Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2020/ДШМ/1503

 

 

 

 

 

 

    2020           12           17                                         2020/ДШМ/1503                                                                                                  

 

Б.О-, О.Т-, Б.Э-, Б.Ө-                                                                        нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ц.Оч, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Сайнбаяр,

хохирогч О.Н-, түүний өмгөөлөгч Х.Оюунсүрэн,

шүүгдэгч Б.Ө-ын өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШЗ/3486 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ө-ын өмгөөлөгч С.Энх-Эрдэнийн гаргасан гомдол болон прокурор А.Сайнбаярын бичсэн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 103 дугаартай прокурорын эсэргүүцлийг үндэслэн Б.О-, О.Т-, Б.Э-, Б.Ө- нарт холбогдох 2006017822146 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Х овгийн Б-ын Ө, Улаанбаатар хотод 1994 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, дүү, хүүхдүүдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Тахилтын 0 дугаар гудамжны 0000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 0000000000/

2. Ш овгийн Б-ын О, Баянхонгор аймагт 1996 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 00 дүгээр хороо, Жигжидийн 0 дүгээр гудамжны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 000000000/

3. Т овгийн О-ийн Т, Хөвсгөл аймагт 1996 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дүгээр баг, 00 дүгээр гудамжны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 000000000/

4. Б овгийн Б-ын Э, Улаанбаатар хотод 1993 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ахын хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 00 дугаар хороо,  00 дугаар гудамжны 000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 000000000/

Б.Ө-, Б.О- нар бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Шунхлай” ШТС-ын орчим О.Н-ын гээгдүүлсэн “Голомт” банкны картнаас мөнгө уншуулан завшсан, О.Т-, Б.Э- нар дээрх үйлдлийн улмаас олсон мөнгийг ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Ө-, Б.О- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар, О.Тогтообэх, Б.Э- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “... нотлох баримтуудаас үзэхэд хохирогч О.Н-ын гээгдүүлсэн банкны картаас үлэмж хэмжээний мөнгийг шүүгдэгч нар олон удаагийн зориуд санаатай, идэвхтэй үйлдлээр авсан нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжтэй эсэхийг тодруулах шаардлагатай... Түүнчлэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлсийг хурааж аваагүй ...” гэсэн дүгнэлт хийж нэмэлт мөрдөн шалган ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаажээ.

Шүүгдэгч Б.Ө-ын өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон гэж үзэж байна. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн зүйлчлэл нь бусдын өмчийг ямар хууль бус аргаар олж авч байгаагаас хамаардаг. Гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийдэггүй, хохирогчийн эд хөрөнгө тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт этгээдийн өмчлөлд шилжсэний дараа завших сэдэлт төрж, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг гэж Улсын Дээд шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ний өдрийн 447 дугаартай тогтоолд тайлбарласан. ПОС машинаар олон удаа уншуулж байгаа идэвхтэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үргэлжилсэн үйлдлийн шинж гэж үзэж байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Прокурор А.Сайнбаяр бичсэн прокурорын эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг хооронд нь ялгахдаа ямар аргаар  олж авч байгааг харгалзан үздэг. Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авах буюу гэмт этгээд нь бусдын өмчийг олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийсэн байхаар хуульчилсан. Хохирогч О.Н-ын карт нь яллагдагч нарын эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа картнаас мөнгө завших сэдэлт төрсөн болно. Гэтэл шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийг бодитой үнэлэхгүйгээр зүйлчлэл буруу гэж нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан нь үндэслэлгүй байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Хохирогч О.Н- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би картаа алга болгосон болохоос бэлэн мөнгө хаяагүй. Б.Ө- нь бэлэн мөнгө олоод үрсэн асуудал байхгүй. Би тухайн картыг “Шунхлай” ШТС дээр хаях үед миний мөнгө картанд байсан. Түүнээс хойш 30 хоногийн хугацаанд мөнгө картанд буюу би захиран зарцуулах эрхтэй байсан. Үүнээс хойш Б.Ө- нь миний картаар надад мэдэгдэхгүйгээр юм худалдаж авч эхэлсэн учраас надаас хулгай хийсэн гэж үзэж байна” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Х.Оюунсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгчийн захирамж хууль ёсны, үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдал нотлогдоогүй. Хохирогч О.Н- шатахуун авахдаа банкны картаа шатахуун түгээх газрын талбай дээр унагаж гээгдүүлсэн. Шүүгдэгч Б.Ө- тухайн гээгдсэн карт ажлынх нь ширээн дээр байсныг олж аваад ПОС машинд уншуулж үзэхэд нууц код шаардагдахгүй уншиж байсныг мэдсэн ч тэр өдрөө орхиод явсан. Дараагийн удаа ээлжинд гарахдаа тухайн картыг авч мөнгийг ашигласан. Өөрөөр хэлбэл, Б.Ө- нь тухайн картыг гээгдсэн байхад нь олж аваагүй, гээгдсэн байсан картыг хэн нэгэн олж аваад албан өрөөндөө оруулсан байсныг хулгайлж аваад мөнгийг ашигласан. Иймээс Б.Ө-ын үйлдлийг хулгайлах үйлдэл гэж үзэж байна. Өмгөөлөгчийн зүгээс тухайн өдөр ажиллаж байсан 2 эрэгтэй шатахуун түгээгчээс мэдүүлэг авах шаардлагатай, мөн хэргийн үйл баримтыг хөтөлбөргүй тогтоож зүйлчлэлийг тодруулах шаардлагатай гэж хүсэлт гаргасан байсан ба прокурор хүлээн авсан тогтоол гаргасан атлаа ямар нэгэн ажиллагаа хийгээгүй. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн ялтай. Б.Ө- нь тухайн картыг олоод архи, дарс авч айлд очоод “Карт олсон юм” гэж хэлэхэд тухайн айлын хүмүүс картыг ашиглаж худалдаа хийсэн байдаг. Гэтэл эдгээр хүмүүс нь Б.Ө-аас хүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдсэн байгаа. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй. Иймд гэмт хэргийн шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан зүйлчлэлийг тогтоох шаардлагатай байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Ө-, Б.О-, О.Т-, Б.Э- нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэл, өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд мөрдөн шалгах ажиллагаагаар шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой нөхцөл байдлуудыг шалгаж тодруулсан байх тул яллах болон өмгөөлөх талуудын мэтгэлцээн, тэдний шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн хэргийн бодит байдал, зүйлчлэлийг тогтоон, Б.Ө-, Б.О-, О.Т-, Б.Э- нарын гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Анхан шатны шүүхээс яллагдагч нарын үйлдэл хулгайлах гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгах шаардлагатай гэж дүгнэхдээ хохирогчийн гээгдүүлсэн банкны картаас олон удаагийн санаатай, идэвхтэй үйлдлээр мөнгө уншуулсан байдалд ач холбогдол өгч, гэмт хэргийн халдлагын зүйл болсон банкны карт буюу эд хөрөнгийн эрх ямар арга, хэлбэрээр яллагдагч нарын мэдэлд шилжсэн талаар бодитой дүгнэлт хийгээгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” үйлдлийг гэмт хэрэгт тооцжээ. Энэ зүйл хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө” гэдэгт өмчлөгчийн хайхрамж, болгоомжгүй үйлдлийн улмаас хаягдаж орхигдсон эд хөрөнгө хамаарах бөгөөд энэ шинж нь өмчийн эсрэг бусад гэмт хэргээс ялгаж зүйлчлэх үндэслэл болно.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдийг хооронд нь ялган зөв зүйлчлэхэд өмчлөгчийн эд хөрөнгө ямар арга замаар гэмт этгээдийн эзэмшилд шилжсэнийг анхаарах нь чухал байдаг. Хулгайлах гэмт хэрэг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар аргаар бусдын өмчлөх эрхэд шууд халдаж эд хөрөнгийг нь шилжүүлэн авдаг бол гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэрэг нь өмчлөгч хайнга, хайхрамжгүй үйлдлээсээ болж эд хөрөнгөөсөө хагацаж, гэмт этгээд гээгдсэн тэр хөрөнгийг олж авсанаар захиран зарцуулах эрх, боломжийг бүрдүүлдэг онцлогтой.

Энэ хэргийн хувьд гээгдүүлсэн, хамгаалалтгүй банкны картнаас олон удаагийн давтамжтай мөнгө гарган авч байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гээгдэл эд хөрөнгийг олж авч ашиглаж байгаа хэлбэр болохоос хулгайлах гэмт хэргийн шинж болж чадахгүй. Энэ талаар прокурор, өмгөөлөгч нарын гомдол, эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхээр эцэслэн хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШЗ/3486 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Ө-, Б.О-, О.Т-, Б.Э- нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцтэл Б.Ө-, Б.О-, О.Т-, Б.Э- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ         

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН