Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2021/0778

 

Нэхэмжлэлээс татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ би, иргэн Ю.К*******, Ю.Л*******, Ю.Н*******, Ю.Э*******, Ю.Н, Ю.В нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Ст холбогдох "Баянзүрх дүүргийн 12-р хороо, Жанжины ******* дугаар гудамжны ******* тоот 700 м.кв хашааны газрын эрхийг 2003 оны 05 сарын 05-ны өдөр ******* овогтой А*******д шилжүүлсэн Баянзүрх дүүргийн 12-р хорооны Засаг даргын үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 11 сарын 25-ны өдрийн 522 тоот захирамжийн Ю.А*******д холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/518 дугаар захирамжийн Ю.А*******д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ю.Н 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлээс татгалзсан тухай хүсэлтдээ: ...Миний бие тус шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О*******ээр дамжуулан нэхэмжлэл гаргасан болно. Энэхүү газартай холбогдох хэрэг нь иргэний шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн тул надад маргах зүйлгүй гэж үзэж байна. Иймд Н.О*******т олгосон итгэмжлэлээсээ албан ёсоор татгалзаж байна. Мөн шүүхэд гаргасан нэхэжмлэлийн шаардлагаасаа татгалзаж байгааг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ю.Н******* 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлээс татгалзсан тухай хүсэлтдээ: ... Миний бие тус шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О*******ээр дамжуулан Баянзүрх дүүргийн 12-р хорооны Засаг дарга болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт холбогдуулан нэхэжлэл гаргасан болно. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О******* нь надад буруу зөрүү мэдээлэл өгснөөс болж миний бие өөрийн төрсөн дүүтэйгээ маргаж байгаагаа ойлголоо. Иймд Н.О*******т олгосон итгэмжлэлээсээ албан ёсоор татгалзаж байна. Мөн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгааг хүлээн авна уу гэжээ.

Нэхэмжлэгч Ю.Л******* 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлээс татгалзсан тухай хүсэлтдээ: ... Миний бие тус шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О*******ээр дамжуулан Баянзүрх дүүргийн 12-р хорооны Засаг дарга болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт холбогдуулан нэхэжмлэл гаргасан болно. Миний бие эцэг, эхийнхээ гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандаж өөрийн дүүд шилжүүлсэн газрын эрхтэй маргах шаардлагагүй гэж үзсэн болно. Иймд Н.О*******т олгосон итгэмжлэл болон шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах хүсэлт гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус захиргааны хэргийн нэхэмжлэгч Ю.Л*******, Ю.Н*******, Ю.Н нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж буй хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно. гэж заасны дагуу нэхэмжлэгч Ю.Л*******, Ю.Н*******, Ю.Н нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн "Баянзүрх дүүргийн 12-р хороо, Жанжины ******* дугаар гудамжны ******* тоот 700 м.кв хашааны газрын эрхийг 2003 оны 05 сарын 05-ны өдөр ******* овогтой А*******д шилжүүлсэн Баянзүрх дүүргийн 12-р хорооны Засаг даргын үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 11 сарын 25-ны өдрийн 522 тоот захирамжийн Ю.А*******д холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/518 дугаар захирамжийн Ю.А*******д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ю.Л*******, Ю.Н*******, Ю.Н нар нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүйг тайлбарлах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Ю.Л*******, Ю.Н*******, Ю.Н нар "Баянзүрх дүүргийн 12-р хороо, Жанжины ******* дугаар гудамжны ******* тоот 700 м.кв хашааны газрын эрхийг 2003 оны 05 сарын 05-ны өдөр ******* овогтой А*******д шилжүүлсэн Баянзүрх дүүргийн 12-р хорооны Засаг даргын үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 11 сарын 25-ны өдрийн 522 тоот захирамжийн Ю.А*******д холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/518 дугаар захирамжийн Ю.А*******д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч нарын төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70.200 төгрөгийг нэхэмжлэгч нарт буцаан олгохгүй болохыг дурдсугай.

3. Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслах Н.Анармаад даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ