Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 341

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                       

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч Ү.Түмэнжаргал, С.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн

Иргэдийн төлөөлөгч Г.Намуун

Улсын яллагч П.Бямбасүрэн,

Шүүгдэгч И.Бархас, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж /үнэмлэх 2090/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон Цэмээ овогтой Ихбаярын Бархаст холбогдох эрүүгийн 201625020503 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1987 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эх, эгч нарын хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 5 дугаар хэсэг гудамж, 10 дугаар байр 3-10 тоотод оршин суух хаягын бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, 5 дугаар хэсэг, Улиастайн хуучин эцэс 10-3-2 тоотод оршин суудаг, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй,

 

-Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 6 сарын хугацаагаар хорих ял, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2006 оны 6 дугаар сарын 23-ний өдрийн Монгол Улсын Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-д зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар оногдуулсан 8 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас 3 жилийн хугацаагаар хорих ялыг хасаж 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 5 дугаар сарын 29-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

 

-Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 34 дугаартай Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 34 дугаартай шүүгчийн захирамжаар "Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан "Өршөөл үзүүлэх тухай" хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар түүний 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас 6 жил 5 сарыг биеэр эдэлж, үлдсэн 1 сарын хорих ялаас өршөөн хасаж 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр суллагдсан Боржигон цэмээ овгийн Ихбаярын Бархас /РД:МЬ87080614/

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч И.Бархас нь ялтай байхдаа давтан үйдлээр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 45 дугаар сургуулийн гадаа саравчинд 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Т.Тэргэл, О.Хүслэн, Б.Билгүүн, А.Баярхүү нарыг “Мафийн гишүүн байна, та нар миний үгэнд орохгүй бол та нарыг авч явна, гэх зэргээр айлган сүрдүүлж айфоне 5 эс, айфоне 5, самсунг галакси эс 3, самсунг гранд приме зэрэг гар утсыг нь дээрэмдэж 1.140.000 төгрөг, бэлнээр 18.000 төгрөг нийт 1.158.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 57-114 тоотод 9 настай М.Төгөлдөрийг гэртээ байх үед нь “Агаа нь байна “ гэж хэлж ороод “... дуугүй байгаарай, 2 нүдийг чинь сохлоно шүү юмаа зааж өгөхгүй бол ална шүү” гэж заналхийлж, эд зүйлээ өгөхгүй хэмээн зууралдахад нь компьютерийн цэнэглэгчээр гарыг нь хүлэн хүч хэрэглэн хос пүүз, зөөврийн компьютер, бэлэн 40.000 төгрөг эд зүйлсийг дээрэмдэж нийт 810.000 төгрөгийн хохирол учруулсан,

Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 160 дугаар цэцэрлэгийн хашаан дотор 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр насанд хүрээгүй иргэн М.Мөнх-Анандыг дагуулж явсаар 160 дугаар цэцэрлэгийн хашаан дотор оруулан “...утсаа гаргаад ир, би атаман байна, чамд мөнгө байна уу?...” хэмээн айлган сүрдүүлж, түлхэж унаган толгой, бие хэсэгт цохиж хүч хэрэглэн цүнхийг авч дотор нь байсан 2.000 төгрөг, Самсунг галакси эс 3 загварын гар утас, зэргийг дээрэмдэж 142.000 төгрөгийн хохирол учруулсан,

Урьд нь дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялгүйд тооцох хугацаа болоогүй байх үедээ буюу 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Home Land хотхоны 103 дугаар байрны 54 тоотод бага насны буюу 9 настай Наранзаяа, 5 настай Билгүүн нарын үйл явдлыг мэдрэхгүй, ойлгож мэдэхгүй, илчлэх чадваргүй байдлыг далимдуулан мөн насанд хүрсэн Бадамгаравыг 2 настай Энхтэмүүлэнгийн хамт унтаж байхад нь “аавын чинь найз нь байна, аав чинь саван аваад ирээ гэж байна” гэж гэрт нь орон хохирогч С.Золжаргалын шар өнгийн бөгж, хохирогч Бадамгаравын гар утсан цаг, цүнх, цүнхэнд байсан биет 235.000 төгрөг, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх ажлын түлхүүрүүд, ажлын үнэмлэх, цагаан өнгийн эмэгтэй хүний шинэ дээл, хар өнгийн юбка, сэлфиний гар, бор өнгийн хэтэвч зэрэг эд зүйлсийг хулгайлан хохирогч С.Золжаргалд 200.000 төгрөг, хохирогч Б.Бадамгаравт 235.000 төгрөг, нийт 535.000 төгрөгийн хохирол учруулсан,

Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн шүүхийн В танхимд 2017 оны 1 дүгээр сарын өдөр 18-ны өдөр явагдсан шүүх хуралдааны үеэр шүүгдэгч Ихбаярын Бархас нь хумсаараа өөрийн хоолойн тус хэсгийг зүсэж шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч И.Бархас нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгнө гэв. 2016 оны 02 дугаар сарын 06 өдрийн Сүхбаатар дүүргийн 45 дугаар сургуулийн гадаа хохирогч Тэргэл, Хүслэн, Баярхүү нарыг дээрэмдсэн үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн өдөр 17 цагийн үед тус сургуулийн гадаа 10 хүүхэд байхаар нь 5 хүүхдийг нь явуулж, 5 хүүхдийг гаражын ард оруулж гар утас, эд зүйлийг цохиж зодож байгаад дээрэмдсэн нь үнэн, дээрх хүүхдүүдээс 4 ширхэг гар утас, бугуйн цаг 15.000 төгрөг авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. 2016 оны 02 дугаар сарын 07 өдөр Баянголын нутаг дэвсгэрт хохирогч Төгөлдөрыг гэртээ ганцаараа байхад нь хохирогчийг гарыг нь хүлээд гэрээс нь хос пүүз, зөөврийн компьютер, хөөрөг зэрэг эд зүйлийг авч байгаад үйлдэл дээрээ цагдаад баригдсан. Нийт 810.000 төгрөгийн хохирол учирсан үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. 2016 оны 01 дүгээр сарын 26 өдөр 160 дугаар цэцэрлэгийн хашаанд дотор нэг хүүхэд ганцаараа явж байсан. тэгээд тэр хүүхдийн цүнхэн дотроос гар утас, 2000 төгрөгийг цохиж зодож дээрэмдсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо “Хомеланд”-н хажууд байрлах байр руу ороод нэг хаалга цохиход 2 жоохон хүүхэд байсан. Цаад өрөөнд нь нэг хүүхэн хүүхдээ тэврээд хэвтэж байхаар нь том өрөөнөөс буйдан дээр байсан цүнхийг нь авч гарсан. Саарал өнгийн эмэгтэй хүний цүнх байсан. Энэ цүнхийг авч гарахдаа хүүхдүүд нь аавын чинь найз байгаа юм. Ааваас чинь мөнгө авах ёстой юм гэхэд тэр хоёр хүүхэд “эгчийг дуудах уу” гэхэд нь би “хэрэггүй” гэж хэлээд тэр хоёр хүүхдийг “ванны өрөө ороод саван аваад ир” гэсэн тэгтэл тэр хоёр хүүхэд ванны өрөө ороход нь би цүнхийг нь аваад гараад явсан. Энэ үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 01 дүгээр сарын 18 өдөр БЗД-н 2 дугаар хороо Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн “в” танхимд өөрийгөө зүсэж шүүн таслах ажиллагаанд саад учруулсан үйлдэл дээр тухайн үед хэрэгт холбогдсондоо бухимдаж сэтгэл санаа цочирдож ийм үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Эрүүгийн 201625020503  дугаартай хэргээс:

Шүүгдэгч И.Бархас нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр суллагдсан түүнээс хойш эгч Оюунтүлхүүрийнхээ гэрт амьдардаг байсан. 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 17 цагийн үед хуучин найз Мөнхбадрах гэх хүнийг хайгаад Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 57 дугаар байрны нэг орц руу ороод 4 давхарт гараад нэг айлын хаалгыг тогшоод Мөнхбадрах гэдэг хүн байдаг уу гэж асуухад нэг жаахан бацаан хаалгаа шууд онгойлгоод энд тийм хүн байдаггүй гэж хэлсэн, тэгэхээр нь би тэгвэл гар утсаараа нэг яриулаач гэхэд тэр өгөхгүй байхаар нь би шууд гэрт нь ороод том өрөө рүү нь ороод нэг пүүз байхаар нь аваад тэр хүүхдийг "Ахдаа чи мөнгө өгчих" гэж хэлсэн ахаа надад байгаа мөнгө нь энэ л байна гээд хэтэвчтэй 50 орчим мянган төгрөг надад өгөөд авдар руугаа хараад байхаар нь би энэ авдран дотор чинь юу байгаа юм гэтэл тэр бацаан аав, ээж хоёрын юм байгаа гэж хэлсэн. Тэгээд том өрөөнд байсан авдарын цоожийг алхаар цохиж байтал компьютерын гараар намайг цохисон, яаж байгаа юм бээ гээд гар утасны цэнэглэгчээр гарыг нь хүлээд авдарыг нь цохиж онгойлгоод ухсан, тэр дотроос мөнгө олдоогүй, тэгж байтал тэр хүүхдийн ах нь гаднаас орж ирээд “чи юу хийж байгаа юм” гэтэл “миний шунал хөдлөөд авчихлаа уучлаарай” гэж хэлээд буцаагаад юмыг нь өгсөн. Тэр залуу намайг гаргаж явуулахгүй гэхээр нь би тэр залуутай барьцалдаж авсан. Гаднаас удаагүй нэг ах орж ирээд намайг заамдаж аваад хөлнөөс бариад авсан. Тэгээд би тэр хүнтэй зууралдангаа орц руу гарсан. Тэр хүн хөөе туслаарай л гээд байсан, тэр үед дээрээс нэг хүн ирээд тэгээд удаагүй цагдаа нар ирсэн, ...би тэр айл руу ороод хүүхдийн гарт нь байсан гар утсыг хараад шунал хөдлөөд утсыг нь авах гэж гэрт нь ороод гэрээс нь пүүз, 50000 төгрөгийг аваад хүүхдийн гарыг нь хүлсэн...2016 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 103 дугаар байрны 54 тоот энэ айлын хаалгыг тогшсон, нэг жаахан хүүхэд хаалга онгойлгохоор нь би шууд хаалгыг нь түлхээд гэрт нь яваад ортол нөгөө 2 хүүхэд манай эгч цаад өрөөнд байгаа гэж хэлсэн, би цүнх байхаар нь аваад гараад гүйчихсэн. Эмэгтэй хүний жижгэвтэр саарал цүнх байсан, цүнхэн дотор эмэгтэй хүний юбка, нимгэн цамц, бичиг баримтууд, түрийвчтэй 36000 төгрөг байсан, би мөнгийг нь аваад бусдыг нь Баянмонгол хорооллын орчим цүнхтэй нь үлдээгээд явсан...2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 45 дугаар сургуулийн орчим 4-5 хүүхдийг айлган сүрдүүлж гар утсыг нь авсан. Би энэ хэргийг орой 19-20 цагийн орчимд үйлдсэн санагдаж байна. Тэгээд 45 дугаар сургуулийн орчим 4-5 хүүхэд зогсож байхаар нь хүүхдүүд дээр очоод та нар эндээс холдоод хэрэггүй бид нар олуулаа яваа, та нарыг хүний наймаанд авч явна шүү гэж айлгаад 2 ширхэг айфоне маркийн гар утас, 1 ширхэг хар өнгийн бугуйн цаг зэргийг дээрэмдэн аваад тэгээд би тэр 4 хүүхдийг цэцэрлэгийн хашаанд үлдээгээд явчихаад ирнэ гэж хэлчихээд цаашаагаа явчихсан. Нэг гар утсыг нь халаасандаа хийж яваад алга болгосон, нөгөө цагийг нь яаснаа санахгүй байна. Нөгөө 3 ширхэг гар утас нь байгаа гэсэн мэдүүлэг /1 хх 143-155, 156-157 дугаар хуудас/,

 

    Насан хүрээгүй хохирогч Т.Тэргэл мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "... 2016 оны 02 дугаар сарын 06-ны орой 18 цагийн орчимд ангийн хүүхдүүдийн хамт 45 дугаар сургуулийн ард байрлах тоглоомын талбайн голд саравчинд сууж байтал танихгүй эрэгтэй хүн бид нар дээр ирээд "Юу хийж байгаа юм бээ, явцгаа манай хүмүүс цугларах гээд байна" гэсэн. Тэгэхэд бид нар есүүлээ байсан ба Мөнхсүлд, Гантулга, Анхбаяр, Батцэнгэл нарыг явуулсан, Билгүүн, Хүслэн, Баярхүү, Төрмөнх бид тавыг үлдээгээд "Та нарыг би автобусны буудал дөхүүлээд өгье" гээд дагуулаад сургуулийн хойно байх залгаа гражны хажууд очоод сууж бай гэсэн. Тэгээд тэр танихгүй залуу өөрийгөө Луу Хангай гэж танилцуулаад “та нар утаснуудаа гаргаад ир хэд хоног гэрээсээ гарч болохгүй, та нарын утсанд жи пи эс байдаг юм тэрүүгээр та нарыг хайгаад олчихно, тэгээд бас мөнгөнүүдээ гаргаад ир, гээд мөн та нар 20 минут болоод намайг ирэхгүй бол яваарай” гэж хэлээд бид тавын гар утаснууд болон, цаг бэлнээр 15000 төгрөгийг аваад явсан. Тэр хүн бид нарыг "хүний наймаанд авч явна" гээд бид тавыг сөгдүүлж суулгаад "би бол мафийн гишүүн байна, та нар миний үгэнд орохгүй бол та нарыг авч явна гэх зэргээр айлгаад байсан, гар утаснуудаа гаргаад ир гэсэн тэгээд гар утаснуудаа гаргаад иртэл, одоо унтраа гэсэн ба кодоо хэл гээд тэгээд бид нараас авсан, тэр хүн намайг мөр, нуруу руу гараараа 3-4 удаа цохьсон. Асуултанд хариулахгүй байна гээд л байсан. Тэр хүн халзан толгойтой, зүүн чихэндээ ээмэг зүүсэн, дугуй царайтай, 170 см орчим өндөртэй, 30 орчим насны эрэгтэй байсан..." гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 22-23 дугаар хуудас/,

 

   Насанд хүрээгүй хохирогч А.Баярхүү мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "... 2016 оны 02 дугаар сарын 06-ны орой 18 цагийн орчимд ангийн хүүхдүүдийн хамт 45 дугаар сургуулийн ард байх тоглоомын талбайн голд саравчинд арвуулаа сууж байсан. Тэгээд сууж байтал танихгүй эрэгтэй хүн бид нар дээр ирээд бид нарыг “хаашаа явдаг вэ” гэсэн. Тэгээд бид арваас 5 хүүхэд нь Хайлааст руу явна гэтэл Гантулга, Батцэнгэл, Анхбаяр, Мөнхсүлд нарыг яв гэсэн. Тэгтэл тэр танихгүй хүн бид нарт энэ хавийн газрыг хамгаалалтанд авчихсан байгаа гэж хэлээд Тэргэл, Төрмөнх, Хүслэн, Билгүүн бид тавыг дагуулаад гэр рүү чинь дөхүүлээд өгье гэж хэлсэнээ бид нарыг 45 дугаар сургуулийн хойно байх гражны хажууд авчраад өвдөглөж суулгаад “та нарыг хүний наймаанд авч явна” гэх зэргээр сүрдүүлсэн. Тэгээд бид нарыг "Гар утаснуудаа гаргаад ир" гээд бид нар гар утсаа гаргаад иртэл утсыг аваад “та нар наанаа 20 минут сууж байгаад яваарай” гэж хэлснээ мөн Тэргэлийн бугуйнд байсан цагийг аваад Тэргэлээс 7000 төгрөг, надаас 3000 төгрөг, Билгүүнээс 5000 орчим мянган төгрөг нийт 15000 төгрөгийг аваад явсан. Тэргэлийн нуруу руу 2 удаа цохьсон, намайг нэг удаа эрүү рүү цохисон. Халзан толгойтой, зүүн чихэндээ ээмэгтэй байсан, гомдол саналгүй, хэргийн материалтай танилцахгүй..." гэсэн мэдүүлэг /1 хх 25-26 дугаар хуудас/,

 

Насанд хүрээгүй хохирогч О.Хүслэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2016 оны 02 дугаар сарын 06-ны орой 18 цагийн орчимд ангийн хүүхдүүдийн хамт 45 дугаар сургуулийн ард байх тоглоомын талбайн голд саравчинд арвуулаа сууж байсан. Би Анхбаярын хамт анги руу буцаж ороод гар утасны цэнэглэгчээ аваад буцаад найзууд дээрээ иртэл танихгүй нэг эрэгтэй манай найзуудтай юм яриад зогсож байсан. Тэгээд тэр хүн манай найзуудаас таван хүүхдийг явуулаад Баярхүү, Тэргэл, Төрмөнх, Билгүүн, бид тав үлдсэн. Тэгтэл тэр ах бид тавыг дагуулаад сургуулийн ард байрлах гражнуудын ард аваачаад бид нарт "Би мафид ажилладаг, намайг Луу Хангай гэдэг та тавын 2 хүүхдийг авч явна, эсвэл тавууланг чинь аваад явна" гэх зэргээр биднийг айлгаад тэгсэнээ Тэргэл, Баярхүү хоёрыг нуруу орчим руу цохисон. Дараа нь бид нарыг “гар утсаа гаргаад ир” гэхээр нь бид нар бүгд гар утаснуудаа гаргаад иртэл бид нарын утаснуудыг авсанаа “мөнгө байна уу гаргаад ир” гээд тэгээд бид нарт байсан нийт мөнгийг нийлүүлээд 15000 төгрөгийг тэр ахад өгсөн. Тэгээд бид нарыг өвдөглөж суулгаад “15 минутын дараа би ирнэ намайг ирэхгүй бол та нар яваарай” гээд бид нарын гар утсыг аваад явсан. 30 орчим насны эрэгтэй, халзан толгойтой хүн байсан, гомдол, саналгүй шүүх хуралд суухгүй..." гэсэн мэдүүлэг /1 хх 28 дугаар хуудас/,

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Билгүүн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Би 2016 оны 02 дугаар сарын 05-ны орой ангидаа их цэвэрлэгээ хийгээд 19 цагийн орчим санагдаж байна сургуулиас гараад сургуулийн ард байх тоглоомын талбайн голд саравчинд ороод сууж байтал шардуу царайтай, намхавтар, жижигдүү биетэй, халзан толгойтой 30 орчим насны танихгүй эрэгтэй хүн ирээд "Та нар энд юу хийгээд байгаа юм бээ явцгаа" гэхээр нь "Бид нар явлаа " гээд явах гэтэл тэр ах та нар хаана амьдардаг юм бээ би цагдаа нартай хамтарч ажилладаг, гэхдээ хуулиас гадуур энд нэг чухал хүнийг тосож авах ёстой юм.Тэгээд бид нар явлаа гэхэд байж бай гэснээ “энд ойрхон гэртэй нь хэн бээ” гэж асуусан бид нар бүгд гэрийнхээ хаягыг хэлтэл Мөнхсүлд, Гантулга, Батцэнгэл, Анхбаяр нарыг явуулаад Төрмөнх, Баярхүү, Тэргэл, Хүслэн бид тавыг үлдээгээд "Та нарыг дөхүүлж өгье" гээд хамт явцгаасан. Сургуулиас хойшоо нэлээд яваад байрны хажууд байсан гражнуудын хажууд харанхуй газар аваачаад “та нарын гар утаснуудыг шалгах хэрэгтэй байна, гар утаснуудаа гаргаад ир” гэсэн. Тэгээд “гар утаснуудыг өг” гээд аваад сим картуудыг нь салгуулсан, мөн бид нарын халаасанд байгаа мөнгөнүүдээ өг гэж хэлсэн. “Та нарыг хүний наймаанд авч явна, та нар мафи гэж сонссон уу бид нар бол хүн алчихаад ямарч хэрэг хүлээхгүй гарч ирж чадна” гэх зэргээр биднийг айлгаад байсан. Тэгснээ “наанаа сууж бай, 20 минутын дараа та нарыг ирж авна” гээд бидний гар утас мөнгийг аваад явсан. Бид нарыг гар утаснуудаа гаргаад ир гэж хэлхээр нь гар утаснуудаа гаргаад иртэл бүгдийнх нь утаснуудын сим картын салгуулаад гар утаснуудаа аваад ир гээд биднээс авсан, Тэргэлээс 7000 төгрөг, Баярхүүгээс 2000 төгрөг, надаас 4000 төгрөг аваад явсан. Тэргэлийг чи яасан зэвүүн хардаг хүүхэд вээ чи ёр нь хөдөлгөөнтэй хүүхэд байх гэснээ цохисноо миний цохилт орохгүй байна уу манай ах энэнээс аймар цохьдог юм шүү гэснээ Баярхүүг бас нуруу руу нь цохиод байсан, гомдол санал байхгүй, шүүх хуралд суухгүй ..." гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 30 дугаар хуудас/,

 

   Насанд хүрээгүй хохирогч М.Төгөлдөр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "... 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хаалга хүн тогшсон, тэгэхээр нь би очоод “хэн бэ” гэж асуусан, нэг эрэгтэй хүн "агаа нь байна" гэж хариулахаар нь ах юм болов уу гэж бодоод хаалгаа тайлсан, гэтэл өөр нэг ах байсан, тэр ах “хажуу айлд энэ дугаарыг өгчихөөрэй” гээд шууд манай гэрт ороод ирсэн.Тэгэхээр нь би тэр ахад “үүднээс өгчих” гэж хэлсэн, тэгтэл тэр ах намайг шууд том өрөө рүү оруулаад дуугуй байгаарай 2 нүдийг чинь сохлоно шүү, юмаа зааж өгөхгүй бол ална шүү, уяа байна уу, гэж надаас асуухаар нь би мэдэхгүй гэж хэлсэн, тэр үед тэр ах миний ширээн дээр байсан компьютерын цэнэглэгчийг аваад миний гарыг хүлсэн, тэгээд цаашаа хар, юмаа хаана байгааг хэл гээд тулгаад байсан би хэлэхгүй гээд гүрийгээд байсан. Тэгсэн тэр ах шууд шкаф онгойлгоод дараа нь шүүгээ онгойлгоод байсан бас ээжийн гоёл чимэглэлийн хайрцагийг онгойлгоод дотор нь байсан зүйлүүдийг авсан, тэгээд  манай авдарыг өшиглөөд онгойхгүй байхаар нь “алх чинь хаана байгаа юм хэл хэлэхгүй бол цохино шүү” гэж хэлсэн тэгэхээр нь би алх угаалгын өрөөнд байгаа гэж хэлсэн. Тэгээд тэр ах манай жижиг өрөө рүү ороод “ахын чинь гоё пүүз байна уу, том цүнх байна уу” гээд байсан. Тэгээд жижиг өрөөнд байсан ахын цуглуулж байсан 40.000 төгрөг, зөөврийн компьютерийг аваад "Хурдхан шиг салья мөнгөө хаана байгааг хэл" гээд байсан. Тэгээд том өрөө рүү орж ирж алхаараа авдарны цоожийг цохиж эвдэлж онгойлгоод дотор нь байсан баахан зүйлийг үзээд байсан, мөн ээжийн хар өнгөтэй цүнхийг ухаад байсан, тэр үед манай агаа гаднаас түлхүүрдэж орж ирээд тэр ахыг барьсан, гомдол саналгүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй..." гэсэн мэдүүлэг /1 хх 50 дугаар хуудас/,

 

Хохирогч С.Золжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Энэ өдөр гэрээсээ гараад 16 цагийн үед ирэхэд том охин Наранзаяа болон миний дүү Бадамгарав нарыг манай гэрт байхад нь үл таних эрэгтэй хүн аавын чинь найз байна гэж хэлээд гэрт орж манай гэрээс Бадамгаравын гар цүнх, миний 2012 онд их дэлгүүрээс 250.000 төгрөгөөр худалдан авч байсан номин цэнхэр өнгийн дөрвөлжин шигтгээтэй монетэн бөгж болон “шанел” нэртэй 125 мл эмэгтэй хүний 200.000 төгрөгийн үнэртэй ус зэргийг аваад явсан байсан. 200.000 төгрөгийн хохирол учирсан нэхэмжилнэ...." гэсэн мэдүүлэг /1 хх 76 дугаар хуудас/,

 

   Хохирогч Б.Бадамгарав мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2016 оны 02 дугаар сарын 10-ны өдөр би гэртээ 9 настай Наранзаяа, 5 настай Билгүүн, 2 настай Энхтэмүүлэн нарын хамт байж байгаад 2 настай дүүгээ унтуулах гээд хойд талын өрөөнд хэвтэж байхад хаалга дуугарсан гэсэн. Тэгээд манай 9 настай дүү Наранзаяа хаалгыг тайлахад саарал өнгийн куртка, юүдэнтэй цамцтай, гоёлын шилтэй 25-30 орчим насны залуу орж ирээд "Аавын чинь найз нь байна. Аав ээж чинь байна уу" гэхээр нь манай дүү Наранзаяа байхгүй гэтэл “том хүн байна уу” гэж асуухад "Байгаа, манай эгч унтаж байна" гэхэд тэр хүн "Аав чинь саван аваад ирээ гэж байна" гэж хэлэхэд манай хоёр дүү угаалгын өрөө рүү зэрэгцээд яваад орох хойгуур зурагтны суурин дээр байсан миний эгч Золжаргалын монетэн бөгж, Наранзаяагийн гар утсан цаг, том өрөөний буйдан дээр байсан миний цүнх зэргийг аваад явсан байсан. Цүнхэнд биет 235.000 төгрөг, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, ажлын түлхүүрүүд, ажлын үнэмлэх, цагаан өнгийн эмэгтэй хүний шинэ дээл, хар өнгийн юбка, сэлфиний гар, бор өнгийн хэтэвч зэрэг байсан. Дээр үнэлсэн зүйлсээсээ бусад зүйлийг үнэлэхгүй. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд оролцохгүй..." гэсэн мэдүүлэг /1 хх 72-74 дүгээр хуудас/,

 

   Хохирогч М.Мөнх-Ананд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "... 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 17 цагийн үед хичээлээ тараад сургуулиасаа ангийн хүүхэд Бат-Эрдэнэтэй хамт гараад гэр рүүгээ харихаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Орос 3 дугаар сургуулийн урдуур гараад чигээрээ алхаж байгаад баруун өнцөгт байх дэлгүүрт орж 1 ширхэг пирошки худалдаж аваад үүдэнд нь идээд зогсож байтал нэг танихгүй ах ирээд "23 дугаар байр хаана байдаг вэ" гэж асуусан, би мэдэхгүй гээд зайгаа бариад, дахиад над дээр ирээд "23 дугаар байр хаана байдаг юм бээ хэлээд өгөөч" гэхээр нь "би мэдэхгүй, энэ хавьд амьдардаггүй, та өөр хүмүүсээс асуучих" гэсэн чинь "харин хүмүүс хэлж өгөхгүй байна" гэж хэлээд "тэр мөн үү" гэх зэргээр надаас асуугаад дагуулж явсаар 160 дугаар цэцэрлэгийн хашаан дотор оруулсан юм. Тэр үед би “явлаа” гэсэн чинь “далчигнаад байгаарай, утсаа гаргаад ир, би атаман байна чамд мөнгө байна уу” гэхээр нь би айгаад 2000-3000 төгрөг л байгаа гэсэн чинь тэр ах “чамд хэлсэнээс чинь илүү мөнгө байвал ална шүү” гэж хэлээд түлхэж унагаад газар хэвтсэн байхад миний толгой, бие хэсэг рүү хэд хэдэн удаа цохиод цүнхийг минь аваад дотор нь байсан 2000 төгрөг, гар утсыг минь авангуутаа гар утасны гэр, симийг салгаж надад буцааж өгсөн. Тэгээд алгадаад “хэлвэл ална шүү, гэрийг чинь мэднэ, тосож байгаад чамайг барьж авна, би машинтай олуулаа явж байгаа шүү" гэж хэлээд дагуулаад цэцэрлэгийн гадна талд байдаг аваарын шат руу гараад сууж байгаад “30 минутын дараа яваарай, тэгэхгүй бол чамайг олж очоод ална шүү” гэж хэлээд гүйгээд яваад өгсөн. Тэр үед би айгаад тэр аваарын шатан дээр очоод хэсэг сууж байгаад гэрлүүгээ хариад эмээдээ хэлсэн. Миний алдсан гар утас самсунг галакси эс-3 маркийн гар утас байсан ба 2013 оны 01 дүгээр сард 800.000 төгрөгөөр худалдан авч хэрэглэж байгаад 2014 оны 1 сарын үед надад өгсөн, одоо гар утсаа 200.000 төгрөгөөр үнэлж байна, шүүх хуралд оролцохгүй ...гэсэн мэдүүлэг /1 хх 119-120 дугаар хуудас/,

 

Гэрч М.Цэрэннадмид мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2016 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 14 цагийн үед гэртээ өөрийн дүү Төгөлдөрийг ганцааранг нь орхиод хаалгаа дараад хаагаад эмчилгээндээ явсан, тэгээд удаагүй 16 цагийн үед гэрийнхээ хаалгыг түлхүүрдээд ортол манай гэрт нэг танихгүй намхан халзан хүн орцон, миний дүү Төгөлдөрийн гарыг нь хүлсэн байсан, тэр залуу намайг хаалгаа онгойлгохыг сонсоод л гэрийн үүдэнд хүрээд ирсэн. Тэгэхээр нь би тэр залууг заамдаж аваад том өрөө рүү хамт орсон, манай том өрөө эмх замбараагүй, авдар онгорхой, бүх зүйлийг онгичсон байсан, тэр залуу надаас юм гуйгаад л байсан, ардаа амьдралтай шүү гээд л байсан, би тэр залууд "үгүй" гэж хэлээд орцныхоо жижүүр ах Энхболд руу залгасан, удаагүй Энхболд ах манай гэрт орж ирээд тэр залууг хамт барьсан, тэгсэн тэр залуу зугтаах гэж оролдсон, Энхболд ах бид хоёр араас нь гүйж гараад орцонд барьж авсан, тэр үед би аав руугаа залгахад аавын нэг найз болох 1 дүгээр орцонд байдаг Галаа ах бид 3 тэр залууг барьж аваад цагдаад дуудлага өгсөн. Намайг оронгуут том өрөөнөөс үүдний өрөө рүү сандарсан байдалтай гараад ирсэн, миний дүү Төгөлдөрийн гарыг хүлсэн, Төгөлдөр уйлсан байсан. Тэр залуу “бид нар олуулаа шүү дуугарвал нүдийг чинь сохлоно шүү” гэж айлган сүрдүүлж байсан. Тэр залуу миний цүнхэнд миний 2 ширхэг пүүз, 4-5 ширхэг бугуйн цаг, зөөврийн компьютер, цуглуулж байсан 40-50 орчим мянган төгрөг зэрэг зүйлсийг цүнхлээд авч гарахад бэлдсэн байсан..." гэсэн мэдүүлэг /1 хх 44-46 дугаар хуудас/,

 

     Гэрч Ц.Энхболд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2016 оны 02 дугаар сарын 07-ны өдөр би 57 дугаар байрны 4 дүгээр орцны үүдэн дээр машинаа угаагаад зогсож байтал манай байрны 114 тоотод оршин суугч Мөнхням над руу залгаад “Энхболд ахаа манай гэрт хулгай орсон байна та манай гэр рүү ороотохдоо Цэрэннадмид надруу залгаад байна” гэж хэлэхээр нь би шууд гүйгээд орц руугаа ороод 2 давхарт 114 тоот үүдэнд очиход хаалга нь онгорхой байсан. Яваад ортол үүдний коридорт нэг танихгүй халзан толгойтой 25 орчим насны хар куртка, хар өмдтэй залуу Мөнхнямын хүү Цэрэннадмидтай ноцолдоод зогсож байсан, би тэгэхээр нь "Юун хүн бээ яагаад ороод ирсэн юм" гэхэд тэр залуу "Ахаа уучлаарай" гээд, би явлаа намайг явуулчих гээд байсан, тэр залуугийн хөлс нь гоожсон Цэрэннадмидтай зууралцсан зогсож байсан, намайг ороход надтай хамт зууралдаад, Төгөлдөр уйлчихсан чичирсэн байсан, гарын хүлээсийг нь тайлсан байсан, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэсэн мэдүүлэг /1 хх 48-49, 51 дүгээр хуудас /,

 

     Насанд хүрээгүй гэрч Д.Наранзаяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "... 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэртээ эгч Бадамгарав, дүү Билгүүн, Энхтэмүүлэн нарын хамт байж байхад манай хаалгыг тогшсон, би тэгэхээр нь аав ээжийгээ ирж байна гэж бодоод хаалгаа онгойлгоод өгтөл нэг эрэгтэй хүн "Том хүн байна уу" гэж асуусан, би байгаа гэхэд хаана байна гэж асуусан, би тэгэхээр нь "Эгч, дүү 2 унтаж байгаа" гэхэд тэр хүн манай гэрт орж ирээд "Аавын чинь найз байна" гээд том өрөөнд ороод ханын стенкийг онгойлгоод юмнууд авч үзэж байгаад Бадамгарав эгчийн цүнхийг аваад энэ юу юм гэхээр нь би эгчийн цүнх гэтэл ахын дүү яваад савангаа аваад ир гэхээр нь савангаа аваад ирэхэд тэр хүн эгчийн цүнхийг аваад миний өгсөн саванг аваад гараад явсан. Ногоон өнгийн малгайтай цамцтай, хар өнгийн куртиктэй, халзан толгойтой, хар өнгийн даавуун өмд өмссөн байсан. Ханын стенк дээр байсан ээжийн бөгж, эгчийн цүнх зэргийг миний харсанаар авч гарсан.." гэсэн мэдүүлэг /1 хх 77-78 дуггар хуудас/,

 

     Иргэний нэхэмжлэгч Г.Билгүүн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "... өдрийг нь санахгүй байна, ажлын Бадамгараваар дамжуулаад нэг залуугаас самсунг галакси эс-3 загварын гар утсыг 70000 төгрөгөөр худалдан авсан, тэр залуу өөрөө надтай уулзаж мөнгө авсан бөгөөд би гар утсаа хаанаас, хэнээс авсан талаар асуухад Теди төв дээр лангуутай гэж хэлсэн. Тэгээд би саяхан цагдаагийн байгууллагаас тэр хүнийг гэмт хэрэг хийж олсон гар утасаа надад зарсан гэдгийг мэдээд ирж хураалгахаар болсон юм. Тэгээд манай эхнэр тэр утасыг бариад эмнэлэгт хэвтэж байхдаа эргэлтийн хэсэгт сандал дээр тавиад алга болгочихсон. Би эхнэрийн хамт эмнэлэгийн камерыг шүүж үзсэн ч олдоогүй, хохирлын мөнгө төгрөг нэхэмжлэхгүй..." гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 214-215 дугаар хуудас/,

 

     Гэрч Н.Нандин-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "... 2016 оны 1 сард байх яг хэзээ гэдгийг нь санахгүй байна, хамт ажилдаг Бадамгаравт хямдхан гар утас худалдаж авах талаар хэлж байсан бөгөөд Бадамгарав “хямдхан гар утас зарах хүн ирсэн байна, хүрээд ирээч” гэсэн, очиход намхандуу нуруутай залуу ирээд самсунг галакси эс-3 маркийн гар утас үзүүлсэн, гар утсыг би аваагүй Билгүүн авсан. Ихбаяр овогтой Бархас гэдэг хүний иргэний үнэмлэхийн лавлагааны зургийг сайн харлаа, энэ хүн Бадамгаравын ажил дээр ирээд самсунг эс-3 загварын гар утас үзүүлсэн хүн мөн байна. Энэ хүн Теди дээр лангуутай гэж хэлсэн..." гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 216 дугаар хуудас/,

     Гэрч Б.Бадамгарав мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2016 оны 01 дүгээр сарын үеэр байх би өөрийн ажил дээрээ байхад гаднаас үл таних шардуу царайтай, залуу ганцаараа орж ирсэн, надаас “хямдхан гар утас авах уу” гэж хэлж байсан, би “одоогоор авахгүй” гэхэд тэр залуу “хэд хоногоос би өөрөө ярья үүнээс өөр хямдхан утаснууд надад олдоно, би өөрөө Теди дээр лангуутай” гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш хэд хоног нөгөө залуу над руу залгаад байсан, тэгэхээр нь Билгүүн хямдхан гар утас сонирхоод байсан болхоор нь хэлсэн. Билгүүн, Нандиа хоёр гар утас үзье гэхээр нь тэр залууг дуудсан. Тэр залуу бараг 3 цагийн дараа ирээд надад одоо байгаа нь энэ гар утас байна, бусад гар утаснуудаа зарчихлаа гэж хэлээд цагаан өнгийн самсунг эс-3 маркийн гар утас гаргаж ирж үзүүлсэн бөгөөд тэр гар утсыг Билгүүн үзэж байгаад авсан. Би энэ Ихбаяр овогтой Бархас гэдэг хүний иргэний үнэмлэхний лавлагааны зургийг сайн харлаа, энэ хүн манай ажлын газрын Билгүүнд гар утас зарсан хүн мөн байна..." гэсэн мэдүүлгээр /1 хх-ийн 217 дугаар хуудас/

 

Гэрч Б.Сүхнаран хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: “…шүүгдэгч И.Бархас шүүх хуралдаан эхлээд 37 минут орчимын дараа баруун гарынхаа эрхий хурууны хумсаар хүзүүгээ 2-3 удаа урсан энэ үйлдлийг таслан зогсоож ажилласан. Тэгээд И.Бархасын шүүх хурал хойшилсон. Би шүүх хурал эхлэхээс өмнө 13.40 минутад И.Бархасын биед үзлэг хийж албадан саатуулах байрнаас шүүхийн танхимд оруулсан…” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 194 дүгээр хуудас/,

 

Гэрч Т.Баяртогтох хэрэг бүргэлтэнд мэдүүлэхдээ: “…13.40 минутын үед ахлагч Сүхнаран Бархасын хурал болох гэж байна гээд түр саатуулах байранд орж ирээд биед нь үзлэг хийгээд гарыг нь ард нь гавлаад аваад явсан. Тэгээд хамгаалалтын офицер орж ирээд И.Бархас хоолойгоо зүсчихлээ гэсэн. Тэгээд удалгүй 103-ийн эмч нар ирж оёдол тавьж өгсөн…” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 195 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹02/199 дугаартай шинжээчийн дүгнэлт:

Шинжилгээнд "Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, "Хоум лэйнд хотхоны 103/2-54 тоотод хулгай орсон" гэх бичигтэй гарын мөр бүхий 2 хуудас цаас задгайгаар ирүүлсэн байна.

Шинжилгээнд хэргийн газраас ирүүлж, бэхжүүлж авсан 1,2,7,11,17 дугаартай 5 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ.

Шинжилгээнд тэнцсэн 1,2,7,17 гэсэн дугаартай мөрүүд нь нэгдсэн санд хадгалагдаж байгаа ММ0000ӨРШ02240 бүртгэлийн дугаартай Ихбаяр овогтрй Бархасын баруун гарын долоовор хуруу, дунд хуруу, ядам хурууны дардастай тус тус тохирч байна гэжээ. /хх-ийн 123-124 дүгээр хуудас/

 

Зураг таньж олуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургууд:

Таниулгыг 3 эгнээнд /А.Б.В/ гэж дугаарласан нийт 15 хүний цээж зургийг наасан тэмдэглэлийг эгнээ тус бүрээр нь 1-5 хүртэл дугаарлан бэлтгэв.

Насан хүрээгүй хохирогч М.Мөнх-Ананд бэлтгэсэн зурагнуудыг ажиглаж үзэж байгаад "В" эгнээний 4 дугаартай хүний зургийг зааж "миний гар утсыг авч дээрэмдсэн хүн мөн байна, би энэ хүний зургийг хараад шууд таньж байна..." гэв. М.Мөнх-Анандын заасан "В" эгнээний 4 дугаартай хүний зураг нь Ихбаярын Бархасын зураг байсныг тэмдэглэлд тусгав...” гэжээ /1 хх-ийн 15, 218-219 дүгээр хуудас/

 

Шүүх сэтгэц, эмгэг судлалын дүгнэлт: “...Дүгнэлт:

  1. И.Бархас нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байсан байна. Тухайн үед өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгож мэдэж удирдах чадвартай байсан байна.
  2. И.Бархас нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байсан байна.
  3. И.Бархас одоо сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна, хэрэг харицах чадвартай байна.
  4. И.Бархас нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. И.Бархаст албадан эмчилгээ шаардлагагүй байна.
  5. И.Бархас нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Болсон байдлыг зөв тусган авч, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна...” гэжээ /1 хх-ийн 222 дугаар хуудас/

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн хяналтын камер К-5-2 үзлэг хийхэд уг камер нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 15 дугаар байрны буланг хянаж байх ба үзлэгийг 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 18 цаг 07 минутанд 17 секундэд шүүж үзэхэд 15 дугаар байрны булангаас хохирогч үүргэвч үүрээд гарч ирж байх ба түүний хойноос өндөр, нас тодорхойгүй, бараан өнгийн малгай, хар өнгийн богино куртик өмссөн, баруун хөл нь хазгар эрэгтэй хүн дагаж явж байгаа талаар камерын бичлэгт үлдсэн байна. Цагаан өнгөтэй СД-ийг уншуулахад эхний 8 секундэд дээрхи бичлэгийг давтаж бичсэн үзлэгийн явцад өөр ач холбогдол бүхий зүйл байхгүй байлаа. Бичлэгийг цааш уншуулахад өмнөх бичлэгэн дээр байрны булангаас гарч ирж байсан цайвар өнгийн өмд малгайтай хар өнгийн куртиктэй, хар өнгийн цүнх үүрсэн залуу хохирогч Мөнх-Ананд гэх цайвар өнгийн хувцастай хар өнгийн үүргэвчтэй 14-15 насны хүүхдийг явуулахгүй хориглож байгаа билэг харагдах ба хар өнийн куртик, цайвар өнгийн өмд, малгайтай, хар өнгийн цүнх үүрсэн залуу тонгорч унагаж, дээрээс нь цохиж татаж босгон суулгаж байснаа цүнхийг нь онгойлгож ухаж үзэж байгаа бичлэг бичигдсэн байх бөгөөд хүүхдийг босгож бичлэгийн баруун булан хэсэг рүү дагуулж яваад хашааны хаалгаар оруулах ба тэр залуу нааш цааш алхах бичлэг байна..." гэжээ /1 хх-ийн 92-94 дүгээр хуудас/

 

Эд зүйлийн үнэлгээ /1 дүгээр хх-ийн 11, 69, 105, 212-213 дугаар хуудас/

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 5/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 хх 12-14/,  эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх 17,19/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 хх 34, 59/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 60/, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 62-63/, шүүгдэгч И.Бархасын иргэний үнэмлэхний лавлагаа /1 хх 158/, ял шийтгэл шалгасан хуудас /1 хх 159/, хувийн байдлыг тогтоосон баримтууд /1 хх 185-195/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2 хх 182/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх 183/, хэрэг бүртгэгчийн тэмдэглэл /2 хх 196/, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх 200-202/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2 хх 237-238/ болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч И.Бархас нь:

 - 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байрлах Ерөнхий боловсролын 45 дугаар сургуулийн гадаа саравчинд насанд хүрээгүй хохирогч Т.Тэргэл, О.Хүслэн, Б.Билгүүн, А.Баярхүү нарыг “Мафийн гишүүн байна, та нар миний үгэнд орохгүй бол та нарыг хүний наймаанд авч явна, гар утаснуудаа гаргаж өг” гэх зэргээр айлган сүрдүүлж, Т.Тэргэл, А.Баярхүү нарыг цохих зэргээр амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж насанд хүрээгүй хохирогч Т.Тэргэлийн “Айфоне 5” загварын гар утас, “Каран” гэсэн бичиг бүхий бугуйн цаг, бэлнээр 8000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч А.Баярхүүгийн “Айфоне 5 эс” загварын гар утас, бэлнээр 3000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч О.Хүслэнгийн “Самсунг галакси эс 3” загварын гар утас, бэлнээр 3000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Б.Билгүүний “Самсунг гранд приме” загварын гар утас бэлнээр 4000 төгрөг зэрэг эд хөрөнгийг дээрэмдэж нийт 1.158.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 57-114 тоотод 9 настай М.Төгөлдөрийг гэртээ байх үед нь “Агаа нь байна “ гэж хэлж ороод “... дуугүй байгаарай, 2 нүдийг чинь сохлоно шүү юмаа зааж өгөхгүй бол ална шүү” гэж айлган сүрдүүлж, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн, эд зүйлээ өгөхгүй хэмээн зууралдахад нь компьютерийн цэнэглэгчээр гарыг нь хүлэн хүч хэрэглэн “Гарнет” загварын хос пүүз, “Айсер” маркын зөөврийн компьютер, “Инвигта” брендийн бугуйн цаг, бэлэн 40.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг дээрэмдэж нийт 810.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 160 дугаар цэцэрлэгийн хашаан дотор насанд хүрээгүй иргэн М.Мөнх-Анандыг дагуулж явсаар 160 дугаар цэцэрлэгийн хашаан дотор оруулан “...утсаа гаргаад ир, би атаман байна, чамд мөнгө байна уу?...” хэмээн айлган сүрдүүлж, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн, түлхэж унаган толгой, бие хэсэгт цохиж хүч хэрэглэн цүнхийг нь авч дотор нь байсан 2000 төгрөг, самсунг галакси эс 3 загварын гар утас зэрэг эд хөрөнгийг дээрэмдэж 142.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Хоум Лэйнд” хотхоны 103 дугаар байрны 54 тоотод насанд хүрсэн Б.Бадамгаравыг 2 настай Д.Энхтэмүүлэнгийн хамт унтаж байхад нь бага насны буюу 9 настай Д.Наранзаяа, 5 настай Д.Билгүүн нар гэрийн хаалгаа нээж тэдгээр нь болсон үйл явдлыг мэдрэхгүй, ойлгож мэдэхгүй, зөв тодорхойлж, илчлэх чадваргүй байдлыг далимдуулан гэрт нь орж, эд зүйлсийг дураараа үзэж “аавын чинь найз нь байна, аав чинь саван аваад ирээ гэж байна” гэж Д.Наранзаяа, Билгүүн нараар аливаа үйлдлийг хийлгэж хохирогч С.Золжаргалын шар өнгийн бөгж, хохирогч Б.Бадамгаравын гар утсан цаг, цүнх, цүнхэнд байсан биет 235.000 төгрөг, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх ажлын түлхүүрүүд, ажлын үнэмлэх, цагаан өнгийн эмэгтэй хүний шинэ дээл, хар өнгийн юбка, сэлфиний гар, бор өнгийн хэтэвч зэрэг эд зүйлсийг хулгайлан хохирогч С.Золжаргалд 200.000 төгрөг, хохирогч Б.Бадамгаравт 235.000 төгрөг, нийт 535.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус бүрийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, насанд хүрээгүй хохирогч Т.Тэргэл, А.Баярхүү, О.Хүслэн, Б.Билгүүн, М.Төгөлдөр, М.Мөнх-Ананд, хохирогч Б.Бадамгарав, С.Золжаргал, иргэний нэхэмжлэгч Г.Билгүүн нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, насанд хүрээгүй гэрч Д.Наранзаяа, гэрч М.Цэрэннадмид, Ц.Энхболд, Н.Нандин-Эрдэнэ, Б.Бадамгарав нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, ШШҮХ-ийн №02/199 дугаар шинжээчийн дүгнэлт, насанд хүрээгүй хохирогч М.Мөнх-Анандаар зураг таньж олуулсан тухай тэмдэглэл, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ болон хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж буй шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...”, 2 дахь хэсэгт “...“…үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэж зохицуулжээ.

 

Ийнхүү 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлд заасан “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд саад учруулах ” гэмт хэргийг шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуульд тодорхойлон зохицуулаагүй тул шүүгдэгч И.Бархасын эрх зүйн байдлыг дээрдүүлж 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан “тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон” үндэслэлээр түүнд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Мөн шүүгдэгч И.Бархасын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан ял нь шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ялаас хүндрүүлэн зохицуулсан тул шүүгдэгчийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн тус холбогдох зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул хэргийн зүйлчлэлийг нийцүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч И.Бархасыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлон дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлан авч 535.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шүүх шийдвэрлэв.   

 

Улсын яллагчаас  “...шүүгдэгч И.Бархасын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцогдохгүй болсон ба харин Зөрчлийн тухай хуулийн 15.5-д зааснаар захиргааны хариуцлага тооцуулах үндэслэлтэй...” гэсэн саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Учир нь шүүгдэгчийн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт заасан үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэдий ч прокурор түүний тухайн үйлдлийг зөрчилд тооцуулж, захиргааны хариуцага хүлээлгэх шаардлагатай гэвэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу холбогдох ажиллагааг явуулсаны дараа зохих арга хэмжээг авах нь хуульд нийцэх тул шүүх уг асуудлыг шийдвэрлэх боломжгүй юм.

 

Нөгөөтэйгүүр шүүгдэгч И.Бархасын дээрх үйлдэл нь 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гарсан ба 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөн хэрэгжиж буй Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудад тухайн зөрчлийн шинжтэй үйлдлийг хэрхэн шийдвэрлэхийг анхаарах нь зүйтэй.

 

Шүүгдэгч И.Бархас нь урьд 2 удаа нэг төрлийн, хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн байх ба сүүлд Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 34 дугаартай Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 34 дугаартай шүүгчийн захирамжаар "Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан "Өршөөл үзүүлэх тухай" хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар түүний 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж эдлээгүй үлдсэн 01 сарын хорих ялаас өршөөгдөж 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр суллагдсан байна.

 

Шүүх шүүгдэгч И.Бархаст ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт /өмчлөх эрхийн эсрэг/ заасан санаатай гэмт хэргийг 2 удаа үйлдсэн, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй буюу насанд хүрээгүй, бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Харин шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг нь хэрэгт цугларсан нотлох баримтын агуулгаас онцын зөрүүгүй мэдүүлж, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч И.Бархасаас хохирлын 285.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Бадамгаравт 143.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч М.Мөнх-Ананд түүний хууль ёсны төлөөлөгч Т.Батбилэг нарт 142.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн цүнх, бор хэтэвч, 20000 төгрөг 2 ширхэг, 100 төгрөг 7 ширхэг, 50 төгрөг 2 ширхэг, 20 төгрөг 13 ширхэг, 10 төгрөг 4 ширхэг, 5 төгрөг 3 ширхэг, түлхүүр 5 ширхэг, шар өнгийн нокиа маркийн гар утас 1 ширхэг, “Хаан” виза карт 1 ширхэг, хар өнгийн NBA бичигтэй бугуйн цаг, хар өнгийн утасны цэнэглэгч 1 ширхэг зэрэг нь хэрэгт ач холбогдолгүй тул хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож, бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

 

Мөн шүүгдэгч И.Бархасын 447 хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Прокуророос шүүгдэгч Ихбаярын Бархасыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5 дах хэсэгт зааснаар “тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

Прокуророос шүүгдэгч Ихбаярын Бархаст 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг, Шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус нийцүүлэн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч И.Бархасыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлон дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас 535.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Шүүгдэгч И.Бархасыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг  журамлан шүүгдэгч И.Бархаст оногдуулсан 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял дээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 05 /тав/ жилийн хугацаагаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Бархаст оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Бархас 447 /дөрвөн зуун дөчин долоо/ хоног, цагдан хоригдосныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тоолсугай.

         

7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 5 ширхэг түлхүүр, хар өнгийн цүнх, бор хэтэвч, хар өнгийн NBA бичигтэй бугуйн цаг, хар өнгийн утасны цэнэглэгч 1 ширхэг, 20000 төгрөг 2 ширхэг, 100 төгрөг 7 ширхэг, 50 төгрөг 2 ширхэг, 20 төгрөг 13 ширхэг, 10 төгрөг 4 ширхэг, 5 төгрөг 3 ширхэг зэргийг И.Бархаст буцаан олгож, 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээсүгэй.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч И.Бархасаас хохирлын 285.000 /хоёр зуун наян таван мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Баянзүрх дүүргийн 25-р хороо, Хоум Лэйнд хотхоны 103-2-54 тоотод оршин суух Далай шонхор овогт Баасанжавын Бадамгаравт /РД:РЭ 90031328/ 143.000 /нэг зуун дөчин гурван мянга/ төгрөг, насанд хүрээгүй хохирогч Баянгол дүүргийн 1-р хороо Алтай хотхоны 14-136 тоотод оршин суух Баяхан Хуйцай овогт Мөнх-Алдарын Мөнх-Ананд, хууль ёсны төлөөлөгч Т.Батбилэг нарт 142.000 /нэг зуун дөчин хоёр мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

 

10. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч И.Бархаст авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

 11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

12. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Бархаст урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ДУЛАМСҮРЭН

 

                     ШҮҮГЧИД                                     Ү.ТҮМЭНЖАРГАЛ

                                                  

                                                                       С.ОЮУНЧИМЭГ