Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 152/ШШ2024/00269

 

       Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор би,

       Нэхэмжлэгч:  Ц.П-ын нэхэмжлэлтэй,

       Хариуцагч:  Н.Д-т холбогдох

      2,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Ц.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.П би 2022 оны 9 дүгээр сард Н.Д-той танилцаж үерхээд гэр орныхон ажилд тусалж байсан. Үерхэж байх хугацаандаа Н.Д-т 4,500,00 төгрөгийг зээлүүлсэн ба 1,500,000 төгрөгийг би хасаад 3,000,000 төгрөг өгчих гэхэд 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор өгнө гэсэн Н.Д  гарын үсэгтэй бичиг хийж өгсөн. Шүүхээс Н.Д-той холбогдож шаардлага тавьсны дараагаар 2024 оны 01 дүгээр сард 200,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сард 200,000 төгрөг, нийт 400,000 төгрөг өгсөн үлдсэн 2,600,000 төгрөгийг одоо хүртэл өгөөгүй байна. Н.Д-оос зээлдүүлсэн мөнгөө асуухад намайг хэл амаар доромжилж удахгүй өгнө гэж худал хэлээд хоёр жил өнгөрлөө. Шүүхэд удаа дараа өргөдөл өгсөн боловч хаяг нь тодорхой бус байдлаас болон буцаагдсан. Одоогоор Н.Д  9 дүгээр баг, дунд хороолол, 433 тоот хаягт өөрийн биеэр амьдарч байгаа. Миний бие яаралтай явж онош тодруулах шаардлагатай мөнгөний хэрэг маш их байгаа тул Н.Д-оос 2,600,000 төгрөгийг яаралтай гаргуулж өгнө үү гэжээ.

        Нэхэмжлэгч Ц.П, хариуцагч Н.Д  нар шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Ц.П миний бие хариуцагч Н.Д-оос 2,600,000 төгрөг нэхэмжилсэн. Бид харилцан тохиролцож Н.Д-оос 1,800,000 төгрөг гаргуулахаар болсон, үлдэх 800,000 төгрөгийг гаргуулахаас татгалзлаа. Иймд бидний эвлэрлийг баталж өгнө үү. Энэ асуудлаар хэн нь ч шүүхэд дахин хандахгүй. Энэ мөнгийг 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн сар болгоны 15-ны өдрүүдэд 200,000 төгрөг өгөхөөр тохирлоо гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

      1. Нэхэмжлэгч Ц.П нь хариуцагч Н.Д холбогдуулан 2,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

      2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.П, хариуцагч Н.Д  нар нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцон, дараах агуулга бүхий эвлэрлийн гэрээ байгуулжээ. Үүнд:  Нэхэмжлэлийн шаардлага болох 2,600,000 төгрөгөөс 1,800,000 төгрөгийг хариуцагч Н.Д  нь 2024 оны 6 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн сар бүр 200,000 төгрөгөөр төлж барагдуулахаар, нэхэмжлэгч үлдэх 800,000 төгрөгийг гаргуулахаас татгалзаж байгаагаа илэрхийлжээ.

       3. Уг гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

       4. Нэхэмжлэгч Ц.П нь улсын тэмдэгтийн хураамжид 56,550 төгрөг төлсөн ба зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд зохигчдын эвлэрсэн хэмжээ буюу 1,800,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 43,750 төгрөгийн тал хувь 21,875 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, 34,675 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Н.Д-оос 21,875 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.П-т олгох нь зүйтэй. 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

     1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.П, хариуцагч Н.Д  нар нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцон, нэхэмжлэлийн шаардлага болох 2,600,000 төгрөгөөс 1,800,000 төгрөгийг хариуцагч Н.Д  нь 2024 оны 6 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн сар бүр 200,000 төгрөгөөр төлж барагдуулахаар, нэхэмжлэгч нь үлдэх 800,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаас татгалзаж зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

    2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,550 төгрөг төлсөн ба зохигчдын эвлэрсэн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 43,750 төгрөгийн тал хувь 21,875 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, 34,675 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Н.Д-оос 21,875 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.П-т олгосугай.

       3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нь шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

                                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                П.БОЛОР