Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2022/ДШМ/398

 

 

 

 

 

  2022             04            14                                         2022/ДШМ/398                                                                                                                                                                                  №  Т  M № 546                    

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Энхжаргал,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг,

иргэний хариуцагч Нийслэлийн авто замын хөгжлийн газрын хууль ёсны төлөөлөгч Б.Б,

иргэний хариуцагч “-” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч --,

иргэний хариуцагч “--” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Б-ийн өмгөөлөгч Ц.Дагвадорж,

шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Х.Даваахүү,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/09 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг, иргэний хариуцагч Нийслэлийн авто замын хөгжлийн газрын хууль ёсны төлөөлөгч Б.Б, Д.г- нарын  гаргасан давж  заалдах гомдлуудыг үндэслэн Б.Б-д холбогдох 2103001560219 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Б-ын Б-, Улаанбаатар хотод 2000 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “--” ХХК-д бутлуурын туслахаар ажилладаг гэх, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Жанжины 00 дугаар гудамж, 0000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: 00000000/;

Б.Б- нь 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 06 цаг 20 минутын үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Ажилчдын соёлын ордоны хойд талын замд “Toyota prius-20” загварын 0000УБТ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 3.4-д “Жолооч дараах үүргийг хүлээнэ” гэсний б/-д “Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэснийг тус тус зөрчсөний улмаас замын хажуугийн хашлага, хайс мөргөж, зам тээврийн осол гарган автомашинд зорчиж явсан зорчигч Б.Н-ийн амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б-ыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялыг өршөөн хасаж, шүүгдэгчийн эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоон, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, хэрэгт ирүүлсэн 2 ширхэг “CD”-г хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Б.Б-ы 1361369 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Нийслэлийн авто замын хөгжлийн газраас 495,000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О-ын нэхэмжлэлээс 2,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, сэтгэл санааны хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хариуцагч Нийслэлийн авто замын хөгжлийн газраас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Б- нь 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр зам тээврийн осолд холбогдсон үеэс эхэлж өөрийн гэм буруутай үйлдлийг ухамсарлан ойлгож, хүлээн зөвшөөрч хохирогч нараас нэхэмжилж байгаа хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Тэрээр анх удаа хөнгөн ангилалд хамаарах, болгоомжгүй, тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн. Осол гарах нэг үндсэн шалтгаан нь мөрдөгчийн 169 тоот магадалгаанд дурьдагдсан Нийслэлийн авто замын хөгжлийн газар, “-” ХХК, “-” ХХК нь Замын хөдөлгөөний дүрмийн 27.3-д заасныг ноцтой зөрчиж, хууль, түүнд нийцүүлсэн захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс болж стандартын бус, эвдрэл гэмтэлтэй замаар тээврийн хэрэгслүүдийг зорчуулсан болох нь тодорхой байдаг. Шүүгдэгч Б.Б-ы жолоодож явсан тээврийн хэрэгслийн дугуй уг замын эвдрэлд орж салж унаснаар жолоодлого алдаж осол гарсан нь ослын газрын үзлэгийн тэмдэглэл, схем, фото зургийн үзүүлэлтүүд, бусад нотлох баримтуудаар хөдөлшгүй нотлогдсон гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Б- нь хохирогчийг хүргэж өгөхөөр явж байсан бөгөөд согтууруулах ундааны зүйл, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглээгүй байсан. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүхээс Б.Б-д оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.Б- тус шүүх хуралдаанд: “Хэлэх тайлбаргүй” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

1. Хэргийг тал бүрээс нь бүрэн гүйцэт шалгаж тогтоогоогүй, мөрдөн байцаалт бүрэн биш хийгдсэн байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэснээс шүүхийн тогтоол үндэслэл бүхий болж чадаагүй. Энэ хэрэгт хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон бусад этгээдүүдийн гэм буруу байгаа эсэхийг шалгаж тогтоогоогүй. Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2021 оны 169 дугаар магадлагаанд “... Нийслэлийн авто замын хөгжлийн газар, “-” ХХК, “-” ХХК гэх байгууллагууд нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 27.3-т “Зам ашиглалт, хот тохижилтын асуудал эрхэлсэн байгууллагын ажилтан, албан тушаалтан нь зам, замын байгууламж, төмөр замын гарам болон хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийн холбогдох норм, дүрэм, стандартын шаардлагын дагуу бүрэн бүтэн байлгах, хэрэв эдгээр нь эвдэрсэн замын гадаргуу мөстсөн зэргээс хөдөлгөөнд аюул учирч болзошгүй үед түүнийг нэн даруй засах, цэвэрлэх арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн...” гэжээ. Мөн гэмт хэрэг гарахад авто замын бүрэн бүтэн байдал алдагдаж, нүх гарсан байдал нөлөөлсөн талаар шүүх дүгнэсэн байх боловч уг нүхийг бөглүүлэх, нөхөн сэргээх, шуурхай засварлах ажлыг хэрэгжүүлээгүй, хяналт тавьж ажиллаагүй этгээдүүдийн үйлдлийг шалгалгүй иргэний хариуцагчаар татан оролцуулсан нь буруу болсон.

Нийслэлийн авто замын хөгжлийн газар нь Нийслэлийн авто зам, замын байгууламжийн өргөтгөл, шинэчлэлт, засвар арчлалт, ашиглалтын байдалд хяналт тавих ажлыг зохион байгуулах, авто зам, замын байгууламжид гарсан эвдрэл гэмтлийг шуурхай засварлах нөхөн сэргээлт, орц, гарц зогсоолын ажлыг зохион байгуулах, хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлээгүй, “-” ХХК, “-” ХХК нь авто замын сэтэлгээний ажлыг хийхдээ замын нөхөн сэргээлтийн ажлыг зохих журмын дагуу Нийслэлийн авто замын хөгжлийн газарт хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүйн улмаас  Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм, Авто замын тухай хууль, Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажлын техникийн шаардлагын стандарт зөрчигдөж зам тээврийн осол гарах, хүний амь нас хохироход хүргэснийг харуулж байна.

2. Анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн 50,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг жич нэхэмжлэх эрхтэйгээр үлдээжээ. Хохирлын хэмжээг тогтоохдоо амь нас хохирсны улмаас учирсан сэтгэл санааны болон бусад хохирлын нөхөн төлбөр гаргуулан олгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүд, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлд гэмт хэргийн хохирол, хор уршгийн хэмжээг тодорхойлохдоо 50,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50,000,000 төгрөгийг их хэмжээний хохирлын доод хэмжээ болгон хуульчилсан зэрэг жишиг болох нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, уг нэхэмжлэлийг хангах боломжтой гэж үзэж байна. Мөн тухайн гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг өмгөөлөгч авахад хүргэсэн гэж үзэж байна. Иймд өмгөөлөгчийн хөлсийг гэмт хэргийн хор уршигт тооцон буруутай этгээдээс гаргуулж өгнө үү ” гэв.

Иргэний хариуцагч Нийслэлийн авто замын хөгжлийн газрын хууль ёсны төлөөлөгч Б.Б, Д.г- нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон хууль ёсны төлөөлөгч Б.Б тус шүүхэд гаргасан тайлбартаа: “... шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дугаар заалтын иргэний хариуцагчид холбогдох хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Шийтгэх тогтоолд “...хяналтаа тавьж ажиллаагүй учир гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг Нийслэлийн авто замын хөгжлийн газар хариуцах үндэслэлтэй ...” гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5.4-т заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох, шүүгдэгчээс ямар хэмжээгээр гаргуулахыг шүүх тогтооно гэснээс үзэхэд гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг иргэний хариуцагч бус шүүгдэгчээс гаргуулахаар байна. Шийтгэх тогтоолд иш татсан Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” хэмээн заасан тул хүний амь нас хохироосон этгээд түүний гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна. Гэтэл бусдын амь насыг хохироосон этгээд уг хариуцлагаас чөлөөлөгдөж, манайд уг үүргийг хүлээлгэж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байгаа явдал юм.

2. 2019 онд Хан-Уул дүүргийн 2, 3 дугаар хороо, Нэхмэлийн шар байр орчмын дахин барилгажуулах төслийн хүрээнд дулааны шугам шинэчлэн солих барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр “-” ХХК, туслан гүйцэтгэгчээр “-” ХХК шалгарсан. Дулааны шугамын засварын ажлыг гүйцэтгэхдээ Авто замын тухай хуулийн 21.1-д “Авто зам, замын байгууламжийн барилгын ажлын техник, технологийн хяналтыг эрх бүхий мэргэжлийн байгууллага захиалагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр хэрэгжүүлнэ” заасны дагуу манайхтай гэрээ байгуулж, захиалагчийн хувьд хяналт тавьж ажиллах ёстой ч уг үүргээ биелүүлээгүй тул “-” ХХК иргэний хариуцагч болно. Иймд иргэний хариуцагчаар татагдсан манай байгууллагыг хариуцлагаас чөлөөлсөн өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулж өгнө үү” гэв.

Иргэний хариуцагч “-” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Тухайн хэрэг манай компаниас шалтгаалсан асуудал байгаа эсэхийг авч үзээд буруугүй гэдгийг анхан шатны шүүх тогтоосон. Зам сэтлэн нэвтрэх суваг тавиад буцааж зам тавьсан. Энэ ажлын явцыг Нийслэлийн авто замын газраас хянаж байсан. Энэ нь гэрч нарын мэдүүлгээр нотлогддог. Авто замын тухай хуулийн 28.4 дүгээр зүйлд “Шинээр барьж байгуулсан авто зам, замын байгууламжийн чанарын баталгаат хугацаа нь гүйцэтгэгч болон техник, технологийн хяналт тавьсан хуулийн этгээдэд тус бүр гурван жил байна” хэмээн заасан. Манай байгууллага шинээр авто зам тавиагүй учраас бидэнд хамаарахгүй асуудал юм” гэв.

Иргэний хариуцагч “-” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Б-ийн өмгөөлөгч Ц.Дагвадорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх захирагчийн ажлын албанаас осол гарсан газарт дулааны шугам шинэчлэлт, барилга угсралтын ажил хийгдэх, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хааж зам сэтлэх зөвшөөрлийг 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр албан бичгээр олгосон. Уг зөвшөөрлийн бичиг дээр Авто замын хөгжлийн газар хяналт тавьж ажиллахаар заасан байдаг. Зам дээр сэтлээд буцааж нөхөн сэргээх ажилд авто замын хяналтын байцаагч хяналт тавьсан. “-” ХХК-тай замын сэтэлгээний ажил хийх гэрээ хийсэн. Гэрээний дагуу ажлаа хийж гүйцэтгээд “-” ХХК-д хүлээлгэн өгсөн. Өөрөөр хэлбэл, хоёр байгууллага хоорондоо гэрээ хийсэн учраас ажлаа хийж дуусгаад хүлээлгэн өгсөн байдаг. Гэхдээ Нийслэлийн авто замын хөгжлийн газарт тухайн ажлыг хүлээлгэж өгөөгүй юм билээ. Нийслэлийн авто замын хөгжлийн газрыг иргэний хариуцагчаар татаж, хохирол төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Нийслэлийн авто замын хөгжлийн газрын засвар ашиглалтын хяналтын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод “Улаанбаатар авто замын байгууламжийн шинээр барих өргөтгөл, шинэчлэл, засвар, ашиглалтын байдалд хяналт тавих ажлын явцыг технологийн болон лабораторийн хяналт тавьж гүйцэтгүүлэх” гэж заасан учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан” гэв.

Прокурор Ж.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Тухайн замын эвдрэл, гэмтэл нь осол гарахад нөлөөлсөн байхад засварлах үүргээ гүйцэтгээгүй албан тушаалтнуудыг эрүүгийн хариуцлагад татсангүй гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч давж заалджээ. Гэрч нарын мэдүүлэг, жолоочийн өөрийн өгсөн мэдүүлэг болон камерын бичлэгт тухайн зам дээрх нүхийг тойрч гарах үйлдэл хийхдээ нэг дугуйгаараа нүх рүү орсноос болж зогсоох арга хэмжээ авч чадаагүй бөгөөд 2 удаа замын хашлагыг мөргөсөн байдаг. Жолооч зам дээр байсан нүхийг харсан боловч хурдаа хасаагүй бөгөөд зогсоох арга хэмжээг авч чадаагүйгээс болоод хашлага мөргөсөн. Мөргөх явцад зорчигч суудлын бүсээ зүүгээгүй байсан учраас цонхоороо унасан байгаа. Авто зам дээр байсан нүх нь тухайн жолоочид аюул, саад гэж харагдахаар байсан боловч жолооч үүнийг тооцоолж чадаагүйгээс болж энэ хэрэг гарсан гэж үзсэн. Тухайн авто замын аюулгүй байдлыг хангах үүргээ эдгээр хуулийн этгээдүүд гүйцэтгээгүй учраас осол гарахад нөлөөлсөн гэж үзсэн. Хэдийгээр нөлөөлөх асуудал байсан боловч осол гарах шууд шалтгаан биш учраас эрүүгийн хариуцлага яригдахгүй. Иргэний хариуцагчаар гурван хуулийн этгээдийг татахдаа тухайн авто замын ажилтай холбогдуулан авч үзсэн. Зам сэтэлгээний ажил хийх зөвшөөрлийг Авто зам тээврийн хөгжлийн газар тавина гэж Улаанбаатар захирагчийн ажлын албаны зөвшөөрөлд дурьдсан. Энэ ажилд хяналт тавьж ажилладаг тухайгаа иргэний хариуцагчийн төлөөлөгч нар “Энэ ажилд манайх хяналт тавьж ажиллах үүрэгтэй. Албан тоот болон зөвшөөрлийг бид үзсэн. Гэхдээ ажил гүйцэтгэж буй компаниудын хооронд гэрээ байгуулагдаагүй учраас манайх гэрээний дагуу хяналтаа тавих байсан болохоор хяналт тавигдаагүй” гэсэн байгаа. Лабораторийн шинжилгээ хийгдсэн эсэх, тухайн материалын шинжилгээ чанарын шаардлага хангаж байгаа эсэх тал дээр ямар ч баримт байхгүй. Тэгэхээр тухайн байгууллага огт хяналт тавьж ажиллаагүй гэх нөхцөл байдал харагдсан. Хэрвээ “-” ХХК-тай гэрээгээ хийж, хяналтаа тавиад замын баталгаат хугацааны талаар яригдаж байсан бол тухайн хоёр компани хариуцах үндэслэлтэй. Гэтэл зохих журмын дагуу хяналтаа тавьж ажиллах ёстой байсан байгууллага нь үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас гэм хорын асуудлыг хариуцах, мөн зохих хоёр компанитай өөрсдөө хариуцлагаа тооцоод явах боломжтой. Авто замын хөгжлийн газраас гэм хорыг гаргуулах үндэслэлтэй. Шүүгдэгчийн хувьд гэм буруу дээрээ маргаагүй, тодорхой хэмжээний мөнгө хохирол төлсөн. Тухайн осол болгоомжгүй байдлаар үйлдэгдсэн бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирол, хор уршгийн хувьд ял тохирсон гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч, иргэний хариуцагчийн давж заалдсан гомдлуудын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Хэргээс үзэхэд, шүүгдэгч Б.Б- нь 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 06 цаг 20 минутын үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Ажилчдын соёлын ордоны замд “Toyota prius-20” загварын 000УБТ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж, 3.4-д “Жолооч дараах үүргийг хүлээнэ” гэсний б/-д “Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэснийг тус тус зөрчиж замын эвдрэлтэй хэсгийг тойрч гарах үйлдэл хийхдээ хурдаа тохируулаагүйн улмаас жолоодлого алдан замын хажуугийн хашлага, хайс мөргөн осол гаргасан бөгөөд уг ослын үеэр хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч Б.Н автомашины цонхоор унаж амь нас нь хохирсон болох нь:

тохижилт, үйлчилгээний ажилтан Д.Н-гийн “... түс тас хийх чимээ гарахаар нь эргээд хартал автобусны буудлын харалдаа зам дээр гарсан том нүхэн дээгүүр “Toyota prius” загварын автомашин огол үсэрч харайлгаад, их хэмжээний шороо манарсан. Хэсэг хугацааны дараа тэр автомашин замын хажуугийн төмөр хашлага мөргөөд зогссон, нэг хүн автомашины наад талд зам дээр унасан байсан...” /1-р хх 78/,

шүүгдэгч Б.Б-ы автомашинд зорчиж явсан О.Н-ийн “... гэнэт автомашин гуйваад ... эргээд хартал Н байхгүй байсан...” /1-р хх 75-76/,

тухайн замаар автомашинтай зорчиж явсан Н.Н-ын “...40км/цаг хурдтай 2 дугаар эгнээгээр явж байтал 1 дүгээр эгнээгээр саарал өнгийн “Toyota prius” загварын автомашин хурдтай гүйцэж түрүүлээд гэнэт зүүн гар тийш дараад замын хашлага мөргөөд буцаж эгнээ рүүгээ шарваж ороод бөөн шороо манарсан. Би тэр автомашиныг онхолдчихлоо гэж бодсон чинь хашлага мөргөөд зогссон байсан... Замын 2 дугаар эгнээнд хагарсан нүх байсныг дугуйгаараа дайраад, дугуй нь хагарч жолоодлого алдсан болов уу гэж бодсон...” /1-р хх 84/ гэсэн гэрчийн мэдүүлгүүд,

хохирогч Б.Н-д гавлын орой, суурь, нүүр ясны олон тооны сэлтэрхий үүсгэсэн хугарал, баруун тал бөмбөлгийн зулай, хоёр тал бөмбөлгийн чамархай хэсгийн аалзан хальсан доорх голомтлог нимгэн цус харвалт, баруун дээд 1, 2, зүүн дээд 2, зүүн доод 2, 6 дугаар шүднүүдийн булгарал, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал бүхий гэмтлүүд учирч, гавлын орой, суурь ясны олон тооны сэлтэрхий үүсгэсэн хугарлын улмаас амьсгалын замд цус сорогдон амьсгал бүтэж нас барсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1219 дугаартай дүгнэлт /1-р хх 170-174/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураглал, гэрэл зургууд, /1-р хх 7-26/, хяналтын камерын дүрс бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 44/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1770 тоот дүгнэлт /1-р хх 184-187/, мөрдөгчийн магадлагаа /1-р хх 210/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон ба энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.   

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Шүүгдэгч Б.Б- нь замын эвдрэлтэй хэсгийг тойрч гарах үйлдэл хийхдээ автомашины хурдаа хасаагүйн улмаас жолоодлого алдан хоёр удаа хайс, хашлага хүчтэй мөргөж зогссон бөгөөд уг осол гарах үед хохирогч хамгаалах бүс зүүлгүй зорчиж явсан тул цонхоор шидэгдэн амь насаа алдсан болох нь шүүгдэгч, гэрчүүдийн мэдүүлэг, камерын бичлэгээр нотлогдсон байна. Замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний эрчим зэрэгт дүгнэлт хийхэд жолооч аюул, осол гаргахгүйгээр зам дээр үүссэн нүхийг тойрч гарах бүрэн боломжтой байсан. Гэтэл шүүгдэгч Б.Б- нь замын саадтай хэсэгт хурдаа хасах жолоочийн үүргээ биелүүлээгүй нь зам тээврийн осол гарч, хүний амь нас эрсдэх үндсэн шалтгаан болжээ. Иймд хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, ялын зорилгод нийцжээ. Мөн шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар хорих ялаас 2 жилийг өршөөн хасч, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул “... хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна.  

Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Ажилчдын соёлын ордоны автобусны буудлын өмнө хэсэгт зам дээр үүссэн эвдрэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байх боловч гэмт хэрэг үйлдэгдэх үндсэн шалтгаан болоогүй. Өөрөөр хэлбэл, жолооч Б.Б- тухайн эвдрэлтэй замаар автомашины хурдыг тохируулан аюул, осолгүй зорчих боломжтой байтал энэ арга хэмжээг аваагүй нь гэмт хэрэг үйлдэгдэх үндсэн шалтгаан болсон байх тул зам сэтэлгээний ажлын захиалагч “-” ХХК, гэрээгээр гүйцэтгэсэн “-” ХХК, хяналт тавих үүрэг бүхий төрийн байгууллага Нийслэлийн авто замын хөгжлийн газар, тэдгээрийн холбогдох албан тушаалтнуудыг хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт холбогдуулан шалгах үндэслэлгүй юм.  

Барилга, хот байгуулалтын яам, “-” ХХК-тай 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 2, 3 дугаар хороо, Нэхмэлийн шар байр орчмын дахин барилгажуулах төслийн инженерийн шугам сүлжээний ажлын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх гэрээ байгуулсан. /2-р хх 153/ Уг гэрээний хэрэгжилтийн явцад 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр “-” ХХК нь “-” ХХК-тай авто зам сэтлэх, нэвтрэх суваг угсрах ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. /2-р хх 185/

Улмаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны дарга Т.Г-ийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 01/1740 дүгээр албан бичгээр 2019 оны 07 дугаар сарын 14-нөөс 16-ны хооронд авто замын зорчих хэсгийг сэтлэх зөвшөөрлийг “-” ХХК-д олгосон ба уг ажилд нийслэлийн Авто замын хөгжлийн газар хяналт тавих, зам ашиглагч байгууллагад хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн байна. /3-р хх 85/

“-” ХХК гэрээний дагуу зам сэтэлгээний ажлыг хийж гүйцэтгэн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр “Альянс тех” ХХК-д хүлээлгэн өгч, акт үйлдэн /2-р хх 155/ 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр зорчих хөдөлгөөнийг нээжээ. /2-р хх 73/

Нийслэлийн Авто замын хөгжлийн газар нь нийслэлийн авто зам, замын байгууламжийн өргөтгөл, шинэчлэлт, засвар арчлалт, ашиглалтын байдалд хяналт тавих ажлыг зохион байгуулах, авто зам, замын байгууламжид гарсан эвдрэл гэмтлийг шуурхай засварлах, нөхөн сэргээх ажлыг зохион байгуулах, хяналт тавих үндсэн чиг үүрэгтэй байгууллага атал гэмт хэрэг гарахаас 2 сар орчмын өмнө бий болсон замын эвдрэлийг  засварлах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллаагүй, улмаар уг эвдрэлтэй замаар зорчиж явсан жолооч тойрч гарах үйлдэл хийхдээ осол гаргасан нөхцөл байдал тогтоогдсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заасны дагуу нийслэлийн Авто замын хөгжлийн газрыг иргэний хариуцагчаар татан, төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байна.  

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэний хариуцагч нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/09 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг, иргэний хариуцагч нийслэлийн Авто замын хөгжлийн газрын төлөөлөгч Б.Б, Д.Г нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ы 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 111 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН         

ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН