| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2024/00249/И |
| Дугаар | 152/ШШ2024/00257 |
| Огноо | 2024-06-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 152/ШШ2024/00257
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ж.Ж-ийн,
Цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Цогзолмаа оролцов.
Нэхэмжлэгч Ж.Ж-д шүүх хуралдааны товыг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр мэдэгдсэн бөгөөд тэрээр Миний бие Тариалан суманд амьдардаг. Эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдаанд очиж оролцох боломжгүй болсон тул намайг байлцуулахгүйгээр шүүх хурлыг хийж өгнө үү гэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.Ж нь цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
1.1. Миний бие 1969 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн. Би 1988 онд Улаанбаатар хотод Нийгмийн аюулаас хамгаалах яамны харьяа 0119 дүгээр ангид 2 жил цэргийн алба хааж халагдсан. Одоо тэтгэврийн нас болж байгаа тул цэргийн жилээ шүүхээр шийдүүлэн хилийн ба дотоод цэргийн 0119 дүгээр ангийн 1990 оны халагдах цэргийн бүртгэл тус архивд шилжүүлж өгөөгүй тул шүүхэд хандсан. Иймд миний хилийн болон дотоод цэргийн ангид 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл цэргийн алба хаасныг тогтоож өгнө үү. Тухайн үед цэргийн алба хамт хаасан түрүүч З.Б, Т.Д нарыг гэрчээр асууж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч нь өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, цэргийн үүрэгтний үнэмлэхийн хуулбар, Тагнуулын ерөнхий газрын тусгай архиваас 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан 08/1085 дугаар лавлагаа, Тагнуулын ерөнхий газрын тусгай архиваас 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан 08/1084 дүгээр лавлагаа, З.Б-ын иргэний үнэмлэхийн болон цэргийн үүрэгтний үнэмлэхийн хуулбар, Тагнуулын ерөнхий газрын тусгай архиваас 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гаргасан 08/843 дугаар лавлагаа, Т.Д-ийн иргэний үнэмлэхийн болон цэргийн үүрэгтний үнэмлэхийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
3. Шүүхээс З.Б, Т.Д нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
1. Нэхэмжлэгч Ж.Ж нь Улаанбаатар хотын 0119 дүгээр ангид 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3. Тагнуулын ерөнхий газраас 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан тусгай архивын лавлагаанд Ж.Ж нь Увс аймгаас НАХЯ-ны сайдын 1988 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/537 дугаар тушаалаар 10 дугаар сарын 15-ны өдрөөс 0119 дүгээр ангид цэргийн албанд татагджээ. Хилийн ба ДЦУЕГ-ын 0119 дүгээр ангийн 1990 оны халагдсан цэргийн бүртгэлийг тус архивд шилжүүлж ирүүлээгүй тул Ж.Ж-ийн цэргийн алба хаасан талаарх архивын лавлагаа гарахгүй болно лавлагаа авагджээ.
Шүүхээс З.Б, Т.Д нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч З.Б, Ж.Ж бид 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгаас цэргийн албанд татагдаж, Улаанбаатар хотод Нийгмийн аюулаас хамгаалах яамны харьяа Баянхошууд байрлах 0119 дүгээр ангид хувиарлагдсан. Тухайн үед Увс аймгийн Тариалан сумаас нийтдээ 30 гаруй цэрэг явснаас Улаанбаатар хотод очоод 15 гаруй цэрэг Баянхошуу руу хуваарилагдаж байсан. Ж.Ж бид 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдөр цэргийн албанаас халагдсан. Тухайн үед манай 0119 дүгээр ангийн захирагчаар хошууч генерал н.С, штабын дарга хурандаа н.Б, салаан захирагч ахлах дэслэгч н.Ц гэх хүмүүс байсан гэж, Т.Д Ж.Ж бид хамтдаа 1988 оны 10 дугаар сард цэргийн албанд татагдаж, 1990 оны 10 дугаар сард халагдаж ирсэн. Бид Нийгмийн аюулаас хамгаалах яамны харьяа 0119 дүгээр ангид нэг салаанд хуваарилагдан цэргийн албаа хаасан. Тухайн үед бид Увс аймгийн Тариалан сумаас нийтдээ 30 гаруй цэрэг явснаас Улаанбаатар хотод очоод Ж.Ж бид хоёр Баянхошуу руу хуваарилагдаж байсан. Ж.Ж бид нэг анги, нэг салаанд байсан тул Ж.Ж-г сайн мэднэ. Тухайн үед манай 0119 дүгээр ангийн захирагчаар хошууч генерал н.С, штабын дарга хурандаа н.Б, салаан захирагч ахлах дэслэгч н.Ц гэх хүмүүс байсан гэж тус тус мэдүүлжээ.
4. Нэхэмжлэгч Ж.Ж нь Улаанбаатар хотын 0119 дүгээр ангид 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан болох нь Тагнуулын ерөнхий газраас 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан тусгай архивын лавлагаа, цэргийн үүрэгтний үнэмлэхэд 0119 дүгээр ангид цэргийн тангаргийг 1988 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өргөсөн талаар бичигджээ, гэрч З.Б, Т.Д нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтаар нотлогджээ.
5. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хангаж, Ж.Ж-г Улаанбаатар хотын 0119 дүгээр ангид 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан болохыг тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Ж-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Ш овогт Ж.Ж-ийн Улаанбаатар хотын 0119 дүгээр ангид 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Ж-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР