Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 302

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

Улсын яллагч П.Бямбасүрэн,  

Шүүгдэгч /хохирогч/ Г.Лхагвадорж,

Шүүгдэгч /хохирогч/ Ч.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Ганбодийн Лхагвадорж, Хадан овогт Чимгээгийн Мөнхтөр нарт холбогдох эрүүгийн 201725020795 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хамгаалалтын албанд ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Бурхантын 3 дугаар гудамжны 47 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Тайж овогт Ганбодийн Лхагвадорж /РД: ДЕ80112014/

Монгол Улсын иргэн, 1966 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Сант суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Мон-Караа ХХК-д жолоочоор ажилладаг, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 38 дугаар гудамжны 541 тоотод оршин суудаг, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй,

1986 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн 169б-ээр 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 1989 онд суллагдсан,

1997 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 653 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж мөн хугацаагаар тэнссэн,  Хадан овогт Чимгээгийн Мөнхтөр /РД: УХ66111737/

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

  Шүүгдэгч Г.Лхагвадорж нь 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаагийн 38-543 тоот хашааны гадаа Ч.Мөнхтөртэй харилцан зодолдож хүний эрүүл мэндэд зүүн хацар, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, эрүү, баруун хацар, баруун, зүүн өвдөг, цээжний зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан,

          Шүүгдэгч Ч.Мөнхтөр нь 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаагийн 38-543 тоот хашааны гадаа Г.Лхагвадоржтой харилцан зодолдож хүний эрүүл мэндэд баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхи, зүүн гуяны цус хуралт, хамрын нуруу, баруун гарын сарвууны зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Лхагвадорж нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.

Шүүгдэгч Ч.Мөнхтөр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.

Шүүх хуралдаанд хохирогч Г.Лхагвадоржийн өгсөн: ”…Гомдол саналгүй. Нэхэмжлэх зүйлгүй…” гэв.

Шүүх хуралдаанд хохирогч Ч.Мөнхтөрийн өгсөн: ”…Гомдол саналгүй. Нэхэмжлэх зүйлгүй…” гэв.

Эрүүгийн 201725020795 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Г.Лхагвадорж нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...миний цамцыг заамдаад ураад миний нүүр хэсэг рүү баруун гараа нэг удаа цохихоор нь би уг залууг зөрүүлээд нүүр хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд бид хоёр хоорондоо барьцалдаж аваад газар унаад дээр доороо ороод ноцолдсон. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Биеэ авч явах чадвартай байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-65, 97-98 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Ч.Мөнхтөр нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Тэгээд би газраас босох гэж уг залуутай ноцолдсон ба хажуу талаас нэг хүн нуруу хэсэг рүү өшиглөх шиг болсон. Би тухайн үед 1 ширхэг Боргио пиво уусан байсан. Биеэ авч явах чадвартай байсан. Би тухайн үед уг залуугийн доороос босохын тулд энгэр хэсэг болон гарыг нь барьж санамсаргүй маажсан байж магадгүй, санаатай цохиж зодоогүй…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-59, 102-103 дүгээр хуудас/,

 

Хохирогч Г.Лхагвадорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...эхнэр Золзаяагийн хамт өөрийн хадам ах Энхбаярын гэр болох Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрт нь 12 цагийн үед очсон, Энхбаяр ахын охинтой дэлгүүрээс чихэр, зайрмаг авч өгнө гэж хэлээд гараад гудамжинд явж байтал 50 орчим насны согтуу залуу өөдөөс явж байхаар нь би дэлгүүр хаана байгааг асуухад нөгөө залуу "чи муу юу гээд байгаа юм бэ" гэж хэлээд намайг заамдаад миний өмсөж явсан цагаан өнгийн ноосон цамцыг урахаар нь нөгөө залууг заамдсан чинь нөгөө залуу үгийн зөрүүгүй миний нүүр хэсэг рүү баруун гараараа 1 удаа цохиход би арагшаагаа газар унасан, нөгөө залуу миний дээр гарчихаад миний нүүр хэсэг рүү гараараа олон удаа цохисон, тэгээд бид хоёр бие биенийхээ дээр, доор ороод ноцолдсон, нөгөө залуугийн бие болон нүүр хэсэг рүү нь гараараа цохисон, тухайн үед миний хамарнаас цус гарчихсан байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-20 дугаар хуудас/,

Хохирогч Ч.Мөнхтөр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...гэртээ ганцаараа “Боргио” нэртэй 0.5 литрийн пиво уучихаад гэрээсээ 17 цагийн үед гараад “Миний зах” дэлгүүрийн хажууд байрлах барилгын материалын дэлгүүр орж гэрлийн унтраалга худалдаж авчихаад гэр рүүгээ харихаар Дамбадаржаагийн 38 дугаар гудамжны 543 дугаар тоот хашааны ойролцоо явж байтал Норсмаа гэх манай гудамжинд байрлах зүс таних 50 гаран насны эмэгтэй өөдөөс ирж байгааг хараад явж байтал хажуу талаас цагаан цамцтай эрэгтэй хүн цохих шиг болсон, нэг ухаан ороход нөгөө залуу миний дээр гарчихсан би газар уначихсан миний нүүр хэсэг рүү зүүн гараараа цохиж байсан, хажуу талаас нэг хүн баруун талын нуруу хэсэг рүү өшиглөх шиг болсон Батбаяр, Норсмаа хоёр хүрч ирээд намайг босгочихсон байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр хуудас/,

Гэрч Б.Байгальмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...хадам дүү Лхагвадорж охин Цэлмүүнийг дагуулаад дэлгүүр орно гэж хэлээд гарч явсан. Тэдний араас аав гарсан. Хэсэг хугацааны дараа аав орж ирээд “Лхагвадоржийг гадаа хүн зодоод байна” гээд орж ирсэн, гарахад хашааны дотор Лхагвадорж газар уначихсан түүний дээр нэг залуу суугаад гартаа гар утсаа атгачихсан нүүрэнд нь цохиж байсан. Аав, Золзаяа бид гурав тал талаас нь татаж тэднийг салгасан, Лхагвадоржийн өмсөж явсан ноосон цамцны энгэр нь урагдчихсан, хамар нь шалбарчихсан цус болчихсон, нөгөө хүний нүүр нь цус болчихсон байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-27 дугаар хуудас/,

Гэрч Л.Баатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...зээ охин орж ирээд “Лхагвадорж ах хүнд зодуулж байна” гэж хэлсэн. Тэгээд үүдэнд Лхагвадорж газар хэвтчихсэн түүний дээр нэг залуу гарч суугаад нүүрэн дундуур нь цохиж байсан, тэгээд салгахад дахиад хоорондоо заамдалцаад авсан, тухайн үед Лхагвадорж нь дээр нь гарсан Мөнхтөр нь доор нь орчихсон байсан, хашааны үүдэн дээр зогсож байхад Мөнхтөр хүрч ирээд араас түлхэж унагаад баруун хөлийн гуяны гадна хэсгийн зузаан махан дээр дэвссэн, надад гомдол, санал байхгүй, биед ямар нэгэн өвчин зовиур байхгүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

 

Гэрч А.Норсмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "... дэлгүүр ороод буцаад явж байтал хөрш айлын Мөнхтөр баруун талаас ирж яваа харагдсан, тэгтэл 543 тоотоос 30 гаран насны өндөр том биетэй залуу гүйж гарч ирээд Мөнхтөрийг үгийн зөрүүгүй очиж заамдаад нүүр хэсэг рүү нь гараараа цохиод унагаасан, Мөнхтөрийн дээр нь гарчихаад цээж хэсэг дээр нь суучихсан зодож байсан, Мөнхтөр ч харилцан зодолдож байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹4315 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. Г.Лхагвадоржийн биед баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхи, зүүн гуяны цус хуралт, хамрын нуруу, баруун гарын сарвууны зулгаралт, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй…” гэжээ. /хх-ийн 40 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹4037 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. Ч.Мөнхтөрийн биед зүүн хацар, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, эрүү, баруун хацар, баруун, зүүн өвдөг, цээжний зулгаралт, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй…” гэжээ. /хх-ийн 43 дугаар хуудас/,

 

Гэрч Л.Батбаярын мэдүүлэг /хх-ийн 35-36/, гэрч Ц.Золзаяагийн мэдүүлэг /хх-ийн 37-38/, Ч.Мөнхтөрийн оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 66/, Г.Лхагвадоржийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 67/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68/, Ч.Мөнхтөрийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 71/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72/, Ч.Мөнхтөрийн хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн 74-75/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Г.Лхагвадорж нь 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаагийн 38-543 тоот хашааны гадаа буюу гудамжинд нийгэмд тогтсон зүй ёсны харьцааг зөрчиж бие биетэйгээ зүй бус харьцсаны улмаас Ч.Мөнхтөрийг зодож эрүүл мэндэд нь зүүн хацар, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, эрүү, баруун хацар, баруун, зүүн өвдөг, цээжний зулгаралт, цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ч.Мөнхтөр нь 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаагийн 38-543 тоот хашааны гадаа буюу гудамжинд нийгэмд тогтсон зүй ёсны харьцааг зөрчиж бие биетэйгээ зүй бус харьцсаны улмаас Г.Лхагвадоржийг зодож эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхи, зүүн гуяны цус хуралт, хамрын нуруу, баруун гарын сарвууны зулгаралт, цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол учруулсан  гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогч Г.Лхагвадорж, Ч.Мөнхтөр нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд, гэрч Б.Байгалмаа, Л.Баатар, А.Норсмаа нарын мэдүүлэг, ШШҮХ-ийн 4315, 4037 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тэдгээрийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Мөнхтөр, Г.Лхагвадорж нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэдгээр нь өөрсдийн гэм буруу, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Ч.Мөнхтөр, Г.Лхагвадорж нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Ч.Мөнхтөр, Г.Лхагвадорж нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, тэдгээр нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт Эрүүгий хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Мөн шүүгдэгч Ч.Мөнхтөр, Г.Лхагвадорж нарт ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцов.

Шүүх хуралдаанд хохирогч Ч.Мөнхтөр, Г.Лхагвадорж нар “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн тул шүүгдэгч Ч.Мөнхтөр, Г.Лхагвадорж нарыг шүүгдэгчийн хувьд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Шүүх шүүгдэгч нарын ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоов.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ч.Мөнхтөр, Г.Лхагвадорж  нар нь цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                           

                                                                                                                   ТОГТООХ нь:

            1. Тайж овогт Ганбодийн Лхагвадоржыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

            Хадан овогт Чимгээгийн Мөнхтөрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Лхагвадорж, Ч.Мөнхтөр нарт 451 /дөрвөн зуун тавин нэг/ нэгжээр буюу 451.000 /дөрвөн зуун тавин нэгэн мянга/ төгрөгөөр торгох ялаар тус бүрийг  шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Лхагвадорж, Ч.Мөнхтөр нарт оногдуулсан 451 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 451.000 төгрөгөөр торгох ялыг шийдвэр хүчин төгөлдөр болмогц 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Г.Лхагвадорж, Ч.Мөнхтөр нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Лхагвадорж, Ч.Мөнхтөр нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

            6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Лхагвадорж, Ч.Мөнхтөр нарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН