Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2020/ДШМ/1502

 

 

 

 

 

 

 2020             12           17                                          2020/ДШМ/1502                                                                                                  

 

Б.А-, С.Б- нарт холбогдох                                                                                         эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ц.Оч, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ариунжаргал,

шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам,

шүүгдэгч С.Б-, түүний өмгөөлөгч Ц.Мандал,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/1712 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам, шүүгдэгч С.Б- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.А-, С.Б- нарт холбогдох 1906022750019 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Т овгийн Б-гийн А, Улаанбаатар хотод 1999 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Барилгын коллежэд оюутан гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, дүү, хүүхдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо, Яргайтын 00 дүгээр гудамжны 0000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 00000000/

2. Б овгийн С-гийн Б, Дорнод аймагт 2000 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Угалз” караокед зөөгч ажилтай гэх, ам бүл 3, эх, дүүгийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 00 дугаар хороо, Бэлхийн 00-000-00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 0000000000/

Б.А-, С.Б- нар бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүрмэн” эмийн сангийн орчим Н.Анужингийн 93,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэн авч, гадаад паспортыг нь урж устгасан гэмт хэрэгт холбогджээ.  

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.А-, С.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.А-, С.Б- нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн бүлэглэн гадаад паспорт устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хорих, торгох ялуудыг тус тусад нь эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.А-, С.Б- нар нь оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би паспорт устгасан гэм буруутай үйлдэлдээ маргах зүйлгүй. Харин бусдыг дээрэмдэх ямар нэгэн санаагүй байсан. Тухайн үед би согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учир хохирогч Аружингийн гар утсыг газарт унасан байхад алга болохоос сэргийлж халаасандаа хийгээд мартсан байсан. Энэ тухай мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн. Өмгөөлөгч Пүрэвлхамын гаргасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг бүрэн шалгаж тогтоолгүй, нэг талыг барьж ялласан гэх гомдлыг дэмжиж байгаа. Гэрч Б.Золжаргал нь тухайн хохирогчид бас гэмтэл учруулан зодож цохисон, гадаад паспорт уралцсан байхад хэргийн холбогдогчийг зөв тогтоогоогүй, Батцэцэг болон намайг яллагдагчаар татсанд гомдолтой байна. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан байгаа. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү.

Хэрэв шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзвэл миний урьд өмнө нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болон анхнаасаа үйлдсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлсэн, хохирол төлбөр төлсөн, бага насны хүүхэдтэй өрх толгойлсон эх, ажил хөдөлмөр эрхэлдэггүй зэрэг хувийн байдлыг минь харгалзан надад анхны болон сүүлийн удаа боломж олгож хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч С.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би ээж, дүүгийн хамт амьдардаг. Ээж минь өрх толгойлсон эмэгтэй, бие муутай тул ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, амжиргааны түвшингээс доогуур нэн ядуу амьдралтай. Би өөрөө 3 сартай жирэмсэн. Ураг зулбах аюултай учир хэвтрийн дэглэм сахих шаардлагатай гэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 0461 дүгээр ангийн эмнэлэгт 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлсэн. Би паспорт устгасан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Харин дээрэмдэх гэмт хэрэг үйлдээгүй. Хохирогч Анужин, гэрч Золжаргал нарын мэдүүлэг зөрүүтэй, худал хуурмаг байна. Гэрч Золжаргал нь тухайн болсон гэх хэргийг анхнаас нь эхлүүлж уг хэрэгт илт давуу байдлаар оролцсон. Энэ тухай Б.А- бид хоёрын мэдүүлэгт тодорхой байгаа. Золжаргал нь анх хэрүүл хийж эхлээд Анужинг алгадаад, түүний гадаад паспортыг Анхзол бид хоёртой нийлж уралцсан байдаг. Анужингийн хамраас цус гарсан байхаар нь би түүнд 00-н цаас өгч туслахад тэр өөдөөс “Би танай гэрийг мэднэ, хүнд заагаад өгч болно шүү” гэж дарамтлахаар нь дургүй хүрээд нэг удаа алгадсан. Харин гар утасны тухайд гэвэл дээрэмдэх гэсэн санаа, сэдэл огт байгаагүй. Эхний удаа утас нь газарт унахад газраас аваад өгсөн. 2 дахь удаа газарт унахад нь Анхзол аваад халаасандаа хийснээ мартсан байсан. Буцааж өгөх гэтэл холбоо барьж чадахгүй байсаар цагдаад аваачиж өгсөн. Иймд уг хэргийг үнэн зөвөөр шалгаж шийдэж өгнө үү. Би өөрийн буруугаас болж гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Цаг хугацааг ухарааж болдог бол ингэж алдахгүй байх байсан. Иймд эрхэм шүүгч та бүхэн миний гэм буруугаа ухамсарласан байдал, ар гэрийн байдал, эрүүл мэндийн байдал зэргийг минь харгалзан үзэж туслана уу” гэв.

Шүүдэгч Б.А-ын өмгөөлөгч Р.Пүрэвлхам давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...шүүгдэгч Б.А-, С.Б- нар нь хохирогч Н.Анужинтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний бие махбодид халдан зодож хүч хэрэглэж, улмаар гар утсыг нь авсан байх ба гэм буруугийн гэнэт үүссэн санаатай хэлбэрээр буюу шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхийг хүсээгүй, урьдчилан төлөвлөөгүй бөгөөд гэмт хэрэг үйлдэх гэсэн гэмт санаа нь хохирогчтой маргалдаж, зодох явцад гэнэт үүсэж, тэр санаа бодлоо хэрэгжүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж довтолсон” дээрэмдэх гэмт хэргийн хүндүүлэх шинжийг бүрэн хангаж байна ...” гэж дүгнэсэн нь хэт өрөөсгөл, хууль зүйн үндэслэлгүй, таамагт тулгуурласан гэж хэлж болохоор байна. Мөн гэм буруугийн гэнэт үүссэн шууд санаа байсан хэмээн дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тодруулбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийг зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэснийг зөрчсөн.  Хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг аваагүй, авагдсан баримтыг зөвхөн яллах үндэслэлээр яллах дүгнэлтэд дурьдсаар байтал шүүх, цагдаагийн албан хаагчид “Тухайн үед хамт байсан залуучуудаас мэдүүлэг авах нь хэрэгт ач холбогдолгүй бөгөөд хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт хангалттай нотлогдож байна” хэмээн дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм. Хэрэгт дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх болсон субьектив санаа зорилгыг огт шалган тогтоогоогүй байх бөгөөд үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байгаагүй болох нь тухайн үедээ Цагдаагийн байгууллагад очиж мэдэгдсэн болон дээрмийн гэмт хэрэг үйлдэгдсэн гэх үеийн бичлэгийг Цагдаагийн байгууллагад мэдэгдэхээр ирж жижүүрийн бүрэлдэхүүнд үзүүлсэн талаарх яллагдагч нар болон гэрч Золжаргалын мэдүүлгээр нотлогдож байна. Түүнчлэн Золжаргал утсан дээрээ бичлэг хийсэн тухайгаа хэлдэг бөгөөд дараагийн мэдүүлэгтээ утсаа алга болгосон тухай хэлдэг боловч шүүх хуралдааны үед гар утас нь байгаа гээд бичлэгийг ээжийнхээ утас руу шилжүүлсэн гэх мэтээр худал мэдүүлсэн зэрэг шүүх хэрэгт чухал ач холбогдолгүй мэтээр дүгнэж байгаа нь хэт яллах талыг барьсан гэж үзэхээр байна. Тухайн үед хэн хэн гэдэг ямар цагдаагийн албан хаагч нар жижүүрийн бүрэлдэхүүнд гарч байсан болохыг шалган тогтоох боломж байсаар байхад энэ талаар цагдаа болон мөрдөн байцаалтын шатанд ажиллагаа хийгээгүйгээс зөрчлийн маргаанаар шийдвэрлэгдэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байгаа нь шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй байдал үүссэн гэж үзэж байна. Дээрэмдэх гэмт хэрэг нь уг хэргийг үйлдэж байгаа этгээд зөвхөн эд хөрөнгө, эд юмсыг авах зорилгоор довтолгоон эхэлж, эзэмшигч болон бусад саад тотгорын эсрэг халдлага эхэлснээр бусдын амь бие эрүүл мэндэд аюултайгаар хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон нийгэмд аюултай идэвхтэй үйлдлээр тус тус илэрдэгээс гадна дээрэмдэх гэмт хэргийн субьектив тал нь шунахайн сэдэлттэй бөгөөд бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд авах гэсэн хүчирхийлсэн, довтолсон, заналхийлсэн шууд санаа зорилготой буюу зориуд хүсэж үйлдсэн байдаг. Гэтэл шүүх гэм буруугийн хэлбэр буюу дээрэмдэх гэмт хэргийн субьектив талын шинж тогтоогдсон, ... гэм буруугийн гэнэт үүссэн шууд санаа байсан хэмээн дүгнэсэн нь хууль зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэл болж байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч Ц.Мандал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Р.Пүрэвлхамын хэлж байгаачлан шүүгдэгч нарт дээрэмдэх зорилго байгаагүй. Тухайн өдөр зодоон болж хохирогчийн гар утас газар унасан байсан. Энэ үйлдэлд нь С.Б- хамааралгүй. Газар утас нь унасан байхад авч өгсөн. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэрч, хохирогч нар илтэд зөрүүтэй мэдүүлдэг. Прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ маргалдаж, зодож байх явцад С.Б-, Б.А- нарт шунахайн сэдэл төрсөн гэдэг. Өмгөөлөгчийн зүгээс ийм зүйл болоогүй гэж үзэж байна. Тухайн үед гар утсыг Б.А- аваад явсан байсныг С.Б- мэдсэн эсэх нь эргэлзээтэй. Мөн Б.А- утсыг нь авсан байхад С.Б-ийг яаж холбогдоод байгааг ойлгохгүй байна. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, С.Б-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хүчингүй болгож өгнө үү. Мөн С.Б- нь одоо 4 сартай жирэмсэн, ураг зулбах аюултай байгаа тул түүний хувийн байдлыг харгалзаж үзнэ үү” гэв.

Прокурор Д.Ариунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.А-, С.Б- нарын үйлдсэн хэрэг нь нотлогдсон. Өмгөөлөгч нар хамт байсан залуучуудыг гэрчээр асуух шаардлагатай гэж байна. Гэтэл тэдгээр залуучуудтай бааранд танилцсан, одоо хаана байгааг мэдэхгүй гэж хохирогч, шүүгдэгч нар мэдүүлдэг. Мөн өмгөөлөгч нарын зүгээс гар утсыг авах санаа зорилго байгаагүй гэж байна. Тухайн өдөр С.Б- хохирогчийн гар утсыг аваад Б.А-д өгөөд, Б.А- нь дүүдээ өгсөн байсан. Анхан шатны шүүхээс гэрч Золжаргалын хийсэн бичлэгийг олж үзэх шаардлагатай, гадаад паспорт урсан асуудлыг тогтоо гэж хэргийг прокурорт буцаасан. Хохирогч мэдүүлэхдээ “Гадаад паспортыг эхлээд С.Б- авч ураад, дараа нь Б.А- үргэлжлүүлэн урсан” гэдэг. Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцаас эхлэн тууштай мэдүүлдэг. Энэ нь гэрч Золжаргалын мэдүүлгээр давхар нотлогдсон. Мөн хохирогч мэдүүлэхдээ “Золжаргал намайг цохиж, зодсон асуудал байхгүй. Б.А-, С.Б- нар нь намайг өмнө нь ч гэсэн зодож байсан” гэдэг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.А-, С.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Б.А-, С.Б- нар бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүрмэн” эмийн сангийн орчим Н.Анужингийн 93,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэн авч, гадаад паспортыг нь урж устгасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Н.Анужингийн “... Би 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр “Моника” бааранд сууж байтал өмнө нь намайг зодож байсан Бүүнээ, Анхаа нар ирээд “Сайн уу, дээр дажгүй биз дээ” гэсэн. Хамт сууж шар айраг ууцгаасан. 02 цагийн үед бааранд танилцсан залуучуудтай  гараад байран дундуур алхаж, мухар газар орж бие засч байтал Анхаа надтай маргалдаж, намайг үсдэж газар унагаагаад нүүрэнд өшиглөсөн. Тухайн үед толгой эргээд хамраас цус гарсан. Би босоод зугтаах гэхэд Бүүнээ намайг үсдэж унагаагаад бөөнөөрөө зодож, эхэлсэн. Тэгээд намайг “Цагдаад мэдэгдвэл ална шүү, Чингэлтэй дүүргийн цагдаа нарыг бүгдийг нь танина” гэж сүрдүүлээд миний гар утсыг авч, бичиг баримтыг урсан. Золжаргал намайг зодоогүй, зодуулж байхад ч салгаагүй...”,

“... Миний цүнхэнд байсан гадаад паспортыг Батцэцэг, Анхзол нар урсан...” /1-р хх 16-17, 19-20, 149-150/,

гэрч Б.Золжаргалын “... Анхзол, Батцэцэг нарын хамт “Моника” бааранд ороход Анужин 3 залуутай сууж байсан. Нэг газар ирэхэд Анужин, Батцэцэг, Анхзол нар маргалдаад, би салгах гэж оролдсон боловч болоогүй. Анужингийн гар утсыг Анхзол аваад дүүдээ бариулчихсан байсан гэж Батцэцэг хэлсэн. Анужинг хамраас нь цус гарсан байдалтай үлдээсэн...”,

“...Би тухайн үед өөрийн гар утсаар бичлэг хийсэн боловч гар утсаа алдчихсан. Бичлэгт Батцэцэг эхлээд Анужингийн гадаад паспортыг аваад 2-3 хуудсыг урж, үргэлжлүүлэн Анхзол урж байгаа тухай байсан юм...” /1-р хх 21-22, 129-130/ гэсэн мэдүүлгүүд,

шүүгдэгч Б.А-ын яллагдагчаар өгсөн “...Золжаргал надад “Анужин чамайг хэд хэд улирсан гэнэ” гэж хэлэхээр нь би уурлаагүй. Дахин Золжаргал надад “Анужин чамайг эцэггүй хүүхэд гаргасан гэж яриад, би хүнтэй суусан гэж хэлсэн” гэсэн утгатай зүйл ярьсан... Харанхуй гудамжинд Анужин, Золжаргал нар хоорондоо муудалцах шинжтэй болоод үг хаяалцаад эхэлсэн. Би хажуугаас нь Анужинд хандаж “Чи намайг улирсныг харсан юм уу, эцэггүй хүүхэд гаргасныг яаж мэдэж байгаа юм” гээд маргасан. Мөн Анужин “Та нарыг бүгдийг нь цагдаад барьж өгнө, Батцэцэгийн гэрийг нь мэднэ” гээд маргалдсан. Намайг хэл амаар доромжлоод байхаар нь би 1 удаа алгадсан. Анужин, Батцэцэг нар дахин муудалцаад Батцэцэг түлхэж унагаад, үсэдсэн. Мөн Батцэцэг, Анужингийн газар унасан гар утсыг надад авч өгч, би куртикны халаасандаа хийсэн... дараа нь утсыг гаргаж өгсөн. Дахин маргалдаад, би түүнийг алгадсан. Анужин, Золжаргалтай дахиад миний талаар яриад эхлэхээр нь би Анужинг түлхээд хойш нь унагасан. Тэр хооронд утас нь дахиад газарт унасан байхаар нь аваад халаасандаа хийсэн. Золжаргал хаанаас ч юм мэдэхгүй Анужингийн гадаад паспортыг гаргаж ирээд “Чи урагшаа явж биеэ үнэлдэг” гээд маргаж байхад Батцэцэг паспортыг нь шүүрч аваад “Ингээд биеэ үнэлээрэй” гээд урсан. Би урагдсан хуудсыг нь аваад бүүр жижиглэж ураад Анужингийн нүүр рүү шидсэн...” /1-р хх 139-141/,

шүүгдэгч С.Б-ийн яллагдагчаар өгсөн “...Анхзол, Анужинд хандаж “Чи намайг улирч байсан гэж хэлсэн байна” гээд маргалдаж эхэлсэн. Анужингийн гадаад паспорыг хартал Эрээний хилээр олон гарсан байсан. Түүнийг явж биеэ үнэлдэг тухай яригдсан. Анхзол паспортыг нь аваад “Чи ингээд эрээн явж биеэ үнэлээрэй” гээд урчихсан. Үлдсэнийг нь Золжаргал бид хоёр ураад дуусгасан. Анхзол бас худал яриа тараасан гээд Анужинг алгадаж хамраас нь цус гаргасан. Би Анужинг босгох гэхэд “Би гэрийг чинь хүнээр заалгаад авна” гэсэн утгатай юм ярихаар нь би үснээс нь татсан...” /1-р хх 62-65/ гэсэн мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ /1-р хх 28-29/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.А-, С.Б- нар хохирогч Н.Анужинтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан алгадаж, үсдэн газар унагаах зэргээр зодож хүч хэрэглэх явцдаа гар утсыг нь авч, гадаад паспортыг нь урж устгасан гэм буруутай үйлдэл, гэмт хэргийн сэдэл, санаа зорилго, гэм буруугийн хэлбэрийн талаар анхан шатны шүүх хэргийн бодитой байдалтай нийцсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх болон баримт устгах гэмт хэргүүдийн шинжийг зөв тайлбарласан хэрэглэжээ.

Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч нар хохирогчийг зодож эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдалд оруулсан хойно эд хөрөнгийг авсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэсэн гэж үзнэ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Иймд шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлаар маргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Харин шүүгдэгч Б.А-, С.Б- нарын хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо барагдуулсан нөхцөл байдал, ял хөнгөрүүлэх талаар гаргасан хүсэлт зэргийг харгалзан давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг үндэслэн шүүгдэгч тус бүрт оногдуулсан хорих ялын хэмжээг 1 жил болгон хөнгөрүүлэн тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/1712 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-, С.Б- нарт тус бүрт 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй” гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.А-, С.Б- нарт оногдуулсан хорих болон торгох ялуудыг тус тусад нь эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ         

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН