Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 152/ШШ2024/00275

 

        Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор би,

        Нэхэмжлэгч: Б.Н-ын нэхэмжлэлтэй,

        Хариуцагч:  О.С-т холбогдох

       Машин буцаан гаргуулж, 508,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний охин Б.Н нь 2017 онд 2002 онд үйлдвэрлэгдсэн, HYUNDAI, STAREX маркийн 9490 УБМ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслийг Транскапитал ББСБ-аар дамжуулан худалдаж авсан. Тус тээврийн хэрэгслийг миний бие 3 жил орчим унаж байгаад 2020 онд О.С гэдэг залууд бэлэг болгон өгсөн. Гэтэл О.С нь тээврийн хэрэгслийн татвар, төлбөрүүдийг машин надаас авснаас хойш огт төлөөгүй, үзлэг оношилгоонд оруулаагүй зэргээр зөрчил гаргах болсон. Одоо О.С-ыг тээврийн хэрэгслээ өөр нэр дээр болгож аваад тухайн тээврийн хэрэгслийг миний нэрээс хасалт хийлгэж авах талаар санал хэлсэн боловч надтай ойлголцож энэ асуудлаа шийдвэрлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Тухайн тээврийн хэрэгслийн хасалт хийлгээгүйгээс болоод татвар төлбөрүүд нь миний охины нэр дээр гарч нэхэгдээд аргагүй байдалд ороод 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр бид машины татвар, төлбөрт 508,500 төгрөгийг төлсөн. Нэгэнт О.С-т бид унаж байсан машинаа бэлэглэж энэ хүн 4 жил орчим ашигласан атлаа тээврийн хэрэгслийнхээ бичиг баримтыг шилжүүлж авахгүй, ашигласан хугацааныхаа татварыг хуулийн дагуу төлж, үзлэгт оруулахгүй биднийг өр төлбөртэй мэт нөхцөл байдал үүсгэж бидний эрхийг зөрчиж байгаа тул машинаа буцаан авч, энэ хүний ашигласан хугацааны татварт төлсөн болох 508,500 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

      Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б, хариуцагч О.С нар шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Б.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б  нь хариуцагч О.С-аас машин буцаан гаргуулах тухайн машины татварт төлсөн гэх 508,500 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Бид харилцан тохиролцож машин гаргуулахаас татгалзаж харин татварт төлсөн болох 508,500 төгрөгийг хариуцагч О.С нь Б.Н-д төлж барагдуулахаар эвлэрч байна. Иймд бидний эвлэрлийг баталж өгнө үү. 508,500 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

      1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б  нь хариуцагч О.С-т холбогдуулан машин буцаан гаргуулж, 508,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

     2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б , хариуцагч О.С нар нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцон, дараах агуулга бүхий эвлэрлийн гэрээ байгуулжээ. Үүнд: Нэхэмжлэлийн шаардлага болох машин буцаан гаргуулахаас татгалзаж, харин машины татвар болох 508,500 төгрөгийг хариуцагч О.С нь 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаа илэрхийлжээ.

       3. Уг гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

        4. Нэхэмжлэгч Б.Н нь улсын тэмдэгтийн хураамжид 86,105 төгрөг төлсөн ба зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд зохигчдын эвлэрсэн хэмжээ болох 508,500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 15,905 төгрөгийн тал хувь 7,952 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, 78,153 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч О.С-аас 7,952 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Н-д олгох нь зүйтэй. 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

     1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б, хариуцагч Н.Д нар нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлага болох машин буцаан гаргуулах шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзаж, машины татвар болох 508,500 төгрөгийг хариуцагч О.С нь 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

        2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б  нь улсын тэмдэгтийн хураамжид 86,105 төгрөг төлсөн ба зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцож зохигчдын эвлэрсэн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 15,904 төгрөгийн тал хувь 7,952 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, 78,153 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч О.С-аас 7,952 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Н-д олгосугай.

       3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нь шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

                                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  П.БОЛОР