Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 300

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

Улсын яллагч  Ц.Амгаланбаатар,

Шүүгдэгч С.Заяат, түүний өмгөөлөгч Д.Энхбаатар /ҮД: 1514/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зуутраг овгийн Сэмбэрүүн Заяатад холбогдох эрүүгийн 201725021104 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1961 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 64-186 тоотод оршин суух хаягтай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй,

 

Багануур дүүргийн шүүхийн 2007 оны 5 сарын 30-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 450 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, Зуутраг овгийн Сэмбэрүүн Заяат, /РД:ЧМ61021158/

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч С.Заяат нь 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо "Туушин" зочид буудлын гадна Э.Нямцэрэнтэй таксины мөнгөнөөс болж маргалдаж Э.Нямцэрэнгийн нүүр рүү нь нэг удаа гараараа цохиж тонгойх үед зүүн нүд рүү нь нэг удаа өшиглөж зүүн дээд зовхины цус хуралт буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч С.Заяат нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Мягмаржавтай хамт Баяраагийнд очиход 0.75 граммын архи задласан. Миний зүрх муу учир би эмчийн хяналтанд байдаг. Тэр архинаас 3 хундага уусан. Нөгөө 2 маань тэр архинаас уугаад согтсон. Тэгээд тэндээс гараад тэд нар 13 хороолол руу явах гэхээр нь би зам дунд нь Багшийн дээд дээр буухаар болоод таксинд сууцгаасан. Би тэр газраас олон удаа гэр рүүгээ таксиддаг байсан. Тэгээд би “таксины мөнгө хэдэн төгрөг гарсан юм бэ” гэж асуухад 13.500 төгрөг гарсан гэж хэлэхэд нь би “хамгийн дээд тал нь 6000 төгрөг болдог” гэхэд “архи уусан хөгшинүүд аятайхан байгаарай” гэсэн. Тэгэхээр нь би “чи юу яриад байгаа юм бэ” гэж хэлэхэд намайг заамдаад авахад би гарыг нь тавиулсан. Тэгээд би “надад 5000 төгрөг байна, би энийг өгөөд буулаа” гэхэд намайг заамдаад миний гарыг өчсөн. Тэгээд би хөлөө тавихад машин дээрээ толгойгоороо цохисон. Би хохирогчийг цохиогүй. Бид 2 хоорондоо ноцолдсон. Хохирогчийг унах үед нь би өшиглөсөн зүйл байхгүй. Би өөрийн гэм буруугаа ойлгож байгаа. Намайг мөрдөн байцаалтын шатанд хохиролд 300.000 төгрөг өг гэж байсан…” гэв.

Эрүүгийн 201725021104 дугаартай хэргээс:

Шүүгдэгч С.Заяат нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...би 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 24 цагийн орчимд 3,4 дүгээр хорооллоос Баяраа, Мягмаржав нарын хамт такси бариад Туушин зочид буудлын хажууд буусан. Тэгээд би урд талын суудал дээр сууж байсан учир “таксины мөнгө хэд гарсан вэ” гэхэд “13.000 төгрөг” гэсэн. Тэгээд би “энэ хүртэл 7000 төгрөг гардаг” гэж хэлсэн чинь нөгөө таксины жолооч залуу “юу хуцаад байгаа хөгшин вэ” гэж хэлээд намайг машин дотор заамдахаар нь би 5000 төгрөг өгнө гээд баруун талын тохойгоороо гар руу нь нэг удаа чичсэн. Тэгээд нөгөө таксины жолооч буугаад миний буух хаалган дээр ирээд намайг гаднаас заамдаж аваад миний зүүн талын шанаа руу гараараа нэг удаа цохисон. Би тэр үед нүднээс гал гарах шиг болоод уур хүрээд хавсарчихсан чинь урдаас өнхрөөд унасан. Тэгээд би цаашаа яваад өгсөн…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-34 дүгээр хуудас/,

Хохирогч Э.Нямцэрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр таксинд явж байгаад 3, 4 дүгээр хорооллын гэмтлийн ар талын замаас 3 үл таних хүн суугаад “13 дугаар хороолол орно” гэж хэлсэн. ... багшийн дээд дээр ирсэн чинь буцаад гэрлэн дохиогоор буцаад эргэчих гэсэн. Тэгээд эргээд Улаанбаатар зочид буудлын арын талбай дээр буух үед 8 км гарсан байна 6.500 төгрөг өгчих гэж хэлсэн чинь урд талд, миний хажууд сууж байсан буурал толгойтой хөгшин нь “1000 төгрөг байна. Авбал ав” гэж хэлэхээр нь “мөнгөө гүйцээгээд өгчих” гэж хэлээд байж байхад ар талын 2 хүн нь буухаар би дагаж буугаад арай эрүүл Баяраа гэх хүн дээр нь очоод “мөнгөө өгчихөө” ах гэсэн чинь нөгөө буурал толгойтой ах нь бууж ирээд “мөнгө, төгрөг байхгүй” гэж хэлэх үед Баяраа нь машин тойроод зугатаах гэхээр нь би араас нь очоод барьж авсан чинь ар талаас буурал толгойтой ах ирээд миний нүүрний хэсэгт нэг удаа цохисон миний завьжнаас цус гарах үед доошоо тонгойж байсан чинь нүд рүү нэг нь өшиглөсөн. Би хэн нь өшиглөсөн талаар мэдэхгүй байна. Тэгээд би цагдаагийн байгууллага дуудсан…" гэсэн мэдүүлэг /хх-ийн 15, 16-р хуудас/

  Гэрч Ж.Мягмаржав мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "... Заяат бид хоёр 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Баяраагийнд очиж нэг шил 0,75-ийн архи хувааж уугаад 3,4 дүгээр хорооллын гэмтлийн эмнэлгийн орчмоос таксинд сууж Заяат урд талд, Баяраа бид хоёр хойд талд суугаад багшийн дээдийн тэнд Заяатыг буулгахаар болсон. Тэгээд явж байх үедээ архи жоохон хэтрүүлээд уусан байсан учир түр зүүрмэглэсэн байсан. Тэгээд тусгаар тогтнолын ард ирсэн байсан бөгөөд жолооч нь “13.500 төгрөг болсон байна” гэсэн чинь Заяат нь “үсрээд 6.500 гарна биздээ” гэж хоорондоо хэрэлдэж байсан. Намайг буух гэж байсан чинь таксины жолооч, Заяат хоёр маргалдаад хоорондоо барьцалдаж байсан. Тэр үед Баяраа буугаад салгаж байсан бөгөөд намайг буух үед тэр гурав салчихсан, цагдаа нар ирсэн байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹5740 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...

  1. Э.Нямцэрэнд биед зүүн дээд зовхины цус хуралт, гэмтэл тогтоогдлоо
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэжээ...” /хх-ийн 20 дугаар хуудас/, 

 

Гэрч З.Өнөболдын мэдүүлэг /хх-ийн 17/, С.Заяатын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 44/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч С.Заяат нь 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо "Туушин" зочид буудлын гадна иргэн Э.Нямцэрэнтэй таксины төлбөр төлөхөөс болж маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд зүүн дээд зовхины цус хуралт, гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч С.Заяатын шүүхийн хэлэлцүүлэг хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Нямцэрэн, гэрч Г.Мягмаржав нарын мэдүүлэг, ШШҮХ-ийн шинжээчийн ¹5740 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хэрэг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Улсын яллагччаас Шүүгдэгч С.Заяат нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд зэргээр нотлогдож байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгч С.Заяатыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож өгнө үү гэв.

 

Шүүх шүүгдэгч С.Заяатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах хуульзүйн үндэслэлтэй гэж үзэв.  

Шүүгдэгчид ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлж, гэм хорыг арилгасан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан түүнд торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Хохирогч Э.Нямцэрэнгээс шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр “Нямцэрэн би шүүгдэгч С.Заяаттай эвлэрч, ямар нэг гомдол, саналгүй” гэсэн тул шүүгдэгчээс хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгч С.Заяатыг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялаас чөлөөлөх үндэслэлтэй байна гэж үзлээ.    

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Заяат нь цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                           

                                                                                                                   ТОГТООХ нь:

            1. Зуутраг овгийн Сэмбэрүүн Заяатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Заяатыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжээр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Заяатад оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжээр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

            4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч С.Заяат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

            5. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Заяатад урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН