Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2020/0361

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн би, О.Б*******ы нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай” 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн зааг, хязгаар /солбицол, газрын зааг хязгаарын зураг/-ийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, илт хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн О.Б******* миний ашиглаж буй газрын газар ашиглах эрхийн гэрчилгээ цуцлагдсан тул хуульд заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзаж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

О.Б*******ы нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт “...нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “...Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй”, 66.2 дахь хэсэгт “...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана” гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

О.Б******* нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар “...Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй” талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж шүүгчийн захирамжийн үр дагавар тайлбарласан баримт дээр гарыг үсэг зурсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан О.Б*******ы нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай” 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн зааг, хязгаар /солбицол, газрын зааг хязгаарын зураг/-ийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, илт хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй талаар тайлбарласугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ                              Н.ДУЛАМСҮРЭН