Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2020/0396

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З

Хариуцагч: Цагаатгах Ажлыг Удирдан Зохион Байгуулах Улсын Комисс

Нэхэмжлэлийн шаардлага: Цагаатгах Ажлыг Удирдан Зохион Байгуулах Комисс Д.Б-д цагаатгалын нөхөн олговор олгуулах ажилд тодорхой үйлдэл хийхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцож, Цагаатгах Ажлыг Удирдан Зохион Байгуулах Комисст Д.Б-гийн нэрийг өдөр тутмын сонинд Засгийн газрын 1998 оны 21 дүгээр тогтоолын хавсралт “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн биелэлтийг зохион байгуулах журам”-ын 3 дугаар хэсгийн дагуу нийтлэхийг даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “Цагаатгах ажлыг удирдах зохион байгуулах улсын комисс нь БНМАУ-ын Ерөнхийлөгчийн 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 56 дугаар зарлигаар байгуулагдсан язгуур угсаа, гарал үүсэл, үзэл бодол, шашин шүтлэг, хөрөнгө чинээ, нийгмийн байдлын улмаас улс төрийн хэрэгт хилсээр шийтгэгдсэн, нам, захиргааны байгууллагаас арга хэмжээ авагдсан, хэлмэгдсэн иргэдийн асуудлыг судалж шалгах, хянаж зохион байгуулах үүрэг бүхий төрийн орон тооны бус байгууллага мөн.

Д.Б-гийн нөхөх олговорын нэхэмжпэлийн бүрдүүлбэрийг 2019 оны 10 дугаар сард Улсын Цагаатгалын комисс өөрсдийн программ дээрээ бүрдсэнээр бүртгэж авсан. Засгийн газрын 1998 оны 21 дүгээр тогтоолын хавсралт “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн биелэлтийг зохион байгуулах журам”-ын 3 дугаар хэсгийн дагуу нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийг уг тогтоолын 4 дэх хэсгийн 9 дүгээр заалт “...Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс нөхөх олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргах гэж буй этгээдийн нэрийг тус Комиссоос зохих журмын дагуу сонгон шалгаруулсан сонинд сар бүр зарлана. ” гэсний дагуу Зууны Мэдээ сонинд зарлах үүргээ Улсын Цагаатгалын Комисс нь биелүүлдэггүй. Өдөр тутмын сонинд нэрс нь нийтлэгдсэн иргэд нийтэлсэн өдрөөс хойш 30 хоногийн дараа харъяалах иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ өгч шийдвэрлүүлэх журамтай. Өөрөөр хэлбэл УТХХХЦТНООтухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т заасан нөхөх олговор авахын тулд зайлшгүй нэрээ өдөр тутмын сонинд нийтлүүлж, нийтлэгдсэнээс хойш 30 хоног хүлээж байж нөхөн олговор авахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх үүсэх юм. УТХХХЦТНООтухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т “хэлмэгдэгчийг амьд байхад нь төрсөн .... хүүхэд;” нөхөн олговор нэхэмжлэх эрхтэй гэж заасны дагуу Д.Б- нь нөхөн олговор нэхэмжлэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байна.

Дээрх асуудал нь Улсын Цагаатгалын Комиссын дотоод чиг үүргийн асуудал учир тус байгууллагын Ахлах референтэд амаар гомдол гаргахад “Д.Б- нь хэлмэгдэгчийн төрсөн хүүхэд мөн боловч Хятад улсын иргэн учир яахыг мэдэхгүй байна” гэж хариулаад орхисон. Үүнд би гомдоод Улсын Цагаатгапын Комиссын даргад гомдол гаргатал каринтины үе учир дарга эзгүй байгаа Монгол Улсын Цагаатгах Ажлыг Удирдан Зохион Байгуулах Улсын Комиссын Дүрмийн Гуравдугаар хэсгийн 13-т «Комиссын даргын эзгүйд Улсын комиссын нарийн бичгийн дарга даргална” гэж заасны дагуу Улсын Комиссын нарийн бичгийн даргад гомдол гаргахад мөн л Хятад улсын иргэн учир энэ хуулийг хэрэглэх үгүйг мэдэхгүй байна гэсэн хариултыг надад амаар өгсөн.

УТХХХЦТНООтухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “ Нэхэмжлэл гаргах эрх нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө цагаатгагдсан иргэдийн хувьд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор байна” гэж заасан тул Д.Б-гийн хувьд энэ байдлаар сонинд нэр нь нийтлэгдэхгүй бол нэхэмжлэх эрхээ бүрмөсөн алдахад хүрээд байна.

Монгол Улсын цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст бүх материалаа бүрдүүлэн өгсөн. Надтай цуг өгсөн материалуудыг шийдвэрлээд миний өгсөн материалыг шийдвэрлэхгүй байсан. Иймд асуудлыг тодруулахад комисс хуралдаж шийдвэрлэнэ, гадаад улсын иргэн учраас шийдвэр гаргаж чадахгүй байна гэх мэтээр тодорхой хариуг өгөхгүй байж байгаад сүүлд Улсын дээд шүүхээс тайлбар авна гэсэн. Энэ мэтээр тодорхой шийдвэрийг гаргаагүй учраас миний бие шүүхэд хандсан. Мөн эхлээд ямар нэгэн баримт шаардахгүй байж байгаад сүүлд “цагаатгалын нөхөн олговрыг хувааж авах үр хүүхдүүдийн хэлцэл хэрэгтэй” гэсэн шаардлага тавьсан. Сонинд нийтлэсний дараа шүүх энэ баримтыг шаардах болно. Энэ нь Монгол улсын цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст гарган өгөх баримт биш, шүүхэд гарган өгөх баримт юм. Нөгөө талаар хуульд байхгүй зүйлийг зохиож Улсын дээд шүүхээр тайлбар гаргуулна гэж утгагүй зүйл шаардаж байгаа нь хууль бус эс үйлдэхүй гэж үзэж байна.

 Итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд хандаж болно гэж хуульд заасны дагуу явж байгаа. Хуульд заасан нэхэмжлэх эрхтэй хүнээс нотариатаар батлуулсан итгэмжлэл авсан. Хариуцагчаас ийм хариуг өгөөд байсан учраас би Улсын дээд шүүхээс намайг хандах эрхтэй гэсэн тайлбарыг гаргуулсан.

Анх очиж уулзахад гадаад улсын иргэнд нөхөн олговор олохгүй гээд хүлээн аваагүй. Би Улсын дээд шүүхээс лавлахад хандаж болно гэсний дагуу дахин хандахад хүлээн авахгүй байсан учраас даргатай нь орж уулзаж байж материалаа өгөхөд бүрэн байна гээд хүлээн авсан. Энэ үед хэлцэл гэж огт шаардаагүй. Хэлцлийг шүүх биднээс шаардана. Хэлцлийг хийгээд баримтыг гарган өгөх боломжтой. Хуульд зааснаар хэлмэгдэгч өөрт нь хамааралтай гэдгийг Улсын дээд шүүхээр тайлбарлуулах шаардлага байхгүй. Хэлмэгдэгч зөвхөн өөрөө нэхэмжлэхгүй. Түүний үр хүүхдүүд, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжилж байгаа. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-д “хэлмэгдэгчийг амьд байхад нь төрсөн болон үрчилж авсан, түүнчлэн хэлмэгдэгчийг нас барснаас нь хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхэд” нэхэмжлэх эрхтэй гэж заасан байгаа. Ойлгомжгүй зүйл байхгүй байхад Улсын дээд шүүхээс тайлбар гаргуулах гээд байгааг ойлгохгүй байна. Улсын дээд шүүхээс та нэхэмжлэх эрхтэй гэсэн бичгийг гаргаж өгсөн.

Цар тахал гарсан, Д.Б- нь бие муутай хүн учраас миний бие уг асуудлыг хөөцөлдөж байгаа. Ийм нөхцөл байдал үүсээгүй байсан бол хариуцагч байгууллагын үйл ажиллагааг хүлээж болох байсан. 2019 оны 05 дугаар сараас хойш энэ асуудлыг би хөөцөлдсөн. Одоо 1 жил өнгөрлөө. Энэ байдал үргэлжлээд байвал иргэн хохирох гээд байна. Тодорхой хариуг өгөхгүй хүлээлгээд байгаа. Сонгуулийн дараа бүх албан хаагчид амралтаа авна, хөл хорио хэзээ тавигдах зэргээс шалтгаалан хугацаа алдах гээд байна.

Иймд Цагаатгах Ажлыг Удирдан Зохион Байгуулах Комисс Д.Б-д цагаатгалын нөхөн олговор олгуулах ажилд тодорхой үйлдэл хийхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцож, Цагаатгах Ажлыг Удирдан Зохион Байгуулах Комисст Д.Б-гийн нэрийг өдөр тутмын сонинд Засгийн газрын 1998 оны 21 дүгээр тогтоолын хавсралт “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн биелэлтийг зохион байгуулах журам”-ын 3 дугаар хэсгийн дагуу нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийг уг тогтоолын 4 дэх хэсгийн 9 дүгээр заалтын дагуу нийтлэхийг даалгаж өгнө үү.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Д.Б- нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйл, Засгийн газрын 1998 оны 21 дүгээр тогтоолд тусгагдсан нөхөх олговор нэхэмжлэгчдийн бүрдүүлэх бүрдүүлбэр материалаас хэлмэгдэгч Д.Д гийн хүүхдүүд болох Д.Нугарсүрэн Д.Өнартай нөхөх олговрыг хэрхэн хуваан авах талаар хэлцэл үйлдэх, хэрэв эдгээр хүмүүс нас барсан бол нас барсан тухай нотлох баримтыг бүрдүүлэхээс бусад бүрдүүлбэр материал, баримт бичгийг бүрдүүлж уг хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь заалтын хүрээнд хамаарагдах нэхэмжлэгчдийн урьдчилсан бүртгэлд 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр бүртгүүлсэн байна.

Дээрх хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт “Нэхэмжлэлд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч мөн болох нь хууль ёсоор тооцогдсон эрх бүхий байгууллагын шийдвэр, цагаатгасан болон хэлмэгдсэн тухай үнэмлэх, нөхөх олговрыг авах эрхтэй бусад этгээдийн баримт бичиг болон нөхөх олговрыг ямар хувь хэмжээгээр хоорондоо хуваан авах тухай харилцан тохиролцсоныг батлах баримтын нотариатаар гэрчлэгдсэн хуулбарыг тус тус хавсаргана.” гэж заасны дагуу Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын лавлагаанд нэр дурдагдсан Д.Н, Д.Өнартай нөхөх олговрыг хэрхэн хуваан авах талаар хэлцэл үйлдэх, хэрэв эдгээр хүмүүс нас барсан бол нас барсан тухай нотлох баримтыг бүрдүүлсэн тохиолдолд хэлмэгдэгч Д.Д гийн нөхөх олговрыг нэхэмжлэх бүрдүүлбэр материал бүрэн хангагдсанд тооцох эрх зүйн зохицуулалттай юм.

Түүнчлэн нэхэмжлэл гаргагч Д.Б- нь манай Мэдээллийн сангийн бүртгэлд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөрмонголын өөртөө засах орны Шилийн гол аймгийн Авга хошууны иргэн гэсэн иргэний харьяаллаар бүртгэгдсэн байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хууль 1922 оноос эхлэн “БНМАУ-ын шүүх, прокурор, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх байгууллагын хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах журмын тухай хууль” хүчин төгөлдөр болсон өдөр хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнд хамаарна.” гэсэн заалтаас өөрөөр гадаад улсын харьяат иргэдэд хамаарах зүйл, заалт тусгагдаагүй байна.

Иймээс Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын ажлын албанаас Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалт болон бусад зүйл, заалтыг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Дээд шүүхээс гаргуулах хүсэлтийг холбогдох газарт хүргүүлэхээр ажиллаж байна.

Одоогоор хэлмэгдэгч Д.Д гийн хүүхдүүдийн нөхөх олговрыг хэрхэн авах талаар хэлцэл үйлдсэн баримт, хэрэв нас барсан бол нас барсан тухай нотлох баримт зэрэг нь Хэлмэгдэгсдийн мэдээллийн нэгдсэн санд ороогүй мөн хуулийг зөв ойлгож, хэрэглэх талаар албан ёсны тайлбар гараагүй байгаа тул нэхэмжлэгчийн нэрийг өдөр тутмын сонинд зарлах болон цаашлаад харъяалах нэгжийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандуулж нөхөх олговор олгуулах тухай шийдвэр гаргуулах үйл явц хэрэгжихгүй байгааг танд уламжилъя.

Д.Д гийн хүүхдүүд болох, одоо амьд сэрүүн харагдаж байгаа Д.Б-, Д.Өнар хэлцэл хийгээгүй, мөн Тагнуулын ерөнхий газрын лавлагаанд дурдсан Д.Н, Д.Өнар хэрхсэн нь тодорхойгүй байна. Хэрэв нас барсан бол нас барсны лавлагаа, нас бараагүй бол хэлцэл хийх шаардлагатай болно. Үүнийг шаардахгүй бол хүүхдүүдийн хооронд маргаан үүсэх үндэслэл гардаг. Энэ нь татгалзах эхний үндэслэл болсон.

Хуульд тодорхой заасан зүйл, заалт байхгүй, цоорхой байгаа учраас ямар хууль, журмыг баримтлах нь ойлгомжгүй болчихоод байгаа тул хууль тайлбарлах байдлыг хүлээнэ.

Хүүхдүүдийн хооронд хийсэн хэлцэл нь байсан бол Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтаар Улсын дээд шүүхээс тайлбар авсны дараа зарлах байсан.

Урьдчилсан бүртгэл хэлмэгдэгчийн хүүхэд Д.Б-гийн нэрээр бүртгэж байгаа. Шүүхийн шийдвэр гарахдаа нэхэмжлэгчийн нэрээр гарна. Нэхэмжлэгч иргэний дансанд улсын төсвөөс мөнгө шилжиж байгаа. Улсын дээд шүүхээс тайлбараа авчихвал сонинд зарлахаас татгалзах зүйлгүй.

Иймд нэхэмжлэлд бүрдүүлэх баримт бүрэн хангагдаагүй, хуулийг зөв хэрэглэх албан ёсны тайлбар гараагүй байгаа зэргийг харгалзан Д.Б-гийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын эс үйлдэхүйг хууль бусад тооцож, нэрийг өдөр тутмын сонинд нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн тухай нийтлэхийг даалгаж өгнө үү гэх утга бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэжээ.

                                         ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч, БНХАУ-ын .... тоот хаягт оршин суух  Д.Б-гөөс 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдөр олгосон итгэмжлэлийн дагуу томилогдсон, төлөөлөгч Д.З тус шүүхэд хандаж “...Цагаатгах Ажлыг Удирдан Зохион Байгуулах улсын комисс Д.Б-д цагаатгалын нөхөн олговор олгуулах ажилд тодорхой үйлдэл хийхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцож, тус комисст Д.Б-гийн нэрийг Засгийн газрын 1998 оны 21 дүгээр тогтоолын хавсралт “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн биелэлтийг зохион байгуулах журам”-ын 3 дугаар хэсгийн дагуу өдөр тутмын сонинд нийтлэхийг даалгуулах” шаардлага гаргажээ.

Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “...хэлмэгдэгчийн төрсөн хүүхэд болох Д.Б- нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж бүртгүүлсэн байхад Комиссоос хэлмэгдэгчийн хүүхэд нь Хятад улсын иргэн учир энэ талаар хуульд тодорхой заалт байхгүй, яахаа мэдэхгүй байна гэсэн хариу өгч өнөөдрийг хүртэл хүлээлгэж байгаа нь хууль бус, Д.Б- нь нөхөх олговор авах эрх бүхий этгээд мөн...” гэж тодорхойлсныг хариуцагч “...хэлмэгдэгч Д.Д гийн, амьд сэрүүн байгаа хүүхдүүд нь нөхөх олговрын талаар хэлцэл хийж баримтаа ирүүлээгүй...гадаадын харьяат хэлмэгдэгчийн нөхөх олговрыг түүний өв залгамжлагч, гадаадын харьяат үр хүүхдүүдэд олгох талаар хуульд тодорхой заагаагүй тул Улсын дээд шүүхээс тайлбар гаргуулах шаардлагатай...” гэж эс зөвшөөрч маргаж байна.

Хэрэгт цугларсан нотлох баримт болох Улсын Аюулгүй байдлыг Хангах Газрын Тусгай Архивын 1998 оны 9 сарын 11-ний өдрийн №10/8632 дугаар лавлагаа болон Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 05/1269 дугаар лавлагаанаас үзвэл Д.Д  нь Өвөр монголын Шилийн голын чуулганы Баруун сөнөд хошууны харьяат иргэн байх ба 1950 оны 10 дугаар сарын 8-ний өдөр улс төрийн хэрэгт баривчлагдаж, Тусгай комиссийн 1952 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 1 дүгээр хурлын тогтоолоор Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлээр “буудах ял”-аар шийтгэгдсэн, Дээд шүүхийн цэргийн коллегийн 1991 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 154 дүгээр магадлалаар цагаатгагдсан, Д.Б- нь хэлмэгдэгч Д.Д гийн 3 хүүхдийн нэг болох нь тус тус тогтоогдсон, хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгаж нэр төрийг нь сэргээх, тэдэнд нөхөх олговор олгох, улс төрийн хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж,  хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “энэ хууль 1922 оноос эхлэн “БНМАУ-ын шүүх, прокурор, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх байгууллагын хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах журмын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдөр хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнд хамаарна” гэж тус тус зааснаас үзвэл Д.Д  нь Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гадаадын иргэний хувьд энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн байна.

Түүнчлэн уг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч мөн болох нь хууль ёсоор тооцогдсон этгээдэд учирсан хохирол /эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус амины эрх зөрчсөнөөс/-ыг энэ хуульд заасан үндэслэл, журам, хэмжээний дагуу нөхөх олговор хэлбэрээр нөхөн төлнө” гэж, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөх олговрыг дор дурдсан этгээд нэхэмжлэх эрхтэй”, 10.1.3-д “хэлмэгдэгчийг амьд байхад нь төрсөн болон үрчилж авсан... хүүхэд” гэж, мөн зүйлийн 10.2-т “Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 3, 4-д заасан хүмүүст нөхөх олговрыг адил хэмжээгээр тэгш хувааж олгоно. Хэрэв аль нэг нь дангаараа буюу өөр өөр хувь хэмжээгээр нөхөх олговрыг авахаар нэхэмжлэгчид харилцан тохиролцвол шүүх түүний дагуу шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ.

Хуулийн эдгээр заалтуудаас үзвэл нэгэнт хэлмэгдэгч Д.Д нь гадаадын иргэн боловч Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн цагаатгагдсан, энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн тул БНХАУ-ын .... тоот хаягт оршин суугч,  гадаадын иргэн Д.Б- нь хэлмэгдэгч Д.Д гийн төрсөн хүүхэд болохын хувьд өөрийн эцэг Д.Д д хилс хэрэгт хэлмэгдсэний нь учир төрөөс олгож буй нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй, уг хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-д заасан этгээд мөн гэж үзнэ.

Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс, Д.Б-г нөхөх олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргах гэж буй этгээдийн нэрсийн жагсаалтанд оруулахгүй татгалзаж буй нэг үндэслэлийг “...Хуулийн 4.1-д зааснаар гадаадын иргэний хувьд хэлмэгдэгч өөрөө биечлэн нөхөх олговор авах эрхтэй, харин нөхөх олговор авах үр хүүхдүүд нь гадаадын иргэн байгаа тохиолдолд хуульд тодорхой зохицуулаагүй, Улсын дээд шүүхээс тайлбар гаргуулахаар хүлээж байна, тайлбар гарсны дараа шийдвэрлэх боломжтой...” гэх тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэлмэгдэгчид олгох нөхөх олговор гаргуулах нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд болох Д.Б- нь Монгол Улсын шүүхэд нэхэмжлэл гаргах, төрийн захиргааны байгууллагад өргөдөл хүсэлт гаргах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгөх, гарын үсэг зурах, нөхөх олговрыг хүлээж авах эрхийг 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын иргэн Д.Зод олгож, итгэмжлэлийн хугацааг 2 жилээр тогтоосон, уг итгэмжлэл нь Монгол улсын Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3, 64.2-т заасныг үндэслэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотын консулын газарт хийгдсэнээр Д.З нь Д.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд Монгол Улсын Цагаатгах ажлыг Удирдан зохион байгуулах улсын комисст  холбогдох баримтыг бүрдүүлэн нэхэмжлэгчдийн урьдчилсан бүртгэлд 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр бүртгүүлсэн, талууд энэ талаар мөн маргаагүй.

Харин итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З “...хариуцагч захиргааны байгууллага баримт бичгийг бүрдүүлсэн тухай сонинд зарлахгүй байгаа нь хууль бус ус үйлдэхүй“ гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасны дагуу нөхөх олговор авах эрх бүхий этгээдүүдийн хооронд хийсэн баримтын нотариатаар гэрчлэгдсэн хуулбарыг хавсаргаж ирүүлээгүй тул сонинд зарлах боломжгүй” гэж маргасны тухайд,

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд нь нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэл /цаашид “нэхэмжлэл” гэх/-ийг хэлмэгдэгчийг цагаатгасан тухай эрх бүхий байгууллага /Улсын дээд шүүх, анхан шатны шүүх, Улсын ерөнхий прокурорын газар/-ын шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгчийн оршин суугаа нутаг дэвсгэрийг харьяалах анхан шатны шүүхэд гаргана” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “нэхэмжлэлд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч мөн болох нь хууль ёсоор тооцогдсон эрх бүхий байгууллагын шийдвэр, цагаатгасан болон хэлмэгдсэн тухай үнэмлэх, нөхөх олговрыг авах эрхтэй бусад этгээдийн баримт бичиг болон нөхөх олговрыг ямар хувь хэмжээгээр хоорондоо хуваан авах тухай харилцан тохиролцсоныг батлах баримтын нотариатаар гэрчлэгдсэн хуулбарыг тус тус хавсаргана” гэж, 12 дугаар зүйлийн 12.3-д “нэхэмжлэл гаргах эрх нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө цагаатгагдсан иргэдийн хувьд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор, энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш цагаатгагдсан иргэдийн хувьд цагаатгасан шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 жилийн хугацаанд байна” гэж тус тус заажээ.

Үүнээс үзвэл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 11 болон 12 дугаар зүйлийн агуулга нь хэлмэгдэгчид олгох нөхөх олговрын талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн талаар зохицуулсан, өөрөөр хэлбэл хуулийн 12.2-т заасан “...нөхөх олговор авах эрх бүхий этгээдүүдийн хооронд хийсэн баримтын нотариатаар гэрчлэгдсэн хуулбар” нь нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахад бүрдүүлэх баримт бичиг тул уг баримтыг ирүүлээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргах гэж буй этгээдийн нэрсийн жагсаалтанд оруулж сонинд зарлахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус байна.

Тухайлбал, Засгийн газрын 1998 оны 21 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан ”Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн биелэлтийг зохион байгуулах журам”-ын “Гурав”-ын 9-д “Энэ журмын “гурав”-т заасан баримт бичгийг бүрдүүлсэн этгээд энэ тухайгаа аймаг, нийслэлийн Цагаатгалын салбар комисст бүртгүүлнэ, цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс нөхөх олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргах гэж буй этгээдийн нэрийг тус комиссоос зохих журмын дагуу сонгон шалгаруулсан сонинд сар бүр зарлана” гэж заасан, харин уг зүйлийн "Нөхөх олговрыг нэхэмжлэхэд бүрдүүлэх баримт бичиг” хэсгийн  4-т...нэхэмжлэлд дараахь баримт бичгийг хавсаргах гэж заасны дотор, нөхөх олговрыг авах эрхтэй бусад этгээдийн баримт бичиг болон нөхөх олговрыг ямар хувь хэмжээгээр хоорондоо хуваан авах тухай харилцан тохиролцсоныг батлах баримтын нотариатаар гэрчлэгдсэн хуулбар” гэж бичигдээгүйг дурдах нь зүйтэй.

Иймд шүүхэд нэхэмжлэл гаргахад бүрдүүлж өгвөл зохих баримт бичгийг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст бүрдүүлж өгөх баримт мэтээр нэхэмжлэгч этгээдээс шаардах нь хуульд нийцэхгүй байх тул нөхөх олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргах гэж буй этгээдийн нэрсийн жагсаалтад Д.Б-г оруулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус, уг эс үйлдэхүйн улмаас Д.Б-гийн нөхөх олговор авах эрх, түүнтэй холбоотой бусад хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байна гэж шүүх дүгнэв.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Улсын комисс нь улс төрийн хэлмэгдэгчдийг цагаатгах тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж биелэлтийг нь хангуулах чиг үүрэг бүхий төрийн орон тооны бус байгууллага мөн” гэж, уг хуульд үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 39 дүгээр зарлигийн хавсралтаар баталсан Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дүрэмд “Улсын комиссын зорилт нь төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн, нам, төрийн бодлого, шийдвэрт шүүмжлэлтэй хандсан гэх шалтгаанаар хилсээр шийтгүүлсэн, нам, захиргааны байгууллагаас хилсээр арга хэмжээ авагдсан иргэдийн хэргийг шалгаж, шийдвэрлүүлэх, хэлмэгдсэн иргэнд хууль тогтоомжийн дагуу тэтгэмж, тусламж, нөхөх олговор олгуулах, хэлмэгдэгсдийн нэр төрийг сэргээн сурталчлахад холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдийг татан оролцуулах ажлыг зохион байгуулахад оршино” гэж тус тус зааснаас үзвэл хариуцагч захиргааны байгууллага нь нөхөх олговор авахаар бүртгүүлсэн иргэнийг нэрсийн жагсаалтад оруулж сонинд зарлуулах үүрэгтэй, харин сонинд зарлуулахаас татгалзах эрхийг хариуцагч захиргааны байгууллагад хуулиар олгоогүй байна.

Иймд Д.Б-гийн нэрийг өдөр тутмын сонинд зарлахгүй байгаа Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын эс үйлдэхүйг хууль бусад тооцож, Засгийн газрын 1998 оны 21 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн биелэлтийг зохион байгуулах журам”-ын “Гурав”-ын 4 дэх хэсгийн 9-д заасны дагуу Д.Б-гийн нэрийг нөхөх олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргах гэж буй этгээдийн нэрсийн жагсаалтад оруулж сонинд зарлахыг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 10 дугаар зүйлийн 10.1.3, 12 дугаар зүйлийн 12.2-т заасныг тус тус баримтлан Д.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын эс үйлдэхүйг хууль бусад тооцож, Д.Б-гийн нэрийг нөхөх олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргах гэж буй этгээдийн нэрсийн жагсаалтад оруулж сонинд зарлахыг хариуцагч Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН