Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 303

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга И.Буманбаяр,

Улсын яллагч Н.Ундрах,  

Шүүгдэгч Б.Дашням, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр /ҮД: 0226/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овогт Баатарын Дашнямд холбогдох эрүүгийн 201725021217 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын шугам зураг мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, эгч, 3 дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 20 дугаар байрны 3 тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,  Бэсүд овогт Баатарын Дашням /РД: ТЕ93053014/

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Дашням нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 5 дугаар сарын 21-ноос 22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Санктпетрбург төвийн автобусны буудлын орчим хохирогч Б.Алтангэрэлтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож түүний бие махбодид баруун дээд уруулын шарх, баруун 1 дүгээр шүдний хагас хугарал, 2 дугаар шүдний сулрал, баруун хацар, эрүү, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Дашням нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.

            Хохирогч Б.Алтангэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2017 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сүхбаатарын тайлбан урд талын түц рүү тамхи, ус авах гэж яваад очиход миний авах зүйл байгаагүй. Буцаж явж байгаад энэ хоёртоо таарсан би доромжлоогүй өөдөөс тэврэлдээд хүрээд ирсэн би зөрөх зай байхгүй талаар хэлэхэд намайг цохьсон. Урууландаа цохиулсан хугарсан шүдээ шинээр хийлгэсэн 2.020.000 төгрөг, бас бус эмчлгээний зардал, ажлаасаа 21 хоногийн чөлөө авч эмчлүүлсэн 1 шүд сэтэрсэн байгаа. 2.230.000 төгрөгийн эмчилгээний зардал, 1.200.000 төгрөгийн цалин зэргийг нэхэмжилж байнаа. Хэрэг гарсанаас хойш надтай уулзаагүй. Энэ зардалд толгойны зураг авхуулаагүй, сэтэрсэн уруул, сэтэрсэн шүдээ янзлуулах зардал ороогүй байгаа гэв.

           

            Эрүүгийн 201725021217 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Б.Дашням нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Миний бие тухайн хэрэг учрал болсон өдөр буюу нь 2017 оны 5 дугаар сарын 21-ны шөнө өөрийн найз Алтанбаатар бид хоёр барнаас гарч ирээд гэр рүүгээ такси бариад явах зорилгоор АТМ-ээс мөнгө авах гэж явж байхад Санктпетербург автобусны буудлын ТҮЦ-ийн урд талд үл таних 3 эрэгтэй хүн зогсож байсан ба Алтайбаатар бид хоёр хоорондоо юм яриад тэврэлдээд явж байсан бөгөөд тэдгээр гурван эрэгтэй хүний нэг нь Алтанбаатарыг мөрлөөд гомо царайтай хүмүүс гэх зэргээр хэл амаар доромжилсон тэгэхэд Алтанбаатар эргэж хараад “чи ийм гомо хаана харсан юм бэ” гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу “та хоёр хаана явж байгаагаа мэдэж байна уу” тэгтэл Алтанбаатар эргэж хараад “чи ийм гомо хаанаас харсан юм бэ” гэж хэлээд толгой хэсэг рүү нь гараараа зөөлөн дөхөөд ирэхээр нь би гараараа түлхэж тэр залууг холдуулаад эргэж хараад нөгөө Алтанбаатартай маргалдсан залууд хандан “чи яагаад ингээд доромжлоод байгаа юм бэ” гэж асуухад "Чи угаасаа гомо царайтай л харагдаж байна, үс чинь сэгсийсэн” гэж хэлэхээр нь миний уур хүрээд түүний шанаа тус газарт нь баруун гараараа 1 удаа цохиход тэр залуу замын боржур даваад уначихсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-38 дугаар хуудас/

            Хохирогч Б.Алтангэрэл мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Миний бие 2017 оны 5 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лаакс” баарнаас гараад 01 цагийн үед гараад Санкпетрбург автобусны буудал руу ирээд АТМ-аас мөнгө авах гээд явж байтал үл таних хоёр эрэгтэй хүн урдаас хүрч ирээд “хайчих гэж байгаа юм бэ яах гэж байгаан” гэж орилж хашгираад намайг өдөж хоргоогоод намхан биетэй нь миний уруул руу нэг удаа баруун гараараа 1 удаа цохисон. ...Маргааш нь би шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол цагдаагаас аваад шүүх эмнэлэгт очиж үзүүлсэн миний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байна дээрх хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. миний 1 шүд унасан, 1 шүд эмтэрсэн байгаа, мөн уруул сэтэрсэн. Тухайн хэрэг учрал болсон өдөр би бол ганцаараа явж байсан. Би архи маш их хэмжээгээр уучихсан. Ямар ч л байсан намайг нэг эрэгтэй хүн гараараа цохиж унагаасан нь үнэн. Намайг зүгээр явж байхад л хоёр эрэгтэй хүн хүрч ирээд нэг нь шууд намайг цохисон шүү дээ. Би тухайн үед бол ганцаараа байсан бөгөөд үл таних хоёр эрэгтэй хүнтэй таараад юм ярьж байсан санагдаж байна…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-20 дугаар хуудас/,

 

            Шинжээч эмч Ө.Сарангэрэл мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:  "…Миний бие нь 2017 оны 8 дугаар сарын 04-ны өдөр №6727 дугаартай Б.Алтангэрэлийн биед үзлэг хийж дүгнэлт гаргасан байна. Дээрх дүгнэлтэнд дээд уруулд шарх, баруун 1-р шүдний хагас хугарал, 2-р шүдний сулрал нь юманд цохигдох, эсвэл цохиулах үед үүсгэгдэх боломжтой мөн 1 удаагийн мохоо зүйлийн хүчин зүйлээс үүсгэгдэнэ. Харин баруун хацар, эрүү, хүзүүнд зулгаралт гэмтлүүд нь унаж ойчих хатуу биет дээр унах үед үүсгэгдэх боломжтой гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь буюу уруулын шарх, 1 дүгээр шүдний хагас хугарал, 2 дугаар шүдний сулрал нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин үндсэн баруун хацар, эрүү, хүзүүнд үүссэн зулгаралтууд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл:

 "…Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хяналтын камерын өрөөнд орж хэрэг учрал болсон гэх газар руу харсан хяналтын камер байгаа эсэхийг шалгаж үзэхэд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Санкпетрбург автобусны буудал руу харсан хяналтын камерын дуран байх бөгөөд тухайн хэрэг учрал болсон өдөр буюу 207 оны 5 дугаар сарын 21-ний шөнийн бичлэгийг шүүж үзэхэд 3 эрэгтэй хүн өөр хоорондоо тэврэлдээд автобусны буудлын урд талд байрлах шаргал өнгөтэй ТҮЦ-ийн хажууд зогсож байгаад нэг нь машин замын боржур дээр суугаад харин нөгөө хоёр нь ТҮЦ-ний урд хэсэг рүү очиход ертөнцийн зүгээр зүүн тапаас хоёр эрэгтэй хүн тэврэлдчихсэн гарч ирээд ТҮЦ-ны урд зогсож байсан хоёр эрэгтэй хүний намхан биетэй эрэгтэй хүнтэй нь шүргэлцээд зогсоцгоов. Энэ үед тэврэлдэж ирсэн хоёр эрэгтэй хүний өндөр биетэй нь нөгөө ТҮЦ-ийн урд зогсож байсан хоёр эрэгтэй хүний өндөр биетэйг нь ТҮЦ-ийн хана хэсэг рүү баруун гарын шуу хэсгээр шахаж байснаа болиод нөгөө намхан биетэй залуугийн нүүр хэсэг рүү нь 1 удаа баруун гараараа цохиход замын боржур даваад зам дээр унав. Энэ үед замын боржур дээр сууж байсан эрэгтэй хүн босч ирээд нөгөө анх цохисон хүний нүүр хэсэг рүү баруун гараараа цохих үед хажууд нь хамт явж байсан эрэгтэй хүн түүнийг барьж аваад өөр хоорондоо ноцолдож цохилдож байгаад газарт унав. Тэгээд хэсэг хугацааны дараа зодолдохоо больцгоогоод бүгд салаад явав. Харин нөгөө анх цохиулсан эрэгтэй хүн газраас босч ойролцоо зогсож байсан марк дугаар нь тодорхойгүй гэрлээ асаасан машин руу дөхөж байгаа бичлэг байв. Бичлэгийг сидинд буулгаж бэхжүүлэн авлаа…" гэжээ /хх-ийн 17 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹6727 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...

  1. Б.Алтангэрэлийн биед дээд уруул шарх, баруун 1-р шүдний хагас хугарал, 2-р шүдний сулрал баруун хацар, эрүү хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтэл тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

             3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй" гэх дүгнэлт /хх-ийн 13 дугаар хуудас/,

 

Эмчилгээний баримт /хх-ийн 21-24/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 25/, гэрч Т.Сэлэнгийн мэдүүлэг /хх-ийн 27/, гэрч Э.Халиуны мэдүүлэг /хх-ийн 28/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 34/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн 41-46/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.Дашням нь согтуурсан үедээ 2017 оны 5 дугаар сарын 21-ноос 22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хуучнаар “Санктпетербург” төвийн автобусны буудлын орчим хохирогч Б.Алтангэрэлтэй хоорондоо зүй бус харьцаж маргалдан улмаар зодож түүний эрүүл мэндэд нь дээд уруулд шарх, баруун 1-р шүдний хагас хугарал, 2-р шүдний сулрал баруун хацар, эрүү хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Дашнямын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Алтангэрэлийн мэдүүлэг, ШШҮХ-ийн ¹6727 дугаартай шинжээчийн дүгнэлт,  шинжээч эмч Ө.Сарангэрэлийн мэдүүлэг, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хэрэг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Дашнямын үйлдсэн гэмт хэрэг нь 2017 оны 7 дугаар сарын 01-ны өдрөөс өмнө үйлдэгдсэн боловч прокуророос шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийцүүлэн ял сонсгон яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй болохыг тэмдэглэв.  

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Дашнямыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүх шүүгдэгч Б.Дашнямд ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан шүүхээс торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоов.

Шүүх хуралдаанд хохирогч Б.Алтангэрэлээс “Дашнямаас эмчилгээний 2.230.000 төгрөг, цалингийн 1.200.000 төгрөг нэхэмжилж байна” гэсэн боловч хэрэгт авагдсан баримтаар эмчилгээний 2.186.500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж түүнд олгож, харин нэхэмжлэлийн бусад хэсгийг хангахгүй орхиж энэ талаар хохирогч Б.Алтангэрэл нь нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурьдлаа.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б.Дашням нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                           

                                                                                                                   ТОГТООХ нь:

 

            1. Бэсүд овогт Баатарын Дашнямыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дашнямд 451 /дөрвөн зуун тавин нэг/ нэгжээр буюу 451.000 /дөрвөн зуун тавин нэгэн мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дашнямд оногдуулсан 451 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 451.000 төгрөгөөр торгох ялыг 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Дашням нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерийн бичлэг бүхий 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсаргасугай.

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дашнямаас  2.186.500 /хоёр сая нэг зуун наян зургаан мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж Баянгол дүүргийн 4-р хороо 1а-16 тоотод оршин суух хохирогч Боржигон овогт Өлзийгийн Алтангэрэлд /РД: НЙ94022216/ олгосугай.

            Хохирогч Ө.Алтангэрэл нь өөрт учирсан гэм хорын бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэнийн журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

 

             7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дашнямд оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож солих болохыг анхааруулсугай.

             8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Дашнямд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН