Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 298

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга  И.Буманбаяр,

Улсын яллагч Н.Ундрах,  

Хохирогч Н.Лхагвабаяр,

Шүүгдэгч Н.Отгонбаяр, түүний өмгөөлөгч Б.Баярням /ҮД: 0226/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хаад боржигон овогт Нямдоржийн Отгонбаярт холбогдох эрүүгийн 201725021092 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, эх бэлтгэгч мэргэжилтэй, хувиараа ажил эрхэлдэг, ам бүл 3, эх, өвөөгийн хамт Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо 53 дугаар байр 10 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хаад боржигин овогт Нямдоржийн Отгонбаяр, /РД: УП94021430/,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Н.Отгонбаяр нь 2017 оны 04 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 52-2 тоотод иргэн Н.Лхагвабаярыг зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Отгонбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй…” гэв.

Хохирогч Н.Лхагвабаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би зүгээр байхад нь ээжийг нь доромжлоогүй. Би хардаж араас нь дагасан зүйл байхгүй. 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хамт амьдрах гээд хувцасаа аваад ирэхэд нь би уурласан. Намайг зодчихоод орхиод явж байсан, түрээсийн мөнгөнөөс төлөлцдөггүй. Би түрээсийн мөнгөөс төлөлцөхгүй бол энд байх шаардлага байхгүй гэхэд надад урд нь 500.000 төгрөг өгсөн байсан. Тэр мөнгөө хэлээд ээж маань мөнгөгүй хэцүү байна хөдлөх юм бол ална гээд отверка бариад байж байсан. Миний толгой руу шөнөжин цохьсон би шинжээчид үзүүлсэн томографийн зураг авхуулж чадаагүй байгаа. Гомдолтой байна эмчилгээ хийлгэж чадаагүй баримттай зүйл байхгүй ажлын газрын тодорхойлолт цалингийн тодорхойлолтыг гаргаж өгнө. Нэг сарын цалин 700.000 төгрөг, эмчилгээний зардал 300.000 төгрөг нэхэмжилж байна. Олон удаа эд хөрөнгөд халдаж олон зүйлийг эвдэж байсан…” гэв.

Эрүүгийн 201725021092 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Н.Отгонбаяр нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 17 цагийн үед би ажлаа тараад Лхагвабаярын гэр рүү очсон. Би тэдний гэрт ирэн очин хамтран амьдардаг байсан. Бид 2 бараг хоёр жил орчим үерхсэн. Тухай өдөр би гэрт нь очоод байж байхад Лхагвабаяр надад “чи надад 400.000 төгрөг өгчих, чи байрны мөнгөнөөс хуваалцах хэрэгтэй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би одоогоор надад мөнгөний боломж алга байна” гэхэд надтай хэрүүл өдөөд маргалдсан. Тухайн үед надтай өмнө нь үерхэж байсан охин залгаж таараад Лхагвабаяр уг дуудлагыг хараад намайг хардаад маргаан улам ширүүссэн. Тэгээд Лхагвабаяр өөрөө эхэлж намайг маажиж, алгадсан тэгэхээр нь би уурлаад нуруу руу нь хоёр удаа гараараа цохьсон, нүүр рүү нь гараараа нэг удаа цохьсон бас хөл рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд би явах гэхэд намайг явуулахгүй байсан. Тэгээд хэрүүл овоо намжаад бид хоёр тэндээ хоноод маргааш нь 9 цагийн үед би тэдний гэрээс гараад ажилдаа явчихаад буцаад бид хоёр вокзал дээр уулзаад хамт гэр рүү нь явахад гэрийнх нь гадаа цагдаа нар намайг бариад явсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-32, 63-64 дүгээр хуудас/,

            Хохирогч Н.Лхагвабаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр миний түрээсэлж байсан Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 52 дугаар байрны 5 тоотод Отгонбаяр хувцасаа аваад хүрээд ирсэн. Тэгээд би Отгонбаярт “чи надтай хамт энд амьдрах гэж байгаа бол байрны түрээсийн мөнгөнөөс төлөлцөөрэй би түрээсээ төлөх гээд хүнээс мөнгө зээлээд өгчихсөн” гэхэд мөнгө олж өгнөө гэж хэлсэн. Тэгтэл Отгонбаяр уурлаад “чи ажлынхаа залуугаас мөнгө авчихсан юм бол тэрэнтэйгээ амьдраач” гээд хэрүүл хийж эхэлсэн. Тэгээд миний толгой руу цохиод элдвээр хэлээд дайраад унагааж байгаад араас хүзүү рүү гараараа хэд хэдэн удаа цохиод толгой руу балбаад нүдээд байсан. Тухайн үед манай гэрт Отгонбаяр бид хоёроос өөр хүн байгаагүй…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

 

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹5333 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. Н.Лхагвабаярын биед баруун зүүн бугалга, нуруу, зүүн өвдөг, баруун зүүн гуянд цус хуралт, зүүн чихний дэлбэнд зулгаралт, хэлэнд язрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...шинжээч эмч Т.Чимэд-Очир...” гэжээ. /хх-ийн 20 дугаар хуудас/,  

 

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 7-10/, захиргааны зөрчлийн талаар авагдсан баримт /хх-ийн 12-13/, Н.Отгонбаярын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 33/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 35/, хувийн байдал тогтоосон баримт /хх-ийн 36-44/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Н.Отгонбаяр нь 2017 оны 4 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 52-р байрны 2 тоотод хувийн харилцаатай байсан иргэн Н.Лхагвабаяртай түрээсийн байрны мөнгөнөөс болж маргалдан хоорондоо таарамжгүй харьцаа үүссэний улмаас түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Н.Отгонбаярын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Лхагвабаярын мэдүүлэг,  ШШҮХ-ийн ¹5333 дугаартай шинжээчийн дүгнэлт, зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх шүүгдэгч Н.Отгонбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүх шүүгдэгч Н.Отгонбаярт ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан шүүхээс торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.

Шүүх хуралдаанд хохирогч Н.Лхагвабаяраас “...шүүхийн шатанд хохиролд 300.000 төгрөг хүлээн авлаа, гэмтэл авснаас болж 1 сарын ажилаа хийж чадаагүй тул 700.000 төгрөг нэхэмжилнэ...” гэсэн ба хэрэгт энэ талаар холбогдох баримт байхгүй тул нэхэмжлэлийг хангахгүй орхиж, баримтаа бүрдүүлэн жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдлаа.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Отгонбаяр нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                           

                                                                                                                   ТОГТООХ нь:

            1. Хаад боржигин овогт Нямдоржийн Отгонбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Отгонбаярыг 451 /дөрвөн зуун тавин нэг/ нэгжээр буюу 451.000 /дөрвөн зуун тавин нэгэн мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Отгонбаярт оногдуулсан 451 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 451.000 төгрөгөөр торгох ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Н.Отгонбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            5. Шүүгдэгч Н.Отгонбаяр нь хохирогч Н.Лхагвабаярт гэм хорын хохиролд 300.000 төгрөг төлснийг тэмдэглэж, харин хохирогч Н.Лхагвабаяраас хөдөлмөр эрхлэхгүйтэй холбоотой нэхэмжилсэн цалин хөлсөө нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Отгонбаярт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ууганбаярыг согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоосугай. 

            8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Отгонбаярт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН