Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 305

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн

Улсын яллагч Н.Ундрах,

Гэрч Э.Пүрэвжаргал,

Шүүгдэгч Ө.Болормаа, түүний өмгөөлөгч К.Манлай /ҮД: 2294/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Энх овогт Өлзийбатын Болормаад холбогдох эрүүгийн 201725020715 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1981 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Дундговь аймгийн Хулд суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Баяжих нөхөрлөл ХХК-д жоншны уурхайд ажилладаг, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Дундговь аймгийн Хулд сумын 3-р баг Уул жирэмийн 5-р гудамжны 6 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Энх овогт Өлзийбатын Болормаа, /РД:ЗМ81073006/,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Шүүгдэгч Ө.Болормаа нь 2016 оны 3 дугаар сараас 2017 оны 2 дугаар сар хүртэл Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 37 дугаар байрны 06 тоотод хохирогч Ч.Адилбишээс хуурч мэхлэн 22.800.000 төгрөгийг залилан авсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ө.Болормаа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй…” гэв.

Гэрч Э.Пүрэвжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би Болормааг 2-3 жилийн өмнөөс таних болсон. Миний ааваас Цээгий гэдэг хүний нэрийг барьж мөнгө авах гэж утсаар ярьж байгаад надад баригдсан. Шүүгдэгч нь миний ааваас 22 сая төгрөгийг залилж авсан гэв.…” гэв.

Эрүүгийн 201725021092 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Ө.Болормаа нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Адилбиш надтай уулзах бүртээ бага багаар буюу 250.000, 180.000 төгрөгөөр өгсөөр байдаг байсан. Тэрийг нь би тооцоолж үзэхэд 10.600.000 төгрөг болсон байсан. Би Ч.Адилбишээс 22.800.000 төгрөгийг залилан авсанаа хүлээн зөвшөөрч байна. Би 95717644 дугаараас бас Ч.Адилбиш надад өгсөн 80661516 дугааруудаас Ч.Адилбиштэй Цээгий гэдэг нэрээр хоолойгоо өөрчилж ярьдаг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-62,123-124 дүгээр хуудас/,

 

Хохирогч Ч.Адилбиш мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2016 оны 3 дугаар сард Болормаа нь надад “хөдөө ажилладаг газрын даргын бие нь муу байна, эмчилгээнд Хөх хот руу явах хэрэгтэй болсон гэнэ” гэж надад хэлээд надаас эмчилгээний 3.500.000 төгрөгийг гуйж авсан. Тэр үед би өөрийн гэр болох Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 37-6 тоотод гэртээ Болормаад бэлнээр нь өгсөн. Тэгээд дараа нь Болормаа надад "Цээгий гэдэг хүн нь Хөх хотоос Монголдоо ирэх гэж байна, зардлын мөнгө байхгүй байна, 3.000.000 төгрөг хэрэгтэй байна, Цээгийгийн 95.000.000 төгрөгийн бичиг баримтууд бүгд надад байна, Монголд ирээд бүх авсан мөнгө төгрөгөө нэг нугалж төлнө" гэхээр нь би итгээд 3.000.000 төгрөгийг Болормаад бас бэлнээр нь өгсөн. Тэгээд тэрнээс хойш Болормаа надад "Цээгий Монголдоо ирээд гэртээ байж байхад нь хадмууд нь түлхүүр тааруулж орж ирээд толгой руу нь заазуурдчихсан, толгойдоо аймар гэмтэл авчихсан, өмгөөлөгчийндөө байгаа, тэгээд шатан дээрээс хадмууд нь түлхээд унагачихсан, нэхэмжлэл гаргаж 2.500.000 төгрөгийг нэхсэн, тэр мөнгийг өгөх хэрэгтэй байна" гэхээр нь би 2.500.000 төгрөгийг Болормаад бэлнээр өгсөн. Тэрний дараа би Болормаад бас 1.200.000 төгрөгийг өгсөн. Энэ 1.200.000 төгрөгийг өгөхдөө Болормаа надад "Цээгийгийн хадмуудаас бичиг баримтаа авах хэрэгтэй байна" гэхээр нь би мөнгөө өгсөн. Тэгээд Цээгий тархиндаа маш их гэмтэл авсан учраас эмчилгээний маш хүнд тариа хийхгүй бол болохгүй, тэр тариа нь 400.000 төгрөгийн үнэтэй тариа гэж Болормаа надад хэлэхээр нь би тэр Цээгий гэдэг хүнийг эмчилж, босгож байж анх өгсөн мөнгөө авах юм байна гэж ойлгоод би тэр тарианы, эмчилгээний гэх мөнгөнүүд болох 400.000, 500.000 төгрөгийг бэлнээр болон дансаар Болормаад өгсөн. Ингэж Болормаа надаас мөнгө авсаар байгаад 22.800.000 төгрөгийг авсан байна. Тэр үед Болормаатай 80343006 дугаарын утсаар ярихад “Цээгий гэдэг хүнд би утсаа хэрэглүүлж байгаа” гэж хэлээд 95717644 гэдэг дугаарыг Цээгийд өгсөн гээд байсан. Тэрнийх нь дагуу би тэр утсаар нь ярьхад “Цээгий байна” гэж эмэгтэй хүн ярьдаг байсан. Сүүлдээ Цээгий гэдэг хүн утасгүй боллоо гэхээр нь би өөрийнхөө 80661516 гэдэг дугаарыг Болормаад өгөөд “Цээгийд өг” гэж хэлсэн юм. Тэгээд тэр утсаар “Цээгий байна” гээд л эмэгтэй хүн яриад байдаг байсан. Тэгээд сүүлдээ 2016 оны 12 дугаар сард манай хүү Бээжин рүү бараанд явах болсон чинь эргэлтийн мөнгөгүй болсон. Тэгээд манай хүү Нямдаваа надаас “яагаад мөнгө байхгүй болчихов оо” гэж асуухаар нь би яалт ч үгүй Болормаад мөнгөө өгсөн гэдгээ хэлсэн. Тэгээд Нямдаваатай нийлж байгаад Болормаа болон Цээгийтэй утсаар нь ярьхад илтэд худлаа яриад байсан. Тэгээд хуурч байна гэдгийг нь мэдсэн. Тэгээд 2017 оны 02 дугаар сард Цээгий гэдэг хүн над руу яриад “1 сая төгрөг хэрэгтэй байна, биеийн байдал муу байна, босч чадахгүй байна, Болормааг явуулчихъя, Болормаад 1 сая төгрөгөө өгчих” гэж хэлсэн. Тэгээд Болормаа манай гэрт ирээд “би одоо Цээгийтэй уулзах гээд явах гэж байна” гээд манай гэрээс гарахаар нь би охин Пүрэвжаргалыг Болормаагийн араас явуулсан. Тэр хугацаанд Цээгий над руу утсаар яриад байсан. Тэгтэл Пүрэвжаргал нь Болормааг утасныхаа симийг солиод “Цээгий байна” гээд утсаар ярьж байхад нь барьж авсан. Тэгээд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/

Гэрч А.Нямдаваа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2016 оны 11 дүгээр сарын үеэр манай аав Адилбиш, ээж Өлзий-орших нар бараагаа авахаар Хятад улс руу явсан. Тэр үед манай аав Адилбиш ээжид “данс руу чинь 6.500.000 төгрөг орох ёстой, мөнгө орсон уу” гэж хэлсэн байсан. Тэрийг манай ээж надад хэлсэн. Тэгэхэд нь би манай аавд нэг хүн мөнгө өгөх ёстой юм байна гэж бодсон. Тэрнээс хойш байнга л бараандаа явдаг байсан. Тэгээд дэлгүүрээс мөнгө орж ирдэг, Нарантуул захаас мөнгө орж ирэх ёстой боловч Нарантуул захаас мөнгө орж ирэхгүй байсан. Тэгээд би ээжээс "аав Адилбиш мөнгөгүй болоод байна, яагаад мөнгөгүй болчихоод байна вэ" гээд ярилцаж байсан. Тэгээд би аав Адилбишийг хэн нэгэнд мөнгө өгөөд байдаг болчихлоо гэдгийг 2017 оны 02 дугаар сарын үеэр гадарлаж эхэлсэн. Тэгэхээр нь би аавд "аав бараанд дахин явах гэхээр мөнгө байхгүй байна, тэгэхээр хүнээс мөнгө зээлж бараандаа явъя, тэгэхгүй бол цагаан сарын амралтын үеэр бараагүй болчихно" гэж хэлээд "та цаанаас хүнээс мөнгө авах ёстой гэсэн тэр хүнээсээ яг хэдэн төгрөг авах юм бэ, тэрэнд чинь тулгаж хүнээс мөнгө авъя" гэж хэлсэн. Би ерөнхийдөө аавыг бусдад залилуулаад байна гэдгийг мэдсэн. Би аавд тэр Болормаа гэдэг хүний цаана Цээгий гэдэг хүн байхгүй, Болормаа таныг хуурч мэхлээд луйвардаад байна гэж хэлээд түүнийг нотлохын тулд 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр ааваар тэр Болормаа гэдэг хүнтэй утсаар нь яриулсан. Тэгээд Цээгий гэдэг хүнтэй ярихын тулд Болормаагаар дамжуулж цаанаас нь Цээгий гэдэг хүн нь ярьдаг гэж сонссон байсан учраас эхлээд Болормаагийн 80343006 дугаарын утас руу нь залгаж яриулсан. Тэгээд удалгүй Цээгийтэй яръя гэхэд Цээгий гэдэг хүн нь манай аавын 80661516 дугаарыг барьж байгаа гэсний дагуу тэр дугаар руу нь залгаж ярьхад улаан цайм тэр Болормаа нь өөрөө хамраа чимхээд “Цээгий байна” гээд аавтай яриад байсан. Тэр Цээгий байна гэж аавтай ярьж байгаа яриа нь илтэд худлаа аавыг хуурч мэхэлж байгаа нь тодорхой байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас/,

 

            Гэрч Э.Пүрэвжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2017 оны 3 дугаар сарын 13-ны өглөө би хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөхөөр явж байхад манай аав Адилбиш надруу залгаад "Болормаа одоо Цээгийтэй уулзах гээд явах гэж байна, түүнтэй хамт яваад Цээгий гэдэг хүнтэй нь уулзаад ир" гэж хэлсэн. ...Болормаа нь намайг хараад зугтаад байгааг мэдсэн учраас түүнийг нууцаар дагъя гэж бодсон...Болормаа нь такси бариад 3-р хорооллын Москва их дэлгүүрийн урд буусан. Тэгээд би Оюунтунгалагийг араас нь алхуулсан. Би тэр хооронд аавтай утсаар ярьсаар байсан. Тэгээд Болормаа дэлгүүр рүү орсон. Тэгтэл Болормаа аавтай утсаар ярихдаа "Цээгийтэй уулзсан, одоо Цээгийгийн хадмуудтай уулзах гээд явж байна" гэж хэлсэн байсан. Тэгэхээр нь би аавыг Цээгийтэй нь утсаар яриад үз гэж хэлсэн. Тэгтэл Цээгий нь аавд "Болормаа манай хадмуудтай уулзаад миний бичиг баримтыг авах гээд бөөн хэрүүл зодоон болоод, би харагдаж болохгүй гээд буланд нуугдаад хараад байж байна, Болормаа манай хадмуудыг буулгаж тавьж байна" гэж аавд хэлсэн байсан. Гэтэл Болормаа нь 3-р хорооллын дэлгүүр дотор куртик өмсөж үзсэн шиг бараа сонирхоод л утсаар яриад яваад байсан. Ямар ч хүнтэй уулзаж хэрүүл уруул хийсэн зүйл байгаагүй тул би дахиж баталгаажуулах гэж аавыг Цээгий рүү утсаар яриулсан. Тэгээд би яг Болормаагийн ард очоод зогссон. Тэгтэл Болормаа нь Цээгий болчихсон аавтай утсаар яриад байхаар нь би дахин аав руу залгаад "аав та сая хэнтэй нь ярьсан бэ" гэж асуухад аав Цээгийтэй ярьсан гэж хэлсэн. Тэгээд би шууд Болормаа руу очоод "сайн байна уу эгчээ, манай машинд суучих, ярих юм байна" гэж хэлээд машиндаа суулгаад аавын гэрт очсон" гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-50 дугаар хуудас/,

 

Хураан авах тогтоолоор: “... Ач холбогдолтой эд мөрийн баримтууд болох цагаан өнгийн  “Самсунг note-1” маркийн гар утас 1 ширхэг, хар өнгийн “Самсунг Duos” маркийн  гар утас 1 ширхэг, Өлзийбатын Болормаа нэртэй 1 ширхэг иргэний үнэмлэх, Өлзийбатын Одончимэг нэртэй 1 ширхэг иргэний үнэмлэх, Хаан банкны виза карт 1 ширхэг, Хадгаламж бакны виза карт 1 ширхэг, 95767144 гэсэн дугаартай утасны үр 1 ширхэг, эд зүйлүүдийг хураан авлаа…гэжээ…” /хх-ийн 32 дугаар хуудас/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлээр: “....Болормаагаас хураан авсан цагаан ууттай, дотроо самсунг маркийн цагаан өнгийн мэдрэгчтэй дэлгэц бүхий 1 ширхэг гар утас, Самсунг Дуос гэсэн бичигтэй товчлууртай саарал өнгийн хар өнгийн ар бүхий 2 симтэй гар утас 1 ширхэг, Өлзийбатын Болормаа /ЗМ81073006/-ийн хуучны иргэний үнэмлэх 1 ширхэг, Ө.Болормаагийн 4380531803063953 гэсэн дугаартай Хаан банкны карт 1 ширхэг, Ө.Болормаагийн 4063500045192528 гэсэн дугаартай Хадгаламж банкны карт 1 ширхэг, 95767144 гэсэн утасны 8216 гэсэн пин кодтой, 84881522 гэсэн дугаартай пук кодтой сим карнты үүр 1 ширхэг байлаа. Товчлууртай самсунг дуос маркийн гар утсыг асаах гэхэд асахгүй байлаа. Ингээд уг гар утасны ар талыг онгойлгож үзэхэд самсунг гэсэн бичигтэй саарал өнгийн баттерей байх бөгөөд баттерэйг авахад уг гар исас нь 2 ширхэг симний оролттой байх бөгөөд 1 талд нь 8997688161, 0209401087 гэсэн дугаартай ногоон өнгийн юнителийн сим карт байх бөгөөд Ө.Болормаа нь уг сим картыг Адилбишийн  сим карт, дугаарыг нь мэдэхгүй, пин кодыг нь мэдэхгүй гэж хэлэв. 8997699120, 519317604f гэсэн дугаартай мобикомын сим карт байх бөгөөд Ө.Болормаа нь миний мобигийн сим карт байгаа юм, 95717644 гэсэн дугаартай, 8216 гэсэн пин кодтой гэв.Мэдрэгчтэй дэлгэц бүхий самсунг маркийн гар утсыг асаах гэж оролдоход мөн асахгүй байлаа. Ингээд цэнэглэгч залгаж 10 минут болсон боловч асахгүй байлаа. Ингээд уг гар утасны ар талыг онгойлгоход самсунг гэсэн бичигтэй баттерэйтэй байх бөгөөд баттерэйг авч үзэхэд дотор нь 1 сим картны оролт байх бөгөөд уг оролтод 8997688160, 8204751993 гэсэн дугаартай ногоон өнгийн юнителийн сим карт байлаа. уг картны пин код нь 2052, дугаар нь 80343006 гэсэн дугаартай гэв. Ингээд дээрх 2 гар утсыг асаах боломжгүй байсан тул өөрийн самсунг маркийн гар утсанд цагаан өнгийн мэдрэгчтэй дэлгэцтэй гар утсанд байх юнителийн сим картыг хийж шалгахад асаж байлаа. Ингээд өөрийн 99168928 дугаарын утаснаас 80343006 дугаарын утасруу залгахад дуудлага орж байлаа. Ингээд товчлууртай самсук-маркийн гар утсанд байх мобикомын сим картыг өөрийн самсунг маркийн гар утсанд хийж шалгахад асаж байх бөгөөд өөрийн 99168928 дугаарын утасруу залгаж дуудлага хийж үзэхэд 95717644 гэсэн дугаараас дуудлага ирж байлаа. Ингээд уг гар утсанд байх юнителийн сии картыг өөрийн самсунг маркийн гар утсанд хийгээд асаахад Пук код нэхэж байлаа. Ингээц Пук кодыг Болормаагаас асуухад мэдэхгүй байлаа Ингээд уг дугаарын эзэмшигч болох Адилбишийн 96656666 дугаарын утасруу өөрийн 99168928 дугаарын утсаар залгаж асуухад пин код нь 0123 гэж байгаа, пук кодыг нь мэдэхгүй байна. Харин Болормаа надаас тухайн үед пук код гээд асуугаад байсан гэж ярьсан болохыг тэмдэглэл болгон бичив…” гэжээ /хх-ийн 34 дугаар хуудас/

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлээр: “...Ө.Болормаагаас хураан авсан самсунг маркийн товчлууртай гар утсанд байх ногоон өнгөтэй Юнителийн сим картыг өөрийн самсунг маркийн гар утсанд хийхэд өмнөөс пук кодоо оруулна уу гэсэн утгатай бичиг гарч ирэхэд нь гэрч Пүрэвжаргалын мэдүүлсний дагуу пук код 94982359 гэсэн дугаарыг дугаар оруулах хэсэгт оруулахад зөв тохирч шинэ пин кодыг оруулна уу гэсэн утгатай бичиг гарч ирсэн учираас 0000 гэсэн дугаарыг шинэ пин кодоор сонгон оруулсан болохыг тэмдэглэлд тусгав. Иймд уг сим карт нь хохирогч Адилбишийн 80661516 гэсэн дугаарын сим карт болох нь тогтоогдож байна...” гэжээ  /хх-ийн 35 дугаар хуудас/

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл: “… Бичлэг, зурагнуудыг хадгалсан дискийг эд мөрийн баримтаар тооцохоор тогтов…” гэжээ /хх-ийн 36 дугаар хуудас/

 

Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоолоор: “...хохирогч Ч.Адилбиш сэжигтэн Ө.Болормаатай утсаар ярьж байгаа бичлэг болон бусад мессежний зураг зэрэг эд зүйлс хуулбарласан 1 ширхэг сидиг эд мөрийн баримтаар тооцов...” гэжээ. /хх 37, 121 дүгээр хуудас/,

 

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гэсэн өргөдөлд: “…Ч.Адилбиш миний бие Ө.Болормаагийн өрх толгойлсон 2 хүүхдийн хамт амьдралийн түвшин бололцоогүйг харгалзан үзэж харилцан тохирсоны үндсэн дээр 19.800.000 төгрөгийг 3 жилийн дотор хохиролыг барагдуулна гэсэн учир гомдолгүй…” гэжээ / хх-ийн 132 дугаар хуудас

 

Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/, Ө.Болормаагийн “Хаан” банкин дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 13-28/, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-ийн 33/, гэрч Ө.Отгонхүүгийн мэдүүлэг /хх-ийн 51/, гэрч Н.Наранцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 52/, гэрч Т.Наранцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 112-115/, Ө.Болормаагийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 63/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67/, гадаад паспортын хуулбар /хх-ийн 68/, хохирогч Ч.Адилбишийн шүүхэд гаргасан хүсэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Ө.Болормаа нь 2016 оны 3 дугаар сараас 2017 оны 2 дугаар сар хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 37 дугаар байрны 06 тоотод хувийн харилцаатай байсан хохирогч Ч.Адилбишэд “өөрийн танил Цээгий гэж хүнд эмчилгээний төлбөр хэрэгтэй байна, мөнгөний асуудалд туслах хэрэгтэй байна” гэж худал нэр ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хуурч мэхлэн урьдын дотно харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж  22.800.000 төгрөгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ө.Болормаагийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ч.Адилбишийн мэдүүлэг, гэрч А.Нямдаваа, Э.Пүрэвжаргал нарын мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх шүүгдэгч Ө.Болормааг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүх шүүгдэгч Ө.Болормаад ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх зүйтэй гэж шийдвэрлэлээ.

Шүүх дээр дурьдсан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Ө.Болормааг гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзсэн болно. 

Шүүгдэгч Ө.Болормаагаас хохирогч Ч.Адилбишэд учирсан хохирлоос 3 сая төгрөгийг өгсөн болох нь тэдгээрээс гаргасан хүсэлт, мэдүүлгээр тогтоогдсон тул шүүгдэгчээс үлдэгдэл хохирол 19.800.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.  

Хохирогч Ч.Адилбишээс “19.800.000 төгрөгийг Ө.Болормаа 3 жилийн хугацаанд өгөхөөр хоорондоо харилцан тохиролцсон” гэсэн хүсэлт гаргаж, тэрээр шүүгдэгч Ө.Болормаатай “хохирол тохиролцсон гэрээ” байгуулсан, шүүгдэгч нь шүүх хуралдаанд “хохирлоо төлөхөөр тохиролцсон, ажил хийж төлнө” гэж мэдүүлсэн зэргээс үзэхэд шүүгдэгчийг хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэхээр байна.

Ийнхүү шүүгдэгч хохирлоо нөхөн төлөхөөр илэрхийлсэн тул шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан тэнссэн хугацаа болох 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Ө.Болормаагаас хураан авсан “Самсунг нөүт” маркийн гар утас 1 ширхэг, “Самсунг дуос” маркийн гар утас 1 ширхэг, ХААН банкны карт 1 ширхэг, Хадгаламж банкны карт 1 ширхэг, 95767144 сим картны үүр 1 ширхэг зэргийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ө.Болормаа нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Энх овогт Өлзийбатын Болормааг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан 22.800.000 / хорин хоёр сая найман зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Болормааг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Болормаагийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ө.Болормаа нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, “Самсунг нөүт” маркийн гар утас 1 ширхэг, “Самсунг дуос” маркийн гар утас 1 ширхэг, ХААН банкны карт 1 ширхэг, Хадгаламж банкны карт 1 ширхэг, 95767144 сим картны үүр 1 ширхэг зэргийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгосугай.

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ө.Болормаагаас 19.800.000 /арван есөн сая найман зуун мянган/ төгрөгийг гаргуулж Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 37-06 тоотод оршин суух хохирогч Бор ишиг овогт Чимэдийн Адилбиш /РД: ШД59060479/-д олгосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Ө.Болормаад оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг 01 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзаж түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулсугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Болормаа нь хохирогч Ч.Адилбишэд төлөх 19.800.000 / арван есөн сая найман зуун мянга/ төгрөгийг хорих ялыг тэнссэн 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай.

            9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, 2.3-т зааснаар тодорхой ажил үүрэг гүйцэтгэх, 2.5-т зааснаар оршин суугаа газар, ажлаа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

            10. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            11. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ө.Болормаад урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ДУЛАМСҮРЭН