| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2019/00489/и |
| Дугаар | 2170 |
| Огноо | 2019-12-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 2170
“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/01907 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “В” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдох,
Хохиролд 31 883 524 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Ц.Ганболд,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Раашзэвэг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Борхүү, Д.Гантөмөр,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.
Нэхэмжлэгч төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага Плоотой хамтран “В” ХХК-аас 2008 онд зээлийн гэрээ байгуулж, 120 000 000 төгрөгийн зээл авсан. Плоогийн 2010 оны 02 дугаар сарын 05-ны өдөр зээлийн төлбөрт төлсөн 31 429 076 төгрөгийг зээлийн төлбөрөөс хасч тооцолгүй зээл, хүү, алдангийг 89 178 431 төгрөг гэж шүүх тодорхойлон шийдвэрлэсэн.
Улсын Дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 27 тоот тогтоолоор 31 429 076 төгрөгийн сарын хүүг 754 293 төгрөг, 39 сарын хүүг 29 417 622 төгрөг гэж тогтоон “В” ХХК-аас гаргуулж, “М” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн боловч, үүнд ногдох нэмэгдүүлсэн хүүг тооцолгүй орхигдуулсан. Иймд 29 417 622 төгрөгт ногдох илүү төлсөн нэмэгдүүлсэн хүү 5 883 524 төгрөгийг нэхэмжилж байна.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газарт 2017 онд “М” ХХК-ийн захирал Ц.Ганболд 31 000 000 төгрөгтэй холбоотой эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэрэгсэхгүй болсон. Уг эрүүгийн хэрэгт өмгөөлөгч Ц.Раашзэвэгтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулж, өмгөөллийн хөлсөнд 8 000 000 төгрөг төлсөн,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 01214 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1872 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 000027 дугаар тогтоолтой иргэний хэрэгт Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг өмгөөлөгч Ц.Раашзэвэгтэй 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулж өмгөөлөгчийн хөлсөнд 7 000 000 төгрөг төлсөн,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 01201 дугаартай шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1818 дугаар магадлал, хяналтын шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 00082 дугаар тогтоолтой иргэний хэрэгт өмгөөлөгч Ц.Раашзэвэгтэй 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гэрээ байгуулж, өмгөөлөгчийн хөлсөнд 5 000 000 төгрөг төлсөн.
Мөн өнөөдрийн шүүх хуралдаанд хууль зүйн зөвлөгөө өгч, гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр оролцож өмгөөллийн хөлс 6 000 000 төгрөг төлсөн.
Иймд хариуцагч “В” ХХК дахь банкны эрх хүлээн хүлээн авагчаас гэм хорын хохиролд нийт 31 883 524 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Нэмэгдүүлсэн хүү 5 883 524 төгрөг гаргуулах шаардлага үндэслэлгүй. Учир нь 29 700 552 төгрөгт ногдох 58 сарын хүү юм байна. Нэхэмжлэгч өөрөө энэ дүнгээс 20 хувиар нэмэгдүүлсэн хүү буюу алданги гэж тооцон 5 940 110 төгрөг, 29 864 253 төгрөгт 84 сарын хүүд ногдох алданги 20 хувь буюу 5 972 854 төгрөг нийт 35 640 663 төгрөг, үүн дээр 35 837 103 төгрөг нэмж нийт 71 477 767 төгрөг нэхэмжилсэн байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасган, 52 735 004 төгрөг гаргуулахаар шаардсан байдаг.
Хэргийг 3 шатны шүүх шийдвэрлэсэн. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 01214 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1872 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 00027 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн ба Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсгийг баримтлан В ХХК-аас хохиролд 29 417 622 төгрөгийг гаргуулах, нэхэмжлэлээс 23 317 382 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн дүн 52 735 004 төгрөгт дүгнэлт хийн 23 317 382 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Шүүх нэмэгдүүлсэн хүү 5 883 524 төгрөгийг шийдвэрлээгүй, орхигдуулсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. Ц.Ганболдын хэд хэдэн үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан.
Плоо нарт 31 429 076 төгрөгийн хохирол учруулсан гэх эрүүгийн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгож, зарим үйлдэлд нь гэм буруутай гэсэн дүгнэлт хийсэн.
Эрүүгийн хэрэгт өмгөөлөгч оролцсон, хилсээр эрүүгийн хэрэгт татагдсан гэж үзэж байсан бол үүнийг улсаас нэхэмжлэх ёстой. Өөрөөр хэлбэл хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын үйл ажиллагаанаас учирсан гэм хорын асуудал тусдаа яригдана.
Нэхэмжлэгч иргэний хэрэгт өмгөөлөгчөөр оролцсон өмгөөллийн хөлс 7 300 000 төгрөг гаргуулах тухай шаардлага багтсан байсан ба хяналтын шатны шүүх дүгнэлт хийж, өмгөөллийн хөлсийг шийдвэрлэсэн. Нэгэнт шийдвэрлэсэн асуудлаар дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Нэхэмжлэгч өмгөөлөгчийн хөлс шаардсан нэхэмжлэлдээ өмгөөлөгч Ц.Раашзэвэгтэй 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр, 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр тус тус байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, өмгөөлөгчийн хөлсөнд 5 000 000, 6 000 000 төгрөг тус тус бэлэн төлсөн гэх баримтыг хавсаргаж өгсөн.
Өмгөөлөгчид бэлэн мөнгө өгсөн гэх баримт нь хэрэгт нотолгооны ач холбогдолтой баримт гэж үзэхгүй. Өмгөөлөгчийн хөлс төлсөн гэх баримтууд нь “М” ХХК-ийн санхүүгийн баримтаар давхар нотлогдсон тохиолдолд уг баримтаа шүүхэд гаргаж өгөх ёстой. Иймд эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, үйлчилгээний хөлс төлсөн гэх баримтууд нь эргэлзээтэй, тодорхой бус байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “В” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдох 31 883 524 төгрөг гаргуулах тухай “М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.4-д зааснаар нэхэмжлэгч “М” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 317 368 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Манай компани Плоотой хамтран 2008 онд “В” ХХК-аас 12 000 000 төгрөгийн зээл авсан. Гэтэл Плоо өөрийн зээлийн төлбөрт 2010 оны 02 сарын 05-ны өдөр төлсөн 31 429 076 төгрөгийг “В” ХХК завшсанаас маргаан үүсч, иргэн Плоо гомдол гарган намайг эрүүгийн хэрэгт шалгуулсан. Тухайн үед өмгөөлөгч Ц.Раашзэвэгт уг хэргийг танилцуулж, 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гэрээ байгуулж, 8 000 000 төгрөг бэлнээр төлсөн.
Хэрэг шалгах явцад “В" ХХК үндэслэлгүй их хэмжээний төлбөр нэхэмжилж Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 912 магадлал, Улсын Дээд шүүхийн 2013 оны 104 тогтоол гаргуулж мөнгө завшсан нь тогтоогдож, Чингэлтэй дүүргийн хяналтын прокурор П.Нямцэцэг “Плоог хуурч, 31 429 076 төгрөг залилсан” гэх хэргийг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 74 тогтоолоор гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.
Өмгөөлөгч Ц.Раашзэвэгтэй 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр, 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр, 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр тус тус байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, өмгөөлөгчийн хөлсөнд 7 000 000, 5 000 000, 6 000 000 төгрөгийг тус тус бэлэн төлсөн.
“В” ХХК 31 429 076 төгрөг завшиж, үндэслэлгүй шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол гаргуулснаас манай компани өмгөөлөгчид нийт 26 000 000 төгрөг төлж хохирсон.
Манай компани “В” ХХК-аас гэм хорын хохирол нэхэмжлээгүй, алданги гэж үндэслэлгүй гаргуулсан 5 883 524 төгрөг, эрүүгийн хэрэгт хууль зүйн зөвлөгөө, өмгөөлөгч авсан 8 000 000 төгрөг, иргэний хэргүүдэд өмгөөлөгч авсан 18 000 000 төгрөг, нийт учирсан хохирол 31 883 524 төгрөг нэхэмжилсэн.
Анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж дүгнэн Улсын Дээд шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 82 дугаар тогтоолоор өмгөөллийн хөлс 1 000 000 төгрөг төлж шийдвэрлүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Манай байгууллагад учирсан хохирлыг төр биш “В” ХХК хариуцах нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, өмгөөлөгчид төлсөн 26 000 000 төгрөгийг “В” ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “В” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдуулан хохиролд 31 883 524 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “В” ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас хохирол учирсан гэж тайлбарлан 31 883 524 төгрөг гаргуулахаар нэхэмжлэхдээ үндэслэлийг үүргийн эрх зүйн харилцаанаас үүссэн зөрчилтэй холбогдуулан хохирол шаардсан эсхүл гэм хорын эрх зүйн харилцаанаас үүдэн гарсан хохирол шаардаж байгаа талаар тодруулсан, уг тодруулах ажиллагааг явуулсны үндсэн дээр талуудыг мэтгэлцүүлж шийдвэр гаргах байжээ.
Анхан шатны шүүхийн хэргийн оролцогч нарын мэтгэлцэх эрхтэй холбоотой гаргасан дээрх алдааг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/01907 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Э.ЗОЛЗАЯА