| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2024/00247/И |
| Дугаар | 152/ШШ2024/00264 |
| Огноо | 2024-06-06 |
| Маргааны төрөл | Нас тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 152/ШШ2024/00264
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т.М-ын,
Нас тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Цогзолмаа оролцов.
Нэхэмжлэгч Т.М-д шүүх хуралдааны товыг 2024 оны 06 дугаар сарын 03-ний өдөр мэдэгдсэн бөгөөд тэрээр ...Би Увс аймгийн Бөхмөрөн сумын төвөөс 60-аад км зайд хөдөө мал маллаж амьдардаг. Шүүх хуралдаанд очиж оролцох боломжгүй нөхцөл байдал үүслээ. Иймд намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж, намайг 1969 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү гэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.М нь нас тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
1.1. Миний бие нь 1969 онд Увс аймгийн Бөхмөрөн суманд төрсөн, тахиа жилтэй. Намайг 1969 онд төрсөн гэдгийг миний ээж Д.Н, П.Э нар гэрчилдэг. Тухайн үед намайг хичээлд оруулахгүй гэж нэг нас дарж бүртгүүлсэн гэж манай аав, ээж хоёр ярьдаг юм. Одоо миний бичиг баримт 1970 он гэж явдаг. Иргэний Улсын бүртгэлийн хэлтсээс төрсний бүртгэлийн лавлагаа авахад одоогийн миний регистр дээр Т.Н гэж миний дараагийн алдагдсан дүүгийн бүртгэл гарч ирж байгаа энэ нь миний эмэгтэй дүү юм. 1969 оны лавлагаа авахад Т.Б гэж нэртэй 1973 оны үхэр жилтэй хүүхэд байгаад алдагдсан гэж ээж маань хэлдэг. Төрсөн он зөрүүтэйгээс болж миний эрх зөрчигдөж байгаа учир 1969 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн болохыг миний ээж Бөхмөрөн сумын Гурван жигэртэй багт оршин суух Д.Н, Бөхмөрөн сумын уугуул Улаангом суманд суугч П.Э нарыг гэрчээр асууж намайг 1969 онд төрсөн болохыг тогтоож өгнө үү...гэжээ.
2. Нэхэмжлэгч Т.М нь өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, итгэмжлэл, Архивын ерөнхий газар Үндэсний төв архиваас 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан лавлагаа, Т.Н-ийн төрсний бүртгэлийн лавлагаа, Т.Б-ын төрсний бүртгэлийн лавлагаа, П.Э, Д.Н нарын иргэний үнэмлэхийн хуулбарууд, Хөшигшин овоот уулын тахилга /тахиа жилтнүүд/ гэх 2 ширхэг фото зураг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Шүүхээс П.Э, Д.Н нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Т.М нь 1969 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн болохыг тогтоолгох тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Үндэсний төв архиваас 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан 2000 оны архивын лавлагаанд Т.М тэргүүлэгч өөрөө 1969 оны 3 сард төрсөн, 30 настай, эрэгтэй, Б.У эхнэр, 1970 онд төрсөн, 29 настай, эмэгтэй, М.Э 1991 оны 12 дугаар сард төрсөн, 8 настай, эрэгтэй, М.О, 1998 оны 11 дүгээр сард төрсөн, 1 настай, эмэгтэй, М.Э, 1995 оны 4 дүгээр сард төрсөн, 4 настай, эрэгтэй, Мө.Э, 1993 оны 6 дугаар сард төрсөн, 6 настай, эрэгтэй гэж бүртгэгджээ,
4. Мөн шүүхээс П.Э, Д. нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч П.Э Би 1946 онд Увс аймгийн Бөхмөрөн төрсөн. Т.М-ын ээж нь Д.Н, аав нь Ц.Т гэдэг хүн байсан. Т-ийн эхнэр Д.Н бид хоёр нас чацуу, Бөхмөрөн сумын бага сургуульд нэг анги төгссөн тул нэгнээ мэднэ. Ц.Т-ийх нэгдлийн малчин, би худгийн моторчин хийдэг байсан. Т.М Увс аймгийн Бөхмөрөн сумын Жигэртэй гэдэг газарт 1969 оны хавар 4 сард төрсөн. Манайх 3 хүүхэдтэй, 3 дахь хүүхэд маань 1968 онд төрсөн, Ц.Т-ийн хүүхэд 1969 оны хавар ойролцоо төрсөн тул тэрийгээр нь би Т.М-ыг төрсөн оныг сайн мэднэ. Ц.Т Т.М-ыг сургуульд ороход нь 1970 онд төрсөн гэж хэлээд сургуульд оруулсан гэж сонссон, гэрч Д.Н Би 1966 онд нөхөрт гарч, нөхөр Ц.Т-ийн хамтаар ажиллаж амьдарч 10 хүүхдийн эцэг эх болсон. Т.М миний хоёр дахь хүү юмаа. Миний хүү Т.М Бөхмөрөн сумын Жигэртэй гэх газарт 1969 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн. Т.М-ыг төрсний дараа аав нь улсын бүртгэлд бүртгүүлж байсан, одоо Т.М тэтгэвэрт гарах нас болоход 1970 онд бүртгэгдсэн талаар мэдсэн гэж тус тус мэдүүлсэн бөгөөд гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн хуулийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж, 135.2.13-т нас тогтоох гэж зохицуулсан.
5. Нэхэмжлэгч Т.М нь 1969 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн болох нь Үндэсний төв архиваас 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан 2000 оны Т.М тэргүүлэгч өөрөө 1969 оны 3 сард төрсөн, 30 настай, эрэгтэй, Б. У эхнэр, 1970 онд төрсөн, 29 настай, эмэгтэй, М.Э 1991 оны 12 дугаар сард төрсөн, 8 настай, эрэгтэй, М.О, 1998 оны 11 дүгээр сард төрсөн, 1 настай, эмэгтэй, М.Э, 1995 оны 4 дүгээр сард төрсөн, 4 настай, эрэгтэй, М.Э, 1993 оны 6 дугаар сард төрсөн, 6 настай, эрэгтэй гэж бүртгэгдсэн архивын лавлагаа, гэрч П.Э, Д.Н нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтаар нотлогджээ.
6. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Т.М-ыг 1969 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн болохыг тогтоож шийдвэрлэлээ.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Т.М-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.13-т зааснаар Т овогт Т.М-ыг 1969 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн болохыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Т.М-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР