Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2021/ДШМ/1065

 

 

 

 

 

 2021              12            21                                        2021/ДШМ/1065                                                           

 

Д.А-, Б.С-, Б.Г-,

Б.Г-, Х.С. нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:                                                

            прокурор Б.Бүжинлхам,

            шүүгдэгч Д.А-ийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат,

            шүүгдэгч Б.Г-, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

            нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2021/ШЗ/361 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Бүжинлхамын бичсэн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 13 дугаар прокурорын эсэргүүцлийг үндэслэн Д.А-, Б.С-, Б.Г-, Б.Г-, Х.С. нарт холбогдох 1902004230188 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

1. Боржигон овгийн Д-ийн А, Улаанбаатар хотод 1992 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, Шар хадны 0 дугаар гудамжны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: 000000000/

2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ял шийтгүүлж, 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан.

2. Боржигон овгийн Б-ын С, Улаанбаатар хотод 1988 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, Улаанхуарангийн 0 дүгээр байрны 0 блокын 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 000000000/

            3. Боржигон овгийн Б-ийн Г, Дундговь аймгийн Мандалговь суманд 1987 оны 03 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, “Баян-Овоо транс” ХХК-д жолооч ажилтай гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, “Х-Апартмент” хотхоны 0-00 тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: 0000000000/

            2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сар хорих ял шийтгүүлж байсан.

4. Боржигон овгийн Б-ийн Г, Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд 1985 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, дүү нар болон хүүхдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 00 дугаар хороо, Зүүн нарангийн 0 дүгээр гудамжны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: 0000000000/

2001 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2002 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сар хорих ял шийтгүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хугацааг 1 жил 6 сараар тогтоосон,

2003 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сар хорих ял шийтгүүлсэн,

2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2015 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан.

5. Боржигон овгийн Х-гийн С, Хэнтий аймгийн Бэрх тосгонд 1988 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Мандал бэл” жолооны курст багш ажилтай, ам бүл 7, хоёр дүү, бэр, нагац дүү нарын хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 11 дүгээр гудамжны 255 тоотод оршин суух бүртгэлтэй, Хан-уул дүүргийн 0 дугаар хороо, 000 байрны 000 тоотод түр оршин сууж байсан, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар:0000000000000/

Д.А- нь Ж.Гтай бүлэглэн 2016 оны 07 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаадын тамга” амралтын газрын амрагчдын байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч Ж.Нямсүрэн, Д.Энхтуяа нарын цүнхтэй эд зүйлийг хулгайлан 995,000 төгрөгийн хохирол учруулсан,

Д.А-, Б.Г-, Б.С- нар урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, 4 уутанд хуваан савалсан нийт 0.69 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан авч, илгээмжийн үйлчилгээ ашиглан 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр илгээмжийн газраас хүлээн авч, Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Але Хаус” зочид буудлын 204 тоот өрөөнд 0.6821 грамм жинтэй бодисыг Б.Г-, Х.С. нарт худалдаж, 0.1023 грамм жинтэй бодисыг 8015 УНА улсын дугаартай “Toyota prius-20” загварын автомашинд худалдаалах зорилгоор хадгалсан,

Б.Г-, Х.С. нар бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Але Хаус” зочид буудлын 204 тоот өрөөнд Б.Г-, Д.А-, Б.С- нараас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, 4 уутанд хуваан савалсан 0.6821 грамм жинтэй “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан авч, худалдаалах зорилгогүйгээр хадгалсан,

Б.Г- нь дээрх хэрэгт шалгагдаж байхдаа 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 10.2 грамм жинтэй “Мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг илгээмжийн үйлчилгээ ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт илгээмжийн газраас хүлээн авч, хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас Д.А-ийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Б.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Б.Гантулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Б.Г-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Х.Солонгын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.А-ийг бүлэглэн орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд,

шүүгдэгч Б.С-ыг хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд,

шүүгдэгч Б.Гантулгыг хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан гэмт хэргийг үйлдэхэд зохион байгуулагчаар хамтран оролцсон гэм буруутайд,

шүүгдэгч Б.Г-ыг хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд,

шүүгдэгч Х.Солонгыг хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Д.А-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял,

шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял,

шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял,

шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял,

шүүгдэгч Х.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан шүүгдэгч Д.А-д холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Х.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 9 дүгээр гудамжны 61 тоотод оршин суух газраа өөрчлөх, Улаанбаатар хотоос гадагш зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах, шүүгдэгч Х.С-д зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 89а байрны 92 тоот оршин суух газраа өөрчлөх, Улаанбаатар хотоос гадагш зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг тус тус хүлээлгэж, тэдгээрийн зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялын эдлээгүй үлдсэн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Г-, Х.С- нарт сануулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3.3 дахь заалтад тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.Г-, Х.С- нарт зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг тэдэнд сануулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн шүүгдэгч Д.А-ийн нийт эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.С-ын нийт эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Гантулгын нийт эдлэх ялыг 7 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Г-ы нийт эдлэх хорих ялыг 6 жилийн хугацаагаар тус тус тогтоож, шүүгдэгч Б.Г-ы Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн дагуу дүйцүүлэн сольсон зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаа эдэлж дууссаны дараа тусад нь эдлүүлэхээр тогтож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.А-, Б.С- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Б.Г-, Б.Г- нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлж, шүүгдэгч Д.А-ийн цагдан хорьсон 83 хоног, шүүгдэгч Б.С-ын цагдан хорьсон 14 хоног, шүүгдэгч Б.Гантулгын цагдан хорьсон 63 хоног, шүүгдэгч Б.Г-ы цагдан хорьсон 914 хоногийг тэдгээрийн эдлэх ялд тус тус оруулан тооцож, шүүгдэгч Х.С- 65 хоног цагдан хорьсон болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст хадгалж буй 4 ширхэг ууттай цайвар өнгийн эд зүйл /уут нэг бүрийн №1-4 гэж дугаарласан ШШҮХ жин дээр №01-0.1828 гр, №02-0.2744 гр, №03-0.1745 гр, №04-0.0504 гр нийт 0.6821 грамм/, Цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы шил 1 ширхэг, Д.А-ийн цүнхэнд хийсэн үзлэгээр хураан авсан, ууталсан цайвар өнгийн 0.1023 грамм мөс мэт зүйл, суурь хэсэгт задаргаа орсон цэнхэр өнгийн электрон жин, Эрүүгийн 1902004230188 дугаартай хэрэгт 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Б.Г-ы авч явсан бор өнгийн хайрцагт үзлэг хийх явцад хураан авсан №1 гэж хаягласан “Мөс” гэх нэршилтэй 10.2 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, 88179779 гэж бичсэн бор хайрцаг, хар үүргэвч, хуучин хувцас зэрэг эд зүйлсийг устгуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, Хятад улсын иргэний үнэмлэх /БНХАУ-д хулгай хийх үед түрүүвчийн хамт ирсэн гэх/-ийг тус улсын Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд,

АQ1622891, АQ1025701 серийн дугаартай Монгол Улсын 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 2 ширхэг, АU3545514 серийн дугаартай Монгол Улсын 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт зэргийг Монгол Банкинд тус тус шилжүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Мөрдөн байцаах албаны төв байрны гадна зогсоолын хяналтын камерын бичлэг, Б.Г-ы утсанд үзлэг хийх явцад бэхжүүлж авсан бичлэг, 43-89 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийх явцад бэхжүүлж авсан бичлэг, Б.Г-ы биед үзлэг хийх явцад бэхжүүлж авсан бичлэг, Б.Г-ы биеэс биологийн дээж авах явцад бэхжүүлж авсан бичлэг зэргийг хуулбарлан “1902004230188, Б.Г-” гэж хаягласан дискийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, Е1791498 дугаартай гадаад паспортыг Д.А-д, Е0801666 дугаартай гадаад паспортыг Б.С-д, 88179779 дугаарын сим карттай хар өнгийн Нокиа маркийн товчлууртай гар утас, 80112594 дугаарын сим карттай Самсунг загварын гар утсыг Б.Г-д тус тус олгож,

Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ын 12 настай хүү С.Төгөлдөр, шүүгдэгч Б.Гантулгын 4 настай хүү Г.Бүтэмж, 1 настай охин Г.Цэлмүүн, шүүгдэгч Б.Г-ы 8 настай охин Г.Энхжин нарын хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг судлан тогтоох, томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг тэдгээрийн оршин суух дүүргийн Засаг даргад тус тус даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Г- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байгаа. Мөрдөн байцаалт хэт намайг яллах талыг барьж явагдсан. Хуулийг гуйвуулан, дур зоргоор тайлбарлаж миний эрх зүйн байдлыг их дордуулсан. Хэрэгт шинжээч томилж шударга ёсны зарчимд нийцүүлэн шалгаж өгөөч гэж та бүхнээс гуйж байна. Би хэн нэгэнд хар тамхи худалдаагүй байхад намайг Эрүүгийн хуулийг ноцтой зөрчиж зохиомол байдлыг зориудаар бий болгосонд маш их харамсаж гомдолтой байна. Прокурор, шүүх хэтэрхий нэг талыг барьж ялласан. Надад зарах, борлуулах ямар ч санаа, зорилго байгаагүй. Надаас мөс худалдаж авсан, хадгалсан ямар ч нотлох баримт байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд гэмт хэргийг үйлдсэн байдал, гэмт хэргийн сэдэл, санаа, зорилгыг тогтооно гэж заасан. Та бүхэн анхан шатны шүүхийн шийдвэрийг дахин нягтлан үнэн зөв, бодитой шийдвэр гаргаж өгнө үү. Би 2018 оноос эхлэн шалгагдаж байх хугацаандаа эцгээ алдаж, бие муутай настай эх, бага насны охинтой үлдсэн. Та бүхэн надад зүйлчлэлд тохирсон, эрх зүйн байдлыг минь дордуулахгүй шийдвэр гаргаж өгнө үү. Цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй, маш их ухамсарлан гэмшиж байна...” гэв.

Шүүгдэгч Б.Г- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Б.Г-ы яллагдагчаар “...Алтангэрэл надад хандан “Таньтай ярих юм байна. Би 2,000,000 төгрөгийн өртэй. Урдаас ирсэн мөсийг борлуулаад өгөөч...” гэж хэлсэн...” гэж мэдүүлэг өгсөн. Мөн Х.Солонгын өгсөн “...Бид хоёрын хэрэглэсэн мөсийг Гэрэлээ гэх хүүхэн буудалд авчирч өгсөн. Яг мөсийг гардаж өгсөн хүн бол том биетэй Гэрэлээ гэх хүүхэн. Тэр гартаа барьж байгаад л Гэрэлчулуунд өгсөн...” гэж мэдүүлсээр байхад намайг гэмт хэргийн зохион байгуулагч гэж дүгнэсэнтэй санал нийлэхгүй. Б.Г-, Х.С-, Б.С-, Д.А- нар мөрдөн байцаалтын шатнаас намайг оролцоогүй хэмээн мэдүүлсээр байхад шүүхийн хэлэлцүүлэгт авагдсан ямар нотлох баримтаар намайг гэм буруутайд тооцсон нь тодорхойгүй байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байхад хүлээн зөвшөөрч, бага ял оногдуулахыг хүссэн мэтээр дүгнэсэн нь үнэн зөвийг тогтооход чиглэсэн бус, харин ямар ч хамаагүй аргаар намайг гэм буруутайд тооцох гэж оролдож байгаад гомдолтой байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, намайг цагаатгаж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.С- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зарж борлуулсан гэх зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөөгүй. Уг оруулж ирсэн хар тамхи минийх биш учир зарж борлуулах эрх мэдэл надад байхгүй. Харин өөрийн саваагүй, болчимгүй зандаа хөтлөгдөн хэрэглэсэн. Өөрийн энэ саваагүй үйлдэлдээ үнэхээр их харамсаж байна. Мөн энэ хар тамхийг зарж ашиг олох сонирхол надад байхгүй. Би ОХУ-аас болор эдлэл оруулж борлуулах ажил хийдэг, хувийн орлоготой. Энэ хэрэгт нөхөр Б.Гантулгын хамт шийтгүүлсэн бөгөөд бид 1-12 насны гурван хүүхэдтэй гэр бүл юм. Уг гэмт хэрэгт 2018 оны 5 сард холбогдсоноос хойш өнөөдрийг хүртэл дахин ямар нэг гэмт хэрэг, зөрчилд холбогдолгүй, өөрийн алдаа дутагдлаа ухамсарлан холбогдох хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн. Гэвч аав, ээж хоёр нь хорих ял шийтгүүлснээр нэг айл гэр үгүйрч, 3 хүүхэд минь өнчирч үлдээд байна. Ээж, эх байх үүрэг, хариуцлагаа биелүүлж чадахгүй гэмт хэрэгт холбогдож өнөөдрийн энэ байдалд хүргэсэндээ маш их харамсаж байна. Гол нь том хүү минь 12 настай, өсвөр насны хүүхэд байгаа. Өнөөдөр бүх зүйлийг ойлгох, бас өөрт нь эцэг, эхийн бүрэн анхаарал шаардах насан дээрээ үлдэж байгаад эх би эмзэглэж, энэ насандаа эцэг, эхийн анхаарал халамжгүй, хараа хяналт суларсан, буруу зам руу алдаж эндэх вий гэхээс айж байна. Бага охин минь 2020 оны 9 дүгээр сард төрсөн, одоо 1 нас 2 сартай хөхүүл бөгөөд миний бие хөхүүл нялх биетэй ээж юм. Хэдий бага насны хүүхдүүд минь эмээ, өвөөгийнхөө асрамжинд байгаа ч өнөөгийн энэ нийгэмд эцэг, эхийн асаргаа, сувилгаа зайлшгүй хэрэгтэй. Би үр хүүхдүүд болон нөхөр, гэр бүлээ давхар яллаж байгаадаа маш их харамсаж байна. Гэм буруугаа хүлээж, анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдлыг минь харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж, биеэр эдлэх хугацааг хойшлуулж өгнө үү. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй сайн ээж, сайн гэрийн эзэгтэй, мөн хариуцлагатай Монгол Улсын иргэн, залуу боловсон хүчин байна гэдгээ амлаж байна...” гэв.

Шүүгдэгч Д.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрийн гэм бурууг бүрэн ойлгож, ухамсарлаж байгаа. Сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад зарах зорилгогүй дамжуулан өгсөн. Сэтгэцэд нөлөөт бодисыг хилээр нэвтрүүлсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч маргах зүйлгүй. Би цөсний чулуутай, миом буюу эмэгтэйчүүдийн уйланхай оноштой. Өмнө нь дурангийн хагалгаанд ороод бүрэн эдгээгүй.  Мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байгаагүй, дахин гэмт хэрэгт холбогдохгүй, бусдад төлөх хохиролгүй, гэм буруугаа ойлгож ухамсарлаж байгаа хувийн байдлыг минь харгалзан үзэж цаашдын ажил амьдралд минь боломж олгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг хэрэглэж надад оногдуулсан 5 жилийн хорих ялаас минь хөнгөрүүлж өгнө үү...” гэв.  

Шүүгдэгч Б.Г-ы өмгөөлөгч Ц.Дэлгэрням давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шүүгдэгч Б.Г-д холбогдох хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудалд маргахгүй. Харин шүүхээс оногдуулсан ял нь “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэнтэй  нийцээгүй, хүндэдсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, 1.3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасан. Хэдийгээр шүүх заавал хэрэглэх үүрэггүй ч миний үйлчлүүлэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Б.Г- нь эрүүгийн 1902004230188 дугаартай хэрэгт нийт 914 хоног цагдан хоригдсон бөгөөд энэ хугацаанд эрүүл мэндийн байдал нь хүндэрч архаг шамбарам, шулуун гэдэсний өөхөн ислэгийн архаг үрэвсэл, элэгний хөндийн архаг үрэвсэл, давсагны архаг үрэвсэл оноштойгоор хэд хэдэн удаа хэвтэн эмчлүүлсэн байдаг. Одоо 36 настай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Өндөр настай, байнгын асаргаанд байдаг эх болон бага насны хүүхдийн хамт амьдардаг. Бага насны хүүхэд нь харж хандах, асран хүмүүжүүлэх хүнгүй, аавыгаа байнга санаж бэтгэрсэн байдалтай байна. Иймд Б.Г-д оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч Б.С-, Б.Г- нарын өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтыг ноцтой зөрчиж, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад заасанчлан хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн. Хэрэгт Б.С-, Б.Г- нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэх нотлох баримт байхгүй. Өөрөөр хэлбэл, худалдаалах зорилгоор гэх шинжийг шууд байдлаар нотлох баримт хэрэгт авагдаагүй. Х.С- сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ “...Бид хоёрын хэрэглэсэн мөсийг Гэрлээ гэх хүүхэн буудалд авч ирж өгсөн юм. Гэрлээ гэх хүүхэн хэлэхдээ 800,000 төгрөгийн үнэтэй 1 грамм мөс шүү гэж хэлсэн ... манай найз залууд Гэрлээ хэлэхдээ “Дараа мөнгийг нь өгнө” гэж байсан ... 1 грамм худалдаж авсан 800,000 төгрөгийг бид хоёр мөнгө олж өгнө гэж ярьсан ...” гэж мэдүүлсэн байдаг. Гэвч Х.С- нь яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “...800,000 төгрөгөөр худалдаж авсан зүйл байхгүй, би тэр хэрэглэсэн мөснөөсөө болж солиорлын байдалд орсон, юу ярьж байгаагаа ч мэдэхгүй байсан, надаас байцаагч асуулт асуусан, би ямар ч байсан хариулах ёстой гэж бодоод л хариулаад байсан, одоо юу яриснаа ч санахгүй байна. Одоо өгч байгаа мэдүүлэг бол үнэн зөвөөр болсон асуудлын талаар, эрүүл ухаанаар ярьж байгаа мэдүүлэг юм ... 800,000 төгрөгөөр авсан гэх зүйл болоогүй, би мансуурсан байхдаа хамаагүй болоогүй зүйлийн талаар ярьсан тухайгаа түрүүн хэлсэн ...” гэж мэдүүлсэн байдаг. Мөн тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт “... анх цагдаад баригдах үед би мансуурсан байсан. Намайг барьсан эрүүгийн төлөөлөгч нар зодож байгаад сэжигтний мэдүүлэг авсан ...” гэдгийг удаа дараа мэдүүлсэн. Мөн тэрээр худалдан борлуулах зорилгогүйгээр сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан гэх үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаагаа мэдүүлсэн. Үүнээс үзэхэд, Х.Солонгыг мансуурсан үед нь зодож эрүү шүүлт тулган мэдүүлэг авсан нь хууль бус, мөн шүүхийн шатанд хэргээ хүлээсэн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, миний үйлчлүүлэгч Б.С-, Б.Г- нарыг “Хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авах, хадгалах, худалдах” гэмт хэргийг үйлдсэн мэт хууль зүйн огт үндэслэлгүйгээр дүгнэж, ял оноосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Б.С- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа цагдаагийн байгууллагад шалгагдах үеэс хүлээн зөвшөөрч, үнэн зөвөөр мэдүүлсэн. Гэтэл шүүх түүнд ял оногдуулахдаа үйлдэл, оролцоонд нь бодит дүгнэлт хийгээгүй. Хятад Улсад худалдан авах, Монгол Улсын хилээр оруулж ирэх үйлдэлд Б.С- шууд бус байдлаар оролцсон гэж тогтвортой мэдүүлсэн байдаг. Гэтэл шүүх үүнд бодит дүгнэлт хийгээгүй, ялыг ялгамжтай оногдуулаагүй.

Анхан шатны шүүхээс Б.Гантулгыг буруутгахдаа гэмт хэргийн зохион байгуулагч гэж дүгнэсэн нь учир дутагдалтай. Энэ хэргийг зохион байгуулсан гэх баримт шүүгдэгч Б.Г-ы мэдүүлгээс байхгүй. Б.Г- “...Саранзулын нөхөр Гантулга нь 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Солонго бид хоёрыг “Але хаус” зочид буудлын өрөөнд байхад 14 цагийн үед ганцаараа ирээд “Урдаас /БНХАУ/ манай эхнэр, Алтангэрэл хоёр юм /мөс/-аа каргогоор явуулаад миний утсыг бичсэн гэнэ, над руу залгах байх” гэж хэлээд гараад явсан...” гэж мэдүүлсэн байдаг. Шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгсөн. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Б.Г-ы яллагдагчийн эх сурвалж тодорхойгүй мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож миний үйлчлүүлэгч Б.Гантулгыг гэмт хэргийг зохион байгуулсан гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч Д.А-ийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.А- нь хориглосон барааг улсын хилээр нэвтрүүлсэндээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Харин сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор улсын хилээр оруулж ирээгүй, худалдсан гэдэг нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй. Гэвч миний үйлчлүүлэгч өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Тэрээр эмэгтэйчүүдийн савны гадна талын хавдар, уйланхайтай. Байнга өвдөж цаашид эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай гэсэн эмчийн тодорхойлолт бий. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.Г-, Б.С- нарын өмгөөлөгч Х.Ургаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Б.Гантулгын хувьд гадаад улсад ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй. Шүүгдэгч Б.С-, Д.А- нарын шүүхийн шийтгэх тогтоолын нотлох баримтаар үнэлсэн мэдүүлгийн хэсэгт “Тухайн мансууруулах бодисыг гадаад улсын иргэнээс авсан” гэсэн нь нотолгооны ач холбогдолтой, Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулах гол үндэслэл болж байна. Эдгээр байдлаас авч үзвэл Б.Гантулгын оролцооны талаар шүүх дүгнээгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохион байгуулагч гэж дүгнэсэн атлаа энэхүү гэмт хэргийг хэрхэн санаачилж, удирдсан, төлөвлөсөн, үүрэг оролцоог хувиарласан талаар дүгнэлт байхгүй. Иймээс шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Мөн шийтгэх тогтоолд яллагдагч нарын өөрсдийнх нь гэрч, сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгээр тухайн хэргийг үйлдсэн нь нотлогдсон талаар дүгнэсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй. ...” гэж заасан. Хавтас хэрэгт тухайн мэдүүлгээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн боловч энэхүү мэдүүлэг нь бусад нотолгооны эх сурвалжаар давхар нотлогдоогүй байдаг. Иймд шийтгэх тогтоолын үндэслэл болох гэрч, сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь нотолгооны эх сурвалжаа алдаж байна. Шүүгдэгч Б.С-ын хувьд Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээж мэдүүлсэн бөгөөд мансууруулах төрлийн бодисыг хэнээс, яах гэж авсан талаараа мэдүүлсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд нотолсон гол нотлох баримт болгож үнэлсэн. Энэхүү мэдүүлэг нь нотолгооны гол эх сурвалж болсон байтал Б.Гантулгыг тухайн хэргийг зохион байгуулсан гэсэн нь өөрийгөө үгүйсгэсэн дүгнэлт болжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хувьд зарж борлуулах санаа зорилго байгаагүй. Шүүхээс Х.Солонгын мэдүүлгийг үндэслэл болгосон. Х.С- нь мансуурсан байхад сэжигтнээр мэдүүлэг авсан болох нь нотлогдсон. Яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө ч хэлсэн байдаг. Мөн тухайн мэдүүлгийг шөнийн цагаар авсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтнээс мэдүүлэг авахад энэ хуулийн 25.1, 25.2, 25.3 дугаар зүйлд заасан журмыг баримтална”, 25.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “энэ хуульд заасан хойшлуулашгүй, эсхүл тухайн хүн хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд шөнийн цагаар мэдүүлэг авахыг хориглоно” гэж заасан. Мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.30-т “шөнийн цаг гэж тухайн өдрийн 22.00 цагаас дараа өдрийн 06.00 цаг хүртэлх хугацааг ойлгоно” гэж, 1.26-т “хойшлуулашгүй тохиолдол гэж хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учрах, сэжигтэн, яллагдагч оргон зайлах, хэргийн ул мөр, эд мөрийн баримт устах, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдэх бодит аюул байгааг” гэж заасан. Гэтэл эдгээр нөхцөлийн аль нь ч үүсээгүй бөгөөд хойшлуулашгүй тохиолдол гэх үндэслэл байхгүй байсан.  Мөн өөрөө мэдүүлэг өгөх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын гол үндэслэл болж буй мэдүүлгийг хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “...энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй. ...” гэж заасан. Эдгээр байдлаас дүгнэхэд 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1053 дугаар шийтгэх тогтоолын гол нотлох баримт болж байгаа нотолгооны ач холбогдолтой гэж үнэлсэн нотлох баримт нь нотлох баримтаар үнэлэгдэх боломжгүй болсон. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.С-ын өмгөөлөгч А.Энхбуйр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Б.Г-, Б.С-, тэдний өмгөөлөгч нарын гаргасан гомдлуудыг дэмжиж байна. Шүүхээс Х.Солонгын өгсөн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар эргэлзээгүй тогтоогдсон гэж дүгнэсэн нь гэмт хэргийн үйлдэл, хор уршгийн хоорондох шалтгаант холбоо үгүйсгэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг тогтоох шаардлагатай. Гэмт хэргийг зохион байгуулсан гэж шүүгдэгч Б.Гантулгыг, гэмт хэргийг гүйцэтгэсэн гэж Б.С- нарыг буруутгасан нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг үгүйсгэж байгаа учраас эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Хэрэв шүүгдэгч Б.С-, Д.А- нар мансууруулах бодисыг худалдаалах зорилгоор хилээр оруулж ирсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар зөрж гүйцэтгэсэн. Гүйцэтгэгчийн зөрж үйлдсэн гэмт хэрэгт оролцоогүй бусад хамтран үйлдэгчид ял оногдуулахгүй гэж хуульчилсан. Иймд шүүгдэгч Б.С-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Зөвхөн Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэгдээгүй гэж үзэж байна” гэв.

Шүүгдэгч Б.Г-, Б.С- нарын өмгөөлөгч Ж.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Г-, Б.С- нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2, 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй. Нууц ажиллагааны магадлагаагаар шүүгдэгч Б.Г-, Б.С- нар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч Б.Гантулгыг гэмт хэргийн зохион байгуулагч гэж шүүх дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай тохирдоггүй. Гэрч Х.Солонгын эхний мэдүүлгийг үндэслэж байгаа бол мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах талаар асуудал нь шүүгдэгч Б.Г-, Д.А-, Х.С- нарын дунд болсон байдаг. Тухайн мансууруулах бодисыг улсын хилээр каргогоор оруулж ирсэн. Эцсийн дүндээ мансууруулах бодис нь Б.Г-, Х.С- нарын гарт очсон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Гэмт хэргийн хамтран оролцсон хэлбэрийг нарийвчлан тогтоож чадаагүй. Д.А-, Б.Г- нар каргоноос мансууруулах бодисыг аваад буудалд авчирсан. Тэгэхэд цагдаагийн байгууллагаас баривчилсан. Тухайн үед Б.Г-, Б.С- нар байгаагүй. Миний үйлчлүүлэгч Б.Г- яагаад энэ хэрэгт татагдан орж ирсэн гэхээр шүүгдэгч Б.Г-ы мэдүүлгээр татагдсан юм. Шүүгдэгч Б.Г- дахин өгсөн мэдүүлэгтээ “...энэ хэрэгт Б.Г- хамааралгүй...” гэж хоёр өөр байдлаар мэдүүлсэн. Ийм нөхцөл байдалд Б.Г-д ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Г-ы өмгөөлөгч Н.Жамъяндорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч Ц.Дэлгэрнямын хорих ялыг хөнгөрүүлэх, дэглэм бууруулах тухай гомдлыг дэмжиж байна. Мөн шүүгдэгч Б.Г-ы давж заалдах гомдлыг дэмжиж байна. 2019 оны 6 дугаар сарын 14-ний карго илгээмжээр “мөс” гэх нэршилтэй бодисыг таксигаар авч яваад баригдсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулсан. Шүүгдэгч Б.Г- нь мансууруулах бодисыг худалдан борлуулах санаа зорилго байгаагүй, худалдсан талаар нотлох баримт байхгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Г-ы өмгөөлөгч Т.Золбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Б.Г-, өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Н.Жамъяндорж нарын гаргасан гомдол, тайлбаруудыг дэмжиж байна. Шүүгдэгч Б.Г-д 6 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр өөрчилж өгнө үү. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд ар гэрийн байдлыг нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү” гэв.

Прокурор Г.Ууганбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хэргийн бодит байдлыг тогтоож, үндэслэлтэй дүгнэлт гаргасан. Шүүгдэгч нар нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар авч, улсын хилээр нэвтрүүлсэн. Мөн шүүгдэгч Д.А- нь хулгайн гэмт хэргийг бүлэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгээр хэлцэгдэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон. Шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан бөгөөд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү гэсэн давж заалдах гомдлын хувьд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйл, мөн хуулийн 18.5 дугаар зүйлд заасан хамгийн бага буюу 2-3 жилийн хорих ялуудыг оногдуулсан нь шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон тул ялыг хөнгөрүүлэх үндэслэлгүй. Мөн нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэхийг хүссэн давж заалдах гомдлын хувьд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн шинж байдлыг харгалзан үзвэл нийгэмд аюултай, улс үндэстний тусгаар тогтнол аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болохуйц төрлийн гэмт хэрэг үйлдсэн учраас шүүгдэгч Б.Г-, Б.Г- нарын хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр заасан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна. Хэргийг прокурорт буцаагаад шалгах зүйл байхгүй, гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, нууц ажиллагааны магадлагаа зэрэг баримтуудаар хангалттай нотлогдож байгаа. Тухайн мансууруулах бодисыг хилээр оруулж ирээд Х.С-д 800,000 төгрөгөөр өгсөн. Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын хэр хэмжээнд тохирсон тул давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Г, Б.Г-, Б.С-, Д.А-, Х.С- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлуудын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзвэл Б.Г-, Б.С- нар нь Д.А-тэй бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотод НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, 4 уутанд хуваан савалсан нийт 0.69 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан авч, 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр илгээмжээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Але хаус” зочид буудлын 204 тоот өрөөнд 0,6821 грамм жинтэй бодисыг Б.Г-, Х.С- нарт худалдаж, 0,1023 грамм жинтэй бодисыг 8015УНА улсын дугаартай “Toyota prius-20” загварын автомашинд худалдаалах зорилгоор хадгалсан,

Б.Г-, Х.С- нар 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Але хаус” зочид буудлын 204 тоот өрөөнд Б.Г-, Д.А-, Б.С- нараас НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, 4 уутанд хуваан савалсан 0,6821 грамм жинтэй “Мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан авч, худалдаалах зорилгогүйгээр хадгалсан болох нь:

шүүгдэгч Д.А-ийн яллагдагчаар өгсөн “...Баарны гадаа мөнгөө нийлүүлээд тоолж үзэхэд 3,000 юань байсан. Надад 1,100-1,200 юань, Б.С-д үлдсэн нь байсан. Ингээд нааш ирэх зардал, идэж, уух зүйлд зарцуулахаар 1,000 юань авч үлдээд, 2,000 юанийг нь бид хоёртой бааранд таарсан, дагаж яваад байсан хар арьст залууд өгсөн. 5-10 минутын дараа буцаж ирээд 4 ширхэг боосон ууттай гэж хэлж болохоор зүйлийг бидэнд өгсөн. Бид хоёр буудалдаа очоод нэг ууттайг гудамжнаас худалдаж авсан шилэн бортгондоо хийж галаар шатаагаад гарсан утааг нь амаараа сорж хэрэглэж дуусгасан. 2018 оны 5 дугаар сарын 21-ний өглөө буудлаас 17:40 цагийн автобус бичүүлээд явах цагаа хүлээсэн. Үлдэгдэл 3 ууттайгаас дахин нэг уутыг сороод 2 уут үлдсэн ба тэрийг нь Монгол руу явуулах ачаанд хийгээд буудал дотор байдаг илгээмжид өгсөн. Каргоны хүн “Ачаа 2 хоногийн дараа Улаанбаатарт очно, бичиж үлдээсэн гар утасны дугаар луу залгана” гэсэн. Ингээд бид хоёр 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 17:40 цагийн Эрээний автобусанд суугаад үүрээр 07 цагийн үед ирсэн. Тэр өдөр 15 цаг өнгөрч байхад УАЗ-469 суугаад Монголын хилээр 16 цаг өнгөрч байхад нэвтэрсэн... 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Б.С- “Карго ирсэн байна, очоод авчих” гэж утсаар ярьсан... Тэр үед Б.Г- “Хорооллын эцэс, Говь сауны ард “Але хаус” зочид буудалд Б.Г- байгаа юм байна, тийшээ очъё” гээд хамт явцгаасан. Буудлын гадаа Б.Г-ыг дуудаж гаргаж ирээд “Алтангэрэл ирсэн, Карго руу явах гэж байна, чи хамт явчихаад ирэх үү?” гээд бид хоёр хамт карго явсан. Бусад нь буудалд үлдсэн. Бид Нарантуул захын урд байдаг контейнерээс ачаагаа авсан...” /1-р хх 162-166/,

            шүүгдэгч Б.Г-ы “...Зочид буудлын 204 тоот өрөөнд хийсэн үзлэгээр илэрсэн “Мөс” гэх бодис нь Д.А-, Б.С-, Б.Г- нарын юм. 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Х.С- бид хоёрыг “Але хаус” зочид буудлын 204 тоот өрөөнд байхад Б.С-ын нөхөр Б.Г- ирээд “Урдаас манай эхнэр, Д.А- хоёр юм /мөс/-аа каргогоор явуулаад миний утсыг бичсэн гэнэ, над руу залгах байх” гэж хэлээд гарч явсан. Маргааш нь буюу 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Б.Г- нь Д.А-, Б.С- нарыг дагуулсаар дахин манай өрөөнд орж ирээд “Карго очиж авчихаад ирье” гээд намайг дагуулаад гарсан. Гараад Д.А- “Таньтай ярих юм байна, би хүнд 2,000,000 төгрөгийн өртэй, урдаас ирсэн “Мөс”-ийг зараад өгөөч” гэсэн. Би тэр үед “Ах нь тийм юм зарж борлуулдаг хүн биш, угаасаа ч чадахгүй, тийм юмнаас хол явдаг” гэдгээ хэлсэн. Тэгсэн “Хоёулаа хамт Нарантуулын карго ороод ирье” гээд намайг дагуулаад явсан ба бусад нь манай буудлын өрөөнд хүлээсэн. Нарантуул захын баруун урд талын гэрэл дохиогоор зүүн эргэж автомашинаа зогсоогоод намайг үлдээгээд явсан. 10 минут орчмын дараа хайрцагтай юм барьж ирсэн. Тэндээсээ шууд буудал руу явсан. Би өрөөндөө орж ирээд сууж байтал Д.А- араас бортгон шанага, ууттай “Мөс” эд нараа бариад орж ирсэн. Өрөөнд би, Х.С-, Б.Г-, Б.С-, хүүхэд нь болох бага насны хүүхэд, Баярцэнгэл нар байсан. Орж ирээд шууд “Мөс”-өө хэрэглэх гэхээр нь “Хүүхдийн хажууд бүгдээрээ больцгоо, явцгаа” гэсэн. Тэр үед Б.Г-, Баярцэнгэлд хандан “Дүүгээ аваад гарч бай” гэсэн ...” /1-р хх 176-179/,

шүүгдэгч Х.С-ын сэжигтнээр өгсөн “...Би 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр найз залуу Б.Г-ы хамт “Але хаус” зочид буудалд мөс хэрэглэсэн. Тийм учир миний шээснээс дээрх бодис илэрсэн байх. Бид хоёрын хэрэглэсэн мөсийг Гэрлээ гэх хүүхэн буудалд авчирч өгсөн. Гэрлээ “800,000 төгрөгийн үнэтэй 1 грамм мөс шүү” гэж хэлсэн. Гэрлээ ганцаараа яваагүй. Өнөөдөр хамт баригдсан байгаа нялх хүүхэдтэй махлаг хүүхэнтэй хамт явж байсан...” /1-р хх 143/,

             шүүгдэгч Б.Г-ын яллагдагчаар өгсөн “...Б.Г- “Г /Д.А-/ хоёулаа хамт яваад ирье, та нар өрөөнд ороод байж бай” гээд тэр хоёр автомашинтай явсан. Бид нар буудлынх нь өрөөнд орсон. Нэг цаг орчмын дараа буцаж ирээд Гэрэлээ өмднийхөө халааснаас “Мөс” гаргаж ирсэн. Энэ үед би “Бээ миний дүү Бүтэмж /Ггын хүү/-ийг аваад автомашиндаа сууж бай” гээд гаргасан. Тэднийг гарсны дараа буудалд Б.Г-, Х.С-, Б.С- бид дөрөв үлдсэн. Г “Мөс”-өө тарианы усны шилэнд хийгээд, дороос нь асаагуураар шатаагаад гарсан утааг нь соруул болгосон мөнгөн дэвсгэртээр 2 удаа сорсон. Дараа нь Х.С-, би, Б.С- гэсэн дарааллаар сорсон ...” /4-р хх 86-87/ гэсэн мэдүүлгүүд,

   хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх 5-11, 51-53/, Д.А-ийн 8015УНА улсын дугаартай Тоёота приүс-20 загварын автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх 17-19/, Д.А-ийн Е1791498, Б.С-ын Е0801666 дугаарын гадаад паспортуудад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх 20-22/, Д.А-, Х.С-, Б.С-, Б.Г- нарт мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм, бодис хэрэглэсэн болохыг бэхжүүлсэн тэмдэглэл /1-р хх 23-24, 27-28, 32-33, 37-44/, Д.А-, Б.С- нар 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Замын-Үүд боомтоор Монгол хилээр гарч, 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр орж ирсэн тухай Хил хамгаалах ерөнхий газрын 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2-5а/6540 тоот албан бичиг /2хх 70-72/, мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа,

            Б.Г-, Б.Г-, Х.С-, Б.С-, Д.А- нарын биеэс НҮБ-ын Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад багтсан метафетамин бодис илэрсэн талаар 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 5785, 5782 тоот шинжээчийн дүгнэлт /1-р хх 88-90, 97-98/, шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай мөс мэт зүйл, цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы шил зэргээс метафетамин бодис илэрсэн тухай 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 5780, 5781 тоот шинжээчийн дүгнэлт /1-р хх 92-95, 101-102/ зэрэг нотлох баримтуудаар,

Б.Г- нь дээрх хэрэгт шалгагдаж байхдаа 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 10,2 грамм жинтэй “Мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг илгээмжийн үйлчилгээ ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах илгээмжийн газраас хүлээн авч, хадгалсан болох нь:

4389УНЛ улсын дугаартай автомашинд үзлэг хийж Б.Г-ы илгээмжээр хүлээн авсан бодисыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургууд /4-р хх 106-109/, Б.Г-ы гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /4-рхх 134-137/, 10,2 грамм “мөс” гэх бодисыг эд мөрийн баримтаар тооцож үзлэг хийсэн тухай тэмдэглэл /4-р хх 138-139/,

гэрч Ц.Бгийн “...Шар үстэй өндөр залуу суугаад Чулуун овооны 22 дугаар бааз орсон. Тэнд автомашинууд ачаа буулгаж байсан. 5-10 минут болоод залуу цаасан хайрцаг барьсаар арын суудалд суутал цагдаа нар ирсэн ...” /4-р хх 150-151/,

гэрч Б.Бын: “... 88179779 дугаартай ачааг авахаар туранхай шар үстэй залуу ирсэн. Түүний хэлснээр нь 88179779 дугаараар бүртгүүлсэн, бор хайрцагтай ачааг гаргаж өгөхөд залуу аваад ирсэн автомашиндаа суусан. Каргоны хашаанаас гарах үед цагдаа нар тэр автомашиныг зогсоогоод залууг авч явсан ...” /4-р хх 153/,

гэрч Т.Бийн: “... 88179779 гэсэн Монгол дугаар, 13264512200 гэсэн Хятад дугаартай, “Гомбо” гэсэн нэр бичсэн хайрцагтай ачаа чөлөөт бүсээс гарсан. 13264512200 дугаарт залгахад Өвөрмонгол хүн авахаар нь “Чи надад ямар ачаа ачуулсан юм бэ” гэхэд “Наад ачааг чинь Монгол охин өгсөн, одоо би харвал танина” гэсэн ...” /4-р хх 179-180/ гэсэн мэдүүлгүүд,

шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай зүйлээс НҮБ-ын Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг метафетамин бодис илэрсэн болохыг тогтоосон 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 3736 тоот шинжээчийн дүгнэлт /4хх 192-193/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

            Анхан шатны шүүхээс яллах болон өмгөөлөх талуудын мэтгэлцээн, тэдний шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Г-, Б.С- нар хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, бусдад худалдсан, хадгалсан гэм буруутай талаар, шүүгдэгч Б.Г- хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, худалдаалах зорилгоор олж авсан, хадгалсан гэм буруутай талаар, шүүгдэгч Б.Г-, Х.С- нар Б.Г-, Б.С-, Д.А- нараас энэ төрлийн бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэм буруутай талаар хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн хэргийг шийдвэрлэжээ.

Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгээр гэмт хэрэгт тооцож байсныг Улсын Их Хурлын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалт болгон өөрчилж, оногдуулах ялыг хүндрүүлсэн байх тул шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар хэргийн зүйлчлэлийг тогтоосон нь хууль буцаан хэрэглэх зарчимд нийцсэн байна.

Мөн 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгч Б.Г-, Х.С- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр оногдуулсан хорих ялын мөн хэмжээний зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж ялын хугацаанд албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь  хуульд нийцсэн шийдвэр болжээ.  

Шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял, шүүгдэгч Х.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял, шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял, шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял тус тус шийтгэсэн нь тэдний гэм буруу, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байна.  

Харин хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Г- нь хуулиар хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, бусдад худалдах зорилгоор хадгалсан, худалдсан гэмт хэргийг санаачилсан, удирдсан, гүйцэтгэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад түүнийг гэмт хэргийн зохион байгуулагчаар гэм буруутайд тооцож, бусдаас хүнд ял шийтгэсэн нь үндэслэл муутай болжээ. Иймээс “... гэмт хэрэгт зохион байгуулагчаар оролцсон ...” гэснийг эс зөвшөөрсөн шүүгдэгч болон өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлуудыг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан гэм буруугүйд тооцох зарчмыг үндэслэн шүүгдэгч Б.Гантулгыг гэмт хэрэгт гүйцэтгэгчээр бүлэглэн оролцсон гэм буруутай үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь зааснаар 2 жил хорих ял шийтгэсэн өөрчлөлтийг тогтоолд оруулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэлд хамаарах боловч шүүхээс энэ зүйлийн дагуу эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанараас гадна тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ буюу нийгэмд үзүүлэх нөлөө, үр дагавар зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.

Хэдийгээр шүүгдэгч Б.С-, шүүгдэгч Б.Г-ы өмгөөлөгч Ц.Дэлгэрням нараас “... гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ...” хэмээн давж заалдах гомдол гаргаж байх боловч эдгээр шүүгдэгч нар бусдад худалдах зорилгоор хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэн олж авч, хадгалсан, худалдсан, шүүгдэгч Б.Г- худалдаалах зорилгогүйгээр олж авсан зэрэг нийгмийн хор аюул ихтэй хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн байх тул давж заалдах шатны шүүхээс ял хөнгөрүүлэх талаар гарсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, тэдэнд оногдуулсан ялыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Г- “... бусдад мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг  худалдах санаа зорилго байгаагүй, энэ талаар нотлох баримт байхгүй байхад Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж миний эрх зүйн байдлыг дордуулсан тул зүйлчлэлийг зөвтгөж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг ... худалдсан” гэмт хэргийн шинж нь худалдах, арилжих, бэлэглэх, үүргийн гүйцэтгэлд тооцох, өр төлбөрт суутгах зэрэг үйлдлээр илэрдэг. Мөн эдгээр үйлдлээс гадна мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ нь хүнийг донтуулж, хамааралтай болгодог хорт үр дагаврыг энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчид ашиглан хэрэглэгчдийн тоог өсгөж, борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд хариу төлбөргүйгээр түгээлт хийх замаар шинэ хэрэглэгчийг бий болгодог онцлогтой. Ийм учраас тухайн гэмт хэргийн худалдсан гэх шинжид хариу төлбөргүйгээр түгээсэн үйлдлийг хамааруулж ойлгох бөгөөд энэ бүхний цаад санаа зорилго нь эд хөрөнгийн ашиг олох буюу худалдах борлуулсан гэсэн сэдэлтэй шууд холбоотой байдаг нь хэргийн зүйчлэлийг тогтооход чухал ач холбогдолтой хүчин зүйл мөн.

Шүүгдэгч Б.Г- нь 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр метамфетамины агууламжтай 10,2 грамм жинтэй бодисыг илгээмжийн үйлчилгээгээр Монгол Улсын хилээр нууцаар, хууль бусаар нэвтрүүлж, 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсан болох нь хойшлуулашгүй ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд, эд мөрийн баримт, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 91 дүгээр нууц ажиллагааны магадлагаагаар шүүгдэгч Б.Г- нь энэ төрлийн бодисыг худалдан борлуулж байсан нь тогтоогдсон, түүний илгээмжээр хил нэвтрүүлэн олж авч, хадгалсан бодисын хэмжээ зэрэг нь худалдах зорилгоор олж авсан гэм буруутайд тооцох хангалттай үндэслэл болжээ.

Иймд шүүгдэгч Б.Г-ы хэргийн зүйлчлэлийн талаар маргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Гантулгын “...Б.Г-, Х.С-, Б.С-, Д.А- нар мөрдөн байцаалтын шатнаас намайг оролцоогүй хэмээн мэдүүлсээр байхад ямар нотлох баримтаар гэм буруутайд тооцсон нь тодорхойгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгон, цагаатгаж өгнө үү...” гэх, өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнийн “...Б.С-, Б.Г- нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэх нотлох баримт байхгүй. Х.С- сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ “...Бид хоёрын хэрэглэсэн мөсийг Гэрлээ гэх хүүхэн 800,000 төгрөгийн үнэтэй 1 грамм мөс шүү гэж хэлж өгсөн...” гэж мэдүүлсэн боловч яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэгтээ “...хэрэглэсэн мөснөөсөө болж солиорлын байдалд орж юу ярьж байгаагаа ч мэдээгүй, 800,000 төгрөгөөр авсан гэх зүйл болоогүй. Намайг барьсан эрүүгийн төлөөлөгч нар зодож сэжигтний мэдүүлэг авсан ...” гэж мэдүүлсэн. Х.С-д мансуурсан үед нь зодож эрүү шүүлт тулган мэдүүлэг авсан ноцтой зөрчил гарсан...” гэх давж заалдах гомдлуудын дагуу хэргийг хянаж үзлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гараагүйн гадна эрүү, шүүлт тулгаж нотлох баримт цуглуулсан байж болзошгүй үндэслэл тогтоогдсонгүй. Хэрэв шүүгдэгч Х.Солонгыг мансуурсан үед нь хуурч, эсхүл хүч хэрэглэж мэдүүлэг авсан талаар үндэслэл бүхий баримт, нотолгоо байгаа бол энэ хэргээс тусад нь прокурорт гомдол гаргаж шалгуулсны үндсэн дээр шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлаар дахин хянуулах эрх нээлтэй.

Шүүгдэгч Д.А-, Б.С- нар хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, худалдсан, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.Г- урьдчилан үгсэн тохирч, хамтран оролцсон болох нь шүүгдэгч Д.А-ийн “...Б.Г- “Б.Г- зочид буудалд байгаа” гээд хамт явсан. Буудлын гадна Б.Г-ыг дуудаж гаргаж ирээд “Алтангэрэл ирсэн, Карго руу явах гэж байна, чи хамт яваад ирэх үү?” гэсэн...” /1-р хх 162-166/ гэсэн, шүүгдэгч Б.Г-ы “...Б.Г- 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр “Урдаас манай эхнэр, Д.А- хоёр юм /мөс/-аа каргогоор явуулаад миний утсыг бичсэн гэнэ, над руу залгах байх” гэсэн. 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Б.Г-, Д.А-, Б.С- нар ирээд “Карго очиж авчихаад ирье” гэсэн. Д.А- “Би 2,000,000 төгрөгийн өртэй, урдаас ирсэн “Мөс”-ийг зараад өгөөч” гэсэн...” /1-р хх 176-179/ гэсэн, шүүгдэгч Х.Солонгын “... Бидний хэрэглэсэн мөсийг Гэрлээ гэх хүүхэн буудалд авчирч өгөөд “800,000 төгрөгийн үнэтэй, 1 грамм мөс шүү” гэсэн. Өнөөдөр хамт баригдсан нялх хүүхэдтэй махлаг хүүхэнтэй хамт явж байсан...” /1-р хх 143/ гэсэн мэдүүлгүүд болон 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Ц-132 дугаар нууц ажиллагааны магадлагаа, мөс гэх бодисыг дөрвөн уутанд хуваан савалсан эд мөрийн баримт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Г-, Б.С- нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл прокурорт буцаах үндэслэл байхгүй гэж үзэв.

Харин шүүгдэгч Д.А-ийн холбогдсон бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэх гэмт хэргийн тухайд анхан шатны шүүх дараах байдлаар хуулийг буруу хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс, шүүгдэгч Д.А-ийн 2016 оны 07 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаадын тамга” амралтын газрын амрагчдын байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч Ж.Нямсүрэн, Д.Энхтуяа нарын цүнхтэй эд зүйлийг авч 995,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэн, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс гадна, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ хуулийн 72.1-д заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай үйлдвэл хөөн хэлэлцэх хугацаа тасрах бөгөөд энэ тохиодолд уг хугацааг сүүлчийн хамгийн хүнд гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн тоолно” гэж заасны дагуу 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэрэгтэй уялдуулан хөөн хэлэлцэх хугацааны талаар бодитой хууль зүйн дүгнэлт өгөөгүй байна.

Хууль хэрэглээний дээрх алдааг дээд шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой тогтоолын заалтыг хүчингүй болгох замаар зөвтгөх гэтэл шүүгдэгч Х.С-, Б.Г- нарын адил 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд албадлагын арга хэмжээ хэрэглэх эсэх талаар анхан шатны шүүхээс дүгнэлт өгөөгүй нөхцөл байдал илэрсэн, анхан шатны шүүхийн эрүүгийн хариуцлагын талаар хийгээгүй дүгнэлтийг дээд шатны шүүх нөхөн дүгнэх эрх хуулиар олгогдоогүй тул шийтгэх тогтоолоос шүүгдэгч Д.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, хэргийг тусгаарлан дахин шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

             Шүүгдэгч Б.Г-ы цагдан хоригдсон хоногийг анхан шатны шүүх буруу тооцсон байна. Хэргээс үзэхэд тэрээр 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр шүүхийн зөвшөөрөлгүйгээр 2 хоног саатуулагдаж, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 88 хоног /3-р хх 90, 113, 143, 198/, 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 05 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 21 хоног /3-р хх 250, 4-р хх 16/, 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 701 хоног /4-р хх 202, 206, 218, 5-р хх 8, 28, 38, 115, 7-р хх 41/, 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 63 хоног /7-р хх 93/, нийт 875 хоног цагдан хоригдсон байхад шүүх “... 914 хоног ...” гэж буруу тоолжээ.

             Иймд давж заалдах шатны шүүхээс, шүүгдэгч Д.А-д холбогдох хэргийг тусгаарлан дахин хэлэлцүүлэх, шүүгдэгч Б.Г-ы цагдан хоригдсон хоногийг зөвтгөх өөрчлөлтүүдийг шийтгэх тогтоолд оруулж, шүүгдэгч Б.Г-, Б.Г-, Б.С-, шүүгдэгч Б.Г-ы өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүгдэгч Б.С-, Б.Г- нарын өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ нарын давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.А-д холбогдох хэргийг тусгаарлан дахин шүүхээр хянан хэлэлцүүлэхээр буцаасан тул ял хөнгөрүүлэхийг хүссэн шүүгдэгч болон өмгөөлөгч нарын давж заалдах гомдлуудад энэ удаа дүгнэлт хийгээгүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/1053 дугаар шийтгэх тогтоолоос шүүгдэгч Д.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг тусгаарлан анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын шүүгдэгч Б.Г-д холбогдох хэсгийг “Шүүгдэгч Б.Гантулгыг хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд тооцсугай” гэж, тогтоолын 2 дахь заалтын шүүгдэгч Б.Г-д холбогдох хэсгийг “Шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 1.8 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгэсүгэй” гэж, тогтоолын 9 дэх заалтын шүүгдэгч Б.Г-д холбогдох хэсгийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Г-д оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай” гэж, тогтоолын 10 дахь заалтын “... 7 жилийн...” гэснийг “... 5 жилийн ...” гэж, тогтоолын 12 дахь заалтын шүүгдэгч Б.Г-д холбогдох хэсгийг “Шүүгдэгч Б.Г-ы цагдан хоригдсон 875 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай” гэж тус тус өөрчилж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч Д.А-д холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцтэл түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-, Б.Г-, Б.С- нар нь 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл тус бүр 68 хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

         

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН