Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 00010

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болормаа даргалж хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Р.Рагчаа, Ж.Ганчимэг, Д.Доржпүрэв, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золжаргал

            Хариуцагч: Орхон аймгийн Сонгуулийн хороонд холбогдох

 

            “Орхон аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 04 тоот тогтоолын “Орхон аймгийн Ардчилсан намын нэр дэвшигчдийг 6 дугаар хавсралтаар баталсугай” гэсэн хэсэг болон 6-р хавсралтыг бүхэлд нь хүчингүй болгох, Орхон аймгийн Ардчилсан намын 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр нэр дэвшүүлсэн 33 нэр дэвшигчийг бүртгэж өгөхийг Орхон аймгийн Сонгуулийн хороонд даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Д.Оюунбилэг, нэхэмжлэгч Э.Амарбаясгалан, Б.Алтанхуяг, Д.Цог-Очир, Д.Ганбат, Р.Рагчаа, Д.Доржпүрэв, Ж.Ганчимэг, М.Болдбаатар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золжаргал, нэхэмжлэгч Д.Доржпүрэвийн өмгөөлөгч Д.Тогтохбаяр, хариуцагч Г.Батдэлгэр, гуравдагч этгээд Ч.Өлзийбаяр, Т.Соёл-Эрдэнэ, Г.Баатарсүрэн, Б.Ганбат, Д.Ганболд, Д.Батхишиг, Ц.Ойдов, Д.Цэрэнням, гуравдагч этгээдийн өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Орхон аймгийн Ардчилсан нам 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хуралдаж Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д зааснаар Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд 33 хүний нэрийг дэвшүүлэхээр шийдвэрлэсэн. Ингээд Орхон аймгийн Ардчилсан нам 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 16 цаг 47 минутад 33 нэр дэвшигчийн материалыг албан ёсоор баталгаажуулан аймгийн Сонгуулийн хороонд биечлэн хүргүүлсэн. Гэтэл аймгийн Ардчилсан намын С.Сувдаа Н.Жаргалсайхан, И.Баасанжав, Ц.Батхуяг тэргүүтэй хэсэг гишүүд 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хууль бусаар хурал зохион байгуулж мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 33 нэр дэвшигчийг тодруулсан. Ингэж тодруулахдаа уг хуралд оролцоогүй намын хорооны гишүүдийн нэрсийг өөрсдийнх нь зөвшөөрөлгүйгээр давхардуулж нэр дэвшигчдийн бүртгэлд оруулсан. Сонгуулийн тухай хууль, Ардчилсан намын журамд зааснаар нэр дэвшигчдийг тухайн орон нутгийн намын дарга гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулсан байх ёстой боловч гарын үсэг зураагүй, тамга дараагүй байдаг. Ардчилсан намын дарга З.Энхболдоос Орхон аймгийн Ардчилсан намын дэд дарга С.Сувдаад итгэмжлэл олгосон гэх боловч уг итгэмжлэлээр олгогдсон Сонгуулийн тухай хууль, Ардчилсан намын үндсэн дүрэм болон журамд заасан үйл ажиллагааг явуулаагүй. Мөн итгэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр олгосон байна. Энэ нь нэр дэвшүүлэх ажиллагааг явуулах эрхгүй этгээд нэр дэвшүүлэх ажиллагаа явуулсан гэх үндэслэл болно. Мөн эдгээр хүмүүсийн өгсөн материал нь хуулийн шаардлага хангасан эсэх нь эргэлзээтэй, Сонгуулийн хороонд бүртгүүлэхдээ хуульд заасан хугацааг хожимдуулсан, биечлэн өгөөгүй нь баримтаар нотлогдож байгаа болно. Орхон аймгийн Ардчилсан намын зүгээс хуулийн шаардлага хангасан нэр дэвшигчдийн материалыг хуулийн хугацаанд сонгуулийн хороонд хүлээлгэн өгсөн. Аймгийн Сонгуулийн хороо нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг материал хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор шийдвэрлэж мэдэгдэх үүрэгтэй байтал одоо хүртэл намын нэр дэвшигчдийг бүртгэсэн эсэх талаар тогтоол гараагүй байна. Энэ хугацаанд аймгийн Сонгуулийн хорооноос 2016 оны  5 дугаар сарын 15-ны өдөр № 14 тоот Орхон аймгийн Ардчилсан намын дарга Г.Батмөнх танаа “ Монгол улсын Сонгуулийн тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т “Нам нэр дэвшүүлэхдээ тухайн орон нутгийн хурлын сонгуулийн тойрог тус бүрт ногдсон мандатын тоотой адил тооны хүнийг нэр зааж нэр дэвшүүлэн, нийт нэр дэвшигчдийн тойргийн дугаарын дагуу дугаарласан байна” гэсэн хуулийн шаардлагад нийцүүлэн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө тодруулга өгнө үү.” гэсэн албан бичиг ирүүлсэн. Аймгийн Ардчилсан нам 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн №53 тоот албан бичгээр сонгуулийн мандатын тоотой адил тооны нэр дэвшигчдийн нэрсийг холбогдох баримтын хамт хүлээлгэн  өгснөө баталгаажуулж тодруулга өгсөн. Орхон аймгийн Сонгуулийн хороо нэр бүхий гишүүдийн биечлэн хүлээлгэж өгөөгүй, хуулийн хугацаанаас хожимдуулж цонхон дээр тавьсан материалыг өөрсдөө авсан. Сонгуулийн хорооны дарга Г.Батдэлгэр нь 2016 оны 5 дугаар сарын 12 болон 13-ны өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон олон нийтэд хандаж мэдэгдэхдээ “цонхоор   өгсөн материалыг хүлээн авах боломжгүй юм. Учир нь хуулийн хугацаа дууссан байсан” гэж тайлбарлаж байсан. Гэтэл 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 04 дугаартай тогтоолын 6 дугаар хавсралтаар цонхоор өгсөн нэр бүхий гишүүдийн нэрсийг Сонгуульд нэр дэвшигчээр баталгаажуулсан байна. Дээрх үйлдэл нь  Монгол улсын Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно”, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэснээр Сонгуулийн хороо болон С.Сувдаа, Н.Жаргалсайхан тэргүүтэй хүмүүс Ардчилсан намын хууль ёсны нэр дэвшигчдийн сонгогдох эрхийг хууль бус үйлдлээрээ хязгаарлаж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах оролдлого гэж үзэж байна. Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2-т “Нэр дэвшүүлсэн нам нэр дэвшүүлэх ажиллагааны  талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан дараах баримт бичгийг орон нутгийн цагаар 17 цаг 00 минутаас өмнө тухайн шатны сонгуулийн хороонд биечлэн ирүүлнэ” гэсэн заалтыг ноцтой зөрчин С.Сувдаа, Н.Жаргалсайхан  тэргүүтэй гишүүд 17 цаг 03 минутад материалыг Орхон аймгийн Сонгуулийн хорооны цонхон дээр тавьсан. Ийнхүү тавьсан материалыг Орхон аймгийн Сонгуулийн хорооны гишүүн авч дарга Г.Батдэлгэрт өгсөн.  Энэ үйлдэл нь Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5.10-д заасан “хуулиар хориглосон бусад аливаа үйлдэл гаргах, зохион байгуулах, оролцох”-ыг хориглоно гэснийг зөрчсөн. Орхон аймгийн Ардчилсан нам Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д “Сонгуульд оролцох нам нэр дэвшүүлэх ажиллагааг санал өгөх өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгана” гэж заасны дагуу 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр нэр дэвшигчдээ тодруулсан. Үүнтэй зэрэгцэн намын хорооны хурал зарлах эрхгүй нэр бүхий гишүүд мөн өдөр хууль бусаар 33 хүнийг нэр дэвшигчээр тодруулсан байдаг. Улс төрийн намын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Намын дотоод зохион байгуулалт, удирдлагын тогтолцоог намын дүрмээр зохицуулна” гэж зааснаар Ардчилсан нам Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулж баталгаажуулна. Тиймээс хууль бусаар нэр дэвшүүлсэн гишүүдийн нэрсийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, Орхон аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 04 тоот тогтоолын “Орхон аймгийн Ардчилсан намын нэр дэвшигчдийг 6 дугаар хавсралтын баталсугай гэсэн хэсэг болон 6 дугаар хавсралтыг бүхэлд нь хүчингүй болгох, Орхон аймгийн Ардчилсан намын 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр албан ёсоор бүртгүүлсэн нэр бүхий 33 гишүүний материалыг бүртгэж өгөхийг Орхон аймгийн Сонгуулийн хороонд даалгах тухай нэхэмжлэлээ дэмжиж байна.” гэв.

 

            Хариуцагч Орхон аймгийн Сонгуулийн хорооны дарга Г.Батдэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Орхон аймгийн Сонгуулийн хороо шийдвэрээ хуулийн дагуу гаргасан. 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Сонгуулийн Ерөнхий хорооноос албан тоот ирүүлсэн. 6 дугаар сарын 12-ны өдрөөс сонгуулийн саналын хуудас хэвлэгдэх гэж байгааг анхаарч асуудлыг хурдан шийдвэрлүүлэх хэрэгтэй байна.” гэв.

            Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би С.Дангаасүрэн, Батбаяр нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа. Нэхэмжлэгч нарын зүгээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Ардчилсан нам гишүүдээсээ нэр дэвшүүлсэн. Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д заасны дагуу намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргааныг шүүх хянан шийдвэрлэхгүй. Нам гишүүдээсээ сонгуульд оролцох нэрсийг шийдвэрлэдэг. Иймээс шүүх Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д заасны дагуу үнэлэлт өгөх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагад 33 хүнийг нэр дэвшигчээр бүртгүүлэхийг даалгаж байгаа боловч 10 гаран хүн нэхэмжлэл гаргасан байна. Онолын хувьд популяр нэхэмжлэл гаргах эрх гэж байдаг. Энэ нь өндөр хөгжилтэй улс оронд зөвшөөрөгддөг. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг зааснаас гадна Сонгуулийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т тодорхой шаардлагуудыг заасан байдаг ба энэхүү шаардлагуудыг хангаагүй бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахыг заасан. Гэтэл нэхэмжлэлд дээрхи хуулийн 113.2.2-т заасан  шуудангийн хаягийг тусгаагүй байна. Мөн холбоо барих 2-оос доошгүй хүний утас, мөн хуулийн 113.2.5-д заасан бүрдүүлбэрийг хангаагүй байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн. Нэхэмжлэлд дурьдсан намын дотоод асуудал болон хэргийн бүрдүүлбэр хангаагүй учраас шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.” гэв.  

                                              

                                                              ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч нар болон нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “Орхон аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 04 дугаартай тогтоолын “Орхон аймгийн Ардчилсан намын нэр дэвшигчдийг 6 дугаар хавсралтаар баталсугай” гэсэн хэсэг болон 6 дугаар хавсралтыг бүхэлд нь хүчингүй болгох, Орхон аймгийн Ардчилсан намын 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр нэр дэвшүүлсэн 33 нэр дэвшигчийг бүртгэхийг Орхон аймгийн Сонгуулийн хороонд даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэлээ.

            Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдүүд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.

            Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон тэдгээрийн өмгөөлөгч М.Ганзориг нэхэмжлэгч нарыг шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Сонгуулийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2.2, 113.2.3, 113.2.5-д заасан шаардлагуудыг хангаагүй байхад нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн нь үндэслэлгүй. Мөн нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан  учраас нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэсэн болно. Нэхэмжлэгч нар нь Сонгуулийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т ”Хуульд зааснаас гадна нэхэмжлэлд дараах мэдээллийг тусгах буюу, хавсаргах бөгөөд ...” гэж зааснаас үзэхэд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “Нэхэмжлэгчийн эрх үүрэг” гэсэн 19 дүгээр зүйлийн 19.2.1-д заасан “Захиргааны хэргийн шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх” үүргийг хэрэгжүүлэхэд нэхэмжлэгч нарын шуудангийн хаяг, холбоо барих хоёроос доошгүй утасны дугаарыг нэхэмжлэлд тусгахыг заасан гэж үзэж байна. Шүүхэд  нэхэмжлэл гаргасан 19 нэхэмжлэгчийн, нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн утасны дугаар, итгэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбарууд байгаа нь дээрхи хуулийн заалтыг хангасан гэж үзэх бүрэн боломжтой.

            Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэдгийн тухайд: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “Хуулийн зорилт” гэсэн 1 дүгээр зүйлийн 1.1-д ”...иргэн, хуулийн этгээдээс захиргааны актыг хууль бус гэж үзэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар гомдол, нэхэмжлэлийн дагуу ... захиргааны хэргийг захиргааны шүүх хянан шийдвэрлэх...”, Сонгуулийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.4-д “ Сонгуулийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/-ны улмаас эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзсэн аливаа этгээд нь ... шүүхэд нэхэмжлэл /гомдол/ гаргах эрхтэй.” гэж заасан байдаг. Нэхэмжлэгч нар Орхон аймгийн Сонгуулийн хороонд нэр дэвшигчээр бүртгүүлэхээр холбогдох баримтуудаа хуульд заасны дагуу бүрдүүлэн өгсөн ба аймгийн Сонгуулийн хороо бүртгээгүй /эс үйлдэхүй/, Сонгуулийн хорооны “нэр дэвшигчдийг бүртгэх тухай” 04 дугаартай тогтоолын Ардчилсан намын нэр дэвшигчдийг /өөр хуралдаанаар гаргасан нэрийн жагсаалттай/ бүртгэсэн хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан учраас нэхэмжлэгч нарыг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэх үндэслэлгүй. Иймээс шүүх дээрхи хуулийн заалтыг үндэслэн нэхэмжлэлийг хүлээн авч Захиргааны хэрэг үүсгэсэн болно.

             1. Орхон аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 04 дугаартай тогтоолын “Орхон аймгийн Ардчилсан намын нэр дэвшигчдийг 6 дугаар хавсралтаар баталсугай” гэсэн хэсэг, 6 дугаар хавсралтыг бүхэлд нь хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Орхон аймгийн Ардчилсан нам 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд нэр дэвшүүлэх нэрийн жагсаалтыг холбогдох баримтын хамт гаргаж өгөхдөө Сонгуулийн тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д “Нам тухайн орон нутгийн Хурлын Төлөөлөгчдийн тооноос илүүгүй хүнийг орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвшүүлнэ.”, 155.2-т “...сонгуулийн тойрог тус бүрт ногдсон мандатын тоотой адил тооны хүнийг нэр зааж нэр дэвшүүлэн, нийт нэр дэвшигчдийг тойргийн дугаарын дагуу дугаарласан байна.” гэж тус тус заасан. Гэтэл Орхон аймгийн Ардчилсан нам 22 тойрогт 33 хүний нэр дэвшүүлэх байтал 66 хүний нэр дэвшүүлснийг Сонгуулийн хороо хүлээн авч,  66 хүний нэр дэвшүүлсэн материалаас 18 хүнийг сонгон бүртгэсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэх үндэслэлтэй. Иймээс Орхон аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 04 дугаартай тогтоолын “Орхон аймгийн Ардчилсан намын нэр дэвшигчдийг 6 дугаар хавсралтаар баталсугай” гэсэн хэсэг болон 6-р хавсралтыг  хүчингүй болгож шийдвэрлэлээ.  

            2.  Орхон аймгийн Ардчилсан намын 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр нэр дэвшүүлсэн 33 нэр дэвшигчийг бүртгэхийг Орхон аймгийн Сонгуулийн хороонд даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

             Орхон аймгийн Ардчилсан намын дарга Ч.Батчимэгт Ардчилсан намын дарга З.Энхболдын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 1/13 дугаартай албан тоотоор 1 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон байна. Уг итгэмжлэлд “Орхон аймгийн Ардчилсан намын дарга М.Батчимэг нь намын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр, бодлого, шийдвэрийн хүрээнд тухайн орон нутагтаа сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулж Монгол Улсын хууль тогтоомж, Ардчилсан намын үндсэн дүрэм болон холбогдох бусад журамд заасан үйл ажиллагааг явуулна.” гэж тусгажээ. Орхон аймгийн Ардчилсан намын дарга М.Батчимэг дээрхи итгэмжлэлийн хүрээнд Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд  Ардчилсан намаас нэр дэвшүүлэх асуудлыг 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн намын хорооны хурлаар хэлэлцэн шийдвэрлэж, нэр бүхий 33 нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтыг гаргасан байна./ ХХ-171/

            Мөн Орхон аймгийн Ардчилсан намын дэд дарга С.Сувдаад Ардчилсан намын дарга З.Энхболд 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 1/37 дугаартай албан тоотоор 1 жилийн хугацаатай, намын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр, бодлого шийдвэрийн хүрээнд тухайн орон нутагтаа сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах тухай итгэмжлэлийг олгосон ба энэ итгэмжлэлээрээ Орхон аймгийн Ардчилсан намын дарга М.Батчимэгт олгосон 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 1/13 дугаартай итгэмжлэлийг цуцалсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдлоо.

            Орхон аймгийн Ардчилсан намын дэд дарга С.Сувдаа нь Ардчилсан намын дарга З.Энхболдын олгосон итгэмжлэлээр 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Ардчилсан намын хорооны хурал хийж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд намаас нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтыг гаргасан гэж гуравдагч этгээдүүд тайлбарласан. Гэвч Ардчилсан намын дарга З.Энхболдын олгосон дээрхи итгэмжлэлүүдэд дүгнэлт хийхэд Орхон аймгийн Ардчилсан намын дэд дарга С.Сувдаа нь албан ёсоор итгэмжлэл олгогдоогүй байхад 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр намын хорооны хурлыг зохион байгуулж, Ардчилсан намаас нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтыг гаргасан нь Сонгуулийн тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д “Намаас нэр дэвшүүлэх асуудлыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх салбар байгууллага дотоод дүрэм, журамд заасан хуралдаанаараа хэлэлцэж ардчилсан зарчмыг баримтлан олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

            Иймээс Ардчилсан намын дарга З.Энхболдоос олгосон итгэмжлэлийн дагуу, итгэмжлэл хүчин төгөлдөр байхад Ардчилсан намын дарга М.Батчимэг 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймгийн Ардчилсан намын хорооны хурлыг удирдан зохион байгуулж, Ардчилсан намаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд нэр дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэж, “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн нэрийн жагсаалт”-ыг Сонгуулийн тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д заасны дагуу гаргасан  гэж шүүх үзлээ.

            Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч М.Ганзориг шүүхэд 19 хүн нэхэмжлэл гаргасан ба Сонгуулийн хороонд 33 хүнийг нэр дэвшигчээр бүртгүүлэхийг даалгах үндэслэлгүй гэж тайлбарласан болно. Монгол Улсын Үндсэн хуулийн “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлэнэ.” гэсэн арван зургадугаар зүйлийн 9-д “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгуулагад сонгох, сонгогдох эрхтэй...”, Арван есдүгээр зүйлийн 1-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна”, 2-т “онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно...”,  Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д “шударга ёсыг сахих”, 14 дүгээр зүйлийн 14.1-д “...Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн хурлын сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан иргэнийг нэр дэвшүүлэх эрхтэй.”  гэж  тус тус зааснаас үзэхэд иргэний сонгогдох эрхийг хязгаарлах нь хуулийн дээрхи зарчмуудад нийцэхгүй байна. Орхон аймгийн Ардчилсан намаас намын хорооны хурлаараа шийдвэрлэж нэр бүхий 33 нэр дэвшигчдийг бүртгүүлэхээр шийдвэрлэсэн байхад шүүх нэхэмжлэл гаргаагүй гэдэг үндэслэлээр иргэний сонгох, сонгогдох эрхийг зөрчих эрхгүй. Иймээс Орхон аймгийн Сонгуулийн хороонд нэр бүхий 33 нэр дэвшигчдийг /ХХ-171/ бүртгэхийг даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 70.2.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.  Сонгуулийн тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2, 157 дугаар зүйлийн 157.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Орхон аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 04 дугаартай тогтоолын “Орхон аймгийн Ардчилсан намын нэр дэвшигчдийг 6 дугаар хавсралтаар баталсугай” гэсэн хэсэг болон 6 дугаар хавсралт”-ыг бүхэлд нь хүчингүй болгож, Орхон аймгийн Ардчилсан намын 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр нэр дэвшүүлсэн 33 нэр дэвшигчийг бүртгэхийг Орхон аймгийн Сонгуулийн хороонд даалгасугай.        

            2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 81 дүгээр зүйлийн 81.1, Сонгуулийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.5-д тус тус заасны дагуу шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба  шийдвэрийг хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                              Б.БОЛОРМАА