2020/ШЦТ/1513 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 1806058871658 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 13ы өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Т-ын Б-, Архангай аймагт 1981 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороо, Дипломат хотхоны 0-00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 000000000/

Т.Б- нь 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр М.Т-г “Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон төөрөгдөлд оруулж 2,500,000 төгрөг шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Т.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Т.Б-г зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, уг ялыг биелүүлээгүй бол намайн цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Т.Б- давж заалдах гомдолдоо: “...Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Би М.Т- болон түүний эхнэрт итгэл үнэмшил төрүүлэх, төөрөгдүүлэх зүйл хэлээгүй, “Виз гаргаж өгнө” гэж хэлсэн зүйл огт байхгүй. Мөн гэрч М.Дэлгэрмаа нь “Дараагийн хүнээ орж ирэхээр мөнгийг өгнө” гэж хэлсэн мэтээр намайг илт гүтгэсэн байна. Намайг гэм буруутайд тооцсон үндэслэлийг би хүлээн зөвшөөрөхгүй...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мэргэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогчийн мэдүүлэг, гэрч Дэлгэрмаа, Б- нарын мэдүүлэг, дансны хуулга зэрэг нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй. Хохирогч Т-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдийн зөрүүтэй байдал гэрч Дэлгэрмаагийн мэдүүлэг, мөн хохирогчийн шүүх хуралдааны үеэр өгсөн мэдүүлгийн холбогдох хэсгүүд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байсан боловч шүүгч анхаарч үзэлгүй орхигдуулсан. Тодруулбал, хавтас хэргийн 17 дугаар хуудаст байгаа хохирогчийн мэдүүлэгт “...би өмнө нь 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Солонгос Улсад аялалаар зорчих виз мэдүүлээд өгсөн байсан бөгөөд хариугаа хүлээгээд байж байх үед манай хамаатан Дэлгэрмаа утсаар холбогдоод наад виз мэдүүлгийн газарт чинь таньдаг хүн байна, тэр хүн рүү 2,500,000 төгрөг шилжүүлчих гэж хэлэхээр нь би Б- гэх хүнтэй холбогдож 2,500,000 төгрөг өгсөн” гэсэн байдаг. Гэтэл хавтас хэргийн 19 дүгээр хуудаст өгсөн мэдүүлэгтээ “ ... би 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр эхнэр Сэлэнгэтэй хамт хуримын бал сараа тэмдэглэхээр Солонгос Улсын виз мэдүүлдэг газар материалуудаа бүрдүүлж өгсөн. Тэр өдрөө хамаатны Дэлгэрмаатай “Визний материалаа бүрдүүлээд өгчихлөө” гэж ярьсан. Тэгээд Дэлгэрмаа надад “найдвартай Солонгос Улсын виз гаргадаг хүн байна” гэж хэлсэн. Бас надад “Материалаа бүрдүүлээд өгсөн ч нэмэргүй байж магадгүй. Ямар ч байсан асуугаад үзэхгүй юу” гэж хэлээд 99066100 дугаарыг надад өгсөн. Санал болгосны дагуу өгсөн дугаар руу нь залгаад Б- гэх хүнтэй яриад учир байдлаа хэлсэн. Гэтэл Б- гэх хүн надад “Чи манай газар өгөхгүй яасан юм бэ, за за ямар ч байсан өгсөн материалыг чинь дундаас нь аваад виз гаргаад өгье, баталгаатай” гэж хэлсэн. Намайг болохоор 1,000,000 төгрөг, эхнэрийг 1,500,000 төгрөг өг гэсэн. Эхнэрийн нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт тасалдсан байсан болохоор ийм үнэ хүрнэ гэж хэлсэн” гэсэн байдаг. Үүнд Т- эхний мэдүүлэг дээрээ “визний баримт бүрдүүлээд өгчихөөд хариугаа хүлээж байх үед” гэсэн байдаг. Материал өгсөнөөс хойш тодорхой хугацааны дараа байдаг. Тодорхой хугацааны дараа буюу 7 хоногийн дараа мөнгө өгсөн гэж ярьдаг. Дэлгэрмаа нь залгаад намайг тэр хүнд 2,500,000 төгрөг өгчихөө гэж хэлсэн гээд байдаг. Гэтэл дараагийн мэдүүлэгтээ “Тодорхой хугацааны дараа биш яг тэр өдрөө визний материалаа өгчихөөд харих замдаа Дэлгэрмаатай ярьсан. Тэгтэл Дэлгэрмаа утасны дугаар өгөөд би Б- гэх хүн рүү залгасан чинь 2,500,000 төгрөг нэхээд байхаар нь өгсөн” гэж яриад байдаг. Өөрөөр хэлбэл, эхлээд Дэлгэрмаа надад 2,500,000 төгрөг өгөөрэй гэж хэлсэн гэж хэлчихээд сүүлдээ Б- надаас нэхэж авсан Дэлгэрмаа 2,500,000 төгрөг өгөөрэй гэж хэлээгүй гэж хэлдэг. Дээрээс нь мэдүүлгүүд нь цаг хугацааны хувьд зөрүүтэй байдаг. Хавтас хэргийн 20 дугаар хуудаст Б-гийн мэдүүлэгт “Дэлгэрмаа над руу залгаад “Манай ахад туслаач, 2,500,000 төгрөг өгнө гэж байна” гэж хэлсэн” гэсэн байдаг. Хохирогч Т-гийн эхний мэдүүлэг буюу “Дэлгэрмаа намайг Б-д 2,500,000 төгрөг өгчих гэж хэлсэн” гэх мэдүүлэгтэй нь таараад байдаг. Харин хоёр дахь мэдүүлэгтээ Б- залилсан болж харагдуулахын тулд “Б- надаас 2,500,000 төгрөг нэхсэн” гэж мэдүүлсэн байдаг. Үүнд үндэслэн шүүх шийдвэрээ гаргасан. Т-, Дэлгэрмаа нар “Б-г виз гаргаж өгдөг газар ажиллуулдаг, виз гаргаж өгнө гэж мөнгө авсан” мэтээр мэдүүлэг өгсөн байдаг. Энэ нь виз гаргадаг эрх бүхий албан тушаалтан биш атлаа виз гаргадаг хүн мэтээр худлаа хэлж мөнгө авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан зохиомол байдлыг зориудаар бий болгосон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан гэх шинжийг харагдуулж байна. Шүүх ч ингэж дүгнэсэн. Гэтэл хавтас хэргийн 84 дүгээр хуудаст Дэлгэрмаагаас мөрдөгч “Та Б- нь аль нэг улсад нэвтрэх виз гаргаж байсан болон визний материал бүрдүүлэх ажил хийж байсан эсэхийг мэдэх үү” гэж асуухад Дэлгэрмаагаас “Үгүй, тийм ажил хийж байгаагүй” гэж хариулсан. Харин хохирогч Т- нь 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Б-г виз гаргадаггүй болохыг нь мэднэ. Харин танилтай байж магадгүй гэж таамагласан” гэж мэдүүлсэн байдаг. Гэрч Батхүү “Т-гийн гуйх болсон шалгаан нь Б-гийн нэр дээрх үйл ажиллагаа явуулдаг компанийн нэр дээр Б- болон түүний төрсөн дүү Болормаа, түүний нөхөр Мөнхбаяр нар нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаад Солонгос Улсын визэнд ороод виз нь гараад 3 сар ажиллаад Монгол Улсдаа буцаж ирсэн. Тэрийг Т- сонссон болохоор Т- тусламж гуйсан юм” гэж мэдүүлсэн байдаг. Шүүгдэгч Б- ч ингэж мэдүүлдэг. Хохирогч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Хоёр дүүдээ өмнө нь баталгаатай виз гаргаж өгсөн байдаг болохоор нь баталгаатай гаргах байх гэж бодсон” гэж хэлсэн байдаг. Энэ бүгдээс харахад Б- зохиомол байдлыг зориудаар бий болгоод бодит байдлыг нуугаад төөрөгдөлд оруулсан обьектив шинж байхгүй. Иймд анхан шатны шүүх бодит байдалд нийцсэн дүгнэлт хийгээгүй. Ач холбогдолтой зүйлийг дүгнээгүй учраас давхардуулаад дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримтыг харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй. Хоёрдугаарт: Б- нь анхан шатны шүүх хуралдаан болсон 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр жирэмсэн байсан. Жирэмсэн гэдэгтэй нь холбоотой баримтыг шүүгчийн туслахын өгсөн и-мэйл хаягаар явуулсан байгаа. Өнөөдрийн байдлаар шүүгдэгч Т.Б- нь 5 сартай жирэмсэн. Анхан шатны шүүхээс Т.Б-д 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх ялыг жирэмсэн эмэгтэй, 55-с дээш насны эмэгтэй, 60-с дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй” гэснийг зөрчсөн. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

Прокурор Н.Гэрэлмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Б- нь Т-г визний материалаа өгсөний дараа дундаас нь виз гаргаж өгч чадна, нийгмийн даатгалын асуудлыг нь зохицуулж өгнө” гэж мөнгө авсан болох нь тогтоогддог. Хохирогчийн мэдүүлэгт ноцтой зөрүү байхгүй. Хоёр дахь мэдүүлгээ дэлгэрэнгүй байдлаар өгсөн. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Ял шийтгэлийн хувьд хөнгөрүүлэх эсэх асуудал нь шүүхийн эрх хэмжээнд хамаарна” гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Т.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Шүүгдэгч Т.Б- нь 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр М.Т-г “Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон төөрөгдөлд оруулж 2,500,000 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь:

хохирогч М.Т-гийн “... Би өмнө нь 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр БНСУ-д зорчих виз мэдүүлээд ном журмын дагуу албан ёсоор мэдүүлгээ бөглөөд өгсөн байсан. Хариу хүлээж байтал хамаатны Дэлгэрмаа холбогдоод “Наад визний газарт чинь таньдаг, найдвартай хүн байна. 2,500,000 шилжүүлчих” гэсний дагуу Б- гэж хүнтэй холбогдоод уг мөнгийг өгсөн. 2018 оны 04 дүгээр сарын сүүлээр татгалзсан хариу гарсан. Б-тай утсаар холбогдож “Мөнгийг нь өгчихсөн байхад яагаад татгалзсан хариу гарав” гэж асуухад “Зүгээрээ, гадаад паспортоо аваад ир, гомдол гаргаж болдог юм” гэхээр нь паспортоо аваачиж өгсөн. Одоо хүртэл миний асуудлыг шийдэж өгөөгүй тул хуурч залилсан гэж бодож байна ...” /хх 17/

“... Зарим зүйлийг тодруулж хэлэхийг хүсч байна... Б- гэж хүнтэй ярьж учир байдлаа хэлэхэд “Чи манай газар өгөхгүй яасан юм, за за өгсөн материалыг чинь дундаас нь аваад виз гаргаж өгье, баталгаатай” гээд минийх 1,000,000 төгрөг, манай эхнэрийнх 1,500,000 төгрөг болно гэсэн. Эхнэрийн нийгмийн даатгал тасалдсан учраас ийм болно гэсэн. Би зөвшөөрч 5150001834 гэсэн дансанд 2,500,000 төгрөг шилжүүлсэн. 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр зорилго тодорхойгүй гэх шалтгаанаар виз олгогдоогүй хариу авсан. Энэ талаар Б-д хэлэхэд “Түр хүлээ, дахин боломж байгаа, паспортоо аваад ир” гэсэн. 2018 оны 05 дугаар сарын эхээр Б-д паспортоо өгөхөд “Дахин өргөдөл өгнө, эсвэл гэрээт ажлын визэнд оруулж өгнө” гээд авсан. Түүнээс хойш “Материалыг чинь бүрдүүлээд өгсөн байгаа хүлээж бай”, “Мөнгийг чинь өгнө” гэж аргалсаар байгаад өдий хүрсэн ...” /хх 18/,

гэрч М.Дэлгэрмаагийн “...Би энэ хоёр хүнийг холбож, Б- эгчийн утасны дугаарыг Т-д өгсөн. Т- 2018 оны 04 сард Б- эгчийн данс руу 2,500,000 төгрөг шилжүүлсэн гэж байсан. 8 сард “Б- худлаа юм байна” гэсэн. Би Б- эгчтэй ярихад “Хүлээцтэй байж чадахгүй байна” гэхээр нь “Боломжгүй бол мөнгийг нь буцаагаад өгөөч” гэхэд “Өөр визны материал бүрдүүлэх хүн орж ирвэл мөнгө авч байж өгнө” гэж байсан. Б- одоогоор ажилгүй байгаа. Тухайн үед ч тодорхой ажилгүй байсан. Өмнө нь нотариатын туслах, бас Ардчилсан намд ажилладаг байсан...” /хх 83-84/,

гэрч Э.Сэлэнгийн “...Б-г огт мэдэхгүй. Нөхөр бид хоёр Солонгос Улсын виз гаргуулахаар Б-д  2,500,000 төгрөг өгсөн...” /хх 79-80/ гэх мэдүүлгүүд,

хохирогч М.Т-гийн дансны хуулга /хх 35/,

шүүгдэгч Т.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...тухайн үед Дэлгэрмаа над “Манай хамаатны хүн эхнэртэйгээ Солонгос Улсын визэнд орох гэсэн юм, та туслаач” гэхээр нь хүнээс асууж өгье гэсэн. Тэгээд Т-г надтай холбогдохоор нь “Материалаа бүрдүүлсэн үү” гэж асуухад өгсөн гэж байсан. Надад виз мэдүүлдэг газар байхгүй, би ажиллаж байгаагүй. Манай гэр бүл Оросоос хүнс оруулж ирдэг болохоор Дэлгэрмаагаас мөнгө зээлэхээр асуухад “Энэ визний материалд туслаад 2,500,000 төгрөг ав, виз гарахгүй бол буцаагаад өгчих, танаас хүү авахгүй” гэсэн учир түр зээлсэн. Авсан мөнгөө бараагаа татахад хэрэглэсэн...” гэсэн мэдүүлэг /хх 30-31/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Т.Б- нь “БНСУ-ын виз гаргаж өгнө” гэж хохирогчийг хуурч мөнгө авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинжтэй байна. Энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Тэрээр гадаад улсын виз мэдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй, хохирогч М.Т-г виз мэдүүлж, зохих хууль, журмын дагуу материалаа өгснийг мэдсэн, үүнээс шалтгаалж виз олголтын асуудалд баримт, материал бүрдүүлэх, зуучлах гэх мэт байдлаар оролцох боломжгүй болсныг мэдсээр атлаа “Виз гаргаж өгнө” гэж хохирогчийг итгүүлэн хуурч, түүнээс авсан мөнгөө өөрийн хэрэгцээнд зарцуулсан нь залилах гэмт хэргийн шинжид бүрэн нийцэж байх тул гэм буруугаа эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Т.Б-гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэргээс үзэхэд хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд ноцтой зөрүүтэй байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Т.Б- нь жирэмсэн тухай эмнэлгийн баримтаа давж заалдах шатны шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд, биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх ялыг жирэмсэн эмэгтэй, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй” гэж заасан байна.

Иймд шүүгдэгч Т.Б- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо бүрэн барагдуулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулахгүй байх дээрх хуулийн заалтад нийцүүлэн энэ талаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хүлээн авч  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/1513 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг “Шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэж, 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай” гэж өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ         

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН