Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2021/ДШМ/1033

 

 

 

 

 

   2021            12            02                                        2021/ДШМ/1033                                                                                                                   

 

Б.Ц-, Ж.Т, Н.Ө-, Б.Д-,

Ж.Ц- нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:   

            прокурор Б.Бүжинлхам,

            шүүгдэгч Ж.Т, Н.Ө-нарын өмгөөлөгч Ц.Туул,

шүүгдэгч Б.Д-ын өмгөөлөгч О.Батсүх,

хохирогч Б.М, Л.Б, Р.Х,

хохирогч Х.О, Х.Э нарын өмгөөлөгч Э.Шинэзориг,  

            нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШЗ/1592 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Бүжинлхамын бичсэн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 60 дугаартай прокурорын эсэргүүцлийг үндэслэн Б.Ц-, Ж.Т, Н.Ө-, Б.Д-, Ж.Ц- нарт холбогдох 2014250004191 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. С овгийн Ж-ийн Т, Улаанбаатар хотод 1971 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Эдийн засагч, бизнес судлаач мэргэжилтэй, “-” ХХК-ийн захирал, ам бүл 4, охин, хүргэн, зээ нарын хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 000000 тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: 000000000000/

2003 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож прокурорын тогтоолоор 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэрэгсэхгүй болсон.

2. Б овгийн Н-ын Ө, Улаанбаатар хотод 1991 оны 08 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “--” ХХК-д хуулийн зөвлөх ажилтай гэх, ам бүл 4, эх болон нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, 000 дүгээр байрны 000 тоотод түр оршин суудаг, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 000000000/,

3. А овгийн Б-ийн Ц, Дорнод аймагт 1990 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, банкны эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ .... банкны Баянгол тооцооны төвд теллер, харилцагчийн зөвлөхөөр ажиллаж байсан, Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, 00 дүгээр гудамжны 000 байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 00000000000/,

4. У овгийн Б-гийн Д, Улаанбаатар хотод 1984 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “-” ХХК-ийн инженерээр ажиллаж байсан, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороо, Дэнжийн 00000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 000000000/

5. О овгийн Ж-гийн Ц, Ховд аймагт 1950 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 71 настай, эмэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, ам бүл 1, Баянгол дүүргийн 0 дүгээр хороо, 000 байрны 000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 00000000/

     Б.Ц- нь:

1. 00 банкны Баянгол дүүргийн 13 дугаар хороонд байрлах 116 дугаар салбарт теллер, харилцагчийн зөвлөхөөр ажиллаж байхдаа 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдөр “Хүүтэй мөнгө зээлнэ” гэж хамт ажилладаг Б.Н-ыг хуурч 4,500,000 төгрөг;

2. 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Мөнгөний хэрэг гарлаа, удаахгүй өгнө”  гэж 0 банкны харилцагч “0” ХХК-ийн нягтлан бодогч Ш.Дыг хуурч Н.Ө-гийн Хаан банкны 000000000 дугаарын дансаар 3,000,000 төгрөг;

3. 2013 оны 10 дугаар сарын 18-наас 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд хамт ажилладаг Д.Мд “Хүнд хүүтэй мөнгө зээлэх гэтэл мөнгө дутлаа, барьцаанд тавьсан байрны зөрүүг нь төлөөд авах гэж байгаа” гэх зэргээр хуурч нийт 18,860,000 төгрөг;

4. 2013 оны 07 дугаар сараас 09 дүгээр сар хүртэл Б.О-д “... байр худалдаж аваад, барьцаанд тавьж мөнгийг чинь хүүтэй буцааж өгнө...” гэж хуурч нийт 3,500,000 төгрөг;

5. 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд хүүтэй мөнгө зээлнэ гэж Ж.Ц-ыг хуурч 12,000,000 төгрөг;

6. 2011 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2013 оны 07 дугаар сар хүртэл хугацаанд хохирогч Ж.Тгаас “Ээжийн бие муу, эмчилгээний мөнгө хэрэг боллоо, 3 сарын хугацаатай мөнгө зээлээч, би хүмүүст өндөр хүүтэй мөнгө зээлдэг учир та санаа зовох зүйлгүй” гэж, “Хүнд мөнгө зээлэх гэтэл дутаад байна” гэж, “Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 5-58-18 тоот орон сууцыг худалдан авах гэтэл мөнгө дутаад байна” гэх зэргээр хуурч, 00 банкны 1160011488 дугаартай зээлийн гэрээг үзүүлэн төөрөгдүүлж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж нийт 186,000,000 төгрөг авсан;

Б.Ц-, Ж.Т нар бүлэглэн:

1. 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд “...Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 12 дугаар хороолол, 83-63 тоот орон сууцыг 62,000,000 төгрөгөөр худалдана, урьдчилгаа 50 хувийг төлөөд гэрчилгээгээ шилжүүлж, байрандаа оруулна...” гэж Х.Цыг хуурч нийт 20,000,000 төгрөг;

2. 2014 оны 03 дугаар сард “... ажил явдал гарлаа, мөнгө зээлээч...” гэж хохирогч Х.Н-ийг хуурч 500,000 төгрөг;

3. 2013 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд “... Сэлэнгэ аймагт баригдаж байгаа барилгад хөрөнгө оруулбал тодорхой хувь эзэмшүүлнэ...” гэж Х.О-ийг хуурч бэлнээр болон дансаар нийт 189,380,000 төгрөг;

2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Х.О-гийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 00-0 тоот 115,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцны өмчлөх эрхийг Ж.Э-аас авсан зээлийн барьцаанд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж, улмаар Ж.Б-с авсан зээлийн барьцаанд Ж.Э-аас Ж.Б руу шилжүүлүүлж орон сууцны өмчлөх эрхийг;

2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Х.О-гийн “Land cruiser 80” загварын 35-25 УНД улсын дугаартай 19,000,000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг худалдаж аваад оронд нь өөр автомашин авч өгнө гэж хуурч авсны улмаас Х.О-т нийт 323,380,000 төгрөгийн хохирол учирсан;

            Б.Ц-, Н.Ө-нар бүлэглэн:

            1. 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “...10,000,000 төгрөг зээлж, оронд нь Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хорооллын 83-63 тоот байрандаа суулгана...” гэж хохирогч Д.Э-ийг хуурч өөрсдийн хөлсөлж байсан байрандаа оруулж 10,000,000 төгрөг авсан;

            Б.Ц-, Ж.Т, Н.Ө-нар бүлэглэн:

            1. Хохирогч Л.Б-аас “...Daewoo dump truck загварын 51,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий 13-72 УНЯ улсын дугаартай ачааны автомашиныг 50,000,000 төгрөгөөр, “Hyundai porter” загварын 6,800,000 төгрөгийн үнэ бүхий 35-13 УНЯ улсын дугаартай автомашиныг 6,800,000 төгрөгөөр тус тус худалдан авна...” гэж хуурч 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Н.Ө-д уг автомашинуудыг бусдад худалдах, бэлэглэх, нэр шилжүүлэх, авто тээврийн газарт бүртгүүлэхэд төлөөлөх итгэмжлэл олгуулж, мөн өдрөө “0000” ББСБ-д барьцаалан 20,000,000 төгрөгийн, 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөгийн, нийт 25,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, өмчлөх эрхийг;

            2. 2013 оны 09 дүгээр сараас 11 дүгээр сарыг хүртэл хугацаанд Ж.Ц-д “...Автомашин барьцаалж хүүтэй зээл авна...” гэж хуурч Ж.Тгийн өмчлөлийн Daewoo загварын 18-81 УНО улсын дугаартай автомашинтай хамт “-” ББСБ-д барьцаалж, нэр дээр нь шилжүүлсэн 63-36 УНҮ улсын дугаартай “Mercedec Benz” загварын автомашины гэрчилгээг хуурамчаар үйлдэн барьцаалж нийт 51,000,000 төгрөг тус тус авсан;

Ж.Т нь ганцаараа:

1. 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Б.С-д “...Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 хорооллийн 47а байрны 65 тоот нэг өрөө орон сууцыг 34,500,000 төгрөгөөр борлуулж, Б.С өөрөө нэг өрөө орон сууц авхуулахаар хөрөнгө оруулалт хийсэн болно...” гэсэн баталгааг бичгээр үйлдэж, мөн өдрөө Б.С-тэй 34,500,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан хуурч 31,200,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцны өмчлөх эрхийг;

2. Л.Э-д түүний өмчлөлийн “...Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины - хаягт байрлах Г-2 тоот улсын бүртгэлийн дугаартай газар, үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлж, зээл аваад буцаан төлнө...” гэж хуурч 2013 оны 07 дугаар сарын 19-ний өдөр уг газрыг худалдах, худалдан авах гэрээ байгуулан нотариатаар гэрчлүүлэн, өмчлөх эрхийг шилжүүлэн авч 180,000,000 төгрөгийн хохирол учруулсан;

3. Д.Т-с 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд - арлын дугаартай 82,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий, - арлын дугаартай 80,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий “ser-200” загварын 2 ширхэг автомашиныг нийт 120,000 ам.доллараар худалдаж авна гэж хуурч, Д.Т-ын танил Б.М-ийн нэр дээр хохирогч Л.Э-оос залилан авсан Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Жанжины 0000хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх итгэмжлэл үйлдэн барьцаалан авч, бусдад зарж борлуулан 165,000,000 төгрөгийн хохирол учруулсан;

Ж.Т, Н.Ө-нар бүлэглэн:

1. Р.Хд “...Мөнгөний хэрэг боллоо, хүүтэй буцааж төлнө, Nissan Ernica загварын 0000 УБИ улсын дугаартай автомашиныг нь 6,000,000 төгрөгөөр худалдан авна...” гэж итгүүлэн 2014 оны 3 дугаар сард бэлнээр 4,000,000 төгрөг, 5,200,000 төгрөгийн үнэлгээ бүхий 0000 УБИ улсын дугаартай Nissan Ernica загварын автомашиныг хуурч авсан;

Ж.Т, Н.Ө-, Б.Д- нар бүлэглэн:

1. 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “-” ББСБ-тай зээлийн гэрээ байгуулан Ж.Тгийн өмчлөлийн 0000УНА дугаартай, Nissan Murano, 0000УБД улсын дугаартай Honda НR-V загварын автомашинуудтай хамт Б.Д-ын бусдад зарж борлуулсан 0000УНЗ улсын дугаартай Ноnda сivic загварын автомашины улсын бүртгэлийн гэрчилгээг хуурамчаар үйлдэн барьцаалж 20,000,000 төгрөгийн зээл авсан,

2. Б.Э-ээс Toyota kliger загварын 23,500,000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг 24,000,000 төгрөгөөр, Toyota prius-20 загварын 13,125,000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг 14,000,000 төгрөгөөр тус тус худалдан авна гэж хуурч 2014 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Б.Д-ын нэр дээр итгэмжлэл үйлдүүлэн, урьдчилгаа 5,000,000 төгрөгийг өгч үлдэгдэл төлбөрийг төлөлгүй бусдад зарж борлуулан залилж нийт 31,625,000 төгрөгийн хохирол учруулсан ;

Н.Ө-:

1. Б.Э-аас “...сарын 5 хувийн хүүтэй мөнгө зээлнэ...” гэж хуурч 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 2,500,000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 1,500,000 төгрөг, нийт 4,000,000 төгрөгийг Хаан банкны 000000000000000000 дугаарын дансаар шилжүүлэн авсан;

            Б.Д- ганцаараа:

            1. Х.Оээс “...Солонгосоос явуулсан төхөөрөмж авахад мөнгөний хэрэг боллоо...” гэж хуурч 2013 оны 6 дугаар сард 2,000,000 төгрөг;

            2. С.Зоос “ ...Барилгын материал оруулж ирдэг бизнес эрхэлдэг, гаалийн татварт мөнгө хэрэгтэй байна, 8 хувийн хүүтэй мөнгө зээлнэ...” гэж хуурч 2014 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 5,000,000 төгрөг тус тус авсан;

            Б.Д-, Ж.Ц- нар бүлэглэн:

            1. Хохирогч С.Лд “...6,000 ам.долларыг сарын 4 хувийн хүүтэй зээлнэ...” гэж хуурч 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 6,000 ам.доллар буюу 10,259,160 төгрөг авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ

Нийслэлийн прокурорын газраас Б.Ц-, Ж.Т, Н.Ө-, Б.Д- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтаар, Ж.Ц-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараахь байдлыг нотолно” гэсний 1.5 дахь заалтад “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ...” гэж хуульчилжээ.

Зарим хохирогч нарт хохирол төлсөн гэх баримтууд хэрэгт авагдсан, хохирлын тооцооноос хасагдаагүй талаар, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байна. Шүүгдэгч Б.Д- шүүгдэгч Ж.Ц-тай бүлэглэн хохирогч С.Лээс зээлийн гэрээ байгуулан 6,000 ам.доллар буюу 10,259,160 төгрөгийг хуурч шилжүүлэн авсан гэх үйлдэл дээр шүүгдэгч нарын хэн аль нь уг мөнгийг аваагүй гэж мэдүүлж байх ба энэ талаар хохирогч С.Лхамхүү, шүүгдэгч нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авах, хэрэгт авагдсан баримтуудын талаар хэргийн оролцогч нарыг байлцуулан хохирлыг хэн хариуцах болон гэмт хэрэг хамтран үйлдсэн талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь зүйтэй.

Шүүгдэгч Ж.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуульд заасан бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн аль шинжийг хангаж байгааг заагаагүй атлаа дээрх гэмт хэргээр зүйлчилсэн нь ойлгомжгүй байна.

Шүүгдэгч Б.Ц- нь хохирогч Ж.Ц-ыг “...автомашин барьцаалж хүүтэй зээл авна...” гэж хуурч мэхлэн “-” ББСБ-д барьцаалж, тус компанийн нэр дээр шилжүүлсэн 0000УНҮ улсын дугаартай “Mercecdec benz” загварын автомашины гэрчилгээг хуурамчаар үйлдэн барьцаалж 2013 оны 09 дүгээр сараас 11 дүгээр сарыг хүртэл нийт 51,000,000 төгрөг авсан гэх үйлдлийн хохирол дотор “... хүүтэй мөнгө зээлнэ...” гэж хуурч 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 12,000,000 төгрөг авсан үйлдлийн хохирол багтсан эсэхийг шалгах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч яллагдагчаас бусад хүний мэдүүлэгт ноцтой зөрүү байвал хоёр хүний хооронд нүүрэлдүүлж мэдүүлэг авч болно” гэж, 2 дахь хэсэгт “Яллагдагчийн нүүрэлдэж мэдүүлэг өгөх хүсэлтийг гэрч, хохирогч, бусад яллагдагч зөвшөөрсөн бол нүүрэлдүүлж мэдүүлэг авч болно” гэж тус тус хуульчилсан.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.Т болон түүний өмгөөлөгчөөс “... хохирлыг төлж барагдуулсан, төлөх төлбөргүй, гэрч М нь мөнгийг дундаас нь авсан байхад шалгуулах талаарх хүсэлтийг хүлээн аваагүй, “Нэт капитал финанс корпораци” ББСБ-тай хийсэн зээлийн гэрээнд “Honda civic” загварын автомашин барьцаалаагүй байхад барьцаалсан мэтээр бичсэн, уг байгууллагадд барьцаалсан автомашиныг 5,500,000 төгрөгөөр зарсан гэсэн боловч 10,000,000 зарсан талаар мэдүүлсэн байхад эдгээр мэдүүлгийн зөрүүг шалгаагүй...” гэсэн хүсэлт, шүүгдэгч Б.Д-ын гэмт хэрэг үйлдээгүй, шүүгдэгч Б.Ц-ийн хохиролтой холбоотой гаргасан хүсэлт зэргийг мөрдөн байцаалтаар шалгах нь зүйтэй байна.

Хэрэгт авагдсан хохирол барагдуулсан талаар баримтууд, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгийн зөрүүг арилгах, хохирлыг бүрэн бодитой тогтоох зорилгоор хохирогч, гэрч нар зөвшөөрвөл яллагдагч нартай нүүрэлдүүлэн байцаах ажиллагааг хийх шаардлагатай байна.

Хавтаст хэрэгт авагдсан хохирлын тооцоо нь шүүгдэгч, хохирогч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нь  зөрүүтэй ба шүүх хуралдаанаар дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй...” гэсэн дүгнэлт хийн хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол Б.Ц-, Ж.Ц-, Ж.Т, Н.Ө-, Б.Д- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Прокурор Б.Бүжинлхам бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгчийн захирамжид хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчсөн. Шүүгдэгч Б.Ц- нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг тогтоох ажиллагааг бүрэн явуулж нотлох баримтад үндэслэн шүүгдэгч тус бүрээр яллах дүгнэлтэд тодорхой дурьдсан. Шүүгчийн захирамжид дурьдсан асуудлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоохтой холбоогүй бөгөөд шүүхээс шийдвэрлэх ёстой асуудал байхад “... гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг бүрэн тогтоогоогүй ...” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй.

Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг бүхий хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагч нарын хохирогч нарт гаргаж өгсөн мөнгө авсан баталгаа, баримт болон бусад нотлох баримтаар давхар нотлогдсон байхад шүүхээс шүүх хуралдааны явцад шүүгдэгч нарын гэм бурууг зөвшөөрөхгүй, хохирлын талаар маргасан ч  тодорхой нотлох баримтгүй мэдүүлэгт үндэслэн хэргийг дахин шалгуулахаар буцаасан нь буруу. Өөрөөр хэлбэл, мэдүүлгийн эх сурвалж тодорхой, хохирогч нарын мэдүүлгийг ямар учраас үнэлэх боломжгүй, яллагдагч шүүгдэгч нартай заавал нүүрэлдүүлж, мэдүүлгийн зөрүүг шалгах шаардлагатай гэж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” шаардлага нийцээгүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзнэ.

Хохирогч Ж.Ц-ы анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Б.Ц-тай гадаа гарч уулзсан. “Миний ээжийн төрсөн дүү байгаа юм. Гадаад харилцаатай, хүүтэй мөнгө зээлээч” гэж хэлсэн. Ж.Т “Санхүүжилт дутаж байна. Байраа зараад барьцааг хангалттай өгнө” гээд 30,000,000 төгрөг, 21,000,000 төгрөгийг Ж.Т, Н.Ө-нар авсан. Б.Ц- өөрөө магистрийн сургалтад сурах гэтэл мөнгө дутаад байна гэж 12,000,000 төгрөг зээлсэн...” гэсэн мэдүүлэг /31-р хх 57-58/, Б.Ц-д мөнгө өгсөн баримт /2-р хх 193-194/ зэргээр хохирогч Ж.Ц-аас яллагдагч Ж.Т, Н.Ө-, Б.Ц- нар бүлэглэн 51,000,000 төгрөг, Б.Ц- нь тусдаа “Магистрын төлбөр” гэж хуурч 12,000,000 төгрөг авсан үйл баримт тогтоогдсон.

Хохирогч Д.Т /19-р хх 172-173/, гэрч Б.М /19-р хх 187-189/, Д.Ц /19-р хх 190/, иргэний нэхэмжлэгч Ж.Б /20-р хх 71-72/, хохирогч Л.Э /3-р хх 173-174, 20-р хх 108/ нарын мэдүүлэг болон эд хөрөнгө шилжүүлэх итгэмжлэл болон бусад нотлох баримтуудаар үйлдэл нотлогдсон байдаг.

Ж.Т нь хохирогч Л.Эын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Жанжин 00-00 хаягт байрлах Г-2204004774 тоот улсын бүртгэлийн дугаартай газар, үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлж, зээл аваад буцаан төлнө гэж хуурч 2013 оны 07 дугаар сарын 19-ний өдөр уг газрыг худалдах, худалдан авах гэрээ байгуулан нотариатаар гэрчлүүлэн, өмчлөх эрхийг шилжүүлэн авч, хохирогч Д.Т-оос 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2014 оны  04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд “Toyota Land Cruiser-200” загварын 2 автомашиныг нийт 120,000 ам.доллараар худалдан авна гэж хуурч хохирогч Д.Т-ын танил Б.М-ийн нэр дээр хохирогч Л.Э-оос залилан авсан Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Жанжин 000 хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх итгэмжлэл үйлдэн барьцаалан авч, бусдад зарж борлуулсан үйл баримт нотлогдсон. Хохирогч Л.Э-ын үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээ хохирогч Д.Т-д байгаа бөгөөд Ж.Тгийн Д.Т-оос Б.М-ээр дамжуулан авсан 2 автомашиныг зарж борлуулсан 80,000,000 төгрөгийг гэрч Д.Ц-т өгөх зэргээр захиран зарцуулж хохирол учруулсан үйл баримт бүрэн нотлогдсон. Харин 2 автомашины мөнгийг гэрч Б.М-д бүрэн төлсөн гэж маргаж байгаа нь баримтаар тогтоогдоогүй болно. Мөрдөн байцаалтын шатанд хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн дээрх асуудлын талаар гэрч Б.М-тэй холбоотой асуудлыг шалгах нь зүйтэй гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэснийг ноцтой зөрчсөн.

...хохирогчийн хууль ёсын төлөөлөгч Б.М-ийн “...Ж.Т нар нь манай байгууллагатай 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, Ж.Тгийн өмчлөлийн 0000УНА улсын дугаартай “Nissan Murano” 0000 УБД улсын дугаартай “Honda HR-V” загварын автомашинуудын хамт, 0000УНЗ улсын дугаартай “Honda civic” автомашины бичиг баримтыг хуурамчаар үйлдэн барьцаалж, хуурч мэхлэн 20,000,000 төгрөгийн зээл авсан... нийт 19,518,000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн гэж үзэж байна. Одоо 482,000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдөөгүй байгаа...” гэсэн мэдүүлэг 31-р хх 105/, Ж.Т, Н.Ө-нар нь 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “000” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 0000 УНА улсын дугаартай “Nissan Murano” 0000 УБД улсын дугаартай, “Honda HR-V” 0000 УНЗ улсын дугаартай “Honda civic” загварын автомашинуудыг барьцаалан 20,000,000 төгрөгийн зээл авсан зээлийн гэрээ /3-р хх 193/, Зам тээврийн яамны 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 362 дугаартай албан бичиг “...0000 УНЗ улсын дугаартай “Honda civic” загварын EU арлын дугаартай тээврийн хэрэгслийн 0033437 дугаартай гэрчилгээнд бичигдсэн шилжилт хөдөлгөөний бүртгэлүүд тус газрын VRS сүлжээнд хийгдээгүй байна...” /13-р хх 134/, 73-36 УНЗ улсын дугаартай “Honda Civic” загварын автомашины бүртгэл, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой баримтууд /13-р хх 187-203/ зэргээр тухайн маргаж буй автомашины бичиг баримтыг хуурамчаар үйлдэж барьцаалсан нь нотлогдсон бөгөөд ББСБ-аас барьцаанд тавьсан автомашиныг 5,500,000 төгрөгөөр зарсан, эсхүл 10,000,000 төгрөгөөр зарсан эсэх нь Ж.Т, Н.Ө-нарыг залилах гэмт хэргийг хянан шйидвэрлэх хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй ач холбогдолтой зүйл биш гэж үзнэ.

...Улсын яллагчаас анхан шатны шүүх хуралдаанд Ж.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах, гэм буруутайд тооцох талаар санал дүгнэлтээ гаргасан ба шүүхийн шатанд зүйлчлэлийн асуудлыг хөнгөрүүлэн, өөрчлөн шийдвэрлэх боломжтой байсан. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

Хохирогч Х.О, Х.Э нарын өмгөөлөгч Э.Шинэзориг бичгээр гаргасан хариу тайлбар болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүгчийн захирамжид гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн эсэх, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх...” зэрэг асуудлыг шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжтой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх хэмжээг тогтооно” гэж заасан. Гэмт хэргийн улмаас хохирогч Х.От 189,380,000 төгрөгийн хохирол, Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, 00000 тоот хаягт байрлах 115,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцны өмчлөх эрх, 0000УНД улсын дугаартай 19,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий автомашин зэрэг нийт 323,380,000 төгрөгийн хохирол, мөн шүүгдэгч Б.Д- ганцаараа хохирогч Х.От 2,000,000 төгрөгийн хохирол учруулснаас 500,000 төгрөг төлсөн. Хохирогч Л.Эд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 0000 тоот хаягт байрлах 180,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий газар, хувийн сууцны өмчлөх эрхийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Ж.Т ганцаараа болон шүүгдэгч Б.Ц-тай бүлэглэн гэмт хэрэг үйлдэж, их хэмжээний хохирол учруулсан. Түүнчлэн залилах гэмт хэргийн улмаас нэр бүхий 17 хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт нийт 1,143,704,160 төгрөгийн хохирол, хор уршиг учирсан байдаг. 7 жил гаруй хугацаанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан хэдий ч өнөөдрийг хүртэл анхан шатны шүүх удаа дараа залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй, шүүх удаа дараа хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж байсан. Анхан шатны шүүхийн шийдвэр, үйл ажиллагаанаас болж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч, гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дуусах, яллагдагч, шүүгдэгч нар ял завших боломж бүрдсэн. Дээрх хугацаанд шүүхээс гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болоод сэтгэл санааны маш их хохирол амссан, эд хөрөнгөө залилуулж, олон жил бусдын орон байр түрээслэж, толгой хорогдож, өр зээлтэй амьдарч байгаа хохирогч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх ямар ч арга хэмжээ аваагүйг дурдах нь зүйтэй. Шүүхээс зөвхөн шүүгдэгч, залилан мэхлэгч нарын мэдүүлэг, хүсэлтийг үндэслэн, тэдний эрх, ашгийн үүднээс мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хүсэлтийг нь хүлээн авч, удаа дараа хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж байгаад хуульч хүний хувьд харамсаж байна. Учир нь шүүхийн шийдвэр, үйл ажиллагааны цаана иргэдийн шүүхэд итгэх итгэл, шүүхийн байгууллагын нэр хүндийн асуудал давхар хөндөгдөж байдаг бөгөөд үүнийг онцгой анхаарах шаардлагатай.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

Хохирогч Б.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би энэ хэргийг хурдан шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүх хуралдаанд хохирогч нарын эрх ашиг огтхон ч яригдахгүй байна. Бидний эрх ашгийг хэн, хэрхэн хамгаалах талаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна” гэв.

Хохирогч Л.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Хохирогч нарын эрх ашгийг огтхон ч хамгаалахгүй байна. Бид 8 жилийн турш хохирсон биш хохироосон мэт явж байна. Хэргийг шүүхээр шийдүүлмээр байна” гэв.

Хохирогч Р.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирлоо хурдан барагдуулмаар байна. Шүүх хурал их болдог ч тодорхой шийдвэрлэгдсэн зүйлгүй. Би автомашин, хувцас, мөнгө зэрэг нийлээд 20,000,000 төгрөг өгсөн байхад үнэлгээгээр 10,000,000 төгрөг орчим болсон” гэв.

Шүүгдэгч Ж.Т, Н.Ө-нарын өмгөөлөгч Ц.Туул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэлтэй санал нийлэхгүй байна. Энд яригдаж байгаа хэрэг 2013-2014 онд үйлдэгдсэн, 8-9 жилийн хугацаа өнгөрсөн байна. 9 мөрдөгч, 5 прокурор хяналт тавин ажиллаж, 4 удаагийн шүүх хуралдаанаар хэргийг нэг ч удаа бүрэн гүйцэд шалгаж чадаагүй, мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй. Хохирогч нар Ж.Т, Н.Ө гэх хоёр залилагчийг өмгөөлөгч нар өмгөөлөөд байдаг гэж ойлгодог. Гэтэл хэрэгт бүх нотлох баримтууд тодорхой авагдсан байхад прокурор тун хариуцлагагүй хандсан. Яллах дүгнэлт, прокурорын эсэргүүцэл ямар байсан, шүүхээс яагаад хэргийг буцаасан талаар шүүх хуралдааны тэмдэглэлтэй сайн танилцахыг хүсэж байна. Анхан шатны шүүх хуралдаан 4 өдрийн турш явагдахад шүүгдэгч нарын мэдүүлгүүд бүгд хоорондоо зөрүүтэй байсан. Прокурорын эсэргүүцэлд Д.Т-ын автомашины мөнгө гэж бичигдсэн. Хэргийн 22 дахь хуудаст төлөгдсөн мөнгөнүүдийн баримт байхад уг мөнгийг төлөгдөөгүй гэж ярьж болохгүй. Прокурор хэргээ ойлгоогүй, уншаагүй, шалгаагүйгээс болж шүүх хуралдаан олон дахин хойшилж, шүүх үнэн зөвийг олж, шударгаар шийдвэрлэх гээд буцаадаг. “0” ХХК-иас барьцаанд тавьсан автомашиныг 5,500,000 төгрөгөөр зарсан, эсхүл 10,000,000 төгрөгөөр зарсан эсэх нь Ж.Т, Н.Ө-нарыг залилах гэмт хэргийг хянан шийдвэрлэх хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй ач холбогдолтой зүйл биш гэж эсэргүүцэлд бичжээ. Гэтэл хуурамчаар үйлдсэн хүн нь Б.Ц- байхад түүний үйлдлийг Ж.Т, Н.Ө нартай холбож байгааг ойлгохгүй байна. Иймд шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийх шаардлагатай тул дэмжиж байна“ гэв.

Шүүгдэгч Б.Д-ын өмгөөлөгч О.Батсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Энэ хэрэг анхан шатны шүүхээр 4 удаад хэлэлцэгдэж прокурорт буцсан. Ингэхдээ шүүх хохирол төлбөрийн асуудал болон мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой нотлох баримтын зөрүүг нягталж шалгахыг дурьддаг боловч мөрдөгч, прокурор огт хийгддэггүй. Миний үйлчлүүлэгч Б.Д-ын хувьд Х.О, С.З нартай холбоотой хохирлын асуудал яригдаж байгаа. Х.О өмнө нь 2,000,000 төгрөгийн асуудлын талаар ярихгүй байж байгаад мөрдөгч Ц гэх хүн хэргийг шалгаснаас хойш ярьж эхэлдэг. Цы мэдүүлэг 26 дугаар хавтаст хэргийн 24 дэх хуудас,  27 дугаар хавтаст хэргийн 171 дэх хуудсанд авагдсан. Ц нь Б.Д-ын биед халдаж, эрх чөлөөг нь зөрчсөн учраас сахилгын шийтгэл хүлээж байсан. Үүнтэй холбоотой Х.О, С.З нарын мэдүүлэг зөрүүтэй болсон. Хохирогч Х.О хэзээ, хэдэн төгрөг өгснөө мэдэхгүй, санахгүй байна гэж шүүх хуралдаанд мэдүүлж байсан. Тиймээс шүүх энэ мөнгө бодитой эсэхийг шалга гэсэн нь үндэслэлтэй. Мөн “000” ХХК-аас 5,500,000 төгрөгөөр автомашиныг барьцаалсан бол Автотээврийн үндэсний төв рүү явуулсан бичгийг нь гаргуулж өгнө үү гэсэн хүсэлтийг мөрдөн байцаалтын шатанд 3 удаа гаргасан. Тухайн үед Б.Д-т автомашиныг өгсөн үү, Ж.Тд өгсөн үү, “0000” ХХК-д үзүүлж байсан уу гэдэг нь мэдэгдэх ёстой. Өөрөөр хэлбэл, зээл авахаас өмнө өөр хүнд шилжсэн, эзэмшээд явж байсан гэдэг нь Автотээврийн үндэсний төвийн лавлагаагаар тогтоогддог. Тиймээс мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдээгүй гэдэг нь тодорхой харагдаж байна. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Ц-, Ж.Т, Н.Ө-, Б.Д-, Ж.Ц- нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл муутай гарчээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийг хэн, хэрхэн үйлдсэн болон гэм хорын хохирол, хор уршиг, үүнээс төлөгдсөн хохирлын хэмжээний талаар хохирогч, гэрч, шүүгдэгч нараас удаа дараа мэдүүлэг авсан, мөн хохирол, төлбөртэй холбоотой бичгийн нотлох баримтуудыг хэрэгт хавсаргасан байна. Өмнө нь шүүх нэг бус удаа хохирлын хэмжээг бодитой тогтоох, хэн ямар хэмжээгээр хариуцахыг шалгах шаардлагатай гэж хэргийг буцааж байжээ.

Дээрх тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтын дагуу гэмт хэргийг хэн үйлдсэн, 1.5 дахь заалтын дагуу хохирол, хор уршгийн шинж чанарын талаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ.

Дашрамд дурьдахад, шүүхээс нүүрэлдүүлэн мэдүүлэг авахыг даалгаж хэргийг прокурорт буцаасан нь буруу болсныг тэмдэглэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа илэрвэл шүүхээс хэргийг прокурорт буцаах эрхтэй. Нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэл нь хэргийн бодит байдлын талаар шүүхээс хууль ёсны, үндэслэл бүхий дүгнэлт хийхэд сөргөөр нөлөөлж буй нөхцөл байдал гэж ойлгоно. Харин шүүхээс тодорхой нэг мөрдөн шалгах ажиллагааг явуулахаар заах нь шүүх хөндлөнгийн байр сууринаас хазайсан, талууд оролцоотой мэтгэлцүүлэн шүүх зарчмыг хэрэгжүүлэн хэргийн бодит байдлыг тогтоох үүргээс хальсан, улмаар хэт нэг талыг барьсан шийдвэр болохыг цаашид анхаарвал зохино.

Шүүгдэгч Ж.Ц-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтаар тогтоосон нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж хуулиар олгогдсон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын дотор шийдвэр гаргах бүрэн боломжтой байжээ.

Шүүгдэгч Ж.Т, Н.Ө-, Б.Ц-, Б.Д-, Ж.Ц- нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаагаар шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой нөхцөл байдлуудыг бүрэн шалгасан, оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан ноцтой зөрчил гараагүй байх тул шүүхээс яллах болон өмгөөлөх талуудын мэтгэлцээнд үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгч Ж.Т, Н.Ө-, Б.Ц-, Б.Д-, Ж.Ц- нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШЗ/1592 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Ж.Т, Н.Ө-, Б.Ц-, Б.Д-, Ж.Ц- нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Шүүгдэгч Ж.Т, Н.Ө-, Б.Ц-, Б.Д-, Ж.Ц- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ДАРЬСҮРЭН

 

                                 ШҮҮГЧ                                                   Д.ОЧМАНДАХ

 

                                 ШҮҮГЧ                                                   М.ПҮРЭВСҮРЭН