Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2022/ДШМ/424

 

 

 

 

       2022           4            20                                    2022/ДШМ/424

 

Г.Год холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Н.Батсайхан, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Я.Амарзаяа,

хохирогч Ж.Г,

яллагдагч Г.Г,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,     

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЗ/723 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Я.Амарзаяагийн бичсэн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 14 дугаартай прокурорын эсэргүүцлээр яллагдагч Г.Год холбогдох 2106000002452 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

            Г.Г нь 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Хийморь-13 хотхоны 74г байрны орчим иргэн Ж.Гтай зогсоолоос болж маргалдаж, улмаар толгой руу цохих, машины хаалганд хавчуулах зэргээр түүний биед “тархины доргилт, зүүн сарвууны ар, баруун шилбэний урд дунд хэсэгт цус хуралт” гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Г.Г шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 2-т, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19,20 дугаар зүйлд зааснаар дахин шинжилгээ хийлгэх хүсэлтэй байна” /хэргийн 31 хуудас/, 2021 оны 11 сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөн нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэхээр хүсэлт /хэргийн 58-60 хуудас/ гаргасан байна. 2021 оны 11 сарын 30-ны өдөр яллагдагч нь хэргийн материал танилцуулсан тэмдэглэлд гэрч Ө.Уийг асуулгах, дахин шинжээч томилуулах, СӨХ-ийн камерын бичлэгийг бүтнээр гаргуулах, хохирогч гэх эмэгтэйн үйлдлийг шалгуулах гэсэн хүсэлтийг гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1-т “хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогч, бусад оролцогч, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой бол бүрэн, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хангахаас татгалзах тухай шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргана” гэж заасныг зөрчжээ. Тухайлбал хүсэлтийг хангах, хангахаас татгалзах эсэх ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 7-д “хэргийн материалтай танилцах үед энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасан оролцогчоос гаргасан хүсэлт, гомдлыг мөрдөгч хүлээн авч хангах, эсхүл хэрэгсэхгүй болгож энэ тухай шийдвэр гаргана” гэжээ. Гэтэл мөн ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна.

Энэ нь мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр байна. Иймд хэргийг прокурорт буцааж, яллагдагч Г.Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Я.Амарзаяа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Г.Год холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 723 дугаартай захирамжийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр прокурорын эсэргүүцэл бичиж байна. Үүнд:

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нь яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд хянан хэлэлцэгдэх ёстой байсан боловч шүүх зөвхөн яллагдагчийн гаргасан гомдлын хүрээнд хэлэлцүүлж, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн дүүрэн нягталж үзэлгүй оролцогчийн эрхийг зөрчиж зайлшгүй хийж гүйцэтгэх ажиллагаануудыг хийгээгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүсэлт, гомдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гаргаж болно.”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Хүсэлтийг тухайн ажиллагаа явуулж байгаа шүүх, прокурор, мөрдөгчид гаргах ба гомдлыг хуульд заасны дагуу хяналт тавих, шийдвэр гаргах эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргана.” гэж гомдол хүсэлтийг шийдвэр гаргах эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргахаар хуульчилсан байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг мэдэгдсэний дараа яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний өмгөөлөгчид хавтаст хэргийн материалыг танилцуулах ба энэ тухай тэмдэглэл үйлдэнэ.”, 6 дахь хэсэгт “Оролцогч хавтаст хэргийн материалтай танилцсан тухай тэмдэглэлд дараах зүйлийг тусгана...” гэж тус тус заасан нь оролцогчоос гаргасан гомдол, хүсэлт нь хэргийн материалтай танилцах үед тэмдэглэлд тусгах хэлбэрээр гаргаж байгаа нь дээрх хүсэлт, гомдлыг шийдвэрлэх ерөнхий зохицуулалтад хамаарахгүй байгааг анхаараагүй байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцээгүй.

Мөн шүүгчийн захирамжийн захирамжлах хэсэгт “Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэгт” гэж хуульд байхгүй зүйл, заалтыг удирдлага болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг ноцтой зөрчсөн байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар Г.Год холбогдох эрүүгийн 2106000002452 дугаартай хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЗ/723 дугаартай захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

            хохирогч Ж.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надад бүх камерын бичлэг байгаад байхад Г.Г нь “би ийм зүйл хийгээгүй, хөхрөлтүүдийг өөрийнх учруулсан хохирол биш” гээд байгаа. Гадаах камерын бичлэг, машины хар хайрцгийн бичлэг, мөн утсан дээрх бичлэгүүд гээд хангалттай баримт байхад “би хуулийн хүн, чи намайг яаж ч чадахгүй” гэх мэтээр надад дарамт учруулж байгаа. Хэрэг гарсны дараа мөн байцаалт өгөхөд мөрдөгч нартай маргаж байсан. ...” гэв.

            яллагдагч Г.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд 2021 оны 10 дугаар сараас энэ хэрэгт холбогдоод прокурор, шүүхийн байгууллагаар явж байгаа нь их харамсалтай байна. Намайг эхлээд гэрчээр, дараа нь яллагдагчаар, сүүлд шүүгдэгчээр асуусан. Би мөрдөгч болон прокурор дуудах бүрд нь очиж тайлбараа өгч хүсэлтээ гаргаж байсан ч огт тоогоогүй. Анх энэ хэрэгт яагаад холбогдсон бэ гэвэл хохирогч нь миний эхнэр хүүхэд рүү машинаараа сигналдаж дайрсан. Тийм учраас би тэр өдөр хохирогчийн үйлдлийг таслан зогсоосон, тэрнийхээ үр дүнд яллагдагч гээд дуудуулж байгаа нь үнэхээр харамсалтай юм. Миний бие шүүхэд 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 5 агуулга бүхий хүсэлт гаргасан. Энэ 5 агуулгыг дор бүр нь тайлбарласан. Миний эхнэр рүү дайрсан. Хэрэг болох үед ганцхан гэрч байсан нь миний эхнэр учраас миний эхнэрийг гэрчээр асуугаад өгөөч гэж олон удаа хэлсэн, бичгээр хүсэлт гаргасан ч огт тоогоогүй. Хоёрт камерын бичлэгийг СӨХ-с албан ёсоор гаргуулж өгөөч гэхэд мөн л тоогоогүй. Шинжээчийн дүгнэлтэд би хохирогчийн тархинд нь хүрээгүй байхад тархи нь доргисон байсан, хөлд нь хүрээгүй байхад хөл яагаад хөхөрсөн, мөн хөхөрсөн зураг нь дүгнэлтэд байхгүй байна. Ийм учраас нэмэлт шинжээч томилуулах, эдгээр хохирлуудыг баримтаар баталгаажуулах хүсэлт гаргасан ч тоогоогүй. Түүнчлэн, Ж.Г нь юу ч болоогүй байхад цагдаа дуудсан. Намайг тойроод бичлэг хийж байгаа нь СӨХ-ны камерын бичлэгт байгаа. Утсан дээр нь байгаа тэрхүү бичлэгүүдийг фейсбүүкт тавина гээд сүрдүүлээд байгаа. Ж.Ггийн өөрийнх нь эрүүгийн шинжтэй 2 үйлдэл, зөрчлийн шинжтэй 3 үйлдлийг шалгаад адил тэгш хандаж өгөөч гэхэд мөн л тоохгүй байгаа юм. Энэ үйлдлүүдийг би мөрдөх байгууллага, цагдаагийн байгууллага, прокурорын байгууллага, шүүхийн байгууллагад гаргасан. Шүүхийн байгууллага 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт миний гаргасан хүсэлтийг хүлээж аваад 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр захирамж гаргасан. Захирамжийн үндэслэх хэсгийн 4 дэх хуудсан дээр тодорхой бичсэн байдаг. Прокурорын байгууллага, мөрдөх байгууллага ямар хууль тогтоомжийг зөрчсөн гэдгийг ч тодорхой заасан байдаг. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг, мөн хуулийн 32.1 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг тус тус зөрчсөн байна гэдгийг шүүгчийн захирамжид дурдсан. Прокурор Я.Амарзаяа болсон үйл явдлыг бүтэн зураглалаар нь харж эсэргүүцэл бичээгүй. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл шүүгдэгч Г.Год холбогдох хэргийг хянан хэлэлцээд, мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд хийгээгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлыг гүйцэд тогтоогоогүй, уг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэх үндэслэлээр Г.Год холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Шүүгчийн захирамжийн “...мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаас гаргасан “...дахин шинжээч томилуулах, СӨХ-ны камерт үзлэг хийлгэх. ...” гэх хүсэлтүүдийг шийдвэрлээгүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй. ...” гэсэн дүгнэлт нь үндэслэл бүхий байх бөгөөд эдгээр үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд хийж ирүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн хангагдана.

Эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлсийг бүрэн нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийх, улмаар хэргийг зөв зүйлчлэхэд чухал ач холбогдолтой. Гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинжид хамаарах гэмт хэрэг гарсан байдал буюу үйлдсэн арга нь шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагад шууд нөлөөлдөг тул үүнийг заавал тогтоож, тодорхойлох нь зүйтэй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад дутуу гүйцэтгэсэн дээрх ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЗ/723 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгчийн захирамжид заасан үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагааг нэг мөр, бүрэн гүйцэд хийж ирүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЗ/723  дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, “хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр” прокурор Я.Амарзаяагийн бичсэн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 14 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.ОЧМАНДАХ

 

                                  ШҮҮГЧ                                                              Н.БАТСАЙХАН

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ