Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2128

 

Б.Вгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2019/02746 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Вгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Д” ТӨХК-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх, А/67 тоот, Б/38 тоот тушаалуудаас Б.Вд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.В,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: А.Ганбат,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Бямбасүрэн,

Хариуцагчийн өмгөөлөгч: М.Бадрал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Вийг  “Д” ТӨХК-ийн захирал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг үндэслэн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/111 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн.

Гэтэл 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн тушаалын агуулга нь дээрх хуулийн заалттай нийцэхгүй байна.

Д ТӨХК-ийн захирлын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/67 тоот, гүйцэтгэх захирлын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/38 тоот тушаалуудаар байгууллагын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулсан байдаг. Бүтэц зохион байгуулалтын дагуу Б.Вг дулааны тоноглолын инженерийн албан тушаалд томилохоор тушаал гарсан боловч дээрх тушаалууд нь өөрөө хууль зүйн үндэслэлтэй гарсан нь маргаантай.

Дээрх тушаалуудыг гаргасан гүйцэтгэх захирал болон ерөнхий захирал компанийн дотоод дүрэм, хууль тогтоомжид бүтцийн өөрчлөлтийг хийх санаачилгыг гаргах эрхтэй субъект биш гэж үзэж байна. ISO 9001-2015 стандартыг хэрэгжүүлэгч байгууллагын хувьд өөрчлөлтийн санаачлагч нь нэгж буюу алба хэлтэс өөрсдөө байх ёстой байтал тухайн нэгжээс биш, н.Өсөхбаяр шууд санаачлагыг гаргаж хэлтэст танилцуулалгүй, удирдлагад мэдэгдэж, удирдлагын зүгээс авч хэлэлцээд байгаа нь журам зөрчиж байна гэж дүгнэхээр байна.

 Мөн хамтын гэрээ, хамтын хэлэлцээрийн дагуу байгууллагын бүтэц, зохион байгуулалтын асуудлыг өөрчлөх, шинэчлэлт хийх бол Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүнийг оролцуулдаг журамтай ба энэ журмыг зөрчсөн. Нэг сарын өмнө Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргад мэдэгдэх ёстой байсан боловч мэдэгдээгүй, оролцуулаагүй.

Гүйцэтгэх захирлын зөвлөлөөс зохион байгуулалтыг дураараа шийдэж байгаа тушаалууд үндэслэлгүй. Б.В дулааны техникийн инженерийн албан тушаалд томилогдохоос татгалзсан. Компанийн дүрмийн 7.3.4-т компанийн бүтэц, зохион байгуулалт, бүтэц орон тоо, удирдлагад зардлын дээд хязгаарыг батлах эрхтэй субъект нь төлөөлөн удирдах зөвлөл байна гэж заасан. Тэгэхээр гүйцэтгэх захирал бүтэц, зохион байгуулалтын асуудлыг шийдэх эрх хэмжээтэй эсэх нь эргэлзээтэй.

Ахлах инженерийн орон тоо нь тоног төхөөрөмж, ашиглалт хариуцсан байцаагч инженерийн орон тоотой ажлын байрны тодорхойлолтоор гүйцэтгэх ажил үүрэг нь тус тусдаа байгаа мэт харагдах боловч бодит байдал дээр давхцаж байгаа, тоног төхөөрөмж, ашиглалт хариуцсан байцаагч гэх албан тушаалыг сул орон тоо гэж хариуцагч хэлдэг. Гэтэл энэ орон тоог хасах байтал 2 албан тушаал болгож, нэмж хүн авч томилоод байгаа нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй. 2015 онд баталсан бүтцийн өөрчлөлтийн тушаалд хяналтын инженерүүдийн тоо нь 11 байсан бол 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр баталсан тушаалд инженерийн орон тоо нь 12 болоод нэмэгдсэн байгаа.

Иймд 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/111 тоо тушаал, Б/39 тоот, 2019 оны 01 дүгээр сарын 31-нд гаргасан Б/38 тоот тушаалуудын Б.Вд холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны олговорт 21 357 336 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлд дурдаад байгаа тушаалууд гарч компанийн бүтэц зохион байгуулалт, бүтцийг шинэчлэн батлах тухай шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн хүрээнд гүйцэтгэх захирал, захирлын зөвлөлийн хурлыг хийж, үйл ажиллагааны бүтэц, орон тоо батлах тухай бүтцийн хуваарилалтыг хийх А/67 тоот тушаал гарсан. Энэ тушаалд хүний нэр цохон тэмдэглэгдээгүй. Гүйцэтгэх захирлын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/67 тоот тушаалаар ажилчдын ажлын байрны дотоод чиг үүргүүдийг өөрчлөх, зарим ажлын байрыг өөр хэлтэст оруулсан. 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Б/38 тоот тушаалаар зарим ажилтныг шилжүүлэн баталгаажуулж гаргасан. 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хурлаар хяналтын албаны бүтцийн тухай дэлгэрэнгүй ярилцсан. Өөрөөр хэлбэл Б.Вгийн ажиллаж байсан станцын тоноглолын, ашиглалтын, хяналтын байцаагч инженер гэдэг нэршил нь буруу. Станцын тоноглол нь өөрөө цахилгааны, дулааны гэж байгаа учир дулаан тоноглолын хяналтын инженер, цахилгаан тоноглолын хяналтын инженер гэж 2 хувааж нарийвчилж, чиг үүргийг нь салгах хэрэгтэй гэсэн үр дүнд хүрсэн. Хяналтын албаны байцаагч инженер хяналтаа л хийнэ. Мөн байцаагч гэдэг нэршил нь буруу байсан байна гэж үзээд нэршлийн хувьд өөрчилж, чиг үүргүүдийг нь тодорхойлж өгсөн байгаа.

Үүний улмаас тоноглолын, ашиглалтын, хяналтын байцаагч инженер гэдэг албан тушаалыг дулааны, цахилгааны гэж салгасан. Энэ шийдвэрийг Б.В ямар үндэслэлээр зөвшөөрөхгүй байгаа нь ойлгомжгүй, яагаад энэ албан тушаалд ажиллахгүй гээд байгаа үндэслэлээ тайлбарлаж чадахгүй байгаа. Б.Вгийн мэргэжлийн дагуу дулааны технологийн хяналтын инженер гэсэн орон тоонд хуваарилсан. Нэхэмжлэгч өөрөө ажиллахаас татгалзсан. Үнэхээр ажиллахгүй бол мэдэгдэл өгснөөс хойш 60 хоног хүлээсэн, ажлаа хийгээгүй.

Станцын тоноглолын, ашиглалтын байцаагч инженер гэсэн орон тоог хассан учраас орон тоо хасагдсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тушаалыг гүйцэтгэх захирал гаргасан. Хамтын гэрээнд ажлын байрыг олноор цөөрүүлэх, хөдөлмөрлөх нөхцөл байдлыг дордуулахад хүргэх, орон тоо, бүтэц зохион байгуулалтыг хийх бол Үйлдвэрчний эвлэлийн хороонд мэдэгдэнэ гэж заасан байгаа. Гэтэл энэ бүтэц нь орон тоог олноор нь цөөрүүлээгүй, хөдөлмөрлөх нөхцөл байдлыг дордуулаагүй учраас Үйлдвэрчний эвлэлийн хороонд заавал мэдэгдээд байх шаардлага байхгүй.

Хамтын гэрээ хэлэлцээр, заалтыг огт зөрчөөгүй. А/67, Б/38 тоот тушаалууд нь Б.Вд хамааралгүй гэдэг нь 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/39 тоот тогтоолоор нотлогдож байгаа. Мөн энэ тушаалуудад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байгаа. Нэхэмжлэгчийн эрх, ашиг нь яаж хөндөгдөөд байгаа нь ойлгомжгүй. Гүйцэтгэх захирал Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажил олгогч мөн учраас бүтэц, зохион байгуулалт хийх эрхтэй.

Хуучин бүтцээс харахаас хуулийн мэргэжилтэн гэсэн орон тоо байсан. Энэ орон тоо өөр албаны ажлын байртай давхацсан учраас энэ орон тоог байхгүй болгоод инженерийн орон тоо нэмэгдсэн. Хөдөлмөрлөх нөхцөлийг нь дордуулж, цалин хөлсийг нь бууруулж, ажлаас нь халсан тушаал огт байгаагүй.

 Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар Д ТӨХК-д холбогдох ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэх тухай, Д ТӨХК-ний гүйцэтгэх захирлын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр бүтэц орон тоог батлах А/67 тоот, гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/38 тоот тушаалуудын Б.Вд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Вгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгуулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Б.В нь Д ТӨХК-ийн захирлын 2019 оны 04 дүгээр сарын 18 ны өдрийн Б/111 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн ба уг тушаалын агуулга, мөн 2019 оны 01 дүгээр сард гарсан тушаалын агуулга нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасантай нийцэхгүй байна.

Ажилтны тоог цөөрүүлсэн буюу орон тоо хасагдсан зүйл огт байхгүй. Бүтэц зохион байгуулалтын хувьд зарим ажлын байр, орон тоо, зохион байгуулалтыг өөрчилсөн шинжтэй тушаалууд гарсан байдаг.

Д ТӨХК-ийн захирлын 2019 оны 01 дүгээр сарын 16 ны өдрийн А/67 тоот тушаал, 2019 оны 01 дүгээр сарын 31 ны өдрийн Б/38 тоот тушаалуудаар байгуулагдсан бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулсан. Бүтэц, зохион байгуулалтын дагуу Б.Вг дулааны тоноглолын инженерийн албан тушаалд томилохоор тушаал гарсан боловч энэ тушаалууд өөрөө хууль зүйн үндэслэлтэй гарсан эсэх нь эргэлзээтэй байдаг.

Дээрх тушаалуудыг гүйцэтгэх захирал болон ерөнхий захирал гаргахдаа компанийн дотоод дүрэм, хууль тогтоомжид бүтцийн өөрчлөлтийг хийх санаачилгыг гаргах эрхтэй субъект нь биш гэж үзэж байна. ISO 9001-2015 стандартыг хэрэгжүүлэгч байгууллагын хувьд өөрчлөлтийн санаачлагч нь нэгж буюу алба хэлтэс нь өөрсдөө байх ёстой байтал тухайн нэгжээс биш, н.Өсөхбаяр шууд санаачлагыг гаргаж хэлтэст танилцуулалгүй, удирдлагад мэдэгдэж, удирдлагын зүгээс тэрийг нь авч хэлэлцээд байгаа нь журмыг зөрчиж байна гэж дүгнэхээр байна.

Хамтын гэрээнд зааснаар байгууллагын бүтэц, зохион байгуулалтын асуудал, өөрчлөлт шинэчлэл хийх бол Үйлдвэрчний хорооны гишүүнийг оролцуулах журамтай атал зөвлөлийн хурлаар энэ асуудлыг шийдвэрлэхдээ “үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүнийг оролцуулах шаардлагагүй“ гэж Хамтын гэрээ, Хамтын хэлэлцээрийг зөрчсөн байдаг. Гүйцэтгэх захирлын зөвлөл нь “зохион байгуулалтыг дураараа шийдвэрлэж байгаа нь” үндэслэлгүй учраас Б.В дулааны техникийн инженерийн албан тушаалд томилогдохоос татгалзсан.

Ахлах инженерийн орон тоо нь тоног төхөөрөмж, ашиглалт хариуцсан байцаагч инженерийн орон тоотой ажлын байрны тодорхойлолтоор гүйцэтгэх ажил, үүрэг нь тус тусдаа байгаа мэт харагдах боловч бодит байдал дээр давхцаж байгаа, тоног төхөөрөмж, ашиглалт хариуцсан байцаагч сул орон тоо гэдэг тайлбарыг хариуцагч хэлдэг. Гэтэл энэ орон тоог хасах байтал 2 албан тушаал болгож, нэмж хүн авч томилоод байгаа нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй. 2015 онд баталсан бүтцийн өөрчлөлтийн тушаалд хяналтын инженерүүдийн тоо нь 11 байсан бол 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр баталсан тушаалд инженерийн орон тоо нь 12 болоод нэмэгдсэн байгаа.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.В нь хариуцагч Д ТӨХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах, Д ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр бүтэц, орон тоог батлах А/67 тоот, гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/38 тоот тушаалуудын Б.Вд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Б.В нь Д ТӨХК-тай 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулж хяналтын албанд тоног төхөөрөмжийн ашиглалт хариуцсан байцаагч, инженерээр ажиллаж байсныг анхан шатны шүүх зөв тогтоож, талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

Д ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/111 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.1.4, 20.1.10-т заасныг баримтлан Б.Втэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүнийг хяналтын албаны тоног төхөөрөмж, ашиглалт хариуцсан байцаагч, инженерийн ажил албан тушаалаас чөлөөлсөн байна. /хх 60/

 

Хариуцагч байгууллагын төлөөлөн удирдах зөвлөл 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 46 тоот тогтоолоор компанийн удирдлага, зохион байгуулалтын шинэчилсэн бүтцийг баталсан, уг тогтоол нь Компанийн дүрмийн 7.3.4, Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д заасанд нийцжээ.

 

46 тоот тогтоолоор компанийн удирдлага, зохион байгуулалтын шинэчилсэн бүтцийг мөрдөж ажиллахыг гүйцэтгэх захиралд даалгажээ. Улмаар 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гүйцэтгэх захирлын зөвлөлийн хурлаар Хяналтын алба болон бусад хэлтэс, алба, цехийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийн саналуудыг хэлэлцэж, “зохион байгуулалтын схемийг гишүүдийн саналыг тусган тушаалаар баталгаажуулах, бүтцийн өөрчлөлттэй холбоотой ажилтнуудын албан тушаал, нэгжийн харьяалал өөрчлөх асуудлыг захиргаа хүний нөөцийн алба зохион байгуулж, тушаал шийдвэрээр баталгаажуулах”-аар шийдвэрлэсэн байна. Захирлын зөвлөл уг хуралд Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргыг оролцуулаагүй болохыг хурлын тэмдэглэл, гэрч Д.Ган-Эрдэнийн мэдүүлгийг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

Хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/67 тоот тушаалаар байгууллагын үйл ажиллагаа, бүтэц, орон тоо батлагдахад хяналтын албаны тоног төхөөрөмжийн ашиглалт хариуцсан байцаагч, инженерийн ажил албан тушаалын орон тоо хасагдаж, дулааны тоноглолын хяналтын инженер 2 орон тоотойгоор цахилгаан хяналтын тоноглолын инженерийн ажил, албан тушаалын орон тоо шинээр бий болжээ. /хх 47, 48/

Эрчим хүчний салбарын 2017-2018 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийн 7.5-д “компанийн захирлын зөвлөлд ажилтнуудын хөдөлмөр эрхлэлт, ажлын байр, бүтэц зохион байгуулалт, хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлсний асуудал зэргийг хэлэлцэхэд ҮЭ-ийн хорооны даргыг зөвлөх эрхтэйгээр оролцуулна” гэж, Д ТӨХК-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдсан 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хамтын гэрээний 2.1-д “Ажлын байрыг олноор цөөрүүлэх, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлтийг хийх, ...шинэ ажлын байр бий болгох, ... тус компанийн захиргаа нь нэг сарын өмнө Үйлдвэрчний эвлэлийн байгууллагад урьдчилан мэдэгдэж, ажилтны хууль ёсны эрх, ашиг, сонирхлыг хангах, нийгмийн хамгааллын талаар тусгай хэлэлцээ хийж, шаардлагатай гэж үзвэл орон нутгийн хөдөлмөр зохицуулалтын албанд бичгээр мэдэгдэнэ” гэж тус тус заасан ба Б.В 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргад дээрх А/67, Б/38 тоот тушаалууд түүний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байгаа үндэслэлээр эрх, ашигаа хамгаалуулахаар хүсэлт гаргасан байна. Харин Үйлдвэрчний эвлэл тушаалыг хамтын гэрээ болон хамтын хэлэлцээрийг зөрчсөн талаар эрх бүхий байгууллагад гомдол гаргасан талаар баримтгүй байна. /хх122

 

Иймд А/67 тоот тушаал хүчинтэй байна.  

 

Д ТӨХК-ийн гүйцэтгэх захирал 2019 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн Б/38 тоот тушаалаар Б.Вг Хяналтын албаны тоног төхөөрөмжийн ашиглалт хариуцсан байцаагч, инженерийн албан тушаалаас чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг зөрчөөгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

Энэ тушаалаар Б.В хяналтын албаны дулааны тоноглолын хяналтын инженерийн ажил албан тушаалд томилсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна. /хх 49, 50/ Учир нь ажилтаны ажлын байрны нэр өөрчлөгдсөн боловч цалин хөлс, албан тушаал нь өмнө гүйцэтгэж байсан албан тушаалтай адил чанарын байх тул ажилтны эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй гэж дүгнэх юм.  

 

Б/38 тоот тушаалын дагуу Б.Втэй Хяналтын албаны дулааны тоноглолын хяналтын инженерийн ажил албан тушаалын орон тоонд хөдөлмөрийн гэрээ байгуулах ажил олгогчийн саналыг ажилтан хүлээж аваагүй, хариуцагч байгууллагыг захиргаа, хүний нөөцийн дарга, ахлах мэргэжилтэн, хяналтын албаны дарга нар түүнтэй 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрүүдэд тус тус уулзалт зохион байгуулсан боловч талууд тохиролцоонд хүрээгүй үйл баримт тогтоогдсон.

 Улмаар Д ТӨХК-ийн гүйцэтгэх захирал 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/39 тоот тушаалаар “2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/38 тоот тушаалын Б.Вд холбогдох хэсгийг хүчингүй болгож” хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг 2019 оны 02 дугаар сарын 14-ны өдөр гаргаж, 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гардуулж, уг хугацаанаас хойш 2 сарын дараа түүнтэй байгуулсан хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан хугацааг баримталсан гэж дүгнэнэ. /хх 49-59/

 

Иймд “ажил олгогч 2019 оны 02 сарын 14-ны өдрийн Б/39 тоот тушаалаар 2019 оны 01 сарын 31-ны өдрийн Б/38 тоот тушаалын Б.Вд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Б.Втэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан” нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг зөрчөөгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Иймд анхан шатны шүүх Д ТӨХК-д холбогдох Б.Вгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2019/02746 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                    ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

 

                                                                                                           Э.ЗОЛЗАЯА