Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2020/ДШМ/1501

 

 

 

 

 

    2020             12             17                                      2020/ДШМ/1501                                                                                                         Т  M 546                                 МАЛАЛ

С.О-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ц.Оч, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Оюунжаргал,

шүүгдэгч С.О-, түүний өмгөөлөгч Н.Жамъян, Б.Батцэнгэл, Л.Мөнхтөр,

хохирогч “Энхбуянжин” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.О-, түүний

өмгөөлөгч Б.Очирдорж,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 09 дүгээр сарын 02ы өдрийн 788 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.О-ийн гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох 1805027830339 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

О овгийн С-ийн О-, Ховд аймагт 1991 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Энхжин” ХХК-ийн “Буянжин” барьцаалан зээлдүүлэх газарт зээлийн мэргэжилтнээр ажиллаж байсан, ам бүл 4, эцэг, эх, хүүхдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороо, Хоёрдугаар 00 мянгат гудамжны 00 дугаар байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 000000000/

С.О- нь 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл “Энхбуянжин” ХХК-ийн “Буянжин” барьцаалан зээлдүүлэх газарт зээлийн мэргэжилтнээр ажиллах хугацаандаа хуурамчаар зээл гаргах, хаалт, сунгалт хийх, барьцааны эд зүйлийн оронд чулуу, бичгийн цаас, хямд үнэтэй, эвдэрхий утас, хуурамч үнэт эдлэл хийж лацдах зэрэг арга хэрэглэж барьцаалан зээлдүүлэх газраас итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө болох ажил хүлээлцэх үеийн кассын үлдэгдэл, ажиллах хугацааны зээлийн сунгалтын хүү, хаалтын хүү, барьцаа хөрөнгийг худалдан борлуулсны орлого, нэмэлт санхүүжилтийн орлогоос нийт 135,257,850 төгрөгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Баянгол дүүргийн прокурорын газраас С.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.О-ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэний улмаас их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 11 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 52 ширхэг метал эдлэл, “Нөүтбүүк болон фото аппарат, утас” гэсэн бичиглэл бүхий цүнхнүүд зэргийг С.О-т олгож, гар утасны хоосон хайрцаг, чулуу, тоосго, цаас зэрэг нийт 139 ширхэг эд зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт хавсарган хавтаслаж үдсэн баримтаас 1-11, 16 дугаар хавтасыг хохирогчийн төлөөлөгч Э.О-д олгож, 12-15 дугаар хавтасыг хэрэгт хавсаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар С.О-ээс 139,257,850 төгрөг гаргуулж хохирогч “Энхбуянжин” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч С.О- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ажилд орсноос хойш 14 хоног тутам зарлагдсан мөнгөн дүнг барьцаалсан эд хөрөнгөтэй тулгаж шалгалт хийдэг байсан. 2017 оны 4 дүгээр сард би 8 тусдаа зээлийн 5,400,000 төгрөгийн хулхи эд зүйл барьцаанд авснаа мэдсэн. Үүнийг сунгалтаа хийхгүй удах үед мэдсэн. Захиралд хэлэхээс айгаад мөнгө зээлэх боломжтой найзаасаа асуухад зөрүүлээд “5,000,000 төгрөг зээлвэл Солонгос Улс явах зардалтай болж, эргүүлээд 11,000,000 төгрөг болгож өгье. 1-2 сар тэсчих” гэсэн. Ингээд уг мөнгийг ломбардны зузаатгалаас гаргаж өгсөн. Сүүлд О- захирал шалгалт хийж байгаад мэдчихээр нь үнэнээ хэлсэн. Тэр үед О- захирал надад итгэж “Касснаас 70,000 төгрөг дутаачихсан. Чи өөрийн нэр дээр монетан ээмэг барьцаалсан гээд бичээрэй. Ах чинь баримт шалгана, битгий хэлээрэй” гэсэн. 2017 оны 5 сард захирлууд Хөх хотоос ирэх дөхөөд би найзаасаа мөнгөө авч чадаагүй учраас О- захирлын аргыг хэрэглэн 10,500,000 төгрөгийн зээлийн баримт шинээр бичээд зах дээрээс шармал монет, нөүтбүүкний цүнх худалдаж аваад дотор нь бичгийн цаас хийж, камерны цүнх олоод дотор нь тал тоосго чулуу хийж лацдсан. Тэгээд О- захиралд мөнгө аваад, буцаагаад зээлэнд гаргасан гэж хэлсэн. Энэ хугацаанд найз маань 2,700,000 төгрөг өгөөд, холбоогоо тасалж алга болсон. 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн алдсан 10,500,000  төгрөгийн 14 хоногийн 7 хувиар бодож нэмээд бичээд байсан. Хий бичилтүүд, хуурамч барьцаанууд 1 сард 2,000,000-5,000,000 төгрөгөөр нэмэгдсээр байсан. 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Э.О- захирал тооллого хийж бүгдийг мэдсэн. Би анхнаасаа 135,000,000 төгрөг завшсан бол дундаас нь зугтах боломж байсан. Би өрөө төлнө гэсэн зорилгоор эцсээ хүртэл цагдаад баригдтал ажилласаар байсан. Миний 10,500,000 төгрөгийн өр тэр үед 344 ширхэг зарлагын падаан болж хувираад хүү, сунгалт алданги бүгд нийлээд 100,000,000 гаруй төгрөг болсон. Би зөвхөн өөртөө байгаа нотлох баримтуудыг ашиглан дансны хуулга болон падаануудыг тулгаж эхэлсэн. Хуурамч барьцаатай хуурамч падаануудыг салгаж, бодит зарлага бодит зээлүүдээ тулгаж үзэхэд, миний дансанд зузаатгал болгон хийсэн 85,297,000 төгрөг нь 2017 оны 03 дугаар сарын 25-наас 2018 оны 5 сар хүртэлх хугацаанд 210,866,500 төгрөг болон өсөж, бодит зээл болон гарч, эргээд 199,354,500 төгрөгийн орлого болон орж ирсэн байдаг. Би жинхнээсээ бодит зээл гаргахдаа кассанд бэлэн байгаа мөнгөө гаргаад дутах бүрд нь дансаар зузаатгал авч байсан. Нэг ёсондоо гаргасан зээлийн дүн нь миний данс руу шилжүүлсэн дүнтэй он, сарын хувьд мөнгөн дүнгийн хувьд тулдаг байсан. Хэрэв би 135,000,000 төгрөгийг бодитоор авч хэрэглэсэн бол миний данс руу нийт 85,000,000 биш 220,000,000 төгрөг орох ёстой байсан. Миний бичсэн хуурамч падаануудыг нягтлан шалгалгүйгээр бодит гаргасан зээлтэйгээ хамт аудитын 2 дүгнэлт, шинжээчийн 2 дүгнэлтийг хохирогч талаас асуулт авч гаргуулсан байдаг бөгөөд зөрүүтэй дүгнэлт гарсан. Аудитын дүгнэлттэй холбоотой асуулт асуухад бүгдийг хариулах боломжгүй гэсэн. Хохирлын дүнг О- захирлын сонгосон дүнгээр тогтоосон. Хохирсон гэх 135,000,000 төгрөг зузаатгал болон миний данс руу орж ирээгүй. Би мөрдөн байцаалтын хугацаанд өөрийнхөө үнэн байдлыг ойлгуулж, нотолж чадаагүйн зэрэгцээ, өөрийн санхүүгийн хүндрэлтэй байдлын улмаас энэ хэрэгт өөрийн зүгээс аудитын шинжээч оруулж харьцуулсан дүгнэлт хийлгүүлж чадаагүй. Би өөрөө ч санаа бодлоо зөв илэрхийлж чадаагүйн улмаас ийм их хэмжээний өрөнд орсон байна. Үнэндээ би анх 10 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан бөгөөд үлдсэн дүн нь хий хоосон алданги хүү, сунгалт нэмсээр ийм болсон. Хохирлын үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байх маш олон нөхцөл байдал үүссэн. 2018 оны 4 сард А.Түмэнжаргал, Э.О- нар нь эцэг, эх, бидний өмчлөлд байсан Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 28 дугаар байрны 15 тоотод байрлах 2 өрөө байрыг “Ариг” банкинд 30,000,000 төгрөгийн барьцаанд тавиулж мөнгийг нь аваад “Чи надад өртэй юм чинь төлөхгүй” гээд банкинд төлөлт хийхгүй байсаар зээлийн барьцаанд хураалгаж, эцэг, эх, охин бид нар орон гэргүй болсон. Эцэг, эх минь 73, 78 настай тэтгэврийн хүмүүс байдаг ба охин минь одоо 9 настай. Би нөхөргүй, эцэг, эх минь олон жил хүнд өвчнөөр зовж шанал байгаа хүмүүс байдаг. Э.О- захирал миний энэхүү байдлыг бүгдийг мэдэж байгаа бөгөөд ломбарднаас нь анх намайг хэдэн төгрөг дутаасныг хүртэл мэдэж байгаа. Мөн өөрийнх нь шилжүүлсэн 85 гаруй сая төгрөг нь ашиг орлогоо олоод буцаад данс руу нь орсон гэдгийг мэдэж байгаа. Хохирсон гэх 135 гаруй сая төгрөгөө надад шилжүүлээгүй гэдгээ ч өөрөө мэдэж байгаа... Энэ бүхнийг мэдсээр байж эдлэх ялаас минь гадна маш их хэмжээний мөнгөн дүнг тогтоож байгаад гомдолтой байна. Хавтаст хэргийн 16 дугаар талд надаас нэг удаа байцаалт авсан тэмдэглэл байдаг ба энэ мэдүүлгийг өмгөөлөгчгүй авсан. Би “Ариг” банктай холбоотой асуудал дээрээ оролцож байсан өмгөөлөгчөө гуйж энэ хэргийн шүүх хуралдаанд оруулсан. Би хохирлын дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрийн хариуцлагагүй буруутай үйлдэлээ нуун дарагдуулж зөвхөн захирлынхаа итгэлийг алдахгүйн тулд хийж байсан үйлдлүүд маань өөрөө гэмт хэргийн үйлдэл гэдгийг тухайн үед би мэдээгүй явсан. Би гэм буруутай үйлдэл дээрээ оногдуулсан шийтгэлээ хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна. Харин хий хоосон мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй тул  хохирлыг бодитой тогтоож өгнө үү...” гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Жамъян тус шүүхэд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч С.О- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Зөвхөн хохирлын тооцоог үндэслэлгүй гаргасан гэж маргаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцаас эхлэн С.О-т эрх зүйн туслалцаа үзүүлсэн өмгөөлөгч Л.Мөнхтөрийг анхан шатны шүүх хуралдаанд оролцуулаагүй. Үүнээс үүдэж тооцоотой холбоотой асуудлыг нэг мөр тогтоож чадалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Миний зүгээс анхан шатны шүүх хуралдаанд “Энхбуянжин” ХХК-ийн татварт мэдүүлдэг албан ёсны тайланг авалгүйгээр шинжээчийн дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах саналтай байна” гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл тус шүүхэд гаргасан тайлбартаа: “Энэ хэрэг 2 жил гаруй хугацаанд шалгагдах явцад аудитын хоёр, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хоёр удаагийн дүгнэлт гарсан. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 185 дугаартай дүгнэлтэд “зарим нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоох шаардлагатай” гэж үзсэн энэ асуудлыг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаагүй. Иймээс хохирлын хэмжээ бодитой тогтоогдоогүй гэж үзэж байна. Мөн аудитын дүгнэлт болон шинжээчийн дүгнэлтэд нийт хэдэн гэрээ хийсэн нь зөрүүтэй. Тухайлбал, нэг шинжээчийн дүгнэлтээр С.О- нь 1636 гэрээ хийсэн гэдэг бол нөгөө дүгнэлтээр 1659 гэрээ хийсэн гэж дүгнэсэн. Иймээс хэдэн гэрээ хийсэн болох нь тодорхойгүй, үүнээс цаашлаад хэдэн төгрөгийн гэрээ хийгдсэн, хэд нь хуурамч болох нь тогтоогдоогүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг нотолсон байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэрэг хэзээ гарсныг нотолж, тогтоогоогүй. Хавтас хэргийн материалаас харахад С.О- нь 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн хооронд ажиллаж байсан болох нь тогтоогдсон. Энэ хугацаанд хэдэн сарын хэдний өдрөөс хэзээг хүртэл хэдэн төгрөгийн зээлийн гэрээ хуурамчаар үйлдсэн талаар нарийвчилж тогтоосон зүйл байхгүй. Прокурор яллагдагчаар татах тогтоолдоо С.О- нь 143,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн. Гэтэл 3 сарын дараа уг тогтоолд өөрчлөлт оруулж 145,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэж өөрчлөн, үүнийг үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүхээс прокурорын яллах дүгнэлтийг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн. Гэтэл энэ нь хавтас хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар тогтоогдоогүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан нөхцөл хангагдаж байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү” гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Мөнхтөр тус шүүхэд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад “Энхбуянжин” ХХК-ийн тайлан, бланс, дансны хуулга зэргээр шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг прокурор, мөрдөгч нарт удаа дараа тавьсан. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан объектуудыг өгөөгүй. Мөн 4 удаагийн шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанд гэрчээр оролцсон шинжээч Бадамсүрэнгийн мэдүүлгээр С.О-, Э.О-  нарын данс хооронд 89,058,500 шилжсэн болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, иргэд хоорондын дансаар мөнгө шилжсэн, “Энхбуянжин” ХХК-ийн данс руу мөнгө орж, гараагүй учраас хохирогчоор “Энхбуянжин” ХХК-ийг тогтоож байгаа нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх хуралдаанд шинжээч Бадамсүрэн мэдүүлэхдээ “Санхүүгийн тайлан баланс, тухайн компанийн дансаар гүйлгээ хийгдсэн нотлох баримтууд ирээгүй. Аж ахуйн данс, хувь хүний данс тусдаа байх ёстой” гэсэн. Мөн эрүүгийн хэрэгт хохирлын тооцоог бодит хохирлоор тооцдог. Энэ хэрэгт 89,058,500 төгрөгийг С.О- гардаж авсан. Үүнээс 53,350,760 төгрөг нь зарагдсан барааны орлого болон хаалтын хүү, сунгалтын хүүний мөнгө. Гэтэл эрүүгийн хэрэгт хүү, зарагдсан барааны ашиг гэх ойлголт байхгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.О- анхан шатны шүүх хуралдаанд прокурорын асуултад хариулахдаа “Би 53,000,000 төгрөгийн ашиг олсон. Би 41,000,000 төгрөгийн хохирлыг хүлээн зөвшөөрч байна” гэж хариулсан. Иймээс 89,000,000 төгрөгийн зузаатгал нь С.О-ийн шилжүүлсэн 53,000,000 төгрөг сунгалт, хүүний мөнгө буцаад зузаатгалаар орж ирсэн учраас хасагдаж 35,000,000 төгрөг үлдэх ёстой. Үүнээс яллах дүгнэлтийн 2 дугаар заалтад бусад зардал гэж 8,351,950 төгрөг, зээлийн үлдэгдэл 7,418,000 төгрөг, мөн ажил хүлээлцэх үедээ 419,350 төгрөгийг кассын үлдэгдэл гэж тушаасан зэргийг хасахаар 19,529,440 төгрөгийн бодит хохирол гарч байна. Анхан шатны шүүх хуралдаанд шинжээч Бадамсүрэн мэдүүлэхдээ “11,380,000 төгрөгийн зээл ямар ч баримт бичиггүй гарсан байна” гэсэн. “Nuden tax”-ийн аудитын дүгнэлтээр “11,980,000 төгрөгийн зээл ямар ч баримтгүй гарсан байна” гэж гарсан. Иймээс миний тооцож байгаа бодит хохирол, шинжээчийн гаргаж байгаа бодит хохиролтой таарч байна. Мөн шинжээч Бадамсүрэн анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “Энхбуянжин” ХХК-ийн данснаас 12,000,000 төгрөг С.О-ийн данс руу зузаатгал болж орсон” гэдэг. Тэгэхээр 12,000,000 төгрөг өгчихсөн байхад яагаад хохирол нь 139,000,000 төгрөг болж байгаа юм бэ. Энэ нь бодит байдалтай нийцэхгүй байна. Энэ хэрэг нь иргэд хоорондын дансаар зээлийн гэрээтэй холбоотой мөнгө шилжүүлсэн зэрэг иргэний эрх зүйн харилцаа байхад компанид хамаатуулж С.О-т ял шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд С.О-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.О- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.О-ийн давж заалдах гомдлоос харахад зөвхөн өөрийнхөө дансны хүрээнд тайлбарласан байна. Гэтэл үүнд бусад хүмүүсийн тооцоо болон касс дээр бэлнээр хийгдсэн тооцоо огт дурдагдаагүй байна. Миний хувьд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэсэн 179,248,300 төгрөгийн хохирлын хүлээн зөвшөөрч байсан. Гэтэл прокуророос “179,248,300 төгрөгийн хохирол үндэслэлгүй байна” гээд нэг бүрчлэн тулгалт хийхэд С.О-ийн данснаас миний данс руу 43,990,450 төгрөгийн буцаан шилжүүлэлт хийгдсэн байсан учраас энэ дүн хасагдах ёстой. Ингээд бодит хохирол болох 135,257,850 гарсан. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс бодит хохирлыг тогтоохдоо зузаатгал, бодит зээл, хуурамч зээлийг ялгаж гаргасан байсан. Хуурамч зээл нь 320 ширхэг баримт буюу 167,000,000 төгрөг байсан. Энэ нь бодит хохиролд тооцогдоогүй, сунгалтын дүн ч ороогүй” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Очирдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэргийг 2018 оны 5 дугаар сараас эхлэн шалгасан. Энэ хугацаанд хоёр аудитын дүгнэлт, хоёр шинжээчийн дүгнэлт гарсан. Эцсийн байдлаар хохирлыг 167,365,000 төгрөгөөр тогтоосон. Эхний шинжээчийн дүгнэлт гарахад шүүгдэгч талаас гомдол гаргаж дахин шинжээч томилуулсан. Ингээд 2 дахь шинжээчийн дүгнэлт гарснаас хойш 1 жилийн гаруй хугацаанд хохирлын тооцоон дээр маргахгүй байж байгаад анхан шатны шүүх хуралдаанд дахин хохирлын тооцоо дээр маргаж эхэлсэн. Тэгэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн шинжилгээ ямар нэгэн маргаангүй, хууль ёсны дагуу, процессын зөрчилгүй гэж үзэж байна. Мөн шинжээч хавтас хэрэгт авагдсан баримтын хүрээнд үнэн зөв дүгнэлт гаргасан. Прокурор хохирлын хэмжээг тогтоохдоо С.О-ээс Э.О- руу шилжүүлсэн гүйлгээг хасч 135,000,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзсэн. Энэ хугацаанд Э.О- нь зээл, санхүүжилт гээд маш их санхүүгийн дарамттай байсан учир хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр бодит хохирол нь 167,000,000 төгрөгийн хохирол учирсан юм. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэдэг утгаараа хохирогчийн хүлээн зөвшөөрсөн хохирлын хэмжээнд хохирлыг тогтоож 135,000,000 төгрөгөөр хохирлыг тооцож шийдвэрлэсэн. Иймээс хохирлын хэмжээнд ямар нэгэн маргаан байхгүй гэж үзэж байна. Мөн иргэний журмаар маргаж байгаа хэргийн тухайд 4 дүгээр сарын 17-ны өдөр зээл аваад 5 дугаар сарын 18-ны өдөр хэрэг нь илэрсэн юм. 12-ны өдрийн зээлийг Түмэнжаргал, О- нар урьдчилж төлсөн байсан. Харин 5 дугаар сарын 17-ны өдөр энэ хэрэг илэрсэн. Өөрөөр хэлбэл, хохирол учруулсан хүнээсээ мөнгө авсан байсан учир хохирлоос хасуулах асуудал яригдсан. Иймээс иргэний журмаар шийдвэрлэгдэж байгаа хэрэг яаж шийдвэрлэгдэхээс хамаарч хохирлоос тооцох асуудал яригдах байх гэж бодож байна. Мөн өмгөөлөгч Л.Мөнхтөрийг анхан шатны шүүх хуралдаанд оролцуулаагүй, процессын зөрчил гаргасан гэж байна. Гэтэл тухайн үед  өмгөөлөгч Л.Мөнхтөр өөрөө үйлчлүүлэгчээсээ татгалзсан байсан. Үүнийг С.О- хүлээн зөвшөөрч өмгөөлөгч Н.Жамъянг оролцуулсан гэж ойлгосон. Тэгэхээр ямар нэгэн байдлаар өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй гэх процессын зөрчил яригдахгүй байх. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

            Прокурор Т.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс прокурор тусдаа хохирлын тооцоо гаргасан юм шиг ярьж байна. Гэтэл яллах дүгнэлтэд дурдагдсан хохирлын тооцоо бүгд шинжээчийн дүгнэлт дээр байгаа. Шинжээч дүгнэхдээ нэг бүрчлэн жагсааж бичээд 1, 2, 3-ыг нэмлээ, 7, 8, 9-ыг хаслаа гэж бичсэн бол прокуророос орлогыг нэмэх гэж бүгдийг нь жагсааж бичсэн. Өөрөөр хэлбэл, хасагдах, нэмэгдэх тооны байршил өөрчлөгдөж байгаа болохоос үнийн дүн нь адил гарсан. Хүснэгт 7 дээрх дүнг шинжээчийн дүгнэлтээр 179,000,000 гаргасан. Харин прокурорын тооцоогоор 195,000,000 төгрөг, эсхүл 135,000,000 төгрөг юм уу гэж байна. Гэтэл энэ тооцооллыг задалж харвал шинжээчийн дүгнэлттэй адил 179,000,000 төгрөг гарч байна. Миний тооцоолол дээр 33,000,000 төгрөгийг нэмсэн, харин шинжээчийн дүгнэлтэд 152,000,000 төгрөгөөс хасаж байгаад 33,000,000 төгрөгийг нэмсэн байна. Шүүгдэгч С.О-ийн гаргасан хохирлын тооцооллыг харвал бусад тооцоотой таарч байна. Гэхдээ 44,000,000 төгрөг гэж 59,000 төгрөгөөр зөрүүтэй бичсэн байна. Үүнийг би шинжээчийн дүгнэлтийн 179,000,000 төгрөгөөс хасаж тооцсон. Ингээд 137,000,000 гарч байна. Гэтэл үүнийг задалж бодож үзээгүй байж прокурор тусдаа тооцоо гаргасан мэтээр ярьж байгаа нь үндэслэлгүй. Шинжээчийн дүгнэлтийн хүснэгт 8-ийн 4 дээр 1, 2-ыг нэмээд 3-ыг хасч 179,000,000 төгрөг гаргасан байна. Харин хүснэгт 6 дээр 43,990,000 төгрөг харагдаж байна. Үүнийг С.О- 44,589,000 төгрөг гэж гаргасан байна. Энэ 43,990,000 төгрөгийг би шинжээчийн дүгнэлтийн 179,000,000 төгрөгөөс хасаж тооцсон юм. Учир нь, С.О- нь Э.О-д 41,000,000 төгрөг, Түмэнжаргалд 245,000 төгрөг, Аззаяад өгсөн 2,245,000 төгрөгийн нийлбэр нь 43,990,000 төгрөг шилжүүлсэн. Энэ нь яллах дүгнэлтийн хавсралтын доод зардал хэсэгт байгаа. С.О- хохирлын тооцоог гаргахдаа зөвхөн дансны хуулгаар тооцсон байна. Мөрдөн шалгах ажиллагаа эхлэхэд бүх зээлдэгч нараас мэдүүлэг авч хуурамч зээл, жинхэнэ зээлийг ялгах чиглэлтэй явагдаж байсан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад С.О-ийн хамтран амьдрагчийн гэрээс хуурамчаар бичсэн зээлийн хувь нь тоо ёсоороо гарч ирсэн. Иймээс прокуророос тухайн хуурамч баримтуудыг эд мөрийн баримтаар хураан авч, хуурамчийг нь тусад нь хавтасласан. Мөн 89,000,000 төгрөг, 12,000,000 төгрөг буюу 101,000,000 төгрөгийг бүрдүүлж байгаа тооцоог С.О- гаргахдаа 83,000,000 төгрөг гэж гаргасан байна. Энэ нь зөвхөн С.О-ийн дансны хуулгаар тогтоогдож байгаа. Мөн кассын дэвтэр дээр хуурамч болон бодит зээлийг бүгдийг нь жагсаан бичсэн байсан. Үүнээс хуурамч, бодит болохыг юугаар ялгаж байна вэ гэхээр 2 хувь хэвлэгддэг зарлагын паданаар ялгаж байгаа. Иймээс заавал нийт зээлдэгч нарыг гэрчээр асуух шаардлагагүй гэж үзэж байна. Мөн С.О- нь Э.Оюундарийг хохироогоод, Э.О- нь С.О-ийн байрыг барьцаанд тавьж хохироосон юм шиг харагдаж байна. Гэтэл С.О-ийн үйлдлүүдийг жагсааж харахад анх 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ажилд ороод 2017 оны 9, 10 дугаар сараас хуурамч бичилтээр зээл гаргаж эхэлсэн. Тэгээд 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр энэ үйлдэл нь илэрсэн. 2018 оны 4 дүгээр сард буюу үйлдэл нь баригдахаас 1 сар гарангийн өмнө Түмэнжаргал, Э.О- нар нь “Ариг” банкинд С.О-ийн байрыг барьцаалж мөнгө авсан. Тэгээд сарын дараа үйлдэл нь илэрч хохирол учруулсан гэж маргаж эхэлсэн. “Ариг” банкны зээлийн гэрээг харахад С.О-, Түмэнжаргал нар нь хамтран зээлдэгчээр орсон байсан. Иймээс тэр гэрээтэй холбоотой асуудал нь иргэний журмаар шийдвэрлэгдэх байх. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж байх тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар С.О-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

 

Шүүгдэгч С.О- нь 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл “Энхбуянжин” ХХК-ийн “Буянжин” барьцаалан зээлдүүлэх газарт зээлийн мэргэжилтнээр ажиллах хугацаандаа хуурамчаар зээл гаргах, хаалт, сунгалт хийх, барьцааны эд зүйлийн оронд чулуу, бичгийн цаас, хямд үнэтэй, эвдэрхий утас, хуурамч үнэт эдлэл хийж лацдах зэрэг арга хэрэглэж барьцаалан зээлдүүлэх газраас итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө болох ажил хүлээлцэх үеийн кассын үлдэгдэл, ажиллах хугацааны зээлийн сунгалтын хүү, хаалтын хүү, барьцаа хөрөнгийг худалдан борлуулсны орлого, нэмэлт санхүүжилтийн орлогоос нийт 126,496,550 төгрөгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч “Энхбуянжин” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Оюундарийн “...С.О- нь ажиллах хугацаандаа тогтмол кассын гүйлгээг тухайн өдрийнхөө орой нь кассын дэвтэрийн зургийг дарж фэйсбүүкээр явуулж зээл, хаалт, хүүгийн дэлгэрэнгүй мэдээлэл, мөн бэлэн мөнгөний эцсийн үлдэгдлийг мэдээлж байсан. Миний хувьд 14 хоног бүр 1-2 удаа биечлэн шалгаж, эргэлтийн хөрөнгө шаардлагатай тохиолдолд дансаар болон бэлнээр зузаатгал хийдэг байсан. Сар бүрийн тооллогоор зээлийн барьцааны боолт, лацтай эд барааг баримттай нь тулгаж үзэж байсан хэдий ч барьцаанд тавьсан эд зүйлсийн лацийг хөндөх, задлах эрхгүй тул зөвхөн цүнх болон хайрцаг баглааны гадна талаас тоолж лацийг шалгаж байсан. Гэтэл манай ломбардны зузаатгал, санхүүжилт доголдож эргэн төлөлтүүд удааширч эхэлсэн. 2018 оны 05 дугаар сараас С.О- нь ажлаа таслах зөрчил гаргах болсон тул “Буянжин-1” ломбардны үйл ажиллагаа, барьцааны эд зүйлсийг шалгаж үзтэл барьцаа хөрөнгө болох лац, боолттой эд зүйлээс тоосго, чулуу гэх мэт гарч ирсэн тул тэр даруй цагдаагийн байгууллагад мэдэгдэж, гомдол гаргаж, бүх баримт бичиг тооцоог битүүмжлүүлж шалгуулсан. Мөн цагдаагаас С.О-ийн гэрт нэгжлэг хийж 344 ширхэг 186,410,000 төгрөгийн зээлийн гэрээг хурааж авсан. 2017 оны 7 сараас эхлэн эвдэрхий нөүтбүүкийг өндөр үзүүлэлттэй Sony i7 гэж хуурамч бичилт хийн 650,000 төгрөгийн зээлийг өөртөө гаргасан байдаг. 12 дугаар сард илт мөнгөтэй болж тухайн үедээ хамгийн үнэтэй гар утас, нөүтбүүк барьж, Орос руу аялалд явсан. Эдгээр үнэтэй зүйлсийг хаанаас авсан талаар нь асуухад Шведэд амьдардаг найз залуу бэлэглэсэн гэж байсан. Шинжээчийн дүгнэлтэд дурьдсан С.О-ийн данснаас О- миний данс руу шилжүүлсэн 41,494,850 төгрөгөөс 22,678,800 төгрөг нь хаалт, сунгалт, зарсан барааны орлого бөгөөд үлдэгдэл 18,816,000 төгрөг нь О-ээс зээлсэн 29,810,000 төгрөгийн зарим хэсэг юм. Ер нь О-ээс над руу болон Түмэнжаргал, Аззаяа нар руу шилжүүлсэн мөнгөн дүн нь завшиж хохирлын эргэн төлөлт биш ба бодит зээлдэгч нарын зээл төлөлт, зээлийн хүүг төлсөн зэрэг төлбөрийг тэрээр өөрийн дансруугаа авч бидний данс руу шилжүүлсэн мөнгөнүүд... С.О-тэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Учир нь өмнө нь ажиллаж байсан газраасаа гэнэт халагдсаны тэтгэмж авна гэж гуйсан учраас гэрээ байгуулаагүй...” /1-р хх 85-86, 87-91, 94-97, 99-100/,

гэрч Г.Болормаагийн “... нагац дүү О- хөдөө явж байгаа учир зузаатгалын мөнгө С.О-ийн данс руу шилжүүлж өгөхийг хүссэн. Би 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 500,000 төгрөг, мөн сарын 15-ны өдөр 300,000 төгрөг тус тус шилжүүлсэн...” /1-р хх 118-119/,

гэрч Э.Аззаяагийн “...Би 7 дугаар сард Э.О- захирлыг хөдөө явсан байхад  нөгөө салбар мөнгөгүй болоод кассын зузаатгал гэж мөнгө шилжүүлсэн. 8, 9 дүгээр сард бас захирлыг эзгүй хойгуур С.О- зузаатгалын мөнгө дуусчихлаа гэж мөнгө шилжүүлж авсан ...” /1-р хх 121-122/,

гэрч Э.Төрболдын “...захирал Э.О- эзгүй хойгуур нөгөө салбарт зузаатгал гэж С.О-ийн данс руу 450,000 тгөрөг шилжүүлсэн. Захирал явахдаа хэн нэг нь мөнгөгүй болбол мөнгөтэй нь өгч байгаарай гэсэн...” /1-р хх 116-117/ гэх мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 36-43/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 44-57/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /1-р хх 60-62, 64, 67/, “Энхбуянжин” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1-р хх 72-77/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /1-р хх 164-184/, “Тэд-Аудит” ХХК-ийн Ж/15/02 дугаартай дүгнэлт /1-р хх 207-2-р хх 46/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /2-р хх 56-124/, “Юндэнтакс тин аудит” ХХК-ийн 01/38 дугаартай дүгнэлт /2-р хх 134-250, 3-р хх 1-130, 138-250, 4-р хх 1-20/, гэрч Г.Болормаа, Э.Аззаяа, Э.Төрболд, О.Тэмүүлэн, А.Түмэнжаргал, шүүгдэгч С.О- нарын дансны хуулгууд /1-р хх 120, 123-126, 130-152/, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зээлийн гэрээнүүд /эд мөрийн баримтын 17, 19 дүгээр хавтас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч С.О- нь “Энхбуянжин” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт ажиллах хугацаанд зээл болон хүүгийн төлбөр, зээл сунгалтын төлбөр, хугацаа хэтэрсэн зээлийн барьцааг худалдан борлуулсны төлбөр, үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилтыг хүлээн авах, хөрөнгө барьцаалан зээл гаргах зэргээр тухайн байгууллагын санхүүгийн орлого, зарлагын гүйлгээг бие даан хэрэгжүүлж хөрөнгийг итгэмжлэн хариуцаж байжээ. Тэрээр барьцаалан зээлдүүлэх газрын итгэмжлэн хариуцсан хөрөнгийг зориулалтын дагуу зээл хэлбэрээр үйл ажиллагааны эргэлтэд оруулсан мэтээр харагдуулахын тулд зээлийн гэрээг хуурамчаар үйлдэж, барьцааны эд хөрөнгийг чулуу, тоосго, бичгийн цаас, хуурамч үнэт эдлэл, хямд үнэтэй утас, эвдэрхий зөөврийн комьпютер зэргээр орлуулан лацдаж хөрөнгийн эздэд бодит зээл мэт ойлголт төрүүлэх замаар хөрөнгө завшиж их хэмжээний хохирол учруулсан байх ба анхан шатны шүүх уг гэм буруутай үйлдлийн талаар хэргийн бодитой байдалтай нийцсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хөрөнгө завших гэмт хэргийн шинж, гэмт хэргийн сэдэл, санаа зорилго, гэм буруугийн хэлбэрийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгч С.О-ийн гэм буруу, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг буруу тогтоосон, 10,500,000  төгрөгийн дутагдал нь хий зээл, хүүгийн бичилтээр өсч хохирлын хэмжээ өндрөөр тогтоогдох үндэс болсон ба энэ талаар шинжээчийн дүгнэлт учир дутагдалтай гарсан гэх агуулгатай шүүгдэгчийн давж заалдсан гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлыг хянаж үзэв.  

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч С.О-ийн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг тогтоох зорилгоор эдийн засгийн шинжилгээний дөрвөн удаагийн дүгнэлт гаргуулсан байх ба эдгээр дүгнэлтүүдээр тогтоосон хохирол хоорондоо ноцтой зөрүүгүйн гадна шинжээч шүүх хуралдаанд оролцож дүгнэлтээ тодруулан тайлбар мэдүүлэг гаргажээ.

“Энхбуянжин” ХХК-ийн “Буянжин” барьцаалан зээлдүүлэх газрын нягтлан бодох бүртгэлийг хуулийн дагуу хөтлөөгүй, ажилтан, ажил олгогч иргэдийн хувийн дансаар санхүүгийн харилцаа нь явагдсаны улмаас шинжээчид хохирлын хэмжээг тогтоохдоо иргэд хоорондын дансны хуулга, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан санхүүгийн анхан шатны баримтуудад үндэслэн шинжилгээ хийж дүгнэлт гаргасныг буруутгах аргагүй, хэрэгт цугларсан баримтын хэмжээнд хохирлын талаар шүүх дүгнэлт хийх боломжтой байх тул давж заалдсан гомдлын дагуу хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх үндэслэлгүй байна.

Шүүгдэгч С.О- нь нийт 376,243,000 төгрөгийн зээл гаргасан мэт боловч үүнээс эд мөрийн баримтаар хураагдсан нийт 167,635,000 төгрөгийн зээлийн баримт нь хий бичилтээр өсгөсөн дүн учир шинжээчид хохирлын тооцоонд оруулаагүй гэдгээ мэдүүлсэн байх бөгөөд 207,518,000 төгрөгийн зээлээс хуурамч эд зүйлс барьцаалсан 95,870,000 төгрөг, огт баримтгүй 45,265,000 төгрөг, зээлийн гэрээтэй боловч барьцаагүй 8,520,000 төгрөг, хуурамч үнэт эдлэл барьцаалсан 15,750,000 төгрөг, эвдэрсэн гар утас барьцаалсан 3,320,000 төгрөг, нийт 168,725,000 төгрөгийг завшсан гэж үзсэн байх тул шүүгдэгчийн “... зээл, хүүгийн хий бичилт хохирлын үнийн дүнг өсгөсөн ...” гэх агуулгатай давж заалдах гомдол үндэслэл муутай гарчээ.

Шинжээчийн 09, 180 тоот дүгнэлтүүд болон аудитын дүгнэлтээр шүүгдэгч С.О-ийг “Буянжин” барьцаалан зээлдүүлэх газарт ажиллах үед 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр зээлийн эргэлтэд гарсан 33,734,000 төгрөг, ажиллах хугацаанд зээлийн эргэлтэд буюу үйл ажиллагаанд 152,932,300 төгрөг, нийт 186,666,300 төгрөг байсан бол ажил хүлээлцэх үед зээлийн эргэлтэд 7,418,000 төгрөг, кассанд буюу бэлнээр үлдэгдэл 409,350 төгрөг, хөрөнгийн эзэд болох Э.О-д 41,494,850 төгрөг, А.Түмэнжаргалд 250,000 төгрөг, тэдний хамаарал бүхий Э.Аззаяад 2,245,600 төгрөг шилжүүлж, бусад зардалд 8,351,950 төгрөг зарцуулсан болох нь тогтоогдсон байна.

Үүнээс үзэхэд, шүүгдэгч С.О- нь ажиллах хугацаандаа итгэмжлэн хариуцсан нийт 186,666,300 төгрөгөөс ажил хүлээлцэх үеийн кассын үлдэгдэл, зээлийн эргэлтэд гаргасан болон эздэд шилжүүлсэн нийт 60,169,750 төгрөгийг хасч тооцвол дутагдсан хөрөнгийн хэмжээ 126,496,550 төгрөг болсныг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд гэж үзэх нь зүйтэй. Харин шинжээчийн дүгнэлтэд санхүүжилт хэлбэрээр Э.О-, А.Түмэнжаргал нараас С.О-ийн дансанд шилжүүлсэн хөрөнгөд цалин 5,673,000 төгрөг, дараа тооцох 140,000 төгрөг, урамшуулал болон вискины үнэ 1,075,000 төгрөг, хандив 639,000 төгрөгийг оруулсан нь үндэслэлгүй байх тул эдгээр мөнгийг хасч шүүгдэгч С.О-ийн гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 118,969,550 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу шинжээчийн хөлс 4,000,000 төгрөг нийт 122,969,550 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор тооцож тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 788 дугаартай шийтгэх тогтоолын 8 дахь заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-ээс 139,257,850 төгрөг гаргуулж “Энхбуянжин” ХХК-д /хохирогчийн төлөөлөгч Э.О-/-д олгосугай” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-ээс 122,969,550 төгрөг гаргуулж хохирогч “Энхбуянжин” ХХК-д олгосугай гэж өөрчилж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч С.О-ийн гаргасан давж заалдах гомдлоос хохирлын дүнтэй холбоотой хэсгийг хүлээн авч бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.БАТЗОРИГ

 

                         ШҮҮГЧ                                                             Ц.ОЧ

 

                         ШҮҮГЧ                                                             М.ПҮРЭВСҮРЭН