| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 104/2024/00121/И |
| Дугаар | 104/ШШ2024/00312 |
| Огноо | 2024-05-29 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 104/ШШ2024/00312
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******лолд байрлах, ******* ХХК /РД:*******/
Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,******* тоотод оршин суух, овогт гийн /РД:*******/-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1.546.800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Б.,
Хариуцагч: Ж.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Ууганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК нь Ж.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1.546.800 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Ж. нь манай ломбардтай 6296 тоот зээлийн гэрээ байгуулж 4 сарын хугацаатай 5 хувийн хүүтэйгээр 8.5 грамм К-18 сорьцтой ээмэг тавьж 1.200.000 төгрөгийг зээлж авсан. Гэрээний хугацаа дууссан боловч эд зүйлээ авахгүй гэсэн. Ж. урд нь манай ломбардаар урд нь 2-3 удаа үйлчлүүлж, бөгж, гинжээ тавьж зээл авч байсан. Урьд өмнө нь олон удаа үйлчлүүлсэн учраас найдвартай гэж бодоод дахин ирж байна гэж бодсон. Тэгэхээр нь бөгжийг нь зарж мөнгөө гаргуулж авлаа гэж хэлсэн. Бөгжийг зарахаасаа өмнө шалгаад үзэхэд бөгж нь хуурамч байсан. Үүнээс болж надад 1.546.000 төгрөгийн хохирол учраад байгаа юм. Бөгжийг шинжээч томилуулж шинжлүүлэхэд хуурамч гэдэг нь тогтоогдсон. Гэрээний үйлчлүүлэгчид олгох хувьд барьцааны зүйлийн жин сорьц бичигдэхгүй. Үндсэн гэрээнд жин, сорьц бичигдсэн. Зээлийн гэрээнд заасны дагуу алданги 0.2 хувийн алданги 226.800 төгрөг, хүү 120.000 төгрөг, үндсэн зээл 1.200.000 төгрөг, нийт 1.546.800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Ж. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2023 оны 5 сард үхрээ Хэнтий аймгийн Норовлин сумд хүргэж өгөхөөр болоод мөнгөний хэрэгцээ гараад бөгжөө ломбардад тавьсан. Одоо зүүж байгаа хүзүүний зүүлтээ нэхэмжлэгчийн ломбардад тавьж байсан. Энэ ч бас солигдсон байж магадгүй. Богинохон болохоор нь нээх зүүгээд байдаггүй юм. Тэгээд 10.5 грамм, 960 сорьцтой бөгжөө, зүүж яваа хүзүүний зүүлттэйгээ нийт 1.200.000 төгрөгөөр тавьчихаад зээл авсан. Би ломбардныхаа хугацааг сунгахдаа биечлэн очдоггүй. Дандаа дансаар өгсөн кодыг нь бичиж 3 удаа хүүгээ шилжүүлсэн. Хамгийн сүүлд очих үедээ мөнгөө хүүтэй нь тоолж өгөөд бөгжөө авсан. Ломбардад хүн бүр эд зүйлээ тавих хэрэгцээ гардаг шүү дээ. Би анх удаа ломбардад эд зүйлээ тавьсан юм биш. Ломбард нь уг нь миний эд зүйлийг лацдан хадгалж, миний бараа мөн эсэхийг гарын үсгээр шалгаж өгдөг шүү дээ. Гэтэл нэхэмжлэгч эд зүйлийг минь хийсэн цаасыг урж гар дээрээ тавьж өгсөн. Лацтай миний эд зүйлийг надад шалгуулж, харуулаагүй. Би нэхэмжлэгчийг нас тогтсон олон жил ажилласан хүн байна асуудал гаргахгүй байх гээд итгэсэн. Миний зүүсэн гинжийг манай дүү нар надад өгсөн. Энэ гинжийг бас сольсон байх гэж бодоод байна. Гэртэй очоод бөгжөө хартал нэг л цагаан ч юм шиг, нэг л цайвардуу ч юм шиг харагдаад байсан. Бөгжөө хуруунаасаа аваад үзтэл шинэ бөгж байсан. Цайрсан маягтай байсан. Хүүхдээ орой ирэх үед нь асуутал Таны бөгж чинь 960-ын сорьцтой биш байна, 817-ын сорьцтой гэж байна. Та нөгөө бөгжөө яасан юм бэ гэж хэлсэн. Нүдний шилээ зүүгээд үзтэл 817 сорьцтой гэж бичигдсэн байсан. Нэхэмжлэгч миний бөгжийг надад граммлаж өгөөгүй. Би миний 10.5 граммтай бөгжийг сольсон юм байх, Алтан бөгж л бол яах вэ дээ гэж бодоод өнгөрсөн. Үүний дараа би бөгжөө 1.200.000 төгрөгөөр нэхэмжлэгчийн ломбардад тавьсан. Надаас зүгээр л авсан. Граммлаад үзтэл 8.5 грамм байсан. Миний ломбардны сунгах хугацаа өнгөрсөн байсан. Ломбардаас над руу яриад бөгжөө авах уу гэхэд би миний 960-ын сорьцтой алтан бөгжийг чи 817-ын сорьцтой бөгжөөр сольсон байна. Би авахгүй, Чи зарчих гэж хэлсэн. Дараа нь удахгүй залгаад бөгж чинь хуурамч байна гэж хэлсэн. Би зүгээр байсан бөгжийг чи хуурамч болгосон байна гэж хэлсэн. Үүнээс болж бидний дунд маргаан үүссэн. Би нэг ч удаа худлаа хэлээгүй. Хуучин бөгжөө авах үедээ цаасыг олохгүй байсан юм. Тэр цаасан дээр сорьц, грамм нь бичээтэй байсан. Олсныхоо дараа би нэхэмжлэгчид өгсөн. Сүүлд бодох үед өгөхгүй байх байсан байна билээ. Нэхэмжлэгч надад 817-ын сорьцтой бөгжийг өгөхдөө юу ч бичээгүй цагаан цаас өгсөн. Граммыг нь үзэхгүй болохоор тоо нь солигдсон байна гэж бодсон. Ломбардаас бөгжөө авлаа гэж бодсоноос хуурамч, жинхэнэ гэдгийг нь бодоогүй юм. Зээлийн хүүгээ өгөх үү гэж нэхэмжлэгч над руу утасдаагүй, бөгжөө ав гэж залгасан. Тэгэхээр нь та зарчих гэж хэлсэн. Тун удалгүй 2-3 хоногийн дараа хуурамч байна гэж ярьсан. Нэхэмжлэгч хэрвээ миний 10.5 граммтай бөгжийг надад буцааж өгөх юм бол бид хоёрын асуудал шийдэгдэнэ гэж бодож байна гэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан баримт: Нэхэмжлэгч талаас 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 6296 тоот зээлийн гэрээг шүүхэд гаргаж өгсөн ба нэхэмжлэгчийн хүсэлтээр Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2541 дугаартай шинжээчийн дүгнэлтийг шүүх бүрдүүлсэн байна.
4. Хариуцагчаас 6296 тоот барьцаат зээлийн гэрээг шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Ж. ******* ХХК-тай 6296 тоот зээлийн гэрээ байгуулж 4 сарын хугацаатай 5 хувийн хүүтэйгээр 8.5 грамм К-18 сорьцтой ээмэг тавьж 1.200.000 төгрөгийг зээлсэн. Гэрээний хугацаа дууссан боловч эд зүйлээ авахгүй гэсэн. Ж. урд нь манай ломбардаар урд нь 2-3 удаа үйлчлүүлж, бөгж, гинжээ тавьж зээл авч байсан. Урьд өмнө нь олон удаа үйлчлүүлсэн учраас найдвартай гэж бодоод дахин ирж байна гэж бодсон. Барьцаанд тавьсан бөгжийг шалгахад хуурамч байсан. Иймд Ж.ээс зээлийн гэрээнд зааснаар алданги 0.2 хувийн алданги 226.800 төгрөг, хүү 120.000 төгрөг, үндсэн зээл 1.200.000 төгрөг, нийт 1.546.800 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлж байна.
3. Хариуцагч Ж. нь дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэн татгалзах үндэслэлээ тайлбарлаж байна. Үүнд: нэхэмжлэгч миний 960-ын сорьцтой алтан бөгжийг 817-ын сорьцтой бөгжөөр сольсон байсан, хэрэв миний 960-ын сорьцтой бөгжийг өгчих юм бол би мөнгийг нь өгнө. Би миний бөгж солигдсон байсныг мэдсэн учраас бөгжөө ломбардад тавиад авахгүй байя гэж бодсон гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. 2023.10.22-ны өдөр ******* ХХК, Ж. нарын хооронд 6296 тоот зээлийн гэрээ байгуулагдсан ба зээлдэгч нь 1.200.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлж, талууд гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 8.5 граммын жинтэй К-18 сорьцтой бөгжийг барьцаалж, зээлийн хугацаа 5 хоногоор хэтэрвэл эд зүйлийг зарахаар тохиролцож барьцааны гэрээ байгуулсан байна.
4.2. Нэхэмжлэгч ******* ХХК нь барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгох үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
5. Талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгч ******* ХХК нь хуурамч бөгж барьцаанд тавьж ломбарданд хохирол учруулсан тул зээлийн гэрээнд зааснаар 0.2 хувийн алданги 226.800 төгрөг, хүү 120.000 төгрөг, үндсэн зээл 1.200.000 төгрөг, нийт 1.546.800 төгрөгийг гаргуулна гэж, хариуцагч миний 960-ын сорьцтой алтан бөгжийг 817-ын сорьцтой бөгжөөр сольсон байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тус тус маргаж байна.
6. Нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч Ж. нарын хооронд Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасан зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан, уг гэрээ нь гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.
6.1. Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт тус тус заасан хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох, хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх талаарх хуулийн заалтуудад нийцсэн байна.
7. Барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгох гэрээний зээлдүүлэгч нь тусгай зөвшөөрөл бүхий мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд байдаг бөгөөд мөнгөн хөрөнгө зээлэх, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хөдлөх хөрөнгө барьцаалах, зээлийн хүүг тохиролцох гэсэн тохиролцоог агуулдаг.
7.1. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн******* зүйлийн 16.7 дахь хэсэгт Зээлдэгч энэ хуулийн 16.5-д заасан хугацаанд барьцааны шаардлагыг хангаагүй бол мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд барьцааны зүйлийг Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд заасан журмын дагуу худалдан борлуулж, уг орлогоос барьцааны шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг барьцаалуулагчид олгоно гэж заажээ.
7.2. Зохигчдын хооронд барьцааны гэрээ байгуулагдсан хэдий ч хариуцагч барьцааны зүйл болох бөгжийг миний бөгж солигдсон байсныг мэдсэн учраас бөгжөө ломбардад дахин тавиад авахгүй байя гэж бодсон гэх тайлбараар анхнаасаа хуурамч бөгжийг барьцаанд тавьсан, хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан гэж үзэх үндэслэлгүй учир нэхэмжлэгчийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, түүний нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
7.3. Харин нэхэмжлэгч 0.2 хувийн алданги 226.800 төрөгийг нэхэмжилсэн ба Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.8-д зааснаар анз хэрэглэхийг хориглосон учир нэхэмжлэгчийн алдангид нэхэмжилсэн 226.800 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
7.4. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 282 дугаар зүйлийн 282.3, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт зааснаар зээлдэгч Ж. шилжүүлэн авсан мөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй бөгөөд үндсэн зээл 1.200.000 төгрөг, хүү 120.000 төгрөг, нийт 1.380.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан К-18 сорьц бүхий шаргал өнгийн металл бөгжийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хариуцагч Ж.т буцаан олгохоор шийдвэрлэв.
9. Шүүх нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39.699 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.ээс 37.030 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.ээс зээлийн гэрээний үүрэгт 1.380.000 /нэг сая гурван зуун наян мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 226.800 /хоёр зуун хорин зургаан мянга найман зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39.699 /гучин есөн мянга зургаан зуун ерэн есөн/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 37.030 /гучин долоон мянга гучин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан К-18 сорьц бүхий шаргал өнгийн металл бөгжийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хариуцагч Ж.т буцаан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ