| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2024/00310/И |
| Дугаар | 152/ШШ2024/00276 |
| Огноо | 2024-06-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 152/ШШ2024/00276
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т.Ц-ын,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ш.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.Ц нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
1.1. Миний бие 1963 онд төрсөн. 61 настай. Би цэргээс ирээд 1987 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс Увс аймгийн Барилга угсралтын трестэд ажиллаж байгаад 1992 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүртэл мужаанаар ажиллаж байгаад Увс аймгийн Барилга угсралтын трест хувьчлагдаж Өргөө ББХК болоход үргэлжлүүлэн 1995 оны 4 дүгээр сар хүртэл мужаанаар ажилласан. Миний Увс аймгийн Барилга усралтын трестэд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацааны цалин авч байсан цалингийн тодорхойлолт гарч ирсэн. Мөн хөдөлмөрийн дэвтэрт бичилтүүд бүрэн байгаа боловч ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй байгаа тул шүүхэд хандсан. Иймд Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1987 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүртэл мужаанаар, Өргөө ББХК-нд 1992 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал мужаанаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үүгэжээ.
2. Нэхэмжлэгч нь өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гаргасан 147 дугаар тодорхойлолт, Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан Т.Ц-ын Барилга угсралтын трестэд 1987 оны 9-12, 1988 оны 1-12, 1989 оны 1-12, 1990 оны 1-12 дугаар саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өгсөн зөвлөмжийн хуудас, Т.Ц-ын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Увс аймгийн Архивын тасгаас 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гаргасан 175 дугаар тодорхойлолт, Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1987 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 372 дугаар Ажилд томилох тухай тушаал, Увс аймгийн Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1992 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 21 дүгээр Барилга угсралтын трестийн хувьчлалын төсөл хэлэлцэх тухай тогтоол, хамт олноороо авахуулсан гэх фото зураг, Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гаргасан архивын лавлагаа, Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гаргасан Т.Ц-ын Өргөө ББХК-нд 1995 оны 1-5 дугаар саруудад төлсөн шимтгэл төлөлтийн лавлагаа, Ч.Н-ийн иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ц.Н-ийн иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
3. Шүүхээс Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 322 дугаар албан бичгийн дагуу ирүүлсэн ХААТР-1 маягт, иргэний хаягийн хуудас №7, Барилга угсралтын Өргөө компани /ББХК/ нь 1992 оны 03 дугаар сарын 19-нд улсын бүртгэлд бүртгэгдсэн гэх тодорхойлолт, гэрч Ч.Н, Ц.Н нараас мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Т.Ц-ын Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1987 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүртэл мужаанаар, Өргөө ББХК-нд 1992 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал мужаанаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн хуулийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч Т.Ц-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
Т.Ц нь ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй тул ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.
Барилга угсралтын Өргөө ББХК нь 1992 оны 03 дугаар сарын 19-нд улсын бүртгэлд бүртгэгдсэн болох нь Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ирүүлсэн тодорхойлолтоор тогтоогдож байна.
3. Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1987 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 372 дугаар Ажилд томилох тухай тушаалаар Т.Ц-ыг мужаанаар 1987 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн томилжээ.
Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан Т.Ц-ын Барилга угсралтын трестэд 1987 оны 9-12, 1988 оны 1-12, 1989 оны 1-12, 1990 оны 1-12 дугаар саруудад ажиллаж авч байсан цалинг түүвэрлэн ирүүлжээ.
Т.Ц-д БӨ аймаг дахь барилын ТМС-иас 1980 оны 06 дугаар сарын 30-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт ...05. 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдав, 06. 1987 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хугацаа дуусч бэлтгэлээр чөлөөлөв, 07. 1987 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Барилга трестийн нэгдсэн бригадад мужаанаар томилон ажиллуулав, 08. 1995 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Барилгын Өргөө ББХК-ны мужааны ажлаас чөлөөлөв гэх бичилтүүд хийгдэж, тамга дарагдсан байх тул нотлох баримтаар үнэлэв.
Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулсан, Т.Ц-ын ХААТР-1 маягтад ажилладаг байгууллага Барилга угсралтын трест, эрхэлдэг ажил мужаан, 1980 онд ажилд орсон гэж, хаягийн хуудас №7-д 1980 оны 10 дугаар сарын 24-ний өдөр БУТ-д мужаан гэж тус тус тэмдэглэжээ.
Мөн Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гаргасан Т.Ц-ын ажиллаж байсан Өргөө компани нь шимтгэл төлөлтийн тайлан /НД-16/-аар 1993 онд тус хэлтэст нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан болно гэх архивын лавлагаа, Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гаргасан Т.Ц-ын Өргөө ББХК-нд 1995 оны 1-5 дугаар саруудад төлсөн шимтгэл төлөлтийн лавлагаа тус тус авагджээ.
4. Шүүхээс гэрч Ч.Н, Ц.Н нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Ч.Н Би 1983 онд Улаангом сумын нэгдүгээр арван жилийн сургуулийг 8 анги төгсөөд, 1983 Завхан аймгийн Барилгын техник мэргэжлийн сургуульд элсэж, 1986 онд барилгын шаварчин, будагчин мэргэжлээр төгссөн. 1988 онд Увс аймгийн Барилга угсралтын трестын нэгдсэн дөрөвдүгээр бригадад барилгын 60 айлын орон сууц барьж байхад засалчнаар ажилд орсон. Би 1988 Увс аймгийн Барилга угсралтын трестын нэгдсэн дөрөвдүгээр бригадад ажилд ороход Т.Ц барилгын мужаанаар ажилладаг байсан. 1984 онд цэргийн албанд татагдаж, 1987 онд халагдаж ирсэн. Увс аймгийн Барилга угсралтын трестын нэгдсэн дөрөвдүгээр бригад 1991 онд Өргөө ХК болсон. 1995 онд Увс аймгийн Өргөө ХК хувьчлагдаад тарсан тул Т.Ц бид 1995 он хүртэл хамт ажилласан гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Барилга угсралтын трестэд ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрч Ц.Н Би 1980 онд Увс аймгийн Сагил суманд 8 анги төгссөн. 1980 онд Сэлэнгийн аймгийн Цагаан толгойн техник мэргэжлийн сургуульд элсэж, 1982 онд трактарчин мэргэжлээр төгссөн. 1985 онд Увс аймгийн Барилга угсралтын трестэд барилын туслахаар ажилд орсон. 1986 онд 45 хоногийн барилгын курсийг засалчнаар төгссөн. Т.Ц 1984 онд цэргийн албанд татагдаж 1987 онд цэргийн албанаас халагдаж ирсэн. Халагдаж ирээд Увс аймгийн Барилга угсралтын трестын нэгдсэн дөрөвдүгээр бригадад мужаанаар ажилд орсон. Увс аймгийн Барилга угсралтын трест 1991 онд Өргөө ХК болсон. Өргөө ХК 1995 онд тарсан тул Т.Ц бид 1995 он хүртэл ажилласан гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Барилга угсралтын трест болон Өргөө компанид тус тус ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус нотлогдож байх тул гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
5. Нэхэмжлэгч Т.Ц нь Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1987 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүртэл мужаанаар, Өргөө ББХК-нд 1992 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал мужаанаар тус тус ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан Т.Ц-ын Барилга угсралтын трестэд 1987 оны 9-12, 1988 оны 1-12, 1989 оны 1-12, 1990 оны 1-12 дугаар саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1987 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 372 дугаар Ажилд томилох тухай тушаал, Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гаргасан архивын лавлагаа, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулсан, Т.Ц-ын ажилладаг байгууллага Барилга угсралтын трест, эрхэлдэг ажил мужаан, 1980 онд ажилд орсон гэж тэмдэглэсэн ХААТР-1 маягт, 1980 оны 10 дугаар сарын 24-ний өдөр БУТ-д мужаан гэж тэмдэглэсэн хаягийн хуудас №7-д, гэрч Ч.Н, Ц.Н нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтаар нотлогджээ.
6. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Т.Ц-ын Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1987 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүртэл мужаанаар, Өргөө ББХК-нд 1992 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал мужаанаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Ц-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
8. Нэхэмжлэгчээс гаргаж ирүүлсэн хамт олноороо авхуулсан гэх фото зураг нь хэдэн онд авхуулсан, ямар хүмүүстэй авхуулсан нь тодорхойгүй байх тул үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар О овогт Т.Ц-ын Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1987 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүртэл мужаанаар, Өргөө ББХК-нд 1992 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал мужаанаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Ц-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР