Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2020/ДШМ/1481

 

 

 

 

 

2020             12             10                                         2020/ДШМ/1481                                                                                                           Т  M 546                                 МАЛАЛ

Ж.С-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Ж.С-гийн өмгөөлөгч О.Баяраа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б-, өмгөөлөгч А.Очбадрал, Ч.Анар,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 05ы өдрийн 2020/ШЦТ/1735 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б-гийн гаргасан гомдлыг үндэслэн Ж.С-д холбогдох 2003003450267 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Ж-ын С-, Улаанбаатар хотод 1997 оны 07 дугаар сарын 09ий өдөр төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Богд банкны теллер ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Хужирбулангийн 0 дугаар хэсэг гудамжны 00-0000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 000000000/

Ж.С- нь 2020 оны 06 дугаар сарын 09-ний үүрээр 04 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Петровис” ШТС-ын баруун хойд замд “Toyota sai” загварын 00-00УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчиж явган зорчигч М.А-ийг мөргөн амь насыг нь хохироож, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргүүдэд холбогджээ.  

Тээврийн прокурорын газраас Ж.С-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж.С-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтууд, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад тус тус зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 3 жилийн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 20,133,165 төгрөг төлсөн болохыг тус тус дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD-г хэрэгт хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, жолоочийн В ангиллын 1127816 дугаартай жолоодох эрхийн үнэмлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд хүргүүлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б- нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд Ж.С-гаас жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн буюу ял хөнгөдсөн гэж давж заалдах гомдол гаргаж байна. Зам тээврийн ослын улмаас нас барсан дүү минь Жанжин штабын тагнуулийн тусгай салаанд ажилладаг, эхнэр, бага насны хоёр хүүхэдтэй байсан... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан бол хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болохоор заажээ. Хүний амь нас хохирсон гэмт хэргийн хувьд хор уршиг арилах боломжгүй, үүгээрээ бусад төрлийн гэмт хэргээс ялгаатай байдаг... Шүүх тус гэмт хэргийн улмаас 31 настай М.А-ийн амь нас хохирсон хор уршиг нь хэзээ ч арилах боломжгүй, бага насны хоёр хүүхэд, эхнэр, эцэг, эх, ах, дүү нарт нь учирсан хор уршиг арилах боломжгүй нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулан шийдвэрлэсэн болно. Мөн шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 2 төрлийн гэмт хэрэг үйлдсэнийг дурьдах нь зүйтэй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлж өгнө үү” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн гэж үзэж байна. Хэдийгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хор уршгийг арилгасан” тохиолдолд тэнсэх зохицуулалтыг хэрэглэхээр  заасан. Хор уршгийг арилгасан бол тухайн зүйлийг хэрэглэх боломжтой. Гэтэл хүний амь нас хохирсон, учирсан хор уршиг арилах боломжгүй хэрэгт хэрэглэх ёсгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарах ба тогтоол нь хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй. Мөн шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн байхад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох буюу тухайн зүйл, хэсгийн хамгийн бага ял оногдуулсан. Энэ талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Анар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдсэн гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний алдаа болсон. Хэргийн газрыг зориуд орхиж зугтаах гэмт хэрэг нь шууд санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Шүүх аль аль гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн мэтээр дүгнэсэн нь шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болжээ. Хохирол, хор уршгийн тухайд шүүх хуралдаанд бусад хор уршгийг төлж барагдуулна гэсэн тул хохирогч иргэний нэхэмжлэл гаргаагүй. Гэтэл шүүх хуралдаан дууссаны дараа зугтаж яваад өнөөдрийг хүртэл нэг ч холбогдоогүй. Шүүгдэгч 10 дугаар сарын 15-ны өдөр төлж барагдуулна гэсэн хохирлоо төлөөгүйд гомдолтой байна” гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баяраа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан... бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэсэн заалтыг үндэслэж шийдвэр гаргасан. Оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын тухайд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулсан, тухайн үед санаатай, болгоомжгүй байдлаар хэргийн газраас зугтаасан боловч өөрийнхөө үйлдлийг ухамсарлаж 1 цагийн дараа цагдаагийн байгууллагад очиж хэргээ хүлээн мэдүүлсэн байна. Мөн сайн дураараа хэргээ хүлээж ирсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон. Гэмт хэргийн улмаас учруулсан оршуулгын зардал болох 12,486,790 төгрөгийн бодит хохирол, бодит бус талийгаачийн цалингийн зээл, хэрэглээний зээлийн төлбөрүүд 7,646,371 төгрөг, нийт 20,133,165 төгрөгийг төлж, хохирлыг бүрэн барагдуулсан. Өмгөөлөгчийн хувьд хохирлыг төлж барагдуулан хохирогчтой сайн дураараа эвлэрэх хүсэлт гаргасан. Шүүх хурал болох хүртэл эвлэрэх хугацаа олгосон бөгөөд хохирогчтой эвлэрч, хохирлыг төлж барагдуулсан. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 31,500,000 төгрөг төлнө гэсэн баримт гаргаж байна. Үүнийг шүүгдэгчийн эцэг, эх үйлдсэн нь үнэн. Хоёр хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж, орон сууц худалдаж авсан зээлийн мөнгийг тухайн үед төлж барагдуулна гэсэн боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 10 хоногийн дотор төлж барагдуул гэсэн шаардлага тавьсан. Covid-19 цар тахал өвчин гарсан одоогийн нөхцөлд дээрх мөнгийг төлж барагдуулах ямар ч боломж байхгүй байсан. Тиймээс гомдол гаргах гол шалтгаан нөхцөл нь энэ байсан байх. Өмгөөлөгчийн хувьд шүүх хуралдааны өмнө гэрээ байгуулж, хохирол төлбөр төлье, ямар баримт байна вэ гээд гэрээний ноорог гаргаж өгөхөд өмгөөлөгч А.Очбадрал “Би иргэний эрх зүй мэдэхгүй, өмгөөлөгч Ч.Анар сайн мэднэ” гэж хэлсэн. Тэгээд дахин энэ талаар баримт гаргаж өгөөгүй. Шүүгдэгч талаас хохирогчийн ар гэрээс албан ёсоор уучлал гуйж, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд харамсаж байгаагаа илэрхийлсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч уучлал гуйж байгаагүй, мөрдөгчийн өрөөнд инээмсэглэсэн асуудал огт болоогүй. Харин мөрдөгчийн буруутай үйлдэл байсан эсэхийг мэдэхгүй. Биднийг байхад хохирогчийн ар гэрийнхнийг бүгдийг нь дуудаж авчирсан байсан. Улмаар миний үйлчлүүлэгчийг зодож цохих асуудал үүссэн. Хохирогч талаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг баримталсан нь үндэслэлгүй гэж байна. Хэрэв миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, хохирол төлбөрөө нөхөн төлөөгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг хэрэглэх боломжгүй. Гэвч хохирлыг баримтын хэмжээнд бүрэн төлж барагдлуулсан, мөрдөн шалгах ажиллагааны үеэс хэргээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Амь хохирогчийг эмнэлэгт байхад нь эргээгүй гэж байна. Гэмтлийн эмнэлэгт 4 хоноход хурууны хээг нь авч, системээр хайсан боловч хэн болох нь тогтоогдохгүй байсан. Халааснаас нь олдсон флашийг цэргийн тагнуулын журмаар шалгуулахад Төв аймгийн цэргийн ангид тагнуулын албанд ажилладаг болох нь тогтоогдсон. Энэ хооронд Ж.С-гийн эцэг, эх нь хохирогчийг сахих хүсэлт боловч ар гэрийнхэн нь биш гээд эмнэлэг хүлээж аваагүй. Иймд анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

            Прокурор Ц.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан. Зам тээврийн осол хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн оролцогчид бүгд үзсэн. Зам тээврийн осол гарахад явган зорчигчийн буруутай үйлдэл нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл, явган зорчигч нь замын зорчих хэсэгт замын голоор алхаж явсан нь дүрс бичлэгт авагдсан. Явган зорчигчийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12-т заасан явган зорчигчийн хориглосон хэсэгт явсан гэж үзсэн. Явган зорчигчийн замын хөдөлгөөнд оролцох үүргээ биелүүлээгүй байдал нь осол гарахад нөлөөлсөн. Нөгөө талаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлд заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн байхад хөнгөн ял шийтгэл оногдуулсан гэж байгаа боловч шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдээд зугтаасан ч өөрийгөө илчлэн ирсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүх шийтгэх тогтоолдоо энэ талаараа тодорхой дурдаж дүгнэсэн бөгөөд хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэг тохирсон ял оногдуулсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ж.С-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Ж.С- нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчин явган зорчигч М.А-ийг мөргөж амь насыг нь хохироосон, энэ гэмт хэргийг үйлдсэний дараа хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан талаар хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийж, уг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн гэм буруутайд тооцохдоо хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Харин гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирч нөхөж баршгүй хор уршиг учирсан, энэ талаар хохирогчийн талаас гомдол санал арилаагүй байхад шүүгдэгч Ж.С-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж зааснаас үзэхэд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршиг арилсан нөхцөлд уг зохицуулалт үйлчлэхээр байна.

Анхан шатны шүүх автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Ж.С-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, шүүгдэгч Ж.С-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/1735 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ж.С-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч Ж.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ   

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН