Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 152/ШШ2024/00270

 

      Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор би,

      Нэхэмжлэгч: Жижиг, дунд үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: У.З хоршоо,

      Хариуцагч: Ц.Б нарт холбогдох,

    Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 902,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

   Нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын Засгийн газрын 2020 оны Агентлаг байгуулах тухай 49 дүгээр тогтоол, ХХААХҮ-ийн Сайдын 2020 оны Ажлын хэсэг байгуулах тухай А-273 дугаар тушаалаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулгаж чиг үүргийг Жижиг, дунд үйлдвэрийн газарт шилжүүлсэн. ИХШХШ тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2 дэх хэсэгт "... эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно. гэж зохицуулсан байдаг. Монгол улсын Иргэний хуулийн 24 дүгээр бүлгийн 281-285 дугаар зүйлүүд, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтууд, Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтууд, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон Мал хамгаалах сан, Монгол мал үндэсний хөтөлбөрийн 3.5.2.1 дэх заалт, Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар баталсан зээл олгох салбар, чиглэл, хугацаа, хүү, эх үүсвэрийн хуваарилалт болон зээл олгоход шаардлагатай бусад нөхцөлийг тус тус үндэслэн Зээлдэгч Уран зурвас хоршоо болон түүнийг төлөөлөн захирал Ц.Б, нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (Цаашид Сан гэх)-аас 2011 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ММХ- 02/2011/16 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 40,000,000 /дөчин сая/ төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэй Багсармал тэжээл боловсруулах чацарганын паламтааз байгуулах төслийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд: Ц.Б-ын өмчлөх эрхийн Увс аймаг Улаангом сумын 2 дугаар багт эрэм хаданд хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-....., гэрчилгээний ...... дугаар бүхий 360 м.кв зуны сууц, улсын бүртгэлийн Ү-......, гэрчилгээний ......... дугаар бүхий 3,24мкв суулгацын талбай, газар, улсын бүртгэлийн Ү-........, гэрчилгээний ......... дугаар бүхий зориулалттай үл хөдлөх хөрөнгө. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон Уран зурвас хоршоо нарын хооронд байгуулсан ММХ-02/2011/16 тоот зээлийн гэрээний Уран зурвас хоршооноос 902,000 /Есөн зуун хоёр мянга/ төгрөгийн төлбөрийг гаргуулах. Үүнд: Үндсэн зээлийн төлбөрт 880,000 төгрөг, Нотариатын зардал 22,000 төгрөг, 3ээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцааны гэрээний хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байна. Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээнд заасны дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид мэдэгдсэн. Нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газар нь төрийн байгууллага тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болно гэжээ.

      Нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Жижиг, дунд үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй У.З хоршооноос зээлийн гэрээний үүрэгт 902,000 төгрөг гаргуулах, мөнгөн дүнгээр зээлийн төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэж бүрэн төлж дуусгавар болгосон тул Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газар нь хариуцагч У.З хоршоо, Ц.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 902,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

     Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ирүүлсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

       1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч У.З хоршоо, Ц.Б нарт холбогдох, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 902,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газар татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

                                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   П.БОЛОР