Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 321

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

Улсын яллагч  З.Энхжаргал,   

Шүүгдэгч Д.Пагмаа, түүний өмгөөлөгч Д.Отгонсүрэн /ҮД: 0026/, шүүгдэгч Г.Дайриймаа, түүний өмгөөлөгч С.Чулуунцэцэг /ҮД: 2432/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

     Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Урануургачийхан овогт Давхарбаярын Пагмаа, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Ганбаатарын Дайриймаа нарт холбогдох эрүүгийн 201725020749 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, 1996 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Завхан аймагт төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Олон Улсын Улаанбаатар Их Сургуулийн 3 дугаар курсын оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Завхан аймгийн Улиастай сум 6 дугаар баг Өлзийт залгамжлагч 3-р гудамж 3-5 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн 6-р хороо 56-17 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Урануургачийхан овогт Давхарбаярын Пагмаа /РД: ИД96020704/

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Завхан аймагт төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, нөхөр, 1-5 насны 2 хүүхдийн хамт Завхан аймаг, Улиастай 6-р баг Өлзийт дэнжийн хэсэг гудамжны 0 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 47-600 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Монгол овогт Ганбаатарын Дайриймаа /РД: ИД92011101/

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Д.Пагмаа нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 47 дугаар гудамжны 600 тоот хашаанд байрлах нийтийн байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч О.Шийзаасүрэнгийн толгой тус газар нь сандлаар цохиж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч Г.Дайриймаа нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 47 дугаар гудамжны 600 тоот хашаанд байрлах нийтийн байранд "Т.Азжаргал хохирогч О.Шийзаасүрэнгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Пагмаа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй…” гэв.

 

Шүүгдэгч Г.Дайриймаа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд тодорхой ярьсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй…” гэв.

 

Эрүүгийн 201725020749 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Д.Пагмаа нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би Азжаргалын гэрт ирсэн нь үнэн би архи уугаагүй байсан. Би нэг пиво уусан Азжаргалын гэрт ирсэн нь үнэн хэрэгтэй согтуу байгаагүй. Зодоон болж байхад байхгүй байсан манай манай дүүг зодож байна гэхээр нь би гаднаас орж ирсэн. Манай дүүгийн үснээс нь зулгаасан газарт хэвтэж байгаад босож ирээд манай дүүгийн дээрээс дэвсээд дараа нь сандлаар манай дүүг зодсон би салгах гээд сандалыг нь булааж авах гээд ноцолдож байгаад Шийзаасүрэн бид хоёр хоёулаа газарт ойчсон газарт унахдаа би сандлыг нь булааж авсан юм. Энэ үед Азжаргал, Нямдорж, Гоомарал нар бүгд газарт унасан байдалтай байсан ганц Алтангоо хараад зогсож байсан. Би гарт байсан сандлаа шидсэн. Газарт хэвтэж байхдаа шидсэн. Газар хэвтэж байсан хүмүүсийн зүг рүү шидсэн гэхдээ хэн нэгнийг оноогүй. Жижиг дөрвөлжин модон сандал байсан. Зодоон болж байхад бүгд сандалд хүрсэн байх би түүнийг мэдэхгүй байна. Би Шийзаасүрэн рүү сандал барьж дайрсан зүйл байхгүй манай дүү Гоомарал миний гараас сандлыг салгаж авсан зүйл байхгүй. Энэ бол худлаа би дүүтэйгээ тийм зүйл ярисан юм байхгүй. Азжаргал ах зодоон болж байхад сандал барьсан гэхдээ сандлаар хүн цохисон эсэхийг хараагүй. Надад урд өгсөн сэжигтний мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Дайриймаа, Шийзаасүрэн, Азжаргал, Нямдорж, Гоомарал, надтай нийлээд  7 хүн байсан. Энхмэнд байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 95-103 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.Дайриймаа нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Тэр өдөр манай нөхөр Шийзаасүрэн бид хоёр хоёр хүүхдийн хамт Азжаргал ахын гэрт ирсэн. Азжаргал ах манай нөхөр хоёр гаднаас 0,75-ын архи авч уусан юм. Азжаргал ах, Шийзаасүрэн хоёр нилээн согтсон байхад орой 23 цагийн үед гаднаас манай нагац эгчийн хүүхдүүд болох Пагмаа, Гоомарал, Нямдорж нар нэлээд халсан согтуу орж ирсэн. Азжаргал ах Шийзаасүрэн хоёр хоорондоо юм яриад байж байхад дундуур нь Гоомарал ороод хэрүүл өдөөд байсан, тэгээд Азжаргал, Шийзаасүрэн, Гоомарал нар хэрүүл хийгээд байхаар нь би хоёр хүүхдээ авч гараад Нямдорж гэж хажууд нь байдаг залуугийн гэрт ороод байж байсан. Тэгээд нилээд байж байтал Азжаргал ахын эхнэр Алтангоо, "Шийзаасүрэн Гоомаралыг зодлоо" гэж орж ирсэн, намайг яваад ортол Шийзаасүрэн газарт унасан, толгойноос нь цус гарсан байдалтай байсан. Пагмаа сандал барьсан байсан, Гоомарал үүдэнд байсан, Алтангоо эгч тэд нарын зодооныг салгаж байгаа бололтой дунд нь байж байсан. Харин Гоомарал, миний шүд хөдөлчихлөө гэж байсан. Тэгтэл Шийзаасүрэн босож ирээд юм аваад шидэхээр нь би бага хүүхдээ тэвэрсэн байсан болохоор хүүхэд цохих гээд байна гээд буцаад гараад явсан, түүнээс хойш би буцаж ороогүй байж байтал Алтангоо эгч орж ирээд Шийзаасүрэн сонин болоод байна гэсэн би дуудлагаар хоёр цагдаа ирэхэд нэг орсон. Азжаргал Шийзаасүрэн хоёр намайг харж байхад зодолдсон зүйл байхгүй, харин Пагмаа нарыг орж ирэхээс өмнө би чиний ах, чи миний ах гээд хоорондоо бага зэрэг үг сөрөх байдалтай байсан. Энхмэнд унтаагүй байсан, түүнийг харсан үгүйг би хараагүй. ...Азжаргалын эхнэр Алтангоо, эгч Цогзол нар хуулийн хүмүүсээс зөвлөгөө авсан одоо очоод сандал барьж байсныг хараад цохисон юм байх гэж бодсон гээд мэдүүлэг өгөөдөх тэгвэл Азжаргалыг гаргаж магадгүй гэж хэлсэн, тэгээд би тэгж мэдүүлэг өгсөн. Шийзаасүрэнг эмнэлэгээс гараад дахин цагдаа дээр ирэхэд Пагмаа “намайг аниа та хэлэхгүй биз дээ” гээд гуйгаад байсан юм. Манай дүү Пагмаа нь оюутан болохоор би дүүгээ хэрэг төвөгт холбогдох болов уу, эрэгтэй хүмүүс зодолдоод муудалцаж байдаг юм чинь гайгүй байлгүй гэж бодож цагдаад Азжаргал зодсон гэж хэлээд гарч ирсэний дараа манай нөхрийг хүнд гэмтсэн байна, яаралтай хагалгаанд ор гэсэн юм. Мөн Пагмаагийн аав ээж нь ирээд Азжаргалыг одоо удахгүй гаргаад авна гээд байсан болохоор би худал мэдүүлэг өгсөн…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 104-110 дугаар хуудас/,

 

            Хохирогч О.Шийзаасүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "... 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Азжаргалын гэрт ирсэн юм. Азжаргал бид хоёр 1 шил 0,75 литрийн Соёрхол нэртэй архи авч уусан. Дахин 1 шил архи 0,5 граммын Чингис нэртэй архи мөн жимсний амттай пиво ууж байсан, түүнээс хойш юу болсон талаар огт санахгүй байна. Нэг мэдэхэд хагалгаанд орсон эмнэлэгт хэвтэж байсан. Архи ууж байхад Азжаргалын гэрт Азжаргал, Дайриймаа, Азжаргалын эхнэр, Алтангоо, Азжаргалын хоёр хүүхэд, манай хоёр хүүхэд цуг байсан. Сүүлд Пагмаа, Гоомарал гэх манай эхнэрийн хамаатан хоёр охин орж ирсэн байсан... Азжаргал бид хоёрын архи дуусаагүй байхад Пагмаа, Гоомарал нар дээрээс нь гурван хуруу хэртэй уусан. Хар Чингис нэртэй 0,5 граммын архи 6-7 ширхэг лаазтай пиво авч орж ирсэн. Тэгээд бид нар нөгөө архийг ууж байгаад Азжаргал бид хоёр чи миний ах, би чиний ах гэх мэтээр бие биедээ үг хаяж байсан, энэ үед Гоомарал хажуугаас “хэнийг хэлээд байгаа юм бэ? Пагмаа бид хоёрыг хэлээд байна уу?” гэж хэлээд гараад явсан. Буцаж дахин нэг архи авч орж ирээд надтай тулгаад уугаад байсан. Би Гоомаралыг нэг удаа цохисон, тэгтэл эгч Пагмаа нь “чи миний дүүг цохилоо” гээд сандлаар миний толгой руу цохисон. Түүнээс хойш миний ухаан орж гараад би юу болсон талаар санахгүй байна. Эмнэлэгээс гарсны дараа Пагмаа "би цохисон нь үнэн, намайг битгий хэлээч" гээд байсан, мөн эмнэлэг дээр намайг хагалгаанд орох гэж байхад миний төрсөн дүү Алтанцэцэгийн хажууд Пагмаа "одоо байцаагч нь мэднэ тийм учраас бүгдээрээ яриагаа нийлүүлнэ шүү" гээд байсан гэж манай дүү хэлсэн. Би Тэнүүн-Огоо ХХК-д жолооч хийдэг сарын дунджаар 600,000 төгрөгийн цалин авдаг, энэ бүгдийг нэхэмжилнэ. Би уул нь гомдол санал гэж бодоогүй, тэгтэл Пагмаагийн аав ээж болон Пагмаа нь намайг байнга дарамталж би өмгөөлөгч авсан байгаа, Азжаргалыг ялгүй салгаж өгнө гээд өмгөөлөгчийн бичсэн бололтой гомдолгүй гэсэн бичиг хийж өг гэж эмнэлэг дээр ирж уулзаж шаардсан, мөн гэмгүй хүнийг гүтгэж Азжаргал намайг зодсон мэтээр ах дүүсээрээ нийлж худлаа хэлж байгаад гомдолтой байна. 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр манай гэрт ирж уулзсан, тэгэхдээ өмгөөлөгч нь гэж нэг эрэгтэй хүн бас орж ирсэн намайг бас гомдол санал байна уу гээд асуугаад байсан. Гомдолтой байна шүүх хуралд оролцоно..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар хуудас/.

Гэрч Д.Гоомарал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ : “…2017 оны 3 сарын 31-ны орой 20 цаг өнгөрч байх үед Пагмаа эгч, Нямаа бид гурав уулзаад Азжаргал ахынд очсон. Очиход Азжаргал, түүний эхнэр Алтангоо, Шийзаасүрэн ах эхнэр Дайримаагийн хамт хүүхдүүдтэйгээ бөөгнөрөөд Азаа ахынд цугларчихсан байсан. Бид гуравыг ороход архи нь дуусч байсан. Тэд нар намайг ганц юм аваад өгчих гэхээр нь би Нямаагийн хамт гараад 1 шил Болор архи авчирч өгсөн. Би архийг хундаглаж тойруулж өгсөн. Азаа ахынх нийтийн байранд байдаг. Тэгээд Шийзаа ах, Азаа ах согтуу байсан. Намайг орсноос хойш Шийзаа ах үг хаяад байсан, бид хоёр жоохон маргалдсан. Гэтэл Шийзаа гэнэт намайг гараараа шанаа руу цохьсон тэгэхэд би газар унасан, Намайг газар унахад миний үснээс зулгааж сандлаар баруун талын хөл рүү цохьсон. Тэр үед нь Пагмаа эгч, Нямаагийнд орчихсон байсан, Нямаагийнх Азаа ахын нийтийн байранд хажуугийн өрөөнд байдаг. Алтангоо эгч гарч очоод Нямаа, Пагмаа эгчийг дуудаж тэр хоёр орж ирээд намайг салгаж авч орж ирсэн. Пагмаа Шийзаасүрэнгээс сандал булааж аваад газар луу шидсэн…” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 30-35 дугаар хуудас/

 

            Насанд хүрээгүй гэрч Х.Энхмэнд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Тэр өдөр манай гэрт Шийзаасүрэн ах, Дайриймаа эгч, манай аав ээж хоёрыг дуудсан гээд явсан, тэгээд манай гэрт Шийзаасүрэн ах, Дайриймаа, хоёр хүүхэд нь ирсэн, ирэхдээ 1 шил архитай ирсэн. Нөгөө архиа задлаад аав, Шийзаасүрэн хоёр гурав, гурван удаа уусан, Дайриймаа эгч хүүхэдтэй болохоор архи уугаагүй. Хоолоо идээд архиа далд хийгээд унтах гэж байсан тэгтэл манай хаалга тогшсон, ээж хаалга онгойлготол Жижка /Гоомарал/ байсан, манай ээж “чи юу хийж байгаа юм бэ? Нямаагийн гэрт унт, үгүй бол эмээгийндээ оч, үгүй бол гэртээ харь” гэж хэлсэн, тэгтэл цаанаас нь Жижка “гурван дүү нь юм ууж байгаад ирлээ” гээд согтуу байх шиг байсан. Тэр хооронд Пагмаа аниа хана түшээд манай гэр рүү орсон, би тэр үед коридорт 00-н хажууд зогсож байсан, тэр үед эгч чинь манай гэр рүү орчихлоо гээд араас нь гүйсэн, тэр үед би бас гэртээ орсон, тэгтэл ээж Пагмаа эгчийг “наана чинь хүн байгаа биздээ гар” гэсэн. Тэгтэл Пагмаа эгч "би ахындаа орж болохгүй юу гээд байсан, араас нь Гоомарал эгч Нямдорж ах хоёр найман лааз пиво, дээрээс нь бага зэрэг уусан архи хамт авч орж ирсэн. Тэр үед манай ээж “та нар наад архиа яах гэж байгаа юм бэ” гэтэл Нямдорж ах "гурван дүү нь ууж байгаад ирсэн" гэж байсан. Пагмаа гадуур хувцасаа тайлаад манай аавын өвөр дээр суугаад хүзүүгээр нь тэврээд хацар дээр нь үнссэн, тэгтэл Шийзаасүрэн ах, "чи яагаад байгаа юм бэ? эхнэрийнх нь хажууд" гэтэл "зүгээрээ бид хоёр сурсан юм" гээд өвөр дээрээс нь буугаад Шийзаа ах аав хоёрын урдаас харж газарт суугаад архи маш ихээр хийгээд байсан, тэгтэл манай аав /Азжаргал/ "чи яагаад ихээр хийгээд байгаа юм бэ" гэтэл ихээр хийж байж л дуусдаг юм байгаа биз дээ" гээд архи хийгээд байсан. Намайг дүү нараа аваад Нямдорж ахынхаа гэрт ор гэсэн, би дүү Алтан-Од, Даваасүрэн хоёрыг унтуулчихаад сууж байсан, гадаа хүмүүс шуугиад байсан, гараад Гоомарал эгч орилж гарч ирээд буцаад орсон тэр үед би гэрийнхээ үүдэнд ирсэн байсан юм тэгтэл Пагмаа эгч гараад Нямдорж ахын гэрт орсон, би гэртээ ортол Шийзаасүрэн ах Гоомарал эгчийг алгадсан, тэгтэл манай ээж гарч яваад Пагмаа эгчийг дуудсан, Пагмаа эгч Нямдорж ахын хамт орж ирсэн. Пагмаа эгч “чи манай дүүг зоддог хэн бэ” гэж хэлээд Шийзаасүрэн ахыг толгойд нь 4-5 удаа цохисон. Энэ үед Нямдорж ах манай аав Азжаргалыг орон дээр дарсан байсан юм. Тэгтэл манай аавын толгойд бас сандлаар хоёр удаа цохисон, тэгтэл Гоомарал эгч Пагмаа эгчийг одоо боль гээд салгасан юм. Манай аав миний дүүг та нар аллаа болиоч гээд орилоод байсан, зодоон болж байхад манай ээж болон Дайриймаа эгч нар байхгүй байсан..." гэсэн мэдүүлэг /хх-45-47 дугаар хуудас/

 

Гэрч Ж.Алтангоо мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Шийзаасүрэнг эхнэр хүүхдүүдийнх хамт авсан. Бид хэд шууд манай нийтийн байранд ирсэн. Бид гаднаас ирэхдээ дэлгүүрээс 0.75 литрын савалгаатай Соёрхол гэх нэртэй архи авсан.Бид дөрөв архи хувааж уугаад талдаа орж байхад гаднаас манай хамаатны дүү Гоомарал орж ирсэн түүний араас Пагма, Нямаа нар орж ирсэн.Тэднийг орж ирсэний дараа Азжаргал, Шийзасүрэн нар орж ирсэн тэр хэдэд хандаж ах нар нь архи ууж байна. Миний дүү нар ганц шил юм авч өгөх юм байгаа биздээ гэсэн. Гоомарал буцаж гараад дэлгүүр ороод 0.5 литрийн 1 шил архи 4 лааз пиво аваад буцаж орж ирсэн. Нямаа гэдэг залуу манай нийтийн байрны 12 тоот өрөөнд амьдардаг. Тэгээд Нямаагийн гэрт Шийзаасүрэнгийн эхнэр Пагма нар 4 хүүхдийг дагуулаад орсон. Манайд Гоомарал, Азжаргал, Шийзаасүрэн нар үлдсэн. Шийзаасүрэн, Гоомаралыг элдэв үгээр хараагаад байсан. Гоомарал уурлаад түүнийг бас хараасан. Азжаргал жорлон орох гээд гарсан хойгуур Шийзаасүрэн Гоомаралын үснээс зулгаагаад алгадсан. Азжаргал орж ирээд уурлаад тэднийг салгах гээд Шийзаасүрэнг цохисон. Шийзаасүрэн ч бас Азжаргалыг зөрүүлээд цохиж байсан. Би тэднийг салгах гээд дийлэхгүй болохоор нь өрөөнөөс гарч гүйгээд Нямаагийн өрөөнд очиж Пагма Шийзаасүрэнгийн эхнэр Нямаа нарыг дуудсан.Тэд хажуугаар гүйгээд өрөө рүү орцгоосон. Би өрөөндөө очиход эд тэндгүй бужигнасан байдалтай байсан. Тэгэхээр нь буцаж гүйгээд нийтийн байранд амьдардаг залуучуудыг дуудаад 102 дугаарт залгаж цагдаа дуудсан. Тэгээд өрөө рүү буцаад ороход хэрүүл маргаан намжсан Шийзаасүрэнгийн толгой болон чихнээс нь цус гарсан байдалтай газар хэвтэж байсан. Би тэгэхээр нь хэрэг биш болсон байна гэж бодоод 103-т түргэн дуудсан…”гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-44 дүгээр хуудас/

 

Гэрч Д.Нямдорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “... Намайг анх ороход Гоомарал газарт унасан Азжаргал Шийзаасүрэн 2 гартаа ямар нэгэн зүйл бариагүй бие биенээ цохиж байсан. Хоёр биенийхээ толгой руу цохиод байх шиг байсан. Шөнийн 03 цагийн үед Алтангоо эгч орж ирээд Даариймааг дуудаад Шийзаасүрэнгийн толгойноос цус гараад орилоод байна гэсэн. Тэгээд Даариймаа орсон намайг гэртээ байж байтал түргэний эмч ирээд би түргэний эмчийн хамт гэрт нь орсон. Тэгээд эмч толгойг нь боох гэтэл боолгохгүй байсан. Шийзаасүрэнг эмнэлэг авч явсан. Алтангоо эгч Шийзаасүрэнгийн хамт эмнэлэг явсан... ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-51 дүгээр хуудас/

 

Гэрч О.Алтанцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Эмнэлэг дээр өглөө 06 цагийн үед манай бэр эгч Дайриймаа, "Шийзаа ах чинь эмнэлэг дээр байна, гэр бүлийн хүмүүсээс нэг нь ирж гарын үсэг зурах хэрэгтэй байна, хагалгаанд яаралтай орох хэрэгтэй байна" гэсэн тэгээд би эмнэлэг дээр 07 цагт очсон. Эмнэлэг дээр Дайриймаа, Алтангоо, манай бага ах Цэнд-Аюуш нар байсан, тэгтэл миний танихгүй, нэрийг мэдэхгүй хар өнгийн хувцас өмссөн, үсээ задгай тавьсан өндөр охин бас нэг залуугийн хамт байсан, тэгтэл хагалгаа дууссаны дараа нөгөө хоёр охин хоёулаа хоорондоо миний хажууд Пагмаа гэх охин ганцаараа ирсэн. Тэгээд цагдаа нар ирээд нэг нэгээр нь байцаалт аваад байх шиг байсан, байцаалт аваад дууссаны дараа нөгөө хоёр охин хоёулаа хоорондоо миний хажууд эмч нар “ахынх нь бие муу байна гэж хэлж байна, үгээ нэгтгэж Азаа ах дээр тохно” гэж ярьж байсан. Миний хажууд өөр хүн байхгүй байсан, нөгөө хүмүүсийг цагдаа нар байцааж байсан. Би тэр хоёрыг хоёулаа хоорондоо юм ярьж байхад хажууд нь очиж зогссон юм. Нөгөө хоёр эмэгтэй намайг танихгүй, мөн намайг хажуудаа ирсэн гэдгийг мэдээгүй байх, өндөр эмэгтэй буюу Пагмаагийн нөгөөдөх эмэгтэй нь тэгж хэлж байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 55 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Г.Дайриймаа мөрдөн байцаалтад 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гэрчээр мэдүүлэхдээ: “... 2017 оны 3 дугаар сарын 31-ний орой 20 цагийн үед нагац эгч Алтангоо нөхөр Азжаргалын хамт манай гэрт ирсэн.Тэгээд манай гэрт хоол хийж идээд 22 цагийн үед манай нөхөр бид 2, 2 хүүхдээ аваад Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байдаг Азжаргалын гэр болох нийтийн байранд ирсэн.Тэгээд Алтангоо эгч бид 2 хүүхдүүдээ аваад гэрт орсон. Харин манай нөхөр Шийзаасүрэн Азжаргал 2 архи авахаар үлдээд араас 0.75 литрийн 1 шил архи авч орж ирсэн. Тэр архиа уугаад дахин нэг 0.5 литрийн архи авч уусан.Тэгээд нөгөө 2 согтоод хоорондоо маргалдаад эхэлсэн юм. Би том дуугараад байхаар нь хүүхдүүдээ унтуулах гээд өөр өрөөнд орсон. Тэгээд нөгөө өрөөнд байж байтал Алтангоо зодолдоод байна гээд намайг орж ирж дуудсан. Би нөгөө хоёрын өрөөнд ортол Азжаргал манай нөхрийг сандлаар цохиж байсан.Тэгээд нөгөө 2 босч ирээд 2 биелүүгээ юм шидээд манай 9 сартай хүүхдийг онох гээд байхаар нь би хүүхдээ аваад өөр өрөөнд орсон. Тэгээд хүүхдээ хөхүүлээд нилээд удсан. Эргээд ороод иртэл манай нөхрийн тархи толгой хагарсан цус гоожсон байсан...”  гэсэн мэдүүлэг/хх-ийн 36-37 дугаар хуудас/

 

Шинжээч эмч М.Энхтайван мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2 ба түүнээс дээшхи удаагийн үйлчлэлээр үүснэ. Унахад үүсэх боломжтой. Зүүн ясны чамархай суурь ясны хугарал, баруун чамархайн булчингийн цусан хураа хуйханд шарх нь хоёр тусдаа хүчин зүйлийн үйлчлэлээр үүснэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 58, 182-183 дугаар хуудас/

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн №4602 дугаартай дүгнэлт: “...Дүгнэлт:

1. О.Шийзаасүрэнгийн биед зүүн зулай яснаас чамархай, суурь яс руу үргэлжилсэн хугарал, хатуу хальсан дээрхи цус хураа, тархины эдийн няцрал, баруун чамархайн булчингийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...шинжээч эмч М.Энхтайван..." гэжээ /хх-ийн 57 дугаар хуудас/,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн №2402 дугаартай дүгнэлт: “...Дүгнэлт:   

1. Шинжилгээнд ирүүлсэн сандалын тавцангийн доод талаас 1 ширхэг мөр, 1 ширхэг гутлын мөр илэрсэн.

2. Шинжилгээнд ирүүлсэн сандал дээрээс илэрсэн 1 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй..." гэжээ /хх-ийн 65 дугаар хуудас/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Мөр судлалын шинжилгээний лабораторийн шинжээчийн №2258 дугаартай дүгнэлт: “...Дүгнэлт:

 

1. Шинжилгээнд ирүүлсэн сандалны хөлний гадна болон дотор дээд хэсэгт хатуу мохоо зүйлтэй харилцан үйлчлэлээр гарсан 22x1,4x1,9см, 2,9x0,8x10 см хэмжээтэй шинэ, 16x2,1x1,9см хэмжээтэй хуучин хагархайнууд байна.

2. Дээрх хагархайнуудыг хэдэн удаагийн үйлчлэлээр, ямар цаг хугацаанд, хэрэг болсон цаг хугацаанд гарсан эсэхийг тодорхойлох боломжгүй байна.

3. Тавцанд гарсан 4 мм диаметртэй 3 хос хадаасны оромноос ямар хүчний үйлчлэлээр хадаас сугарсан байж болохыг тогтоох боломжгүй байна..." гэжээ /хх-ийн 69 дүгээр хуудас/,

 

Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоолоор: “...Хэргийн газраас хураан авсан эвдэрхий модон сандлыг эрүүгийн 201725020749 тоот хэрэгт хавсаргахаар тогтов...” гэжээ. /хх 21 дүгээр хуудас/,

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7 дугаар хуудас/,  

                       

                 Өвчний түүх /хх-ийн 150-159 дүгээр хуудас/,

 

Гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх-ийн 52-54/, гэрч Ж.Өсөхгэрэлийн мэдүүлэг /хх-ийн 116-117/, гэрч Ч.Давхарбаярын мэдүүлэг /хх-ийн 118-119/, гэрч Г.Майдарын мэдүүлэг /хх-ийн 136-137/, Д.Пагмаагийн суралцаж байгаа тодорхойлолт /хх-ийн 120/, Д.Пагмаагийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 121/, Д.Пагмаагийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 122/, Г.Дайриймаагийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 130/, Г.Дайриймаагийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 131/, Г.Дайриймаагийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 134-135/, Г.Дайриймаагийн оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 138/, хохирогч О.Шийзаасүрэнгийн эмчилгээний баримтууд /хх-ийн 140-159/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 177-179/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Д.Пагмаа нь согтуурсан үедээ 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 1-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 47 дугаар гудамжны 600 тоот хашаанд байрлах нийтийн байранд “дүү Д.Гоомаралтай маргалдаж, түүнийг зодлоо” гэсэн шалтгаанаар хохирогч О.Шийзаасүрэнгийн толгой тус газар нь сандлаар цохиж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь, хохирогч О.Шийзаасүрэнгийн “...Пагмаа нь “чи миний дүүг цохилоо” гээд сандлаар миний толгой руу цохисон...” гэж, гэрч Д.Гоомаралын “...Пагмаа Шийзаасүрэнгээс сандал булааж аваад газар луу шидсэн…” гэж, насанд хүрээгүй гэрч Х.Энхмэндийн “...Пагмаа эгч “чи манай дүүг зоддог хэн бэ” гэж хэлээд Шийзаасүрэн ахыг толгойд нь 4-5 удаа цохисон....”, гэрч Ж.Алтангоогийн “...Пагма Шийзаасүрэнгийн эхнэр Нямаа нарыг дуудсан.Тэд хажуугаар гүйгээд өрөө рүү орцгоосон. Би өрөөндөө очиход эд тэндгүй бужигнасан байдалтай байсан. Тэгэхээр нь буцаж гүйгээд нийтийн байранд амьдардаг залуучуудыг дуудаад 102 дугаарт залгаж цагдаа дуудсан. Тэгээд өрөө рүү буцаад ороход хэрүүл маргаан намжсан Шийзаасүрэнгийн толгой болон чихнээс нь цус гарсан байдалтай газар хэвтэж байсан....” гэрч О.Алтанцэцэгийн “...манай бэр эгч Дайриймаа, "Шийзаа ах чинь эмнэлэг дээр байна, гэр бүлийн хүмүүсээс нэг нь ирж гарын үсэг зурах хэрэгтэй байна, хагалгаанд яаралтай орох хэрэгтэй байна" гэсэн. ...цагдаа нар ирээд нэг нэгээр нь байцаалт аваад байх шиг байсан, байцаалт аваад дууссаны дараа нөгөө хоёр охин хоёулаа хоорондоо миний хажууд эмч нар “ахынх нь бие муу байна гэж хэлж байна, үгээ нэгтгэж Азаа ах дээр тохно” гэж ярьж байсан. Миний хажууд өөр хүн байхгүй байсан, нөгөө хүмүүсийг цагдаа нар байцааж байсан. Би тэр хоёрыг хоёулаа хоорондоо юм ярьж байхад хажууд нь очиж зогссон юм...” гэсэн мэдүүлгүүдээр, ШШҮХ-ийн шинжээчийн №4602 дугаартай дүгнэлт, шинжээч М.Энхтайваны мэдүүлэг, ШШҮХ-ийн Мөр судлалын шинжилгээний лабораторийн шинжээчийн №2258 дугаартай дүгнэлт, эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргах тогтоол, өвчний түүх болон шүүгдэгч Д.Пагмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

  

Шүүгдэгч Г.Дайриймаа нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр эрүүгийн 201725020749 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийж, гарын үсэг зурж баталгаажуулсны дараа “2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 47 дугаар гудамжны 600 тоот хашаанд байрлах нийтийн байранд "Т.Азжаргал хохирогч О.Шийзаасүрэнг сандлаар цохиж гэмт хэрэг үйлдсэн” гэж зориуд худал мэдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Г.Дайриймаагийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч О.Шийзаасүрэнгийн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Х.Энхмэнд, гэрч О.Алтанцэцэг, Ж.Алтангоо нарын мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч нарын мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул тэдгээрийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2017 оны 7 дугаар сарын 01-ны өдрөөс өмнө үйлдэгдсэн боловч прокуророос шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу тэдгээрийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж зохицуулсаны дагуу Д.Пагмааг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн  дугаар зүйлийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар яллагдагчаар татсаныг өөрчилж, шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Г.Дайриймааг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн дугаар зүйлийн 254 дүгээр зүйлийн 254.2-т зааснаар яллагдагчаар татсаныг өөрчилж, шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус нийцүүлэн ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж шүүх хуралдаанд ялласан нь хууль зүйн үндэслэлтэй болохыг тэмдэглэв.  

 

Шүүх шүүгдэгч Д.Пагмааг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар, шүүгдэгч Г.Дайриймааг бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2-т зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч нарын  өмгөөлөгчдөөс шүүгдэгч нарт холбогдуулсан гэмт хэргийн зүйлчлэлд маргаагүй боловч шүүгдэгч Г.Дайриймаагийн өмгөөлөгчөөс “...хохирогч О.Шийзаасүрэнд учирсан гэмтлийг хэн учруулсныг нотлосон зүйл байхгүй ...” гэсэн дүгнэлт гаргасан нь хохирогч О.Шийзаасүрэн, насанд хүрээгүй гэрч Х.Энхмэнд нарын мэдүүлгээр шууд, гэрч Ж.Алтангоо, О.Алтанцэцэг нар болон бусад гэрчүүдийн шууд бусаар мэдүүлсэн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг тогтоосон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлүүд, эд мөрийн баримт зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байна.

  

Тус гэмт хэрэг нь төрөл садан, худ ургын хооронд үүссэн ба хохирогч О.Шийзаасүрэн шүүгдэгч Д.Пагмаа нар архидан согтуурч сэтгэл хөөрлийн байдалд байхдаа хохирогч нь Д.Гоомаралтай зүй бус харьцсанд шүүгдэгч Д.Пагмаа эгдүүцэн уурлаж өөрийн дүүг өмөөрөн улмаар хохирогчийн толгойн тус газар нь модон сандлаар цохиж бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан хэргийг шүүгдэгч Г.Дайриймаа нь өөрийн үеэл дүү Д.Пагмаагийн дээрх үйлдлийг үзэж хараагүй атлаа өөр бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн нөхцөл байдал үүсч гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болжээ.

 

Шүүгдэгч Д.Пагмаад ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж шүүхээс торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Г.Дайриймаад ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1-5 насны хүүхдүүдтэй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан оногдуулсан хорих ялыг биечилэн эдлүүлэхгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх боломжтой гэж үзлээ.

Мөн шүүгдэгч Г.Дайриймаагийн хувийн байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Шүүх шүүгдэгч Г.Дайриймаад аливаа зүйлд бодит үнэнээр хандах, бусдын нөлөөнд авталгүй үнэнч шударга зан төлөвийг хэвшүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэлээ. 

Шүүх шүүгдэгч Д.Пагмаагийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Шүүхийн шатанд хохирогч О.Шийзаасүрэнгээс “...хохиролд 2.000.000 төгрөг хүлээн авлаа, одоо надад ямар нэг гомдол санал байхгүй, эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны хохиролыг барагдуулсан тул Д.Пагмаад хөнгөн ял өгнө үү...” гэсэн тул шүүгдэгч Д.Пагмааг бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримт устгах комисст хүлээлгэн өгч устгуулах, шүүгдэгч Д.Пагмаа, Г.Дайриймаа нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                           

                                                                                                                   ТОГТООХ нь:

            1. Урануургачийхан овогт Давхарбаярын Пагмааг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

            Монгол овогт Ганбаатарын Дариймааг бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Пагмааг 10.000 /арван мянган/ нэгжээр буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Дайриймааг 1 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дайриймаагийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Пагмаад оногдуулсан 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000.000 төгрөгөөр торгох ялыг 03 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Пагмаа, Г.Дайриймаа нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг эвдэрхий сандалыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Пагмаад оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

            8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Г.Дайриймаад оногдуулсан 1 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулсугай.         

            9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дайриймаа хорих ялыг тэнссэн хугацаанд “зан үйлээ засах сургалтанд хамрагдах” үүргийг хүлээлгэсүгэй.

            10. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            11. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Пагмаа, Г.Дайриймаа нарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН