Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2022/ДШМ/423

 

 

 

 

         2022           4            20                                    2022/ДШМ/423

 

Б.Дод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Н.Батсайхан, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Доржмаа,

шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Б.Баттулга,  

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,     

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, И.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/65 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Дын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2110000000718 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.        

Б.Д нь 2020 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс 5-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Морнинг стар” хотхоны гаражаас унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан хохирогч Н.Эд 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Хүннү-2222 хотхоны В2 гаражийн 131 дугаартай зогсоолд байрлуулсан байсан Жаянт икс ти си загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан хохирогч С.Бод 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 8 дугаар сарын 1-ний шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Гэрэгэ вилла хотхоны 403 дугаар байрны автомашины гараж дотроос Харо загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан хохирогч Н.Бт 446.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс 2-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Женерал таун хотхоны 215 дугаар байрны В1 давхрын авто зогсоолд байрлуулан тавьсан байсан Мерида загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан хохирогч С.Ад 1.350.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын 356 байрны В1 давхрын 46 тоот зогсоолд байрлуулсан байсан Трек загварын 29 инчийн, цэнхэр өнгийн оруулгатай, цагаан өнгийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан хохирогч Б.Ид 792.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 8 дугаар сарын 5-наас 7-ны хооронд Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Туул ван хотхоны 29 дүгээр байрны В1 давхрын гаражийн 45 дугаартай авто зогсоолын дэргэд байсан Каннондель загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан хохирогч А.Бт 403.200 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Кей эйч апартмент хотхоны В1 давхрын гаражийн 188 дугаартай зогсоолоос Алтон загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан хохирогч Г.Эад 408.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 17 дугаар            хороо, Хан хиллс хотхоны дугуйн зогсоол дээрээс Мейк загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан хохирогч Г.Зд 336.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 08   дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд   шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Инэл зайсан виллаж” хотхоны гараж дотроос Трек загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан хохирогч С.Ст 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Рома таун хотхоны 12 дугаар давхраас Жаянт загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан хохирогч Д.Бод 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Шүншиг вилла хотхоны гаражийн 06 дугаартай зогсоолоос Жаянт загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан хохирогч О.Бэд 1.024.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхт палас 1102 дугаар байрны 5 дугаар давхарт байрлуулсан байсан Меринда челленжер-300 загварын цагаан өнгийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан хохирогч Ц.Нд 924.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Академи хотхоны В1 давхрын 80 дугаартай зогсоолоос цахилгаан скүүтерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан хохирогч Ч.Бд 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ВИП ресиденс хотхоны 76 дугаар байрны 3 дугаар давхраас Алтон загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан хохирогч Х.Ут 408.000 төгрөгийн хохирол учруулсан, нийт 14 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан бусдад нийт 10.991.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигин овогт Баасандагвын Б.Дыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, “хулгайлах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосонд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Дыг 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дод оногдуулсан 8 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дын шүүхийн зөвшөөрөлгүй сэжигтнээр баривчлагдсан 2 хоног, цагдан хоригдсон 160 хоног, нийт 162 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Доос 8.579.200 төгрөгийг гаргуулж, хохирогч С.Ст 900.000 төгрөг, хохирогч Н.Эд 500.000 төгрөг, хохирогч С.Бод 1.600.000 төгрөг, хохирогч Н.Бд 446.000 төгрөг, хохирогч С.Ад 1.350.000 төгрөг, хохирогч А.Бт 403.200 төгрөг, хохирогч Г.Зд 336.000 төгрөг, хохирогч Д.Бод 300.000 төгрөг, хохирогч Ц.Нд 924.000 төгрөг, хохирогч Ч.Бд 1.600.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Од 220.000 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч Б.Дод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, дэслэгч Амарсанаа, хэрэгт хяналт тавьж буй хяналтын прокурор Доржмаа нарт шалгагдаж байх явцдаа хэргээ үнэн зөвөөр хүлээж, мэдүүлэг өгсөн.

Хэрэг шалгагдаж байхад Улаанбаатар хотод үйлдсэн тухайн хулгай хийсэн газруудаас цагдан хорих ангиас цагдаа, дэд ахлагч Санжаа, мөрдөгч, дэслэгч Амарсанаа нарын хамт явж нийт 4 унадаг дугуйг хохирогч нарт мөрдөгч, дэслэгч Амарсанаа хүлээлгэн өгсөн.

Би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон мөрдөн шалгах ажиллагааны явцад санаатай саад учруулж байгаагүй. Өөрийн биеэр өөрийн үйлдсэн хулгайн хэргүүдээ сайн дураараа цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн. Цагдан хорих ангид хоригдож байх явцдаа гэм буруугаа ойлгож, ухаарч, хулгай хийдэг дадал зуршлаасаа салж чадсан.

Би Орхон аймгийн Баян-Өндөр сумын 11 дүгээр баг, Цагаанчулуутын 52-10 тоотод өргөмөл аав Д.Н, өргөмөл ээж П.Б, эмээ Д.Пүрэв нарын хамт 1 нас 2 сартай байхаасаа эхлэн амьдарч эхэлсэн.

Би Орхон аймгийн “Эрдэнэт секюрити” дохиолол, харуул хамгаалалтын албанд ажиллаж, “Дулааны цахилгаан түгээх станц” ТӨХК-ны шалган нэвтрүүлэх постонд хамгаалалтын үүргийг 24 цагаар гүйцэтгэж, 48 цагаар амардаг байсан.

Өөрийн ухамсаргүй үйлдлээс болж ажиллаж байсан ажлаа орхиж, Улаанбаатар хот руу орж, хулгай хийж, нийгэмд хор уршиг, хохирол гаргасан.

Хулгай хийж, зарж борлуулж байсан зүйлсийг танихгүй хүмүүст зардаг байсан. Тэр мөнгөөрөө “ПС” тоглоомын газарт “Паб Жи” тоглож, хоног төөрүүлж, дахин хулгайн гэмт хэрэг үйлдэж, нийгэмд хор уршиг учруулдаг байсан.

Хулгай хийсэн мөнгөө ар гэрийнхэндээ зарцуулдаггүй. Өргөмөл аав Д.Н Орхон аймгийн гаалийн газарт ажиллаж байгаад тэтгэвэрт гараад хувиараа тендер авч таксины жолооч хийдэг. Өргөмөл ээж П.Б хувиараа Орхон аймгийн “Хүлэг” ногооны зах дээр хүнсний ногоо зарж борлуулдаг. Ах Н.А “Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр”-т новын гаражид автын мастер хийдэг. Эгч Н.Т Орхон аймгийн Монгол Улсын Их сургуульд нягтлан бодогчийн ангийг төгсөөд ажил хөдөлмөр эрхэлдэг. Ах, эгч хоёр маань тус тусдаа амьдрал зохиож, тусдаа гарсан хүмүүс юм.

Манай ар гэрийнхэн бүгд ажил хөдөлмөр эрхэлдэг амьдралын бололцоотой хүмүүс. Миний хулгай хийж, зарж, борлуулсан мөнгөөр манай гэрийнхэн амин зуулгаа хийж яваагүй. Би өөрөө буруутай үйлдэл хийж, хулгай хийж явдаг байсан.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би амьдралын эх үүсвэр болтлоо ар гэрийнхэнээ тэжээж үзэж байгаагүй.

Иймээс надад холбогдох хулгайн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангиар зүйлчилж өгнө үү. Мөн надад оногдуулсан 8 жилийн хорих ялаас багасгаж эрх зүйн байдлыг минь дээрдүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Дын өмгөөлөгч Б.Баттулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэлд маргаж оролцсон. Үйлчлүүлэгчийн маань гэмт хэргийн хугацаа, үйлдсэн тоо, гэмт хэргийн замаар олсон мөнгөө захиран зарцуулж буй байдлаас дүгнэж үзэхэд зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх боломжтой гэж маргаж оролцсон боловч анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож ял оногдуулсан. Иймээс үйлчлүүлэгчийнхээ гаргасан ял шийтгэлийг нь хөнгөрүүлж өгнө үү гэсэн гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

Прокурор О.Доржмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Миний бие Б.Дод холбогдох эрүүгийн хэргийг хянаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцсон. Б.Д нь 2020 оны 7 дугаар сарын 4-нөөс 2021 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийг хүртэл нийт 14 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нэг төрлийн эд зүйлийг буюу бусдын унадаг дугуйг нууцаар, хууль бусаар авч хулгайлж бусдад 10.991.200 төгрөгийн хохирол учруулж хулгайлах үйлдлийг байнга хийдэг болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн. Учир нь, өмнө Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээс 2019 оны 5 дугаар сарын 5-наас 17-ны хооронд бусдын өмчийн 3 ширхэг унадаг дугуйг хулгайлсан гэмт хэргээр ял шийтгүүлж 2020 оны 12 дугаар сард урьдчилсан цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцогдож суллагдсан. Шүүгдэгч Б.Д нь тогтсон эрхэлсэн ажилгүй. Өмнө Эрдэнэт хотод ажиллаж байсан гэдэг ч Улаанбаатар хотод гэмт хэрэг үйлдэхээсээ өмнө бөгөөд гэмт хэрэг үйлдэх үедээ ажилгүй байсан. Урьдын дадал зуршлаараа амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор нийт 14 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нэг төрлийн эд зүйлийг байнга тогтвортой хулгайлж хэвшсэн уг байдлаар амьжиргаагаа залгуулдаг нь Улаанбаатар хотод оршин суух хаяггүй хулгайлсан дугуйнуудаа зах зээлийн үнээс доогуур буюу 200.000-300.000 төгрөгөөр хурдан зарж борлуулахын тулд худалддаг, түүгээрээ идэж уух болон хонох газрынхаа мөнгийг төлдөг байснаар нь нотлогддог. Цаг хугацааны хувьд 2020 онд нэг үйлдэлтэй, 2021 оны 7-9 сар хүртэл нийт 13 удаагийн үйлдэлтэй. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “харьцангуй богинохон хугацаанд үргэлжилсэн үйлдэлтэй учир зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн байр суурьтай оролцсон ч эсрэгээрээ үргэлжилсэн хугацаа богино байх тусам амьжиргаагаа залгуулдаг гэдэг нь илүү батлагддаг учир хүндрүүлэн зүйлчилсэн. Шүүгдэгч өмнө цагдан хоригдож байсан ч суллагдан гарангуутаа дахин хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаад үйлдэл дээрээ баригдсан. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Д нь 2020 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд бусдын эзэмшлийн унадаг дугуйг хулгайлж нэр бүхий 14 иргэнд нийт 10.991.200 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 24-27, 168-170, 220-224, 2хх 14-16, 45-49, 96-98, 143-146, 193-195, 234-236, 3хх 18-21, 58-60, 88-91, 133-136, 166-168/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 83-91, 93-94, 129/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 153-155, 2хх 6-8, 219-221, 3хх 6-7, 46-49, 101-105, 116-122/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх 157, 2хх 5, 222-223, 3хх 100, 123-124/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 193-200, 2хх 123-126, 161-166, 211-213, 3хх 4-5, 41-43, 76-78, 150-154/, эд зүйлийг түр хураан авсан тухай тэмдэглэл /2хх 76/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2хх 77, 3хх 50, 165/, эд зүйлийг түр хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх 171/, гэрэл зургийг хүлээн авсан тэмдэглэл /2хх 105-106/ зэрэг нотлох баримтууд болон,

хохирогч С.Сийн “...2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр би өөрийн “трек” загварын унадаг дугуйг гараж дотроос авч унах гээд ортол миний унадаг дугуй хулгайд алдагдсан байсан. Иймээс би цагдаагийн байгууллагад хандаж байна. Би өөрийн унадаг дугуйг 900.000 төгрөгөөр үнэлж байна. ...Би өөрийн унадаг дугуйгаа олж авмаар байна. ...” /1хх 16-17/,

хохирогч Н.Эгийн “...Би 2020 оны 7 дугаар сарын 4-ний шөнийн 1 цаг орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Morning star” хотхоны 34в байрны гаражид өөрийн эзэмшлийн “трек 3500” нэртэй унадаг дугуйг машинаасаа буулгаж тавьсан. Тэгээд найзын гэр рүү очиж хоносон. Тэгээд өчигдөр буюу 2020 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 10 цагийн орчим хулгайд алдсанаа мэдсэн. ...Манай хотхон хяналтын камертай, 2020 оны 7 дугаар сарын 4-ний өдөр өглөө 5 цаг 15 минутын орчим нэг хүн авч буй дүрс бичлэг бичигдсэн байсан. ...” /1хх 161-163/,

хохирогч С.Бын “...Би 2021 оны 7 дугаар сарын 15-ны өглөө 08:10 цагийн орчим Хан-Уул дүүргийн “Хүннү хороолол 2222” хотхоны өөрийн эзэмшлийн В2 гараж, 131 дугаартай зогсоол дээрээ байрлуулан тавьсан унадаг дугуйгаа хулгайд алдсан. Би унадаг дугуйгаа 1.800.000 төгрөгөөр үнэлж байгаа. ...Өөрийн хулгайд алдсан дугуйгаа олж авах хүсэлтэй байна. ...” /1хх 216-217/,

хохирогч Н.Бийн “...Би өөрийн унадаг дугуйгаа Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Гэрэгэ вилла” хотхоны 403 дугаар байрны гаражийн 3 дугаар зогсоол дээр байнга байлгадаг. Тэгээд өнөөдөр гарч харахад байхгүй байсан. Тэгэхээр нь хотхоны хяналтын камерыг шүүхэд 2021 оны 8 дугаар сарын 1-ний 00:20 цагийн үед үл таних хүн цоожийг нь тасдаад авч байгаа нь харагдсан. ...” /2хх 12-13/,

хохирогч С.Аы “...2021 оны 8 дугаар сарын 1-ний шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Женерал таун” хотхоны Б1 гаражид өөрийн эзэмшлийн “Мэрида” нэртэй унадаг дугуйгаа автомашины зогсоолын хажуу талынхаа паарснаас цоожлоод явсан юм. Тэгээд лагер руугаа явж хоночихоод маргааш нь буюу 2021 оны 8 дугаар сарын 2-ны орой гэртээ ирсэн чинь газарт унадаг дугуйны цоож л үлдчихсэн, унадаг дугуй маань алга болчихсон байсан. ...” /2хх 40-41/,

хохирогч Б.Иийн “...2021 оны 8 дугаар сарын 5-ны өдөр гэртээ хариад гаражид машинаа байрлуулаад ороход цоожтой байсан унадаг дугуй маань байхгүй болсон тул цагдаагийн байгууллагад хандсан. “Трек” загварын 29 размерийн цагаан өнгийн унадаг дугуй байсан. Суудал нь цэнхэр өнгийн зөөлөвчтэй, цагаан өнгийн рамтай байсан. ...” /2хх 82/,

хохирогч А.Бийн “...2021 оны 8 дугаар сарын 5-ны өдөр би Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, “Туул ван” хотхоны В1  давхарт, 45 дугаар зогсоолын хажуу талын галын цэгийн төмрөөс нь өөрийн эзэмшлийн “каннондель” загварын унадаг дугуйгаа цоожлоод тавьсан. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 8 дугаар сарын 6-ны өглөө 8 цагийн үед унадаг дугуйгаа унах гээд гаражийн 45 дугаар зогсоолын хажууд талд ирсэн чинь миний унадаг дугуй болон цоож нь байхгүй болчихсон байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...” /2хх 134-135/,

хохирогч Г.Эын “...Би 2021 оны 8 дугаар сарын 7-ны өдөр байрныхаа гаражийн зогсоол дээр өөрийн унадаг дугуйгаа харахад байсан. Тэгээд 2021 оны 8 дугаар сарын 8-ны өглөө 9:40 цагийн орчимд ажилдаа явах гээд гарч ирээд дугуйгаа харахад алга болсон байсан. ...Би “Алтан” брендийн хар өнгийн дугуйгаа гаргуулан авч хохиролгүй болсон. ...” /2хх 176-177, 180-181/,

хохирогч Г.Згийн “...2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо “Хан Хилс” хотхоны 530 дугаар байрны гадаа хотхон дотор байдаг унадаг дугуйн зогсоол дээр охин бид хоёрын дундын эзэмшлийн “Make” нэртэй унадаг дугуйг тавьчихаад, маргааш нь лагерруугаа яваад 2 хоноод 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр унах гээд гарсан чинь дугуй маань алга болсон байсан. Хяналтын камерыг шүүсэн чинь 2021 оны 8 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө улбар шар өнгийн куртиктэй залуу унаад явсан харагдсан. ...” /2хх 227-228/,

хохирогч Д.Бын “...Би 2021 оны 8 дугаар сарын 13-ны өглөө гэрээсээ 8:30 цагийн үед гараад лифт дарчихаад хүлээж байх хоорондоо шатны паарнаас түгжиж орхисон унадаг дугуйгаа алга болсоныг мэдсэн. ...” /3хх 13/,

хохирогч О.Бийн “...2021 оны 8 дугаар сарын 19-ний орой намайг ажлаасаа ирж машинаа байрлуулахад унадаг дугуй “Шүншиг вилла” хотхоны доор байрлах зогсоолд байсан. 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 8 цагийн үед ажилдаа явахдаа гаражид дугуй байхгүй болсныг мэдсэн. ...” /3хх 54-55/,

хохирогч Ц.Нын “...2021 оны 8 дугаар сарын 21-ний өдөр өөрийн байрны 5 дугаар давхарт, орцондоо “Merida challenger 300” загварын унадаг дугуйгаа гинжлээд тавьсан байсан. ...Миний дугуйнд эвдрэл гэмтэл байхгүй. Хэрэглээний сэв зураас гээд байхаар юм байхгүй. ...” /3хх 82/,

хохирогч Ч.Бгийн “...Би 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хөдөө явчихаад 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 19 цагийн орчим гэртээ ирээд машинаа байрлуулаад харсан чинь миний цахилгаан скүтэр алга болчихсон байсан. Сууц өмчлөгчдийн холбооноос надад миний цахилгаан скүтэрийг хүн хулгайлсан талаар хяналтын камерын бичлэгийг надад үзүүлсэн. ...” /3хх 128-129/,

хохирогч Х.Уын “...2021 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Ви Ай Пи ресиденс” хотхоны 478 дугаар байрны 3 дугаар давхарын шатны хонгилын хаалганы хажууд өөрийн “Алтон” брендийн унадаг дугуйг орхиод ажил дээрээ байж байсан чинь өдөр 12:40 цагийн үед манай сууц өмчлөгчдийн холбооны харуулаас залгаад “ногоон хар өнгийн “Алтон” брендийн унадаг дугуй таных мөн билүү” гээд надаас асуусан. Тэгэхээр нь би “мөн” гээд хэлсэн чинь “нэг залуу миний унадаг дугуйг хулгайлаад байрнаас гараад хотхоны үүдэнд явж байх үед нь барьж авсан” гэж хэлсэн. Тэгээд өдөр 16 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтэсээс над руу яриад “гэрчийн мэдүүлэг өгөөд унадаг дугуйгаа хүлээж ав” гэж хэлсэн. ...” /3хх 158-159/, 

иргэний нэхэмжлэгч Д.Оын “...2021 оны 8 дугаар сарын 4-ний өдөр үл таних 25-30 насны эрэгтэй хүнээс унадаг дугуйг 220.000 төгрөгөөр худалдаж авсан. Би 220.000 төгрөгөө тухайн үл таних эрэгтэй хүнээс нэхэмжилж байна. ...” /2хх 85/,

иргэний нэхэмжлэгч А.Бын “...2021 оны 8 дугаар сард өндөр туранхай, шөвгөр царайтай, шаймы юм шиг ирүүтэй, их том духтай залуу урд дугуй нь хагарчихсан, хар өнгийн “Алтон” гэх брэндийн унадаг дугуйг түрж ирээд “унадаг дугуй авах уу” гэж асуусан. Би тэрэнтэй ярьж байгаад 300.000 төгрөгөөр авахаар болсон. ...Надад гомдол, санал байхгүй. Би худалдаж авсан мөнгөндөө тухайн унадаг дугуйг хэрэглэчихсэн. ...” /2хх 191-192/ гэсэн мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Дыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, “Хулгайлах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.

Шүүгдэгч Б.Дын “...хулгай хийсэн мөнгөө амьдралын эх үүсвэр болгоогүй тул зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, надад оногдуулсан 8 жилийн хорих ялаас багасгаж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.  

Учир нь, тэрээр нэг төрлийн хэргийг удаан хугацаанд тогтвортой байдлаар 3 буюу түүнээс дээш удаа олон дахин үйлдсэн, ажил хөдөлмөр огт эрхлэхгүйгээр зөвхөн гэмт үйлдлийн замаар олсон хууль бус орлогоор өөрийн амьжиргааг залгуулах, өдөр тутмын хэрэгцээгээ хангах эх үүсвэрээ болгосон байх тул энэ шинжээр хүндрүүлэн зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.  

Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/65 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Д нь 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл нийт 70 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/65 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Дын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл нийт 70 хоног /дал/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.ОЧМАНДАХ

 

                                  ШҮҮГЧ                                                              Н.БАТСАЙХАН

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ