Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 106

 

Б.Ж-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэнням, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 314 дүгээр шийтгэх тогтоол, Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар магадлалтай, Б.Ж-д холбогдох 1834004970289 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэннямын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1975 онд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, Х овогт Б-ын Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Ж-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэнням гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Шүүгдэгч Б.Ж нь хэрэг гарсан цагаас эхлэн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, гэмшин бодит байдлыг зөв дүгнэж хохирогч талд мөрдөн байцаалтын шатанд 10,000,000 төгрөг, анхан шатны шүүх хуралдаанаас хойш 6,038,494 төгрөг нийт 16,038,494 төгрөгийн шууд болон шууд бус хохирлыг хохирогчид төлсөн байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсэгт “Уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн” гэж дүгнэсэн байна. Мөн хэсэгт “мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч ... зарим хохирлыг нөхөн төлсөн, хохирол төлөхөө илэрхийлсэн боловч хэргийн улмаас учирсан хохирлоос үүссэн хор уршиг бүрэн арилаагүй, хохирлыг хэзээ, хэрхэн төлж барагдуулахаа шүүхэд илэрхийлээгүй, хохирогч Г.А, М.Э нар нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1, 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоолоо” гэжээ. Тогтоолоос харахад шүүгдэгч Б.Ж хувийн байдлын хувьд анх удаагаа эрүүгийн хэрэгт холбогдсон, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ам бүл 8, эхнэр, дүү, эх, 4 хүүхдийн хамт амьдардаг, хохирогчид мөрдөн байцаалтын шатанд 10,000,000 төгрөгийн хохирол төлсөн боловч үлдэгдэл 1,538,494 төгрөгийн хохирлыг төлөх тухайгаа илэрхийлсэн хэдий ч хэзээ төлөх, хэрхэн төлөхөө шүүхэд илэрхийлээгүй гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 6.7, 7.1 дүгээр зүйлийг хэрэглээгүй гэж үзэхээр байна.

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан хохирол төлбөрийн асуудлыг шүүгдэгчийн зүгээс бүрэн барагдуулж анхан шатны шүүх хуралдаанаас хойш 6,038,494 төгрөгийн хохирлыг хохирогчид хүлээлгэн өгч нийт 16,038,494 төгрөгийн хохирол барагдуулж төлсөн байдаг. Дээрх нөхцөл байдлыг дурдан давж заалдах шатны шүүхэд Б.Ж-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар багасгах тухай гомдол гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүх гомдлыг хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийн 6.7 зүйлийн 1.1 дэх заалтыг хэрэглэх эсвэл хэрэглэхгүй байх тухай хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр “Ял хөнгөрүүлэх” тухай гомдол гэж нэрлэн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж магадлал гаргажээ. Иймд Эрүүгийн хуулийн тусгай 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.6 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, 1 жил хорих ялыг тэнсэж үүрэг хүлээлгэж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барьснаас болж зам тээврийн осол гарч, улмаар бусдын эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүх хэрэгт авагдсан үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэннямын гаргасан гомдлыг үндэслэн Б.Ж-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Ж нь 2018 оны 07 дугаар сарын 13-ны орой 21 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт “Портер” загварын 85-97 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан ”...согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 8.2-т заасан “...эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглох” тухай заалтуудыг тус тус зөрчсөний улмаас “Хондо си эйр ви” загварын 33-83 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж, Г.А-ын эрүүл мэндэд хүнд хохирол, М.Э-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.Г-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Б.Б-ын эд хөрөнгөд 5,929,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Ж-ы гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Б.Ж нь анхан шатны шүүх хуралдаанаас өмнө хохирогч нарын эмчилгээний зардалд 4,000,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Б-ын тээврийн хэрэгсэлд учирсан 6,000,000 төгрөгийн хохирлыг сайн дураар төлснөөс гадна анхан шатны шүүхийн шийдвэрээр хохирогч Б.Г-д олгуулахаар шийдвэрлэсэн 1,538,494 төгрөг болон шүүхээс нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэхээр заасан хохирогч М.Э-ын ажилгүй байсан хугацааны цалин болох 4,500,000 төгрөгийг давж заалдах журмаар хэргийг хянан хэлэлцэх явцад бүрэн төлж барагдуулж, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон байтал давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн согтуурлын хэмжээ /2.6 промилл/-г үндэслэн хорих ялыг тэнсэх зохицуулалтыг хэрэглэхээс татгалзсан нь үндэслэл муутай болжээ.  

Давж заалдах шатны шүүхийн хорих ялыг тэнсэхээс татгалзах үндэслэл болсон “согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн” гэх нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн үндсэн шинжээр тогтоон хуульчлагдсан тул Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт зааснаар шийтгүүлж буй Б.Ж-ы хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд дахин тооцогдох учиргүй болно.

Шүүгдэгч Б.Ж нь хохирогч нарт нийт 16,038,494 төгрөгийг төлснөөс гадна цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг арилгасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх нь эрүүгийн хариуцлага шударга байх зарчимд нийцнэ гэж үзэв.

Харин шүүгдэгчид тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, хэрэв албадлагын арга хэмжээг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид анхааруулахаар тогтов.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт дээрх өөрчлөлтийг оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэннямын гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 314 дүгээр шийтгэх тогтоол, Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар магадлалд:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй”,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-д зааснаар тэнсэгдсэн хугацаанд шүүгдэгч Б.Ж-д согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай”,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж нь шүүхээс хүлээлгэсэн эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг зохих хугацаанд биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай” гэсэн нэмэлт өөрчлөлтийг тус тус оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтын шүүгдэгчид хорих ял оногдуулсан болон хорих ял эдлэх дэглэмийг тогтоосон хэсгийг, шүүгдэгч Б.Ж-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан 4 дэх заалтыг бүхэлд нь тус тус хүчингүй болгож, түүнийг нэн даруй сулласугай.

                       

 

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН