Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 329

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга  Б.Билгүүн,

Улсын яллагч Н.Мөнгөнсүх,  

Шүүгдэгч Ч.Уранбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гал овогт Чинбатын Уранбатад холбогдох эрүүгийн 201725020594 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эмээгийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “Вива сити” хороололын М-9 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Гал овогт Чинбатын Уранбат, /РД: ТА94071733/,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Ч.Уранбат нь согтуугаар 2017 оны 02 дугаар сарын 03-ны шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Муллевана” нэртэй ресторанд хохирогч Н.Сүмбэртэй маргалдан улмаар түүний эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ч.Уранбат нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2017 оны 2 сарын 13-ны өдөр найзуудтайгаа Солонгос хоолны газар орсон. Бид нарын урд 2 хос сууж байсан. Надтай цуг явж байсан охидууд тэр 2-ын талаар ярьсан. Тэгэхдээ янхан гэж яриагүй. Би бол тэр 2-ын талаар юм яриагүй хоолоо идээд сууж байхад, тэр 2 хос босч ирээд залуу нь над руу хараад “наад хэдэн янхануудаа аваад зайл бацаан минь” гэж хэлэхээр нь би юу гээд сандалнаасаа боссон. Намайг цохих гээд зангаж байхад нь намайг цохьлоо гэж бодоод өөрийг нь цохичихсон. Би найз охиныг нь элдэв бусаар доромжлоогүй харин намайг элдэв бусаар хэлж байсан. Мөнгөний хувьд би 200.000-300.000 төгрөг өгье гэж хэлээгүй, цуг явж байсан найзууд дундаас хэлсэн. Би боломжоороо хохирлыг чинь барагдуулъя гэж хэлж байсан болохоос биш, хэдэн төгрөг авах гээд байгаа юм гэж хэлж байгаагүй. Би тэр залуутай нэг л удаа уулзсан. Дахин уулзаагүй, уулзъя гэсэн боловч утас нь холбогдоогүй. Би тэр хоёрыг элдэв янзаар хэлээгүй гэв…” гэсэн мэдүүлэг.

Эрүүгийн 201725020594 дугаартай хэргээс:

Хохирогч Н.Сүмбэр нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2017 оны 02 дугаар сарын 03-ны орой 02 цагийн орчим найз охин Мөнхцолмонгийн хамт хоол идэхээр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, "Муллевана" ресторанд ортол булангийн ширээнд хэсэг хүмүүс сууж байсан...бид хоёр хоолоо захиалаад хүлээнгээ тэврэлдээд үнсэлцэж байсан чинь булангийн ширээнд байсан хүмүүс хоорондоо бид хоёрыг дооглож "нэгнийгээ идлээ, энийгээ хаанаас олсон юм бол, хэдээр авсан юм бол, одоо хүүхнээ аваад зочид буудал орох байхдаа" гэж доромжлоод хоорондоо инээлдэж шоолоод байхаар нь би ширээнээс босох гэхэд манай найз охин намайг босгоогүй...тэгээд бид хоёр хоолоо өөр өрөөнд орж идэхээр босоод явж байтал булангийн ширээнд сууж байсан эмэгтэйчүүдтэй хамт явж байсан эрэгтэй нь "хулчигар гөлөг" гэхээр нь очоод нөгөө эрэгтэй рүү болон ширээнд нь хандаж "юу хүсээд байгаа юм, наад хоолоо дуугай гудар" гэж хэлтэл нөгөө залуу босч ирээд шууд миний нүүр болон нүд рүү цохитол би манараад байж байтал тэр залуу намайг үргэлжлүүлэн зодож газар унагаасан...би маш их гомдолтой байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 17/

Гэрч Н.Мөнхцолмон мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Сүмбэр бид хоёр хоолоо хүлээнгээ өөрсдийнхөө зургийг дарж, үнсэлцэж байтал өөр ширээнд сууж байсан хүмүүс бид хоёрыг "энэ охиноо хэдээр авсан юм бол, дөнгөж гудамжнаас танилцаад орж ирж байгаан байна л даа..." гэх мэтээр яриад байсан. Тэгээд бид хоёр тэд нараас холдоод суух гэсэн чинь нөгөө хэд бид хоёрт хандан "янхан" гэсэн утгатай үг хэлтэл Сүмбэр тэр хүмүүсийн ширээн дээр очоод толгойгоо тонгойлготол тэр залуу Сүмбэрийг шууд нүүр рүү нь цохиод үргэлжлүүлээд дахиж цохиод зодож эхэлсэн. Тэр залуутай хамт явж байсан хүмүүс болон би салгаж холдуулахад Сүмбэрийн царай битүү хавдар болсон байсан...манай найз залууг зодсон хүн намайг янхан гэж, манай найз залууг хэдээр авсан юм бол гэж доромжилсон..." гэх мэдүүлэг /хх-н 19/

Гэрч С.Бямбадорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...намайг ариун цэврийн өрөө ороод ирэхэд Уранбат нэг залуутай заамдалцаад зодолдоод байж байсан тэгэхээр нь би дундуур нь ороод салгах гэхэд тэр залуу Уранбатыг тавихгүй байсан...тэр хооронд Уранбат тэр залууг 2-3 удаа цохьсон..." гэх мэдүүлэг /хх-н 45 /,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹2399 тоот дүгнэлтэнд:

  1. Н.Сүмбэр-н биед зүүн дээд зовхи, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, цээжинд зулгаралт, уруулд шарх, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

Жич:Баруун шаант, тахилзуур ясанд гэмтэл байгаа эсэхийг урьд авахуулсан рентген зургийг ирүүлсний дараа тогтоох боломжтой…”/хх-ийн 21/

            Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол: “…Цагаан өнгийн, бичвэртэй 1 ширхэг хатуу дискийг эд мөрийн баримтаар тооцохоор тогтов…” гэжээ /хх-ийн 10/

 

            Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

 

            Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 10/, бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 12-13/, Ч.Уранбатын иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Ч.Уранбат нь согтуугаар 2017 оны 02 дугаар сарын 03-ны шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Муллевана” нэртэй ресторанд найзуудын хамт үйлчлүүлж байхдаа түүний найзуудаас хохирогч Н.Сүмбэр гэрч Н.Мөнхцолмон нарыг үг хэлээр ярилцаж байхыг хохирогч Н.Сүмбэр сонсож улмаар эгдүүцэн тэдгээрийн үйлчлүүлж буй ширээн дээр ирж үг яриа өдөн үйлдэл хийхэд шүүгдэгч Ч.Уранбат нь зүй бус харьцаж маргалдан улмаар түүнийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Н.Сүмбэрийн мэдүүлэг, гэрч Н.Мөнхцолмонгийн мэдүүлэг, гэрч С.Бямбадоржийн мэдүүлэг, ШШҮХ-ийн шинжээчийн ¹2399 дугаартай дүгнэлт, эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргах тогтоол зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Тус гэмт хэрэг нь шүүгдэгч Ч.Уранбат согтууруулах ундааны зүйл хэрэглэн найзуудын хамт олон нийтийн газраар үйлчлүүлж байсан түүний найзуудын зүгээс хохирогч Н.Сүмбэрийг элдэв үгээр хоорондоо харилцан ярилцахад хохирогч эгдүүцэн уурлаж, тэдгээрийн байгаа газар очин маргааныг улам хурцдуулсаны улмаас шүүгдэгч хохирогчийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулжээ.

Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...”, “…үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэж тус тус тодорхойлж өгчээ.

 

Шүүгдэгч Ч.Уранбатын үйлдсэн гэмт хэрэг нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн байх боловч прокуророос шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллахаар дүгнэлт үйлдэн шүүх хуралдаанд яллажээ.

 

Хэдийгээр шүүгдэгчид сонсгосон хэргийн зүйлчлэлээр буюу шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээ хөнгөрсөн гэж үзэхээр боловч 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ба ял оногдуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл бий болсон нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх тул прокуророос түүнд холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг нийцүүлэн өөрчлөх нь “эрх зүйн байдлыг дордуулсан  хуулийг буцаан хэрэглэхгүй байх” зарчмыг хангана. 

  

Иймд шүүгдэгч Ч.Уранбатыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч Ч.Уранбатын үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба тэрээр 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр дээрх хэргийг үйлдсэн бөгөөд шүүхэд хэрэг хянагдах шатанд уг эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Прокуророос эрүүгийн хариуцлагын хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэх шүүх хуралдаанд шүүгдэгчийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй талаар дүгнэлт гаргасныг тэмдэглэв.

 

Мөрдөн байцаадтанд хохирогч Н.Сүмбэр мэдүүлэхдээ “...809.000 төгрөг нэхэмжилнэ...” гэх боловч нэхэмжилсэн баримтаар 35.200 төгрөг болж байх ба тэрхүү хохирлыг шүүгдэгч хуралдааны явцад төлсөн болохыг дурьдлаа. 

 

Харин хохирогч Н.Сүмбэр нь өөрт учирсан гэм хорын бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Хавтаст хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэг бүхий сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Ч.Уранбат нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                           

                                                                                                                   ТОГТООХ нь:

 

1. Прокуророос шүүгдэгч Гал овогт Чинбатын Уранбатад холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Гал овогт Чинбатын Уранбатыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл  санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн шүүгдэгч Ч.Уранбатыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасныг журамлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Уранбат нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Хохирогч Н.Сүмбэр өөрт учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерийн бичлэг бүхий 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсаргасугай.

            7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Уранбатад урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН