Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2021/ДШМ/344

 

 

 

 

 

 

    2021           04           01                                         2021/ДШМ/344                                                                                                                        

 

Б.О-, О.Т-, Б.Э-, Б.Ө-                                                                        нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Сайнбаяр,

хохирогч О.Н-,

шүүгдэгч О.Т-, түүний өмгөөлөгч Б.Ганбаатар,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/198 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Т-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.О-, О.Т-, Б.Э-, Б.Ө- нарт холбогдох 2006017822146 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Х овгийн Б-ын Ө, Улаанбаатар хотод 1994 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, дүү, хүүхдүүдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Тахилтын 0 дугаар гудамжны 0000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 0000000000/

2. Ш овгийн Б-ын О, Баянхонгор аймагт 1996 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 00 дүгээр хороо, Ж-н 0 дүгээр гудамжны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 0000000000/

3. Т овгийн О-ийн Т, Хөвсгөл аймагт 1996 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дүгээр баг, 00 дүгээр гудамжны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 0000000000/

4. Б овгийн Б-ын Э, Улаанбаатар хотод 1993 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ахын хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 00 дугаар хороо, Рашааны 00 дугаар гудамжны 000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 000000000/

Б.Ө-, Б.О- нар бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Шунхлай” шатахуун түгээх станцын орчим О.Н-ын гээгдүүлсэн “Голомт” банкны картнаас мөнгө уншуулан завшсан, О.Т-, Б.Э- нар гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн улмаас олсон мөнгийг ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Ө-, Б.О- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар, О.Т-, Б.Э- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Ө-, Б.О- нарыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч О.Т-, Б.Э- нарыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, эд зүйлийг мэдсээр байж авч ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ө-д 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Б.О-ад 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-, Б.Э- нарт бус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Ө-, Б.О- нарт сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-, Б.Э- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-аас 9,650,000 төгрөг, шүүгдэгч Б.О-аас 3,900,000 төгрөг, шүүгдэгч О.Т-ээс 1,330,000 төгрөг, шүүгдэгч Б.Э-оос 1,500,000 төгрөг тус тус гаргуулан хохирогч О.Н-т олгож шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч О.Т- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би анхнаасаа үйлдсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Карт уншуулж авсан гар утас, монетан гинжийг мөрдөгчид өгсөн боловч аваагүйн улмаас хохирол төлбөрийг төлж чадаагүй. 1,330,000 төгрөгийн хохирлыг нэн даруй төлж барагдуулсан, анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, нийгмийн хор аюул ноцтой биш зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч О.Т-ийн өмгөөлөгч Б.Ганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч О.Т-ийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна” гэв.

Хохирогч О.Н- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би энэ хэргийн улмаас 16 сая гаруй төгрөгийн хохирол хүлээгээд жил гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд 3 шүүгдэгч нь хохирлоо барагдуулаагүй. Харин шүүх хуралдааны өмнө О.Т- хохирлоо бүгдийг барагдуулсан. Надад О.Т-ийг заавал хориулах сонирхол алга. Бусад хүмүүс энэ нэг жилийн хугацаанд огт хохирол төлөөгүй, төлөх тухай нэг ч үг хэлээгүй, надтай уулзаж, ярилцсан зүйл байхгүй” гэв.

Прокурор А.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруу хангалттай нотлогдон тогтоогдсон. Шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч нар хохирол барагдуулсан зүйл байгаагүй. Харин давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Т- хохирлоо барагдуулсан гэж хохирогч, шүүгдэгч нар ярьсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал бүрдсэн байна. Шүүгдэгч О.Т- хохирлоо барагдуулсан гэдэг нь баримтаар нотлогдож байх тул шүүгдэгчийн гаргаж буй хүсэлт үндэслэлтэй гэж дүгнэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Ө-, Б.О-, О.Т-, Б.Э- нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргээс үзэхэд хохирогч О.Н-ын “... Би гэрийн доорх дэлгүүрт, эсхүл 02 дугаар сарын 15-ны өдөр Нарны зам дагуу байрлах “Шунхлай” ШТС-аас бензин авахдаа хаясан байх магадлалтай...” /1-р хх 12-14/,

яллагдагч Б.Ө-ын “... хар өнгийн “Голомт” банкны виза картыг аваад ажлынхаа ПОС машинд 4,000 төгрөг уншуулахад код нэхэхгүй уншсан. Түүнээс хойш 2 хоногийн дараа ажил дээрээ ирэхэд нөгөө карт байхаар нь 70,000 төгрөг уншуулаад, картыг аваад явсан. Нөхөр Б.О-ын хамт “Хархорин” захаас өөртөө болон нөхөртөө 200,000-300,000 орчим төгрөгөөр хувцас авсан. Хүнсний дэлгүүрээс 2 шил архи авч О.Т-ийн гэрт очсон. Маргааш нь бас архи, пиво уусан. Тухайн өдрөө Б.Э-, О.Т- бид гурав “Тэди” төвөөс гар утснууд авсан. “Мөнгөн завъяа” үнэт эдлэлийн дэлгүүрээс О.Т- 400,000 гаруй төгрөгөөр монетан гинж, би 1,200,000 төгрөгөөр монетан зүүлт, ээмэг, бөгж авсан. Улаанхуарангийн эцэст байдаг гадна тал нь шилэн барилгын 4 давхарт, 26 тоот 1 өрөө орон сууцыг 1,500,000 төгрөгөөр 3 сарын хугацаатай хөлсөлсөн. Хонгорзул, Б.О- бид гурав хорооллын хувцасны дэлгүүрүүдээс 2,400,000 төгрөгөөр өөрсдийгөө болон хоёр хүүхдээ хувцасласан. “Нарантуул” худалдааны төвөөс ус буцалгагч, тогоо шанага, аяга гэх мэт зүйлийг 1,000,000 төгрөгөөр аваад картны мөнгө дуусахаар хаясан ...” /1-р хх 92-93/,

яллагдагч Б.О-ын “... эхнэр Б.Ө- “Ажил дээрээ байхдаа карт олсон” гээд үзүүлсэн. О.Т-, Б.Э- нарын гэрт очихдоо нөгөө картаар архи, сүү, ундаа, тамхи худалдан авахад нууц кодгүй уншсан. Маргааш нь намайг согтуу унтаж байхад О.Т-, Б.Э- нар манай эхнэртэй гараад 2 ширхэг гар утас, надад монетан гинж авахдаа нөгөө картаар төлбөр хийсэн гэж байсан. Үүнээс хойш Б.Ө- бид хоёр картаар хөргөгч, угаалгын машин, ахуйн хэрэглээний эд зүйл, хувцас, байрны түрээс гээд нийт 13,400,000 төгрөг зарцуулсан. Харин О.Т-, Б.Э- нар манай эхнэрээс гуйж байгаад 3,000,000 орчим төгрөгийн эд зүйл авсан...” /1-р хх 98-100/,

яллагдагч Б.Э-ын “... бид дөрөв архи ууж дуусаад Б.Ө- “Ээмэг авмаар байна” гээд О.Т- бид гурав ээмэг, нүдний шил авахаар гарсан. Б.О- унтаад үлдсэн. “Тэди” төвөөс нийт 6 ширхэг гар утас авсан. Дараа нь “Мөнгөн завъяа” дэлгүүрт О.Т-, Б.Ө- нар орсон. Би 1,500,000 орчим төгрөгийн эд зүйлийг авсан ...” /1-р хх 105-107/,

яллагдагч О.Т-ийн “... Б.О-, Б.Ө- нартай “Тэди” төвөөс гар утаснууд, “Мөнгөн завъяа” дэлгүүрээс Б.Ө- өөртөө монетан ээмэг, хоёр бөгж, хоёр гинж, надад монетан гинж авсан...” /1-р хх 113-114/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч О.Н-ын “Голомт” банк дахь 1205137549 тоот деспозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх 48-51/ зэрэг нотлох баримтуудаар 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шүүгдэгч Б.Ө- нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шунхлай” шатахуун түгээх станцын орчмоос хохирогч О.Н-ын гээгдүүлсэн “Голомт” банкны картыг олж, улмаар шүүгдэгч Б.О-, О.Т-, Б.Э- нартай бүлэглэн уг картаар худалдан авалт хийж нийт 16,380,000 төгрөг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон байна.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхдээ шүүгдэгч Б.Ө-, Б.О- нарын үйлдлийг бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн. Харин хохирогч О.Н-ын гээгдүүлсэн хөрөнгийн онцлог шинж чанар, зориулалтыг үл харгалзаж, завших гэмт хэрэг хэзээ үйлдэгдэн төгссөн талаар бодитой дүгнэлт хийж чадаагүйн улмаас шүүгдэгч О.Т-, Б.Э- нарын үйлдлийг мөнгө угаах гэмт хэрэгт тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.

Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.24 дэх заалтад “төлбөрийн карт” гэж олон улсад зөвшөөрөгдсөн картын байгууллагын стандарт болон Монголбанкны шаардлагыг нэгэн зэрэг, эсхүл аль нэгийг нь хангасан карт эзэмшигчид төлбөр хийх боломж олгодог төлбөрийн хэрэгслийг ойлгохоор заасан. Банкны төлбөрийн картын гол зориулалт нь данс эзэмшигчид цахим төхөөрөмжийн тусламжтайгаар данснаас орлого, зарлага, шилжүүлгийн гүйлгээ хийх, төлбөр төлөх боломж олгодог тул эд хөрөнгийн эрхийн шинжтэй эд зүйл гэж тодорхойлогдохоор байна.

Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг банкны картыг олсноор бус уг картыг ашиглан цахим төхөөрөмжийн тусламжтайгаар аливаа зарлагын гүйлгээ хийснээр төгссөнд тооцох нь зүйтэй.

Нөгөө талаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэгт нь ямар нэгэн гэмт хэрэг үйлдэж /үндсэн гэмт хэрэг/ олсон хөрөнгө, мөнгө, орлогыг авсан, эзэмшсэн, ашигласан, шинж чанарыг нь өөрчилсөн, нуун далдалсан үйлдлийг хамааруулсан. Шүүгдэгч О.Т-, Б.Э- нар нь гэмт хэрэг үйлдэх замаар олсон мөнгийг авсан, эзэмшсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Харин шүүгдэгч Б.Ө-ын олсон эд хөрөнгийн эрх олгосон төлбөрийн цахим хэрэгсэл /төлбөрийн карт/-ээс худалдан авалт хийхэд зориуд санаатай нэгдэж өөрсдийн хэрэгцээнд зориулан худалдан авалт хийсэн нь гэмт хэргийн хамтран оролцооны бүлэглэн үйлдсэн шинжийг хангаж байна.  

Иймд шүүгдэгч О.Т-, Б.Э- нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, тэдний анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал болон үйлдэл оролцооны шинж чанар, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын хэмжээ зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар тус бүр 448 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр тогтож, шийтгэх тогтоолд энэ талаар зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

Өнөөдрийн байдлаар шүүгдэгч О.Т-, Б.Э- нар нь нийт 56 хоног цагдан хоригдсон бөгөөд цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцвол нийт 448 цаг болж байх тул шүүгдэгч нарыг уг ялыг бүрэн эдэлсэнд тооцож, нэн даруй суллах нь зүйтэй байна.

Давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах хугацаанд шүүгдэгч О.Т- нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол болох 1,330,000 төгрөгийг төлж барагдуулсан болохыг дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/198 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

а/ “Шүүгдэгч О.Т-, Б.Э- нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

б/ Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... Түшээт жанжин гүнгийнхэн овогт Оюунбилэгийн Тогообэх, Боржигон овогт Батнямын Энхболд нарыг “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, эд зүйлийг мэдсээр байж авч ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “...О.Т-, Б.Э- нарыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-, Б.Э- нарт тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.” гэснийг “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-, Б.Э- нарт тус бүр 448 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

 2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч О.Т-, Б.Э- нарын цагдан хоригдсон 56 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар дүйцүүлэн шүүхээс оногдуулсан ялыг бүрэн эдэлсэн тооцож, тэднийг нэн даруй сулласугай.

4. Шүүгдэгч О.Т- нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол 1,330,000 төгрөгийг төлсөн болохыг дурьдсугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ         

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН