Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 299

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга И.Буманбаяр,

Улсын яллагч Ц.Амгаланбаатар,

Хохирогч О.Гэрэлцэцэг,

Иргэний нэхэмжлэгч Г.Шинэхүү,  

Шүүгдэгч Д.Отгонцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цахар овогт Дагийвалийн Отгонцэцэгт холбогдох эрүүгийн 201725020372 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1983 оны 3 дугаар сарын 20-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 4 дүгээр багт оршин суудаг /иргэний үнэмлэхийн лавлагаагаар: Дорноговь аймаг, Замын-Үүд сумын 5 дугаар баг, Борхойн 1-36 тоот/,  урьд 1 удаагийн ял шийтгэлтэй

Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 12 сарын 30-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1, 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэт зааснаар нийт 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, Цахар овогт Дагийвалийн Отгонцэцэг /РД:МЕ83032001/

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Д.Отгонцэцэг нь 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотод Монгол улсын иргэн О.Гэрэлцэцэгийн гэрээс алтан гинж, алтан бөгж, алтан ээмэг 1 хос, монетон бөгж, гинж, ээмэг 1 хос, сваровский ээмэг 1 хос, сваровский ээмэг, гинж, зүүлт, түрийвч 2ш, 110.000 төгрөг, 5910 юань, Монгол Улсын иргэний гадаад паспорт зэрэг эд зүйл хулгайлж О.Гэрэлцэцэгт 4.930.639 төгрөг,

- 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны Ардын эрхийн салбараас О.Гэрэлцэцэгийн Е-1170149 дугаартай гадаад паспортыг ашиглан Хаан банкин дахь 5125055930 дугаартай данснаас 10.000.000 төгрөгийг гаргуулан авч бусдын эд хөрөнгийг хулгайлж нийт 14.930.639 төгрөгний буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Отгонцэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Хохирогч О.Гэрэлцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Отгонцэцэгийг 2016 оны 12 дугаар сард зараар ажилд авсан. Түүнээс “Эрээн явж үзсэн үү пасспорт байгаа юу” гэхэд “пасспорт байгаа” гээд өөрөө ирсэн. Отгонцэцэг нь ажиллаж байх хугацаандаа ажилдаа муу байгаагүй. Анх сарын цалин 450.000 төгрөг гэж тохирсон. 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр манай байгууллагын шинэ жил болоод Отгонцэцэгийг гоёх гэж байхад миний эд зүйлийг харсан гэж ойлгож байна. Надад хэлэхдээ ээж, ах маань Сэлэнгэ аймагт байдаг ээж 50 настай, ах маань гаальд ажиллаж байгаад осолд орсон гэж танилцуулж байсан. 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хил хаагаад, 2017 оны 01 дүгээр сарын 02, 03-ны өдөр амарсан. Хэрэг гардаг өдөр манай тогооч унтаж байсан. Отгонцэцэг бид хоёр хамт гараад утсаар яриад хоол идчихээд ирье гээд замаар гараад явж байхад “юм мартчихсан байна” гээд эргээд орсон. Би хүлээж утсаар ярьж байгаад гэртээ ороход гэрт байхгүй байсан. Манай тогооч залуу гарч утсаар ярьсан орж ирээд гадуур харагдахгүй байна гэсэн. Орой 20 цаг өнгөрч байхад ойролцоо газруудаар хайсан Улаанбаатарт зараас Отгонцэцэгийг олж өгсөн эгч рүүгээ залгаж хэлсэн. 21 цаг өнгөрч байхад орж ирээд үзэхэд миний эд зүйл байхгүй байсан. Би хил гарах гээд пасспортоо үзсэн байхгүй байсан. Хүүгээ хил гаргаад хилээр гарсан талаар үзүүлэх гэсэн болохгүй гэдэг зүйлийг хэлсэн. Хятадын цагдаа дээр очиход 1:57 минутанд хилээр гарсан байна гэж хэлсэн. Консулын газарт дээр очиж бүртгүүлсэн Улаанбаатар хот руу өргөдлөө бич хэлсэн. 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр надад 3 газраас мөнгө орж ирсэн. 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр дансанд орж ирсэн мөнгийг 14-ний өдөр авсан байсан. 15-ны өглөө дансаа шалгахад 10 сая  төгрөг гарсан гэдэг мэдээлэл байсан. Охин руугаа залгахад аваагүй гэсэн хаан банкны лавлах утас руу залгахад таны мөнгө регистрээр гарсан байна гэж хэлсэн. Тэр талаар лавлахад банкин дээр очиж авсан гэсэн үг гэж тайлбарлаж хэлж байсан. Гадаад пасспорт хүчингүй болсон тул мөнгө авч чадахгүй гэж бодож байсан. 7.500.000 төгрөгийн эд зүйл алдсан гэж бичсэн зарим үнэлгээгээр эдэлгээний хугацаа өнгөрсөн гэж гарсан байсан. Нийт 14.437.000 төгрөгийн хохирол учирсан үүнээс Хаан банкны зүгээс 10 сая төгрөгийг нь төлсөн. Учирсан хохирлоо барагдуулж авах хүсэлтэй гомдолтой байна…” гэв.

Иргэний нэхэмжлэгч Г.Шинэхүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр дугаар дуудаж иргэдэд үйлчилж байхад шүүгдэгч нь гадаад пасспортойгоо ирээд дансны үлдэгдлээ асуусан би дансны үлдэгдлийг нь хэлэхэд 10 сая төгрөг бэлнээр авсан. Маргааш өглөө нь 1800-1922 дугаарын утсанд миний нэр дээр гомдол ирсэн байсан. Хяналтын алба, ахлах мэргэжилтэн шалгахад өөр хүнд өгсөн гэдэг нь тогтоогдож гарч ирсэн. Гэрэлцэцэгт 10.100.000 төгрөгийг Хаан банкны зүгээс гаргаж өгсөн. Хаан банк Отгонцэцэгээс 10.100.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Миний хувьд сахилгын арга хэмжээ авагдаад дууссан байгаа…” гэв.

Эрүүгийн 201725020978 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Д.Отгонцэцэг нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр цайны газрын эзэн Гэрлээ эгчийг Монгол улс руу утсаар ярих гээд гарах хооронд өрөөнөөс гадаад паспорт, шургуулганаас ойролцоогоор 5000 гаруй юань, монгол төгрөг, тухайн үед хэдэн төгрөг байсныг санахгүй байна, эрэгтэй хүний монетон гинж нэг ширхэг, эмэгтэй хүний монетон бөгж 2 ширхэг, эмэгтэй хүний монетон ээмэг 1 хос, гинжгүй дан кулон 1 ширхэг, цагаан кулонтой гинжний хослол 1 хос, улаан өнгийн түрүүвч 1 ширхэг, даавуун гар цүнх зэрэг эд зүйлийг хулгайлан тэр өдрөө жижиг тэргээр БНХАУ-ын хилээр Монгол улс руу орж ирээд Замын-Үүдээр Улаанбаатар хот руу 25.000 төгрөгийн хөлсөөр Улаанбаатар хот руу явсан. Гэрлээ эгчээс хулгайлсан юаниа Замын-Үүдийн Голомт банкинд солиулаад, алт монетон эдлэлийг Улаанбаатар хотод ирсний дараа Ломбарданд тавиад хугацаа нь дуусаад алдсан. Тэгээд би 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Ардын эрхийн автобусны буудлын урд талд байдаг "Хаан" банк руу ороод Гэрэлцэцэг эгчийн гадаад паспортоор данснаас нь 10 сая төгрөгийг авсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 103-104 дүгээр хуудас/,

                 Хохирогч О.Гэрэлцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 14 цагийн орчим Отгонцэцэгтэй хамт утсаар ярих гэж гадагшаа сүлжээ барьдаг газар руу явж байтал Отгонцэцэг  "өө би гар утсаа өрөөнд үлдээчихсэн байна буцаж ороод аваад ирье" гэж хэлэхээр нь би “тэг тэг” гэж хэлээд түрүүлээд явчихсан юм. Ингээд би утсаар 1 цаг орчим ярихад Отгонцэцэг ирээгүй юм. ... 21 цагийн орчим орж ирээд эд зүйлсээ шалгаж үзэхэд алга болчихсон байсан. 110000 төгрөг, 5910 юань, эрэгтэй хүний 25.88 граммтай алтан гинж 1 ширхэг, эрэгтэй алтан бөгж 1 ширхэг, 2 цэнгийн алтан ээмэг 1 хос, 1.5 цэнгийн алтан бөгж 1 ширхэг, монетон ээмэг, бөгж, гинж 1 хос, Сваровский том шигтгээтэй ээмэг 1 хос, Сваровский ээмэг, гинж, зүүлт 1 хос, улаан өнгийн түрийвч нийт   4.497.040 төгрөгний хохирол учирсан. Ингээд миний эд зүйлсийг Отгонцэцэг хулгайлаад аваад явчихсан байна гэж мэдсэн юм. 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр цайны газартаа байж байхад Хаан банкны 5125055930 данснаас 10 сая төгрөг гарчихаар нь гайхаад охин Цацралаас миний данснаас мөнгө авсан уу гэж асуухад үгүй гэж хэлсэн. Тэгээд Хаан банкны лавлахаас асуухад “Монгол 3 дугаар сургуулийн Их тойруугийн салбараас та данснаасаа 10 сая төгрөг авсан байна” гэж хэлсэн. ...Хаан банкны төв дээр очоод болсон явдлаа хэлээд шалгуулахад Отгонцэцэг миний гадаад паспортоор теллерээс бэлнээр 10 сая төгрөг авсан байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-26, 82-83 дугаар хуудас/,

                 Иргэний нэхэмжлэгч Г.Шинэхүү мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "... 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр би ажил дээрээ ажлаа хийгээд иргэдэд үйлчлээд байж байхад өдрийн 11.40 цагийн үед хар өнгийн хувцастай 30-35 насны эмэгтэй ирээд О.Гэрэлцэцэг гэдэг хүний гадаад паспортыг үзүүлээд миний дансанд хэдэн төгрөг байгааг үзээд өгөөч гэхээр нь О.Гэрэлцэцэг гэдэг хүний 5125055930 тоот дансыг шалгаж үзэхэд 12 сая гаруй төгрөг байсан. Би хар хувцастай эмэгтэй хүнд уг дансанд байгаа мөнгийг хэлэхэд 10 сая төгрөгийг нь авья гэхээр нь би уг мөнгийг данснаас нь авч, бэлэн мөнгийг нь өгсөн. Тэр хүн над дээр ирэхдээ гүйлгээний баримтан дээр О.Гэрэлцэцэг гэдэг хүний регистрийн дугаар болон дансны дугаарыг нь биччихсэн байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 86-87 дугаар хуудас/,

 

Гэрч Н.Цацрал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "... миний ээж О.Гэрэлцэцэг 2017 оны 01 сарын 02-ны 21 цагийн үед над руу залгаад шинээр авсан ажилтан нь өрөөний шүүгээ онгойлгоод хамаг юм аваад явсан байна гэж ярьсан. Тэр үед ээж надад хэлэхдээ Д.Отгонцэцэг гэх хүн өрөөнд байсан ээмэг, бөгж, гадаад паспорт, бэлэн мөнгө зэргийг аваад явсан талаараа хэлсэн... Мөн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр над руу яриад “миний охин данснаас 10 сая төгрөг авсан уу” гэж асуухаар нь үгүй гэж хэлсэн. ...Тэгээд хотод ирээд Хаан банкинд очсон чинь ээжийн гадаад паспортоор Ардийн эрхийн салбараас данснаас нь 10 сая төгрөг авчихсан байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

 

Эд зүйлийн үнэлгээ:

  • 5910 юань – 1.914.840 төгрөг,
  • 2.110.000 төгрөг – 110.000 төгрөг,
  • Эрэгтэй алтан гинж – 1.682.200 төгрөг,
  • Эрэгтэй алтан бөгж – 200.000 төгрөг,
  • 2 цэнгийн алтан ээмэг 1 хос – 250.000 төгрөг,
  • Монетон бөгж, гинж, ээмэг 1 хос - үнэлэх боломжгүй,
  • Том шигтгээтэй сваровский ээмэг – 80.000 төгрөг,
  • Сваровский ээмэг, зүүлт -180.000 төгрөг,
  • Түрийвч 1 ширхэг – 20.000 төгрөг нийт 4.437.040 төгрөг гэжээ…” /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

     Эд зүйлийн үнэлгээ

  • Монгол улсын иргэний гадаад паспорт – 50.000 төгрөг,
  • Эмэгтэй түрийвч - 10.000 төгрөг…” /хх-ийн 81 дүгээр хуудас/, 

 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 89 дүгээр хуудас/,

 

                 Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоолоор:

                 “…Эд мөрийн баримт болох 1 ширхэг сидиг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргахаар тогтов…” гэжээ /хх-ийн 80 дугаар хуудас/,

 

О.Гэрэлцэцэгийн харилцагчийн дансны хуулга /хх-ийн 54/, “Хаан” банкны зарлагын баримт /хх-ийн 55/, Д.Отгонцэцэгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 122/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 62/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 78/,  хувийн байдал тогтоосон баримт /хх-ийн 114-118/,валютын ханшийн лавлагаа /хх-ийн 121/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

    Шүүгдэгч Д.Отгонцэцэг нь 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотод “Тэргүүн” цайны газрын 2 давхарт байрлах Монгол улсын иргэн О.Гэрэлцэцэгийн амьдрах гэрээс алтан гинж, алтан бөгж, алтан ээмэг 1 хос, монетон бөгж, гинж, ээмэг 1 хос , сваровский ээмэг 1 хос, сваровский ээмэг гинж, зүүлт, түрийвч 2ш, 110.000 төгрөг, 5910 юань, Монгол Улсын иргэний гадаад паспорт зэрэг эд зүйл хулгайлж /4.700.639 төгрөг/ улмаар 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны Ардын эрхийн байран дахь салбараас О.Гэрэлцэцэгийн Е-1170149 дугаартай гадаад паспортыг ашиглан түүний Хаан банкин дахь 5125055930 дугаартай данснаас 10.000.000 төгрөгийг гаргуулан авч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсаны улмаас хохирогч О.Гэрэлцэцэгт 14.700.639 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Отгонцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч О.Гэрэлцэцэг, иргэний нэхэмжлэгч Г.Шинэхүү, гэрч Н.Цацрал нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, О.Гэрэлцэцэгийн харилцагчийн дансны хуулга, “Хаан” банкны зарлагын баримт  зэрэг хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

   Иймд шүүх шүүгдэгч Д.Отгонцэцэгийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Н.Отгонцэцэгийн үйлдсэн гэмт хэрэг нь 2017 оны 7 дугаар сарын 01-ны өдрөөс өмнө үйлдэгдсэн боловч прокуророос шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татсаныг өөрчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийцүүлэн ял сонсгон яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй болохыг тэмдэглэв.   

 

Харин прокурорын яллах дүгнэлтэд хохирогчид учирсан хохирлыг 14.930.639 төгрөг гэж буруу тусгасныг шүүх хуралдааны явцад нотлох баримтад үндэслэн тодруулж 14.700.639 төгрөг гэж тогтоосныг дурьдах нь зүйтэй.   

  

Шүүгдэгч Д.Отгонцэцэгт ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, хувийн байдал зэргийг хөнгөрүүлэн үзэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, харин битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Отгонцэцэг нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдлаа.

 

            Шүүх хуралдаанаар хохирогч О.Гэрэлцэцэгт учирсан хохирлоос 10.000.000 төгрөгийг “Хаан” банкнаас төлсөн болох нь тогтоогдсон ба шүүгдэгч Д.Отгонцэцэгээс 14.700.639 төгрөгийг гаргуулж, хохирогч О.Гэрэлцэцэгт 4.700.639 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Г.Шинэхүүд 10.000.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                           

                                                                                                                   ТОГТООХ нь:

            1. Цахар овогт Дагийвалийн Отгонцэцэгийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсаны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.Отгонцэцэгийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 07 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Отгонцэцэгийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Отгонцэцэг нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт  хавсаргасугай.

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Отгонцэцэгээс 14.700.639 /арван дөрвөн сая долоон зуун мянга зургаан зуун гучин есөн/ төгрөгийг гаргуулж Сүхбаатар дүүргийн 14-р хороо Хандгайтын 16-р гудамжны 17 тоотод оршин суух Түвшин овгийн Одхүүгийн Гэрэлцэцэгт /РД:ХЖ68041301/ 4.700.639 төгрөгийг, Баянгол дүүргийн 18-р хороо 70-3 тоотод оршин суух Шарнууд овгийн Гэндэнсүрэнгийн Шинэхүүд /РД:НЬ82012883/ 10.000.000 төгрөгийг тус тус олгосугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Д.Отгонцэцэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч өөрөө эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Отгонцэцэгт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН