Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2080

 

Б.Уын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо, даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2019/01939 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Уын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Г” ХХК-д холбогдох,

 

Тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүдийг Б.Уын нэр дээр бүртгүүлэхийг даалгуулах, гэрээний үүрэгт 20 000 00 төгрөг, гэрээний үүргийг зөрчлөөс учирсан хохиролд 273 213 312 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй

Гэрээний үүргийн зөрчлөөс учирсан хохиролд 302 581 640 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Тамир,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.Оюунцэцэг,

Хариуцагчийн төлөөлөгч: Ё.Ууганбаяр,

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Хишигбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Уа нь “Г” ХХК-тай 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Тээврийн хэрэгсэл түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Б.Уын өмчлөлийн 32-94 УНС улсын дугаартай TATRA маркийн зүтгүүр, 83-73 УНЭ улсын дугаартай TATRA маркийн зүтгүүр, 22-37 УНӨ улсын дугаартай TATRA маркийн зүтгүүр, 24-36 УНЛ улсын дугаартай TATRA маркийн зүтгүүр, 22-54 УНӨ улсын дугаартай TATRA маркийн зүтгүүр, БНХАУ-д үйлдвэрлэсэн CNMC үйлдвэрийн нүүрс тээвэрлэх зориулалт бүхий 26-28 ГЧ улсын дугаартай LST9402 XXY маркийн чиргүүл, 26-26 ГЧ улсын дугаартай LST9402 XXY маркийн чиргүүл, 41-57АЧ улсын дугаартай LST9402 XXY маркийн чиргүүл, 23-06 ГЧ улсын дугаартай LST9402XXY маркийн чиргүүл, 23-05ГЧ улсын дугаартай LST9402 XXY маркийн чиргүүлийн гэрчилгээг нь “Г” ХХК-ийн нэр дээр гэрээ дуусгавар болох хүртэлх хугацаа буюу 3 сарын хугацаатай түр шилжүүлэн түрээсэлсэн.

Түрээсийн гэрээний хугацаа дуусч дээрх зүтгүүр болон чиргүүлүүдийг биет байдлаар Б.Уын эзэмшилд шилжүүлсэн боловч уг техникүүдийн тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээрх нэр “Г” ХХК байгаа ба тус компани нь Б.Уын нэр дээр буцаан шилжүүлж өгөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул Б.Уа нь өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг өмчлөх, захиран зарцуулах боломжгүй болсон.

Мөн талуудын хооронд байгуулсан гэрээгээр “Г” ХХК нь гэрээ байгуулснаас эхлэн нэг сарын тээврийн хэрэгсэл \чирэгч толгой, чиргүүл\-ийн түрээсийг сарын 0-6 хүртэлх рейс 4 000 000 төгрөг байхаар, өөрөөр хэлбэл рейс хийгээгүй байсан ч түрээсийн төлбөр төлөхөөр харилцан тохирсон.

Гэрээ 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдаж 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр цуцлагдсан, тиймээс нэг тээврийн хэрэгслийг нэг сар түрээслэх түрээсийн төлбөр 4 000 000 төгрөг, нийт 5 тээврийн хэрэгсэл 20 000 000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөх ёстой боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүртэл хохироосоор байна.

Б.Уа “Тэнүүн жинчид” ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 05/18 дугаартай Тээврийн хэрэгсэл түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулсан ба маргаан бүхий тээврийн хэрэгслүүдийг тус компанийн нэр дээр шилжүүлэн өгч үйл ажиллагаа явагдах байсан боловч хариуцагчийн хууль бус үйлдлээс болж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулах боломжгүй байдалд хүрч хохирсоор байгаа тул дээрх гэрээгээр олох байсан орлого 210 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна.

Мөн Б.Уа “Тайхар Ундарга Инвестмент ББСБ” ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж нийт 400 000 000 төгрөгийн зээл авсан. Зээлийн хүү болон эргэн төлөлтийг өөрийн өмчийн Татра маркийн чирэгч болон чиргүүлүүдийг бусад түрээсэлж олсон орлогоороо төлж ирсэн юм.

Гэтэл хариуцагч “Г” ХХК-ийн хууль бус үйлдлээс болж зээлийн төлбөрөө төлөх боломжгүй байдалд хүрч өнөөдрийг хүртэл хохирсоор байна. Зээлийн гэрээний үүрэгт ББСБ-аас нэхэмжилсэн хүү болон нэмэгдүүлсэн хүү, зогсоолын төлбөр нийт 43 213 312 төгрөгийг төлсөн.

Иймд хариуцагч “Г” ХХК-иас 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 2018/09 дугаартай Тээврийн хэрэгсэл түрээслэх, түрээслүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 20 000 000 төгрөг, “Тэнүүн жинчид” ХХК-тай байгуулсан гэрээгээр олох байсан орлого 210 000 000 төгрөг, “Тайхар Ундарга Инвестмент ББСБ” ХХК-иас нэхэмжилсэн хүү, нэмэгдүүлсэн хүү болон, зогсоолын төлбөр 43 213 312 төгрөг, нийт 273 213 312 төгрөгийг “Г” ХХК-аас гаргуулж, “Г” ХХК-иас шаардлагатай бичиг баримтыг гаргуулан тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүдийг Б.Уын нэр дээр бүртгүүлэхийг даалгаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г” ХХК нь Б.Уатай 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Тээврийн хэрэгсэл түрээслэх, түрээслүүлэх 2018/9 дугаартай гэрээг байгуулсан. Уг гэрээгээр Татра маркийн чирэгч толгой 10 ширхэг, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн СИМС үйлдвэрийн нүүрс тээвэрлэх зориулалт бүхий 20 ширхэг чиргүүлийг хүлээлгэн өгч, түрээслүүлэхээр тохиролцсон.

Гэрээний 2.1 дэх заалтаар нэг тээврийн хэрэгсэл /чирэгч толгой, чиргүүлийг хамтад нь ойлгоно/-ийн түрээс сард нэг машин 6 удаа рейс хийх тохиолдолд 4 000 000 төгрөг байхаар, 7-8 удаа рейс хийх тохиолдолд 5 000 000  төгрөг байхаар, 9-10 удаа рейс хийхэд 7 000 000 төгрөг байхаар тохиролцсон.

Өөрөөр хэлбэл машины очер, дараалал, хил гаалийн үйл ажиллагаанаас хамаарч, 1 машины сард явах рейсийг ялгамжтайгаар тогтоож түрээсийн төлбөрийг өөр өөр байхаар тогтоосон. Компани түрээсийн зүйл болох эд хөрөнгүүдийг түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлд заасны дагуу бүрэн бүтнээр, тээвэрлэх нөхцөл шаардлагыг хангасан байхаар харилцан тохиролцсон.

Гэвч түрээслэгч гэрээнд заасны дагуу автомашинуудыг бүрэн бүтнээр хүлээлгэн өгөөгүй бөгөөд Өмнөговь аймгийн Цогц цэций сумын Таван толгойн уурхайгаас 25 км зайд орших АУМ компанийн кемпээс түрээслэх ёстой байтал уг кемп дээр түрээсийн зүйл болох автомашин чиргүүлүүд байгаагүй.

Бид нөхцөл байдлыг харгалзан үзэж, уян хатан хандаж, түрээсийн автомашинуудыг Дорноговь аймгийн Ханги боомтоос өөрсдийн зардлаар тээвэрлэлт хийж Таван толгойн уурхайд авч ирэхээр болсон.

Тухайн үед гаргасан бүх зардлыг Б.Уа нь түрээсийн гэрээний дагуу түрээсэлсэн автомашины рейсийн мөнгөнөөс тооцон өгөхийг зөвшөөрсөн.

Дээрх 14 автомашинуудыг засварлаж, эхний 5 автомашиныг 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр тээвэрт гаргасан. Үлдсэн 5 машин ямар ч тээвэрт гарах боломжгүй, эвдрэл гэмтэл ихтэй байсан. Энэ нь машин түрээслэх түрээсийн гэрээ хэрэгжихгүй нөхцөл байдалд хүрсэн.

Ингээд бид 5 автомашинаар нүүрс тээвэрлэлтийг хийж эхэлсэн боловч гарсан 5 автомашин тээвэрт явах замдаа удаа дараа эвдрэл үүсч 2 автомашин нэг рейс хийх явцдаа эвдрэл гарч зогссон тул 3 автомашинаар тээвэр хийсэн бөгөөд 1 автомашин нь 3 рейс, нөгөө 2 автомашин 2 рейс хийсэн. Түүний дараагаар уг автомашинд гарсан эвдрэл ихсэж, улмаар дугуйгүй болж, тээвэрлэлт хийх боломжгүй нөхцөл байдалд хүрсэн. Бид машиныг яаралтай засварлаж өг гэдэг шаардлагыг уулзаж болон утсаар ярьж удаа дараа хэлсэн боловч Б.Уа гэрээний үүргээ биелүүлээгүй.

Дээрх 5 автомашинаар нийт 9 удаагийн рейсийн хийсэн. Энэ нь нэг рейс тутам гэрээ ёсоор 666 000 төгрөг буюу 6 000 000 төгрөг болсон. Энэ нь гэрээний дагуу компаниас төлөх түрээсийн төлбөр 6 000 000 төгрөг болсныг илтгэнэ.

Б.Уын өмчлөлийн 14 автомашиныг Дорноговь аймгийн Ханги боомтоос өөрсдийн зардлаар тээвэрлэлт хийж Өмнөговь аймгийн Цогт цэций суманд авчирч, 5 автомашиныг засварлаж, 9 удаагийн рейс хийж дуусгах хүртэл манай компаниас 48 454 000 төгрөгийн зардал гарснаас 9 удаагийн рейсийн төлбөр 6 000 000 төгрөгийг хасахад өнөөдрийн байдлаар 42 454 000 төгрөгийн Б.Уаас авахаар болсон.

Б.Уатай компанийн 14 ширхэг Татра машин Хангийн боомтоос Эрдэнэс таван толгой уурхай зөөхөд гарсан зардал гэх тооцоог 2 ч удаа хийсэн.

Энэхүү тооцоо хийсэн баримтын дагуу төлбөрөө төлөхийг Б.Уад удаа дараа албан бичиг, хүсэлт явуулсан боловч 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр компанид ирүүлсэн албан бичигтээ 5 376 800 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн. Энэ нь гарсан бодит зардалтай харьцуулахад бага байгаа учир гарсан зардлыг бодитоор өгөхийг удаа дараа шаардсан.

Гэрээнээс үүдэлтэй гарсан зардлаа тооцоо нийлсэн актын дагуу төлсөн тохиолдолд автомашинуудын гэрчилгээг гарган өгөхөд бид татгалзах зүйлгүй юм.

Б.Уын нэхэмжилсэн гэрээнээс үүссэн хохирол олох байсан орлого 273 213 312 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад гэрээгээр тохиролцсон 10 толгой 20 чиргүүлийг шилжүүлэх үүрэгтэй байтал энэ үүргээ биелүүлээгүй тул эрхийн доголдолтой гэж үзнэ.

“Голден Фрейд” ХХК нь иргэн Б.Уатай Тээврийн хэрэгсэл түрээслэх, түрээслүүлэх гэрээг 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 3 сараар буюу 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл байгуулсан. Мөн гэрээний хугацааг дахин 3 сараар сунгасанд тооцохоор тохиролцсон.

Б.Уа нь “Голден Фрейд” ХХК-тай байгуулсан Тээврийн хэрэгсэл түрээслэх, түрээслүүлэх 2018/09 дугаартай гэрээг 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 3 сараар буюу 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл байгуулсан атлаа гэрээний үүргээ бодитоор хэрэгжүүлж чадахгүй нөхцөл байдалд хүрэнгүүт хугацаанаас нь өмнө цуцлах тухай хүсэлтийг гэрээний хугацаа дуусахаас 15 хоногийн өмнө буюу 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өгсөн байдаг. Гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дуусгавар болохоор заасан.

Б.Уа “Голден Фрейд” ХХК-д 20 676 800 төгрөгийн зардал төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг төлсөнөөр автомашинуудыг шилжүүлэн авахыг мэдсээр байж “Тэнүүн жинчид” ХХК-тай дүр үзүүлэн хэлцэл хийж, учирсан хохирол гээд байгаа нь хуульд нийцэхгүй тул үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол гэж үзэж шаардах үндэслэлгүй.

Мөн “Тайхар ундарга Инвестмент ББСБ”-тай 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 2017/10/16 дугаар зээлийн гэрээгээр Б.Уа нь 250 000 000 төгрөгийг сарын 3 хувиар зээлж, зээлийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацаатайгаар байгуулсан байна. Мөн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулж уг гэрээний 2 дахь заалтаар 85-31 УБ улсын дугаартай Бульдозерыг барьцаалсан.

Энэ нь Б.Уын автомашинууд барьцаалагдаагүй, мөн зээлийг өөр зориулалтаар авсан. Зээлийн төлөлтийг Тээврийн үйлчилгээ үзүүлсний хөлснөөс төлнө гэсэн нэг ч заалт алга байна.

Иймд энэхүү нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул 273 213 312 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Б.Уа нь 8373 УНЭ, 2436 УНЛ, 2437 УНӨ, 2254 УНӨ, 3294 УНС, улсын дугаартай ТАТРА маркийн 5 толгой, 2305ГЧ, 2628ГЧ, 2626ГЧ, 2306ГЧ, 4157ГЧ, гэх 5 чиргүүлийг өгснөөс өөр авто машиныг гэрээний дагуу шилжүүлээгүй.

“Г” ХХК нь Б.Уаас 10 толгой, 20 чиргүүл түрээсэлнэ гэж найдаад БНХАУ-ын Joc Great Wall Corp.LLC-тай нүүрс тээвэрлэх JOCO8/17 дугаар гэрээг байгуулж, уг гэрээгээр Г ХХК нь Joc Great Wall Corp.LLC-д 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатайгаар нүүрс тээвэрлэх үйлчилгээ үзүүлэхээр тохиролцсон.

Дээрх гэрээ байгуулагдсаны дагуу “Г” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхээр Б.Уатай 2018 оны 09 дугаар сарын 28-ны өдөр Тээврийн гэрээ түрээслэх,түрээслүүлэх 2018/09 дүгээр гэрээг байгуулж, 20 толгой 20 чиргүүл авна гэж заасан боловч Б.Уа нь гэрээнд заасан үүргээ үл биелүүлсэн тул бид БНХАУ-ын Joc Great Wall Corp.LLC-тай байгуулсан гэрээгээр хэрэгжүүлж чадахааргүй нөхцөл байдал үүссэн.

Иймд Б.Уаас олох байсан орлого 281 904 840 төгрөгийг, Тээврийн хэрэгсэл түрээслэх, түрээслүүлэх 2018/09 дугаартай гэрээнээс үүдсэн хохирол 20 676 800 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1., 318 дугаар зүйлийн 318.1.дэх хэсэгт зааснаар

22-54 УНӨ улсын дугаартай TATRA маркийн зүтгүүр, 23-06 ГЧ улсын дугаартай LST9402 XXY маркийн чиргүүл,

32-94 УНС улсын дугаартай TATRA маркийн зүтгүүр, 41-57АЧ улсын дугаартай LST9402 XXY маркийн чиргүүл,

24-36 УНЛ улсын дугаартай TATRA маркийн зүтгүүр, 26-28 ГЧ улсын дугаартай LST9402 XXY маркийн чиргүүл,

83-73 УНЭ улсын дугаартай TATRA маркийн зүтгүүр, 23-05 ГЧ улсын дугаартай LST9402XXY маркийн чиргүүл,

22-37 УНӨ улсын дугаартай TATRA маркийн зүтгүүр, 26-26 ГЧ улсын дугаартай LST9402 XXY маркийн чиргүүл зэрэг тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүдийг нэхэмжлэгч Б.Уын нэр дээр шилжүүлэхийг хариуцагч “Г” ХХК-д даалгаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 273 213 312 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2,-т зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 14 676 800 төгрөгийг нэхэмжлэгч Б.Уаас гаргуулж “Г” ХХК-д олгон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 281 904 840 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Уаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 595 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Г” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 829 474,20 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 231 334 төгрөгийг гаргуулан хариуцагч “Г” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд зааснаар бол Б.Уа зөвхөн өөрийн тээврийн хэрэгслүүдийг бусдад түрээслүүлэхээр шилжүүлэх, үүнийхээ төлөө түрээсийн төлбөр авахаар гэрээний харилцаанд оролцсон. Гэтэл шүүх Б.Уыг түрээслэгч компанийн тусдаа ажил гүйцэтгэлтэй нь хамаатуулж буруу тайлбарласан. Гэтэл сөрөг нэхэмжлэлийн тухай асуудлыг шийдвэрлэхдээ “Г” ХХК нь нийт 9 рейсийн 6 000 000 төгрөгийг Б.Уад төлөх үүрэгтэй байна дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Шүүх Б.Уаас “Г” ХХК-д 14 676 800 төгрөг олгуулахаар шийдвэрлэсэн “Тээврийн хэрэгсэл түрээслэх, түрээслүүлэх гэрээ” байгуулахаас өмнө “Г” ХХК-ийн захирал нь Б.Уатай уулзаж тээврийн хэрэгсэл түрээслэх санал тавьсан ба Дорноговь аймагт байгааг хэлэхэд тэрээр өөрийн зардлаар танай тээврийн хэрэгслүүдийг Өмнөговь аймаг руу аваад явъя гэж тохироод авч явсан байдаг. Энэхүү гарсан зардлыг Б.Уа төлөх үүрэг хүлээгээгүй буюу гэрээнд ч тийм заалт байхгүй.

Өөрөөр хэлбэл “Г” ХХК-ийн захирал өөрийн ажлаа хурдан явуулахын тулд зардлаа өөрөө хариуцахаар тохирсон байсан. Б.Уа уг тооцоо хийсэн баримтад гарын үсэг зураагүй, тооцоо нийлээгүй гэж шүүхэд тайлбарласаар байхад шүүх тооцоо нийлсэн гэж үзээд 9 рейс хийснийг 6 000 000 төгрөгийг Б.Уыг тооцоо нийлсэн баримтаар төлөх 20 676 800 төгрөгөөс хасч тооцсон нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэгч Б.Уын нэр дээр тээврийн хэрэгслүүдийн гэрчилгээнүүдийг шилжүүлэхийг хариуцагч “Г” ХХК-д даалгахыг хэвээр үлдээж, зарим хэсгийг хүчингүй болгон өөрчлөлт оруулж, “Г” ХХК-иас 20 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Уад олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Уа нь хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүдийг Б.Уын нэр дээр бүртгүүлэхийг даалгуулах, түрээсийн гэрээний үүрэгт 20 000 000 төгрөг, гэрээний үүргийг гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд 273 213 312 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирол 30 258 640 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргажээ.

 

Б.Уа нь “Г” ХХК-тай 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Тээврийн хэрэгсэл түрээслэх, түрээслүүлэх 2018/09 дугаар гэрээг байгуулж, уг гэрээгээр түрээслүүлэгч Б.Уа нь түрээслэгч “Г” ХХК-ийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нь зориулж Татра маркийн чирэгч толгой 10 ширхэг, БНХАУ-д үйлдвэрлэсэн СИМС үйлдвэрийн чиргүүл 20 ширхэгийг шилжүүлэх, түрээслэгч “Г” ХХК нь гэрээгээр тохирсон төлбөр төлөх үүргийг тус тус хүлээж, гэрээг 3 сарын хугацаатай байгуулсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх-ийн 4-7-р хуудас/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.

 

Б.Уа нь дээрх гэрээгээр “Г” ХХК-ийн эзэмшил, ашиглалтад чирэгч толгой /зүтгүүр/ 10 ширхэг, чиргүүл 20 ширхэгийг шилжүүлэхээр тохиролцсон боловч 22-54 УНӨ улсын дугаартай TATRA маркийн зүтгүүр, 23-06 ГЧ улсын дугаартай LST9402 XXY маркийн чиргүүл, 32-94 УНС улсын дугаартай TATRA маркийн зүтгүүр, 41-57АЧ улсын дугаартай LST9402 XXY маркийн чиргүүл, 24-36 УНЛ улсын дугаартай TATRA маркийн зүтгүүр, 26-28 ГЧ улсын дугаартай LST9402 XXY маркийн чиргүүл, 83-73 УНЭ улсын дугаартай TATRA маркийн зүтгүүр, 23-05 ГЧ улсын дугаартай LST9402XXY маркийн чиргүүл, 22-37 УНӨ улсын дугаартай TATRA маркийн зүтгүүр, 26-26 ГЧ улсын дугаартай LST9402 XXY маркийн чиргүүл гэх 5 ширхэг чирэгч толгой /зүтгүүр/, 5 ширхэг чиргүүлийг бодитоор шилжүүлэн өгсөн, “Г” ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэрээний зүйл болох зүтгүүр, чиргүүлийн эвдрэлтэй холбогдуулж гэрээ цуцлах тухай мэдэгдлийг өгч, 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гэрээ цуцлагдсан талаар талууд маргаагүй.

 

Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ цуцлагдснаар Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт зааснаар түрээслэгч “Г” ХХК түрээслүүлэгч Б.Уад түрээсийн зүйл болох дээрх 5 чирэгч /зүтгүүр/, 5 чиргүүлийг буцаан хүлээлгэн өгөх үүрэгтэй ба уг үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй нь түрээсийн зүйлийн бичиг баримтыг Б.Уын нэр дээр буцааж шилжүүлэн өгөөгүй байдлаар тогтоогдсон, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв боловч Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5-д заасныг тайлбарласан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болжээ.

 

Өөрөөр хэлбэл, түрээсийн гэрээний хугацаа дуусахад гэрээний зүйлийг буцаан өгөх үүргийг зохицуулсан нарийвчилсан хэм хэмжээний зохицуулалтыг хэрэглэх учиртай.

 

Хариуцагч 83-73 УНЭ, 24-36 УНЛ, 22-37 УНӨ, 22-54 УНӨ, 32-94 УНС улсын дугаартай 5 тээврийн хэрэгслээр тээвэр хийсэн нь “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн GSR-19-B/521 тоот албан бичиг, хариуцагч байгууллагын “зам ашигласан тээврийн тооцоо” зэрэг баримтуудаар тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй. Нийт 9 удаа тээвэр хийхэд 83-73 УНЭ тээврийн хэрэгслээр 3 удаа, 24-36 УНЛ тээврийн хэрэгслээр 1 удаа, 22-37 УНӨ тээврийн хэрэгслээр 3 удаа,  22-54 УНӨ тээврийн хэрэгслээр 1 удаа, 32-94 УНС тээврийн хэрэгслээр 1 удаа тээвэр хийжээ.

 

Гэрээний 2.1 дэх заалтаар нэг тээврийн хэрэгсэл /чирэгч толгой, чиргүүлийг хамтад нь ойлгоно/-ийн түрээс сард нэг машин 0-6 удаа рейс хийх тохиолдолд 4 000 000 төгрөг, 7-8 удаа рейс хийх тохиолдолд 5 000 000 төгрөг, 9-10 удаа рейс хийхэд 7 000 000 төгрөг гэж тохиролцсоныг Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үгийг шууд утгаар тайлбарлавал 1 тээврийн хэрэгслийн 1 сарын түрээсийг хийсэн рейсийн тоогоор тодорхойлохдоо автомашин тээвэр хийгээгүй ч төлбөр төлөхөөр байна.

 

Анхан шатны шүүх гэрээг буруу тайлбарлан тээврийг тухайн сард гүйцэтгэсэн ажил болон рейсийн тоогоор төлбөр төлөх нөхцөлийг тодорхойлсон гэж дүгнэснээс 1 тээврийн хэрэгсэлийн 1 рейсийн үнийг 666 000 төгрөг гэж буруу тооцон алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар 5 тээврийн хэрэгсэлийн түрээсийн төлбөр 20 000 000 төгрөгийг хариуцагч нь төлөх үүрэгтэй.

 

Гэрээний үүргийн зөрчлийг хариуцагч гаргасан боловч уг үүргийн зөрчилтэй холбоотой хохирлыг гаргуулах нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

Учир нь Б.Уа нь “Тэнүүн жинчид” ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 05/18 дугаартай Тээврийн хэрэгсэл түрээслэх, түрээслүүлэх 05/18 тоот гэрээ байгуулж, “Г” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний зүйл болох 5 чирэгч /зүтгүүр/, 5 чиргүүлийг түрээслүүлэхээр тохиролцсон байх боловч тэрээр 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс автомашины түрээсийн гэрээ цуцлагдсантай холбоотой хийсэн талуудын хооронд тооцоо нийлэх хэлцлээр үүссэн үүрэг болох 5 376 800 төгрөгийг төлөөгүй байна. /хх 28 дахь тал /

 

Нэхэмжлэгч Б.Уа нь “Тайхар Ундарга Инвестмент ББСБ” ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр тус тус зээлийн гэрээ байгуулж нийт 400 000 000 төгрөгийн зээл авч үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой фидуцийн гэрээгээр САТ бульдозер маркийн тээврийн хэрэгслийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлжээ. Зээлийн гэрээний төлөлтийг тээврийн хэрэгслийг түрээсэлсэн төлбөрөөр төлөх байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна. Учир нь Б.Уа, “Тайхар Ундарга Инвестмент ББСБ” ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хугацаа 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл байх бол 2018 оны 02 дугаар сараас 06-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа талуудын хооронд байгуулсан тээврийн хэрэгсэл түрээслэх гэрээнээс хойш хугацаанд хамаарах тул зээлийн гэрээний үүрэгт бусдад төлсөн хүү, нэмэгдүүлсэн хүү төлсөн төлбөрийг хохиролд тооцох үндэслэлгүй юм.

 

Сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх зөв шийдвэрлэсэн боловч үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаагүйгээс тооцооллын алдаа гаргасныг залруулах боломжтой.

 

Талуудын хооронд байгуулагдсан Тээврийн хэрэгсэл түрээслэх гэрээний тохиролцооноос түрээсийн зүйл болох 5 чирэгч /зүтгүүр/, 5 чиргүүлийг түрээслүүлэгч Б.Уа нь түрээслэгч “Г” ХХК-д хүлээлгэн өгөх үүрэгтэй ба тэрээр уг үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна. “Г” ХХК нь Б.Уын үүргийг гүйцэтгэж өөрийн зардлаар 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс мөн оны 09 дүгээр сарын 08-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогт цэций суманд Эрдэнэс таван толгой уурхайд тээврийн хэрэгсэлийг авчирсан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 207 дугаар зүйлийн 207.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Талууд уг зардлыг 20 676 800 төгрөг гэж тодорхойлж уг мөнгөн хөрөнгийг Б.Уа нь “Г” ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь түүний гарын үсэг бүхий “Г” ХХК-ийн захирал Ё.Ууганбаярт гэж гарчигласан мэдэгдэл хүргэх нь гэсэн баримтаар тогтоогдсон. Энэ баримтад зурагдсан гарын үсэгийг өөрийн гарын үсэг биш гэж нэхэмжлэгч маргаж байгаа боловч нотлоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв гэж дүгнэнэ.

 

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчид 20 676 800 төгрөгийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар төлөх учиртай.

 

Түүнчлэн уг баримтаас дүгнэвэл хариуцагчаас нэхэмжлэгчид төлөх түрээсийн төлбөрийг 15 300 000 төгрөгөөр тооцож нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн үйл баримт тогтоогджээ. Иймд уг баримтыг үндэслэн хариуцагчаас төлөх түрээсийн төлбөрийг 15 300 000 төгрөгөөр, нэхэмжлэгчээс хариуцагчид төлөх зардлыг 20 676 800 төгрөгөөр тус тус тооцож, төлбөрийг харилцан тооцвол нэхэмжлэгчээс 5 376 800 төгрөг гаргуулж хариуцагчид олгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэж шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Хариуцагч “Г” ХХК нь БНХАУ-ын Joc Great Wall Corp.LLC-тай нүүрс тээвэрлэх JOCO8/17 дугаар гэрээг 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр байгуулж, өөрийн өмчлөлийн 35 ширхэг машин болон чиргүүлийг, Joc Great Wall Corp.LLC-д нүүрс тээвэрлэх үйлчилгээг үзүүлэхээр харилцан тохиролцсон энэ гэрээнээс олох байсан орлогыг нэхэмжлэгч Б.Уаас хохиролд тооцож гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, энэ талаар хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй болно. Иймд давж заалдах шатны шүүх талуудын зарчмыг үндэслэж анхан шатны шүүхийн дүгнэлтийг хэвээр үлдээв. /хх-ийн 148-150 дахь хуудас/

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2019/01939 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

2 дахь заалтын “14 676 800” гэснийг “5 376 800” гэж өөрчилж,

3 дахь заалтын “231 334” гэснийг “100 979” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 331 334 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

       ШҮҮГЧИД                                    Д.ЦОГТСАЙХАН

 

Э.ЗОЛЗАЯА