| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2023/02946/И |
| Дугаар | 102/ШШ2024/00725 |
| Огноо | 2024-02-07 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2024/00725
| 2024 оны 02 сарын 07 өдөр | Дугаар 102/ШШ2024/00725 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч Ч.Баярсүрэн, шүүгч Ш.Оюунтуул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, Э нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, Х холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 2,889,675 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Я.Э ,
Хариуцагч С.Х
Иргэдийн төлөөлөгч Т.О, М.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Я.Э нь хариуцагч С.Э холбогдуулан гэм хорын хохиролд 2,889,675 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа: Миний бие 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 16 цаг 20 минутад улсын дугаартай Nissan Navara маркийн автомашинтай Хан-Уул дүүргийн сургуулийн зүүн талын замд баруунаас зүүн чиглэлд явж байтал эгц урдаас иргэн С.Х нь Кia bongo III маркийн 66-56 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад урсгал сөрөн миний жолоодож явсан автомашиныг мөргөж зам тээврийн осол гарган, хохирол учруулсан болно. Тээврийн цагдаад дуудлага өгч зөрчил гарсан газарт үзлэг, хэмжилт хийж иргэн СХ нь буруутай нь тогтоогдож, зөрчлийн тухай хуулиар шийтгэл ногдуулсан. Тухайн үед автомашины хохирлыг үнэлгээний газраар үнэлүүлэхэд хохирлыг барагдуулах хэмжээний үнэлгээг хийгээгүй тул миний бие хүлээн зөвшөөрөөгүй. Иргэн С.Х нь өөрийн буруутай үйлдлээр учруулсан хохирлоо барагдуулаагүй бөгөөд барагдуулах талаар огт арга хэмжээ авахгүй байгаа тул Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэст 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хандахад Монгол улсын иргэний хуулийн 499 дугаар зүйлийн 499.1 заалтын дагуу Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж, өөрт учирсан хохирлоо барагдуулах талаарх албан бичгийг 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ирүүлсэн тул энэхүү нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж байна. Иймд иргэн Я.Э надад учирсан бодит хохирол нийт 2,889,675.00 төгрөгийг хариуцагч С.Хаас гаргуулж өгнө үү гэжээ.
3.Хариуцагч нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Хан- Уул дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн зүүн талд улсын дугаартай Nissan Navara маркийн машиныг мөргөж зам тээврийн осол хийсэн. А үнэлгээний газраас 690,000 төгрөгийн үнэлгээ гарсан боловч эсрэг талаас уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд гомдол гаргасан. Миний зүгээс уг нэхэмжилж байгаа мөнгөн дүн болох 2,889,675 төгрөгийг төлөхийг эсэргүүцэж байна. Уг гомдлыг үнэн зөвөөр, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4.Иргэдийн төлөөлөгч Т.О маргааны талаар дүгнэлтдээ: Зам тээврийн ослын анхны үнэлгээ 690,000 төгрөг. Нэхэмжлэгч талаас нэхэмжилсэн 2,889,675 төгрөгийн үнэ бүхий засвар үйлчилгээний зардлыг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй байна. Үнэлгээний байгууллага ослын газар ирж үнэлсэн 690,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө гэсэн боловч нэхэмжлэгч нь энэ үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй. Харилцан тохиролцохыг хариуцагч талд санал болгосон боловч С.Х нь зөвхөн үнэлгээний байгууллагаар үнэлсэн 690,000 төгрөгийг төлнө гэсэн. Осол гаргасан хариуцагч тал болох С.Х нь хуулийн дагуу гэм буруугаа хүлээж, нэхэмжлэгч талын хохирлыг барагдуулах үүрэгтэй боловч нэхэмжлэгч талаас нэхэмжилсэн 2,889,675 төгрөг захиалгын сэлбэг хэрэгслийн үнэд төлсөн бодит зах зээлийн үнээр үнэлж гаргасан нэхэмжлэгчийн үнийн дүнг төлж барагдуулах хэрэгтэй гэж үзэж байна гэжээ.
5.Иргэдийн төлөөлөгч М.М маргааны талаар гаргасан дүгнэлтдээ: Зам тээврийн осол замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөө хүлээн зөвшөөрч байгаа ба үнэлгээний үнэ төлбөр дээр маргаан үүссэн байна. Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж хүүхэд тээвэрлэж явсан автомашиныг урсгал сөрж мөргөж хохирол учруулсан учир хариуцагч тал гэм буруутай учир хохирлоо барагдуулах учиртай гэжээ.
6.нотлох баримтаар нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 3/, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын замын цагдаагийн газрын Замын цагдаагийн хариу хүргүүлэх тухай /хх-ийн 4/, М ХХК-ийн урьдчилсан нэхэмжлэл /хх-ийн 5/, хохирлын тооцоолол /хх-ийн 6/, Осол гарсан үеийн бодит зураг /хх-ийн 7/, шүүхээс хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 38,39/, шийтгэлийн хуудас /хх-ийн 40/, торгууль төлсөн баримт /хх-ийн 41/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 42/, холбогдогч жолоочийн биеийн байцаалт /хх-ийн 43/, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 44/, осол гарсан замын байдал /хх-ийн45/, эд зүйл, баримт бичиг хурааж авсан тухай тэмдэглэл /хх-ийн46/, зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 47/, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны холбогдогчийн эрх үүрэг /хх-ийн 48/, С.Хы жолоодох эрхийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49,50/, Я.Э гийн жолоодох эрхийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 51,52/, техникийн тодорхойлолт /хх-ийн 53/ А ХХК-ийн хөрөнгө хохирлын даатгалын хохирлын үнэлгээ /хх-ийн 54,55/, Автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ /хх-ийн 55/, Я.Э Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлт /хх-ийн 56/, С.Хы Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлт /хх-ийн 57/, баримт бичиг буцаан олгосон тэмдэглэл /хх-ийн 58/ зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Хариуцагч С.Х нь 2023 оны 03 сарын 05-ны өдөр замын хөдөлгөөний дүгэм зөрчин урсгал сөрж Kia bongo маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр миний Nissan navara маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж хохирол учруулсан. Цагдаа хэмжилт хийж, хариуцагчийн зөрчлийг тогтоосон. ...Маргааш нь үнэлгээ хийлгэсэн. Машины хохирлын үэнлэгээ засвар үйлчилгээний үнэд хүрэх байх тохиолдолд гарч байсан учир үнэлгээний компаниас тогтоосон 690,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөөгүй. ...Иймээс өөрөө Ниссан моторс компаниас сэлбэг захиалах үнийн санал авсан. Хохиролоо тус үнийн саналын 50 хувиар тооцож 2,889,675 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарласан.
3.Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...Би осол гаргасан гэм буруугаа зөвшөөрч байна. Харин тухайн үед хохирлын үнэлгээг А ХХК 690,000 төгрөгөөр үнэлж байсан. Нэхэмжлэгч хуучин замасктай байсан эд ангиа Европоос шинээр захиалж авах өндөр үнээр нэхэмжилж байгаа тул зөвшөөрөхгүй гэж тайлбарлажээ.
4.Зохигч талуудын тайлбар, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн 20203 оны 03 сарын 23-ны өдрийн 28к-3/230 дугаартай, хариу хүргүүлэх тухай албан бичиг, Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 02 сарын 13-ны өдрийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, Шийтгэлийн хуудас, 2023 оны 02 сарын 13-ны өдрийн Зам тээврийн осол дээр тогтоосон акт зэрэг нотлох баримтаар С.Х нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.1, 5.10а, 5.10б, 5.11а, 5.11б заалтыг зөрчсөний улмаас 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, сургуулийн баруун талд Kia bongo маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр Nissan navara маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн зам тээврийн осол гаргасан болох нь тогтоогдож байна.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заасны дагуу бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.
6.Нэхэмжлэгч нь Nissan navara маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн эхнэр У.Дын нэр дээр байдаг гэж тайлбарлан, тээврийн хэрэгсэлд учруулсан гэм хорын хохирлыг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.
7.Хариуцагч нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж Nissan navara маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасан талаар маргаагүй.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулж, гаргаж өгөх үүрэгтэй.
9.Гэвч нэхэмжлэгч Я.Х нь Nissan navara маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмших, өмчлөх, учирсан хохирлыг шаардах эрхтэй болохоо нотлох баримтаар нотолж чадаагүй.
10.Учир нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Nissan navara маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар уг тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч нь У.Д болох нь тогтоогдож байна.
11.Иргэдийн төлөөлөгчид хариуцагчийн гэм буруутай үйлдэл байгааг дүгнэж, хохирлыг арилгуулах дүгнэлт гаргасан боловч эд хөрөнгийн өмчлөгч этгээд өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй. Тухайн этгээд өөрөө эсхүл төлөөлөл, эрх шилжүүлээгүй учир эхнэр, нөхөр байх нь шаардах эрх олгосон гэж үзэх үндэслэл болохгүй юм.
12.Иймд хариуцагч С.Хаас 2,889,675 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Я.Э гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
13.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,185 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан үндэслэлгүй байх тул хариуцагч С.Хаас гэм хорын хохиролд 2,889,675 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Я.Э гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгч Я.Э гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,185 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР
ШҮҮГЧИД Ч.БАЯРСҮРЭН
Ш.ОЮУНТУУЛ