Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2020/ДШМ/1480

 

 

 

 

 

   2020            12            10                                        2020/ДШМ/1480                                                                   

 

А.Г-эд холбогдох                                                                                                         эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:   

            прокурор А.Нямсүрэн,

            шүүгдэгч А.Г-, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, Б.Батцэнгэл,  

            нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/761 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Э-, Д.Н-, шүүгдэгч А.Г-, түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн А.Г-эд холбогдох 2014250005671 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн А-гийн Г-, Өвөрхангай аймагт 1989 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, гааль татварын байцаагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 0-00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 000000000/

А.Г- нь 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Д.Н-гийн 7,000,000 төгрөгийн үнэ бүхий “Соната-6” загварын автомашиныг худалдаж авна гэж хуурч авсан, 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Б.Б-ыг Замын тендер авч өгнө гэж хуурч 30,000,000 төгрөг, Д.Н-гээр дамжуулан Г.Дагиймаагаас “50,000,000 төгрөгийн зээл бүтээж өгнө” гэж 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 2,000,000 төгрөг тус тус шилжүүлэн авсан,

Б.А-тай бүлэглэн “Замын тендер авч өгнө” гэж хохирогчдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Н.Цэндсүрэнгээс 2013 оны 04 дүгээр сард 20,000,000 төгрөг, Ц.Ж-аар дамжуулан Б.Б-аас 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 200,000,000 төгрөг, Б.Э-аас 2013 оны 04 дүгээр 09-нөөс 08 дугаар сарын 30-ны хооронд нийт 209,050,000 төгрөг, Б.Баясгалангаас 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 25,000,000 төгрөг, Ц.Зоригтбаатараас 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 7,500,000 төгрөг шилжүүлэн авсан,

мөн Б.Б-той бүлэглэн Б.У-ийг “Мон фүүд” ХХК-ийн лаазалсан бүтээгдэхүүнийг ОХУ-д гаргах бизнест хамтран ажиллана, гаалын татвар төлнө” гэх зэргээр хуурч, бодит байдлыг нуух замаар 2016 оны 01, 02 дугаар саруудад нийт 36,500,000 төгрөг, Д.Н-г “ОХУ-аас гурил импортоор оруулах бизнест хөрөнгө оруулаач” гэж хуурч 2016 оны 06 дугаар сард нийт 28,500,000 төгрөг, “Бэг бүрд” ХХК-ийн барьж байгаа барилгын дотор заслын ажлыг хийхээр гэрээ байгуулсан боловч уг ажлыг хийгээгүй атлаа бартераар авсан байрандаа захиалга авч байгаа мэтээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж А.М-аас 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 25,000,000 төгрөг, 2015 оны 10 дугаар сард 2,300,000 төгрөгийн үнэ бүхий гоо сайхны бүтээгдэхүүн, Д.Н-ээс 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулан 32,670,000 төгрөг, Б.У-тай 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр орон сууцны захиалгын гэрээ байгуулан 50,000,000 төгрөг тус тус шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас А.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Г-ийг ганцаараа болон бусадтай бүлэглэн зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жил хорих ял шийтгэж, уг ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 90 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан А.Г-ээс 18,300,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Э-д 3,500,000 төгрөг, хохирогч Д.Н-д 10,000,000 төгрөг, хохирогч А.М-д 4,800,000 төгрөг тус тус олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 5, 6 дахь хэсэгт заасныг баримтлан 88-88УБР улсын дугаартай “RANGE ROVER” загварын тээврийн хэрэгсэл Ү-2206015516, Г-220600 гэрчилгээний дугаартай Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 8-288 тоот хувийн сууц, газрыг тус тус эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарласан тогтоолыг хэвээр үлдээж, А.Г-ийн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.    

            Хохирогч Б.Э- давж заалдах гомдолдоо: “...2019 оны 09 дүгээр сард А.Г-эд холбогдох шүүх хурлаас надад 10,050,000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэж, түүнд торгох ял оногдуулсан. Энэ хугацаанд тэрээр надад 6,500,000 төгрөгийн төлсөн бөгөөд үлдэгдэл 3,500,000 төгрөгийг графикийн дагуу 09 дүгээр сарын 25-наас 30-ны хооронд төлж дуусах байсан боловч 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаас хорих ял шийтгэсэн. Иймд А.Г-эд оногдуулсан хорих ялыг өөрчилж өгөхийг хүсч байна. Учир нь, торгох ял оногдуулснаараа тэрээр ажил хийх боломжтой болж миний хохирлыг төлж барагдуулна гэж үзэж байна...” гэжээ.

            Хохирогч Д.Н- давж заалдах гомдолдоо: “...2019 оны 09 дүгээр сард болсон шүүх хуралдаанаас хойш А.Г- нь надад миний хохирол болох 11,170,000 төгрөгийг төлж барагдуулсан. Энэ хугацаанд хохирол барагдуулах гэж чин сэтгэлээсээ зүтгэж байсан. А.Г- нь Алтантуяа, Бат-Орших нарын гар хөл болж байсан, уг залилангийн хэргийг сэдээгүй гэдгээ хэлж, буруугаа маш сайн ухамсарласан байна. Энэ байдлаас үзэхэд хүнд ял оногдуулах харамсалтай санагдаж байгаа тул давж заалдах гомдол гаргаж байна...” гэжээ.  

Шүүгдэгч А.Г- тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би энэ гэмт хэрэгт 2013 онд холбогдож эхэлсэн үеэсээ тогтвортой мэдүүлэгч өгч, үнэн байдлаа хэлж, гэм буруугаа хүлээж, өөрт оногдох хохирлоо төлж, хэргийг үнэн зөв шийдүүлэхийн төлөө хуулийн дуудсан цагт саадгүй ирсээр өнөөдрийг хүрсэн. Энэ хугацаанд хохирогч нарын өмнө хийсэн үйлдэлдээ гэмшиж, 2015 оноос хойш нэмж гэмт хэрэг үйлдээгүйн зэрэгцээ мөрдөн байцаалтын шатанд 90 орчим хоног цагдан хоригдож шалгагдсан. 2019 оны 03 сард энэ хэргийг шүүхэд шилжүүлэхэд хохирол төлбөрт 80,000,000 төгрөг төлж, 2019 оны 09 дүгээр сарын 18-ны шүүх хуралдааны үед 5 хоногийн завсарлага авч 13,000,000 төгрөгийн хохирол төлж, мөн шүүхээс тогтоосон 84,705,000 төгрөгийн хохирлыг 1 жилийн хугацаанд төлөхөө илэрхийлж, 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн. Би 1 жилийн хугацаанд барилгын заслын ажил хийж 84,705,000 төгрөгийн хохирол төлбөрөөс 66,405,000 төгрөгийн хохирол нөхөн төлж 18,300,000 төгрөгийн хохирол төлж чадалгүй 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр анхан шатны шүүхээс 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хохирлоо төлөх чин хүслээр, үнэнчээр хөдөлмөрлөж, ажил олдохгүй үед хохирогч нараас хүртэл ажил олж өгөхийг хүсч, энэ хугацаанд нийт 177,705,000 төгрөгийн хохирол бүрэн барагдсан. Би одоо ч гэмшсээр байна. Өндөр настай ээж минь өдөр бүр охиноо торны цаанаас хөхөөрөө даллаж, 5 хүүхдээ эхийн хайраар дутаахгүй гэж зогсолтгүй хөдөлмөрлөж, өдрийн нартай уралдан, төрийн төмөр хаалганы дуунаас айж, хохирогч нараасаа өршөөл гуйж хохирлоо төлсөн. Би нэг хүний хохирол төлбөр төлөх гэж нөгөөг хуурч мэхлээгүй. Орон байр, тансаг амьдрал амалсан нэгэнд хууртаж түүний гар хөл болж бусдыг хохироосондоо маш их харамсаж, гэмшиж байна. Иймд миний гэмт хэрэг анх удаа үйлдсэн байдал, гэм буруугаа хүлээж, хохирол төлсөн гэх эдгээр нөхцөл байдлуудыг яллах болон цагаатгах байр суурийн аль аль талыг нь мэргэн ухаандаа тунгааж үзэж надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А.Г- нь өмнөх шүүх хурлаар тогтоосон хохирлын үлдэгдэл 84,705,000 төгрөгөөс 66,405,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлж, 18,300,000 төгрөгийн хохирлыг төлж чадаагүй байсан боловч одоо төлж бусдыг хохиролгүй болгосон. Түүний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэлд маргаагүй, үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан байгаа.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад торгох, хорих сонгох ялтайгаар хуульчилсан. Мөн давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “... ялыг хөнгөрүүлж болно” гэж хуульчилсан. Шүүгдэгч А.Г- нь хохирлоо бүрэн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг байдлуудыг харгалзан хуульд заасан торгох ялыг оногдуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч А.Г- болон өмгөөлөгч Б.Батцэнгэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг дэмжиж байна. Мөрдөн байцаалтын шатанд 5 жил гаруй хугацаанд А.Г-ийг өмгөөлж оролцсон. А.Г-ийн хувьд нас бага байхдаа гэмт хэрэгт холбогдсон. Алтантуяа гэх хамт гэмт хэрэг үйлдсэн хүнд сэтгэл зүйгээрээ хэрхэн хууртаж, ийм байдалд хүрсэн болох нь нотлогдсон тул шүүх ялгамжтай ял шийтгэл оногдуулсан. Өнгөрсөн хугацаанд Алтантуяа нэг ч төгрөгийн хохирол төлөөгүй бол А.Г- 80 гаруй сая төгрөгийн хохирол төлбөр төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, ажил эрхэлж байсан. Давж заалдах шатны шүүхэд Алтантуяагийн талаас гомдол гаргахад хохирогч нар энэ талаар илэрхийлж оногдуулсан торгох ял тохирсон гэж үзсэн. Улсын Дээд шүүх торгох ялыг яагаад ялгамжтай оногдуулсан талаараа тайлбарлаагүй гэдэг үндэслэлээр хэргийг буцаасан болохоос А.Г-эд оногдуулсан ял хөнгөдсөн байна гэж дүгнээгүй. Түүнчлэн А.Г-ийн хувьд эрхэлсэн тодорхой ажилтай, түүнд холбогдох хэрэг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэх үед 18,300,000 төгрөгийн хохирлын үлдэгдэлтэй байсан. Энэ төлбөрийг түүний ар гэр, ах дүү нь давж заалдах гомдол гаргах хугацаанд төлж барагдуулсан. Нийт 177,705,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулснаас гадна 4-16 насны 5 хүүхэдтэй. Анх нөхөр, хүүхэдтэйгээ ам бүл гурвуулаа байсан. Гэвч 2013 оноос хэрэг шалгагдаж байх хугацаанд Бат-Орших гэх нөхөр нь хаяж явснаар 4 хүүхэдтэй Бат-Ирээдүй гэх хүнтэй гэр бүл болсон тул түүний асрамжид 5 хүүхэд, хөгшин настай эх нь байдаг. А.Г- маш их хөдөлмөрлөж байж хохирол төлбөрөө төлсөн тул хохирогч нар бараг түүнийг хайрлаж байна. Түүний ял шийтгүүлсэн зүйл ангид санкцид хорих ялаас гадна торгох ялын төрөл байгаа учир торгох ялаар сольж өгнө үү...” гэв.

Прокурор А.Нямсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...09 дүгээр сарын 18-ны өдөр А.Г- холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд түүнд оногдуулсан торгох ялыг өөрчилж, 2 жилийн хорих ял шийтгэж шийдвэрлэсэн. Шүүх шийтгэх тогтоолдоо ял оногдуулж байгаа үндэслэлийг тодорхой тайлбарлаж дүгнэсэн байдлаар гаргасан. Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэл журамд заасны дагуу А.Г-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэргийн хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэрэгт дүгнэлт хийж ял шийтгэл оногдуулсан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэж байна. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Давж заалдах шатны шүүх хуралдаанаар А.Г-эд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч А.Г- нь Б.А-тай бүлэглэн “Замын тендер авч өгнө” гэж хохирогчдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Н.Цэндсүрэнгээс 2013 оны 04 дүгээр сард 20,000,000 төгрөг, Ц.Ж-аар дамжуулан Б.Б-аас 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 200,000,000 төгрөг, Б.Э-аас 2013 оны 04 дүгээр 09-нөөс 08 дугаар сарын 30-ны хооронд нийт 209,050,000 төгрөг, Б.Баясгалангаас 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 25,000,000 төгрөг, Ц.Зоригтбаатараас 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 7,500,000 төгрөг шилжүүлэн авсан болох нь:

хохирогч Н.Цэндсүрэнгийн “... 2013 оны 4 дүгээр сард А.Г- гэдэг эмэгтэйтэй танилцсан. Тэрээр “Зам, Тээврийн яаманд ажилладаг, замын ажил авч өгнө, таньдаг мөнгөтэй байгууллага байвал урьдчилгаа аваад ажил олж өгнө” гэж ярьсан ... компанийн нэр дээр тендер гаргуулахаар 20,000,000 төгрөгийг Г-ийн хамт явж Сансарын тунелийн орчим Алтантуяад өгсөн. Миний мөнгийг Алтантуяа авахдаа “бүрэн үү” гээд авсан. Алтантуяа “Зам, Тээврийн яаманд өндөр албан тушаалд ажилладаг. Г- тус яаманд ажилладаг боловч одоо чөлөөтэй байгаа” гэж хэлж байсан. Удахгүй бүтнэ гэж худлаа ярьсаар өдийг хүрсэн ...” /2-р хх 91-93/,

гэрч Н.Нэргүйн “... А.Г- нь “Булганы Дашинчилэнгийн 90 км замын тендерийн ажил байна, оролцох компани байна уу” гэдэг яриаг гаргасан ... үүнээс хойш эхнэр Б.Цэндсүрэнтэй “Төв аймгийн Лүнгийн чиглэлийн 38 км замын тендерийн ажил байна, хаалтын мөнгө 20,000,000 төгрөг байна уу, гурав хоногийн дараа гэрээ байгуулах урилга авна, танд ажил авах компани байна уу” гэж утсаар ярьж эхнэрийг ятгасан байсан ... “Мөнхийн гэрэлт зам” ХХК-ийг олж уг компаниас материал авч Г-, Алтантуяа нарт 20,000,000 төгрөг бэлнээр өгсөн байсан ...” /2-р хх 96-97/,

хохирогч Б.Б-ын “... Жаргалсайхан “Зам, Тээврийн яаманд таньдаг хүн бий, танай компанид ажил олж өгөх суваг байна” гээд надаас компанийн зарим нэг баримтуудыг авсан. 7 хоногийн дараа Жаргалсайхан утсаар яриад “таны ажил бүтэхээр болсон” гээд 200,000,000 төгрөг авсан. Түүнээс хойш хойшлуулсаар байгаад 2014 оны 5 дугаар сард миний мөнгийг Г- гэдэг хүнд өгсөн гэж хэлсэн. Би Г-ийг урьд нь таньдаг байсан. 2013 онд яг Жаргалсайхан шиг “ажил бүтээж өгнө” гэж надаас 30,000,000 төгрөг авсан ... Г- нэг өдөр Оюунаа гэдэг хүнээр дамжуулж мөнгийг чинь буцааж өгнө гээд надад 80,000,000 төгрөг өгсөн. ... Жаргалсайхан, Г- нар бие биенийгээ таньдаг гэдгийг би мэдээгүй ... Г- надад сарын дараа мөнгийг буцааж өгнө гэж хэлээд авсан өгөөгүй. Г- л намайг Жаргалсайханд зааж өгсөн байх гэж бодож байна...” /2-р хх 115-116, 3-р хх 85, 5-р хх 193/,

гэрч Ц.Ж-ы “... Г- “Замын ажил авч өгнө, би өөрөө Зам, Тээврийн яамны тендерийн хороонд ажилладаг” гээд Зам, Тээврийн яамны сайдын гарын үсэгтэй бичиг үзүүлсэн. Үүний дараа Баттулга ахтай танилцаж “миний танил Зам, Тээврийн яаманд ажилладаг” гээд хэлчихсэн юм. Баттулга ах “би замын ажил авмаар байна” гэж хэлсэн учраас энэ тухай ярих болсон. Би Г-эд “чи Баттулга ахыг таньдаг юм бол та хоёрыг шууд уулзуулъя” гэхэд “хэрэггүй, та таньж олсон юм чинь таниар дамжуулж харьцана” гэсэн. Удалгүй Г- “Завханы Тосонцэнгэл, Нөмрөг, Улиастай зэрэг газрын нийт 167 км замын ажил байна, Тулгаа ах энэ замыг авах юм уу” гэснийг Баттулга ахад хэлэхэд “болж байна, наад замыг чинь авна” гэсэн. Би Г-эд дамжуулж хэлээд материалыг нь өгсөн. Г- “компани дээр урилга гаргаж өгөхөөр боллоо, 500,000,000 төгрөг бэлд” гэж хэлсэн. Үүнийг Баттулга ахад хэлэхэд татгалзсан. “200,000,000 төгрөг өг” гэхээр нь өгсөн юм. Г- надад Зам, Тээврийн сайдын гарын үсэгтэй Баттулгын “Ашид мөнхийн зам” ХХК-ийг тендерт шалгарсан үнэн гэсэн бичиг өгөхөөр нь Баттулга ахад өгсөн ...” /2-р хх 124-125/,

“... Г-эд 200,000,000 төгрөг өгсөн. Г- миний нүдэн дээр дарга гэх хүүхэнтэйгээ ярьсан. Дарга гэх хүүхэн нь Алтантуяа болохыг сүүлд мэдсэн. Г- надад 7,000,000 төгрөгийг “энэ мөнгөөр байрны төлбөрөө төлж, шинэ оноо угтаарай” гээд өгсөн ...” /3-р хх 80/,

гэрч Н.Оюунчимэгийн “... Би Алтантуяаг танина, Г-ийг танихгүй. “Ашид мөнхийн зам” ХХК-ийн захирал Баттулгатай ажил хэргийн танилууд юм ... Баттулга надад “замын ажил олдохгүй хэцүү байна, хүнд хэдэн төгрөг алдчихаад байна” гэж ярихад Алтантуяагийн нэр гарахаар нь “би Алтантуяа гэх эмэгтэйг таних юм байна” гээд хэлчихсэн чинь Баттулга над руу байнга залгаад “мөнгө авч өгч чадах уу, Алтантуяагаас мөнгөө авах хэрэгтэй байна” гэж гуйдаг болсон ... 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Алтантуяа манай гэрт ирээд “би хэдэн төгрөг олчихлоо, Баттулгад өгөх гэсэн юм, та дамжуулаад өгчих” гэхээр нь хоорондоо уулзаж болохгүй юм байна гэж бодоод  80,000,000 төгрөгийг дамжуулж өгсөн ...” /2-р хх 129-130/,

“... Би сүүлд Алтаагаас 80,000,000 төгрөгийг яагаад надаар дамжуулж өгсөн учрыг асуухад “Г- намайг Баттулгад өгчих гээд байхаар нь танаар өгүүлсэн юм. Г-, Баттулгатай уулзах боломжгүй байгаа юм” гэж хэлсэн. Би Баттулгыг таньдаг болохоор Алтантуяа надад өгсөн байх ...” /2-р хх 131/ гэх мэдүүлгүүд,

200,000,000 төгрөгийн зээлийн гэрээ /2-р хх 119/,

хохирогч Б.Б-а нь гэрч Н.Оюунчимэгээс 80,000,000 төгрөгийг 2014 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авсан тухай баримт /2-р хх 132/,

хохирогч Б.Э-ы “... А.Г- өөрийгөө Зам, Тээврийн яаманд тендерийн материал шалгаж шивэлт хийдэг гэж хэлж танилцуулаад “яамнаас 2013 онд баригдах замын ажлууд байна, энэ ажил дээр орох хүчин чадал сайтай компани байна уу, тендер шалгаруулалтанд оруулна, үүний тулд компанийн танилцуулга, урьдчилгаа 9,000,000 төгрөг авна, энэ мөнгө нь тендерт орох эрх авах, тендерийн материал бүрдүүлэх ажлын бүтээмжийн мөнгө юм” гэсэн. Би 9,000,000 төгрөг өгсөн ба цувуулж авсаар байгаад 25,000,000 төгрөг болсон ... “замын ажил олж өгнө” гэж хэлээд нэмсээр байгаад “Ховд, Увс, Баян-Өлгий чиглэлийн замын ажлууд” гэж хэлээд мөнгөө нэмж авсан. 2013 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр 9,000,000 төгрөгийг “Ховдийн Булган, Үенчийн 45 км зам” гэж аваад, 2013 оны 10 сард буцааж өгсөн. 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 15,000,000 төгрөг “Увсын 80 км зам” гэж аваад Г- нь Алтантуяад өгсөн гэх бөгөөд 2014 оны 3 дугаар сар, 4 дүгээр сар болон 2014 оны 7 дугаар сарын 9-ний өдөр үлдэгдэл 10,000,000 төгрөгийг дансаар өгч байсан. Дансаар шилжүүлэх үед би Алтантуяад “10,000,000 төгрөгөө Даваа гэх хүний данс руу хийчих” гэж хэлээд хийлгэж байсан. Даваагийн дансны хуулга байгаа. 2013 оны 4, 5 дугаар сард Г- 4,750,000 төгрөг зээлсэн. 2013 оны 5 дугаар сарын 7-ны өдөр 15,000,000 төгрөгийг “Увсын 45 км замын ажил” гэж Г- авсан. Үүнийг буцааж өгөөгүй. 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 25,000,000 төгрөгийг “Сэлэнгийн 60 км зам” гэж аваад 2013 оны 8 дугаар сарын 23-нд буцааж төлсөн. 2013 оны 6 дугаар сарын 6-нд 25,000,000 төгрөгийг “Баян-Өлгийн 40-50 км замын ажил” гэж аваад буцааж төлөөгүй. 2013 оны 7 дугаар сард 30,000,000 төгрөгийг “Өмнө-Говийн 100 км замын ажил” гэж аваад 2,500,000 төгрөгийг өгсөн. Одоо Алтантуяа, Г-ээс үлдэгдэл 9,000,000 төгрөгийг аваагүй ... Тухайн үед Г-тэй уулзаж, мөн утсаар ярьж асуухад “тендер зарлагдсан хугацаа дуусаагүй байгаа”, эсхүл “Сонгуулийн өмнө, дараа, улсын баярын өмнө, дараа”, “сайд гадагшаа явсан, дарга нар амралтаар болон ажлаар гадаад, дотоод болон хөдөө явсан” гэх олон шалтаг хэлж хойшуулсаар байсан. Би Алтантуяад “болохгүй, бүтэхгүй байгаа бол аль аль талаа бодолцож хүний итгэлийг алдахгүй мөнгөнүүдийг нь буцааж өгье” гэхэд “тун удахгүй бүх ажил бүтэх гэж байна, санаа зоволтгүй, хүлээгээд байж бай” гэж худал хэлсээр өдийг хүрсэн ...” /2-р хх 141-145, 3-р хх 107, 5-р хх 195, 8-р хх 188-189/,

“... Г-эд нийт 123,750,000 өгсөнөөс 70,000,000 төгрөгийг цувуулж буцаан авсан, одоо 53,750,000 төгрөгийн үлдэгдэлтэй. Алтантуяад 85,300,000 төгрөг өгсөнөөс 58,500,000 төгрөгийг цувуулж буцаан авсан, 26,800,000 төгрөгийн үлдэгдэлтэй ...” /3-р хх 107/,

гэрч Ж.Энхжаргалын “... Энхтайван “Алтантуяатай хамтарч зам барих ажилд оролцоно, мөнгөө Алтантуяад өгнө” гэж хэлсэн ...” /2-р хх 150-151/,

гэрч Х.Ганибатын “... Энхтайван “баруун чиглэлийн замын ажил олж өгнө 25,000,000 төгрөг зээлээч” гэхээр нь 2013 оны 6 дугаар сарын 4-ний өдөр 25,000,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж өгсөн. Энхтайванаас мөнгөө нэхэхэд “замын тендер, замын ажил олох гээд Алтантуяа гэх эмэгтэйд чиний 25,000,000 төгрөгийг өгсөн” гэсэн. Тэгэхээр нь Алтантуяатай уулзахад “25,000,000 төгрөг өгөөгүй, 15,000,000 төгрөг өгсөн. Би хувьдаа хэрэглээд дууссан, танд эргүүлж төлнө” гэж хэлсэн боловч утсаа авахгүй алга болсон. Тэгээд “Баян-Өлгий, Сүхбаатар, Дархан, Эрдэнэтийн замууд барих ажил байна, та алийг нь сонгох вэ” гэж ярьж эхэлсэн...” /2-р хх 153-154/ гэх мэдүүлгүүд,

хохирогч Б.Баясгалангийн “... 2013 оны 5 дугаар сарын эхээр Г- “Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх, замын ажил бүтээж чадна” гэж танилцсан. Манай “ТОБ” ХХК нь зам, барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тул замын ажил олдвол хэлээрэй гэсэн. 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдөр “Зам, Тээврийн яамны замын ажил авч өгнө, яамны үнэлгээний хүмүүст хаалт хийнэ” гэж 25,000,000 төгрөг авсан. Би “хаалт гэж юу юм бэ?” гэж асуухад “үнэлгээний хорооны хүмүүст урьдчилж 25,000,000 төгрөг өгөөд баталгаатай хаалттай болдог” гэж тайлбарлаж итгүүлсэн. Тэгээд зээлийн гэрээг 2013 оны 5 дугаар саын 23-ны өдөр байгуулж бэлнээр 25,000,000 төгрөг өгсөн. Түүнээс хойш ажлаа бүтээсэн юм байхгүй, “яаманд шалгалттай байгаа, хороо хуралдаагүй, бондын мөнгө шийдэгдээгүй” гэх зэргээр худал шалтаг тоочсоор өдий хүрсэн. Сүүлдээ утсаа таслаад сураггүй болсон...” /2-р хх 165, 166/ гэх мэдүүлэг,

“ТОБ” Групп нь Зам, Тээврийн яамны 2014-2015 оны замын тендерийн сонгон шалгаруулалтад материалаа ирүүлж шалгарсан нь үнэн болно” гэсэн агуулгатай Зам, Тээврийн яамны 2013 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 13/105, 2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 04/20 тоот албан бичгүүд /2-р хх 162/,

25,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хуулбар /2-р хх 163/,

хохирогч Ц.Зоригтбаатарын “... Г- тухайн үед “Зам, Тээврийн яаманд нарийн бичгээр ажиллаж байгаад ажлаасаа гарсан, яаманд ажиллаж байсан болохоор жижиг замыг бол хөөцөлдөөд аваад өгч чадна, зам авах хүн байна уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь замын ажил авахаар болсон. Г- “1 км зам 1,200,000,000 төгрөгийн өртөгтэй байдаг, урьдчилгаа 7,500,000 төгрөгийг өг” гэхээр нь материалтайгаа өгсөн. Мөнгө авснаас хойш “материалыг чинь яаманд өгсөн, танай компанийн нэр одоо зоогдох гэж байна” гэж ярьдаг байсан. Үүнээс хойш бүтэн жил өнгөрсөн боловч Г- таг алга болсон ...” 2-р хх 173-174/,

гэрч Б.Идэрзолбоогийн “... Алтантуяа надад “Зам, Тээврийн яаманд таньдаг хүн байна. Тэр хүнээр дамжуулан замын тендерийн ажил авч өгөх боломжтой, таньдаг замын компани байна уу, компани олж өгөх юм бол үнийн дүнгээс ажил нь гарсны дараа тодорхой хэмжээний мөнгө өгнө” гэж хэлсэн. Би 7,500,000 төгрөгийг Алтантуяатай хороололд гэрийнх нь ойролцоо уулзаад бэлнээр өгсөн. Тэр мөнгийг А.Г-ээс авсан өдрөө аваачиж өгсөн. 25,000,000 төгрөгийн хувьд Алтантуяатай хамт өөрийн автомашинтай очиж Г-ээс аваад бичиг баримтын хамт Алтантуяад өгсөн. Бичлийн арк дээр буулгаж байсан юм. Өөрт нэг ч төгрөг аваагүй ...” /8-р хх 144/ гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч А.Г- нь Б.Б-той бүлэглэн Б.У-ийг “Мон фүүд” ХХК-ийн лаазалсан бүтээгдэхүүнийг ОХУ-д гаргах бизнест хамтран ажиллана, гаалын татвар төлнө” гэх зэргээр хуурч, бодит байдлыг нуух замаар 2016 оны 01, 02 дугаар саруудад нийт 36,500,000 төгрөг, Д.Н-г “ОХУ-аас гурил импортоор оруулах бизнест хөрөнгө оруулаач” гэж хуурч 2016 оны 06 дугаар сард нийт 28,500,000 төгрөг, “Бэг бүрд” ХХК-ийн барьж байгаа барилгын дотор заслын ажлыг хийхээр гэрээ байгуулсан боловч уг ажлыг хийгээгүй атлаа бартераар авсан байрандаа захиалга авч байгаа мэтээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж А.М-аас 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 25,000,000 төгрөг, 2015 оны 10 дугаар сард 2,300,000 төгрөгийн үнэ бүхий гоо сайхны бүтээгдэхүүн, Д.Н-ээс 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулан 32,670,000 төгрөг, Б.У-тай 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр орон сууцны захиалгын гэрээ байгуулан 50,000,000 төгрөг тус тус шилжүүлэн авсан болох нь:  

хохирогч Б.У-ийн “... 2014 оны 7 дугаар сарын үеэр Г- гэх эмэгтэйтэй ажлын шугамаар танилцсан. Өмнө нь Г- надаас 2,000,000 төгрөг зээлж аваад эргүүлж өгөөгүй. 2015 оны 1 сард Г- “Бат-Орших гэх хүнтэй хамтарч “Эм Эн Эф” ХХК-ийг байгуулж “Мон фүүд” ХХК-аас 100,000,000 төгрөгийн бараа аваад ОХУ-д гаргаж зараад эргүүлээд чамд мөнгийг чинь өгнө” гэж хэлээд 13,000,000 төгрөг авсан. Тухайн мөнгийг “Мон фүүд” ХХК-д бэлнээр өгүүлсэн. 2015 оны 3 дугаар сард “бараа гааль дээр гацчихлаа, татвар 29,000,000 төгрөг хэрэгтэй байна, туслаач” гэхээр нь үл хөдлөх хөрөнгөө мөнгө хүүлдэг газар барьцаанд тавьж 30,000,000 төгрөг аваад Бат-Оршиход бэлнээр өгсөн ...” /3-р хх 209-210, 7-р хх 192-193/,

гэрч М.Насанжаргалын “... Бат-Орших, Г- нар Ууганцэцэгт хамтран ажиллах санал тавьсан. Гаалийн татвар гэж Г-, Бат-Орших хоёр Ууганцэцэгээс мөнгө авсан. Би тухайн үед нь хамт явж байсан юм ...” /3-р хх 213-214/,

гэрч Г.Пүрэвжавын “... мөнгө хүүлэгчээс 30,000,000 төгрөгийг бэлнээр авсан. “Бат-Орших, Г- хоёр яаралтай мөнгө хэрэгтэй боллоо, 7 хоногийн дотор буцаагаад өгнө” гэж ярьж байсан. Галбадрах захирлаас лаазалсан мах зээлээр аваад явсан юм. Би  хүн хүч дутаад байна гэхээр нь зөөлцөж өгч байсан. Эхлээд хороололд байгаа үл хөдлөхөө барьцаалаад 15,000,000 төгрөгийг Ууганцэцэгийн дансанд шилжүүлсэн байх, дараа нь Ууганцэцэг дүүгийнхээ автомашиныг барьцаалаад 15,000,000 төгрөг авсан ...” /3-р хх 215/,

гэрч Д.Галбадрахын “... Г-, Бат-Орших нар “танай лаазалсан махыг чинь худалдан авч Орос улсад борлуулах ажил байна” гэхээр нь би зөвшөөрсөн. Ингээд манай “Мон фүүд” ХХК-тай Г- нь “МННФ” ХХК-ийг төлөөлөн ирж байна гэж өөрсдөө лаазалсан махан дээр шошго хийж авчирч өгөөд түүнийг нь үйлдвэрлэж эхэлсэн. Ууганцэцэг гэх эмэгтэй ирж 15,000,000 төгрөг тушаасан. Дахин мах авах юм чинь нэмж үйлдвэрлээд өгөөч гэхээр нь 3,000 ширхэгийг зээлээр өгч явуулсан. Мөнгө орж ирэхгүй болохоор нь Бат-Оршихын араас ОХУ-д очоод лаазалсан махаа зарж борлуулаагүй гэдгийг мэдсэн ...” /4-р хх 128/ гэх мэдүүлгүүд,

10,540,000 төгрөгийг тушаасан баримтын хуулбар /4-р хх 124/,

хохирогч Д.Н-гийн “... Бат-Орших “ОХУ-аас гурил оруулах зөвшөөрөл авсан, гэрээ хийсэн, Монголд “Хаан хүнс” ХХК-д гурил нийлүүлэхээр тохиролцсон” гэж хэлсэнд нь итгээд 49,000,000 төгрөг дансаар болон бэлнээр өгсөн ...” /4-р хх 50-51/,

гэрч Б.Мөнхбатын мэдүүлэг “... Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Хүнсийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд экспортолж, импортлоно” гэж заасан тул хувь хүн гадаадаас гурил оруулж ирэх боломжгүй. Хуулийн этгээд хүсэлт гаргаж сонгон шалгаруулалтанд орж тэнцсэний дараа гурил импортлох эрх авна. Үүнийг Засгын газрын 2013 оны 77 дугаар тогтоолоор зохицуулсан байдаг ...” /5-р хх 209-210/,

гэрч М.Соёмбын “... Бат-Орших хэнээс мөнгө авсан талаар мэдээгүй. Найзынхаа квот дээр гурил оруулж ирэх гэж байгаа гэсэн. Найз нь хэн гэдэг талаар мэдэхгүй байна. “Хаан хүнс” ХХК-ийн нэр дээр гурил оруулж ирэх ямар нэг квот байхгүй. Гурил оруулж ирэх квотыг хэрхэн яаж авдаг талаар нарийн сайн мэдэхгүй...” 5-р хх 208/ гэх мэдүүлгүүд,

10,000,000 төгрөг өгсөн тухай баримт /4-р хх 74/, хөрөнгө оруулалтын гэрээ /4-р хх 72/,

хохирогч Г.Дагиймаагийн “... Г-тэй “материалаа өгчих зээл бүтэх эсэхийг үзье” гэж хэлсэн. Г- миний материалыг үзээд “50,000,000 төгрөгийн зээл гаргах боломжтой юм байна, хөөцөлдөөд өгье, урьдчилгаа 2,000,000 төгрөг өгчих” гээд Д.Н-, Түвшинзаяа нарын дансаар тус тусад нь 1,000,000 төгрөг, нийт 2,000,000 төгрөг шилжүүлж авсан ...” /5-р хх 206/ гэх мэдүүлэг,

хохирогч Д.Н-ийн “... Би 2015 оны 12 дугаар сард Г- “би барилгын компанид ажиллаж байгаа, манай захирал Бат-Орших 1 м2-г 800,000 төгрөгөөр тооцож байр зарна” гэхээр нь би уг байрыг сонирхоод Г-тэй утсаар холбогдож захирал Бат-Оршихтой уулзаж эхнэрт нь 10,000,000 төгрөг бэлнээр өгсөн. Бат-Орших надад “Бэг бүрд” ХХК-тай хийсэн гурвалсан гэрээг үзүүлсэн. Тухайн үед Бат-Орших, Хүслэн гэдэг хүний дансны дугаар өгч “22,670,000 төгрөгийг хий” гэж хэлсэн. 7 хоногийн дараа энэ мөнгийг шилжүүлсэн ...” /4-р хх 217/,

гэрч П.Бадамын “... “Мон азер роуд” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 450,000,000 төгрөгийн үнэ бүхий 7 ширхэг байрыг 1 м2-г 1,450,000 төгрөгийн үнэлж бартераар өгөхөөр тохиролцсон. 2016 оны 3 дугаар сарын 3, 15-ны өдөр дэд бүтэц хийгдэхгүй байгаа шалтгаанаар гэрээг цуцлах тухай албан бичгийг “Мон азер роуд” ХХК-д хүргүүлсэн боловч гэрээг цуцлахгүй гэсэн хариуг ирүүлсэн. 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр 250 ажилчдаа ажилд нь оруул гэж Бат-Оршиход утсаар хэлсэн боловч 15-ны өдөр 10 хүний бүрэлдэхүүнтэй ажилчид ирсэн. Ажилчид нь мөнгөө өгөөгүй гээд ажлаа хийхгүй, хоорондоо маргалдаад явсан. Бат-Оршихтой холбогдож танай ажилчид явчихлаа гэхэд “дараагийн хүмүүсээ танайх руу явууллаа, маргааш 10 цагт бэлэн байна” гэсэн боловч маргааш нь 2 хүн ирэхээр нь талбайд оруулаагүй. Үүнээс хойш Бат-Орших таг чиг болсноо нэг удаа холбогдоод “Би Орост байна, байрны урьдчилгаа мөнгө авсан хүмүүсийн хохирлыг очоод барагдууна” гэж хэлсэн ...” /4-р хх 216, 5-р хх 223/,

хохирогч А.М-ын “... Г- “Сонгинохайрхан дүүрэгт орон сууц барьж байгаа, засвар хийх гэтэл мөнгөгүй болчихлоо, эхний хэдэн байраа хямдхан зарж байна” гэхээр нь Г-тэй танилцаж орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээ байгуулж 25,000,000 төгрөгийг шилжүүлсэн ...” /5-р хх 38, 55, 57/,

гэрч Г.Пүрэвжавын “... Г- “хямдхан байр байгаа, авах хүн байвал хэлээрэй” гэсэн. Учрыг асуухад “байрны дотор засал хийж байгаа, бартераар байр авсан” гэж хэлсэн. Тэгээд Мөнхжаргал эгчид хэлсэн. 25,000,000 төгрөгийг Хүслэнгийн данс руу хийсэн ...” /5-р хх 39-40/,

гэрч Г.Хүслэнгийн “... А.Г- “миний ХААН банкны дансыг ашиглаад компанийнхаа гүйлгээ хийж байя” гээд миний дансаар Мөнхжаргал гэдэг хүний 25,000,000 төгрөгийг оруулаад Бат-Оршихийн данс руу шилжүүлээд авсан...” /5-р хх 56/,

хохирогч Б.У-гийн “... 2015 оны 10 дугаар сарын 2-ны өдөр “Мон азер роуд” ХХК-ийн захирал Бат-Оршихтой Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Ханын материалын буудлын хажууд “Бэг бүрд” ХХК-ийн барьж байгаа байрнаас 1 м2-г 1,000,000 төгрөгөөр бодож 68 м2 талбай бүхий байрыг худалдаж авахаар гэрээ байгуулсан. Уг байр нь 2015 оны 12 дугаар сард ашиглалтанд орно гэж байсан. Байрны урьдчилгаа мөнгийг 2 хувааж өгөхөөр тохиролцоод эхний 25,000,000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Хүслэнгийн дансанд шилжүүлсэн ... үлдэгдэл 25,000,000 төгрөгийг Бат-Оршихын данс руу шилжүүлсэн ...” /5-р хх 153-154/ гэх мэдүүлгүүд,

хохирогч А.М-аас Г.Хүслэнгийн ХААН банкны 5034564972 тоот дандсанд 25,000,000 төгрөг шилжүүлсэн баримт /5-р хх 37/,

“Бэг бүрд” ХХК-ийн захирал Я.Ганбаатар болон “Мон азар роуд” ХХК-ийн захирал Б.Б- нарын байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ” /5-р хх 205-215/ зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч А.Г- нь ганцаараа 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Д.Н-гийн 7,000,000 төгрөгийн үнэ бүхий “Соната-6” загварын автомашиныг худалдаж авна гэж хуурч авсан, 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Б.Б-ыг замын тендер авч өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон хохирогчийг төөрөгдүүлж 30,000,000 төгрөг, Д.Н-гээр дамжуулан Г.Дагиймаагаас “50,000,000 төгрөгийн зээл бүтээж өгнө” гэж 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 2,000,000 төгрөг тус тус шилжүүлэн авсан болох нь:

хохирогч Б.Б-ын “... Би Г-ийг урьд нь таньдаг байсан. 2013 онд яг Жаргалсайханы ярьж байсан шиг ажил бүтээж өгнө гэж хэлээд надаас 30,000,000 төгрөг авсан. Жаргалсайхан, Г- нар нэгнээ таньдаг гэдгийг би мэдээгүй. Г- сарын дараа буцааж өгнө гээд мөнгө авсан, өгөөгүй...” /2-р хх 115-116, 3-р хх 85, 5-р хх 193/ гэх мэдүүлэг,

хохирогч Б.Б-аас шүүгдэгч А.Г-эд 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 30,000,000 төгрөг зээлсэн тухай гэрээ /2-р хх 118/,

хохирогч Д.Н-гийн “... Манай нөхөр Солонгос Улсаас автомашин оруулж ирж зардаг. Г- унах унаагүй болчихлоо гэж “Соната-6” загварын автомашиныг  мөнгийг нь удахгүй өгөх нөхцөлтэй аваад явсан...” /4-р хх 50-51/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Г- нь дээр дурьдсан нотлох баримтуудаар Б.А-тай бүлэглэн Зам, Тээврийн яаманд ажилладаг мэтээр өөрийгөө танилцуулж, “Замын тендерт шалгаруулна” гэж хохирогчдыг хуурч, зарим хохирогч нарт замын сонгон шалгаруулалтад шалгарсан мэтээр хуурамч албан бичиг үзүүлэн төөрөгдүүлж их хэмжээний мөнгө шилжүүлэн авсан, Б.Б-той бүлэглэн бизнес эрхлэх тодорхой хөрөнгийн эх үүсвэргүй атлаа “Хүнсний бүтээгдэхүүн экспортолж, импортлон ашиг олно” гэж хохирогчдыг хуурч их хэмжээний мөнгийг нь шилжүүлэн авсан, мөн барилгын дотоод заслын ажил гүйцэтгэх ажиллах хүч, туршлага, хөрөнгийн эх үүсвэргүй, хуулийн этгээдийн нэрээр гэрээ байгуулж, гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй атлаа гэрээний үнэ болох байрнуудыг бусдад худалдан их хэмжээний мөнгө шилжүүлэн авсан, “Автомашин худалдаж авна, зээл гаргана” гэж бусдыг хуурч хөрөнгө, мөнгө шилжүүлэн авсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан” залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.

Шүүгдэгч А.Г- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлын дийлэнх хэсгийг төлж барагдуулж хор уршгийг арилгасан хувийн байдал, гэмт хэрэгт бүлэглэн оролцсон үйлдэл, оролцоо буюу гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, “... хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү ...” гэсэн хохирогч Б.Э-, Д.Нямсүрэн, Х.Нарантуяа, Б.Б-а нарын санал хүсэлт зэргийг харгалзан түүнд хорихоос өөр төрлийн ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх ялын зорилгод нийцнэ гэж үзсэн тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хангаж, шүүгдэгч А.Г-эд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял болгон хөнгөрүүлэн өөрчилж, цагдан хоригдсон 173 хоногийн нэг хоногийг арван таван нэгжээр тооцон нийт 2,595,000 төгрөгийг торгох ялаас хасч, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/761 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.Г-эд 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-эд оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Г-эд мэдэгдсүгэй” гэж тус тус өөрчилж, тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан А.Г-ийн цагдан хоригдсон 173 хоногийн нэг хоногийг арван таван нэгжээр тооцон нийт 2,595,000 төгрөгийг торгох ялаас хасч, түүний эдлэх торгох ялын хэмжээг 12,405,000 төгрөгөөр тогтоосугай.

 

3. Шүүгдэгч А.Г- нь 173 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг нэн даруй суллан, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ         

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН