Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2021/ДШМ/967

 

 

 

 

 

 

 2021              11            11                                          2021/ДШМ/967                                                

           

Б.Д-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Бямбасүрэн,

шүүгдэгч Б.Д-, түүний өмгөөлөгч Х.Отгончимэг,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 23ы өдрийн 2021/ШЦТ/582 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Д-гийн гаргасан давж заалдах гомдол болон прокурор Ц.Гэрэлбаатарын бичсэн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 30 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Б.Д-д холбогдох 2109000000271 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 27ы өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Д овгийн Б-ын Д-, Сэлэнгэ аймагт 1965 оны 05 дугаар сарын 10ы өдөр төрсөн, 56 настай, эмэгтэй, дээд боловсролтой, зоо техникч мэргэжилтэй, “Огч” ХХК-ийн захирал ажилтай гэх, ам бүл 2, нөхрийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 00 дүгээр байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 00000000/

Б.Д- нь “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авч өгнө” гэж Ш.Чг хуурч 2019 оны 07 дугаар сараас 12 дугаар сарын хооронд нийт 5,000,000 төгрөг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Б.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Д-г бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулан хуурч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял шийтгэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ялыг 6 сар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Иргэний хуулийн 497 дгаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчээс 400,000 төгрөг гаргуулж, хохирогч Ш.Чд олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Д- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Би хохирогч Ш.Чг залилан мэхлээгүй. Хэдийгээр би хэргээ хүлээн зөвшөөрсөн гэсэн ч хэргийн бусад байдалтайгаа нийцэхгүй байна. Миний өмгөөлөгч “Хэргээ хүлээгээд, хурдан сал” гэсэн тул өмгөөлөгчдөө итгэсэн. Гэтэл эрх зүйн үр дагавар нь ийм ноцтой гэж ойлгоогүй. Хэрэв давж заалдах шатны хэрэг нотлогдсон гэж үзвэл торгох ял оногдуулж өгнө үү” гэв.   

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Отгончимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Д- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, гэм буруутайд тооцогдож, анхан шатны шүүхээс 6 сарын хугацаанд зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн. Тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэв. 

Прокурор Ц.Гэрэлбаатар бичсэн эсэргүүцэлдээ: “2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 4, 5, 6, 7, 8 дугаар зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоол, шийдвэр, прокрорын тогтоол, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулах тухай шийтгэх хуудас зэргээр тогтоогдсон байна” гэж хууль хэрэглэх журмын талаар зохицуулсан тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалт үндэслэлгүй ... шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу Өршөөл, уучлал үзүүлж ялаас чөлөөлөх заалтыг буруу хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суух газраас явахыг хориглож, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж хуульчилсан байхад шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа хязгаарлалтуудыг хэрэглээгүй хууль буруу хэрэглэсэн байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Прокурор П.Бямбасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Д-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн давж заалдсан гомдол болон прокурорын бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Д- нь “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авч өгнө” гэж Ш.Чг хуурч 2019 оны 07 дугаар сараас 12 дугаар сарын хооронд нийт 5,000,000 төгрөг шилжүүлэн авсан болох нь хохирогч Ш.Чгийн “... Би Б.Д- дээр бэлэн төслөө “Прожект Плас” ХХК-аар бичүүлээд очсон. Б.Д- “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 298,750,000 төгрөгийн зээл гаргаж өгнө” гэж 30,000,000 төгрөг нэхсэн. Хэрэв энэ мөнгийг өгвөл хүчтэй дэмжигдэнэ гэсэн. 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Боломжийн төсөл байна, материал сайн бүрдсэн байна” гээд урьдчилгаа 2,000,000 төгрөг дансаар авсан. 12 дугаар сарын 05-ны өдөр 3,000,000 төгрөг бэлнээр авсан...” /хх 11/, гэрч С.Эрдэнэтуяагийн “...Чимэдцэеэд Д-г танилцуулж өгсөн...” /хх 16-17/ гэсэн мэдүүлгүүд, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 18-23/, шүүгдэгч Б.Д-гийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хх 54-55/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Шүүгдэгч Б.Д- нь Засгийн газрын тусгай сангийн зээлийг шийдвэрлэж өгнө гэж ор үндэсгүй худал зүйлийг амлан хохирогчийг хуурч мөнгө авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинжтэй байна. Энэ талаар анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Давж заалдах шатны шүүхээс, шүүгдэгч Б.Д-гийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын шинж чанар, хохирол төлсөн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг 2,000 нэгжээр торгох ял болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэлээ.  

Улсын яллагч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийг шүүх буруу хэрэглэсэн гэж эсэргүүцэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1, 3.1.2 дахь заалтад энэ  хууль үйлчлэх цаг хугацааны хамаарлыг, мөн зүйлийн 3.2 дахь хэсэгт хамрах хүрээг, 9 дүгээр зүйлд өршөөл хамруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрлийг зааж өгсөн бөгөөд хуульд тодорхойлон заасан эдгээр өршөөл үзүүлэхгүй байх урьдчилсан нөхцөлд хамаарахгүй бол шүүхийн аль ч шатанд гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд тохирох өршөөлийг үзүүлэх нь тэдний эрх зүйн байдалд онцгой ач холбогдолтойн гадна хууль хэрэглээний хувьд алдаа болохгүй. Ялангуяа Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийг шүүхийн шатанд хэрэглэх нь коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилсан сэргийлэхэд чиглэсэн тухайн зүйлийн зорилгод нийцнэ.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагын дагуу шүүх зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэглэхдээ шүүгдэгчид хуульд заасан хязгаарлалт тогтоолгүй хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэсэн улсын яллагчийн эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй хэдий ч давж заалдах шатны шүүхээс нэгэнт хорих ялыг торгох ял болгон хөнгөрүүлэн өөрчилсөн тул үүнийг залруулах шаардлагагүй болсон гэж үзнэ.

Иймд дээр дурьдсан үндэслэлээр прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/582 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д- нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэж тус тус өөрчилж, шүүгдэгч Б.Д-д өршөөл үзүүлсэн тухай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ         

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН