Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2169

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Бнийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинорхайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 184/ШШ2019/02862 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Т.Бнийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.М, М.М нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 12 600 000 төгрөггаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагч нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Т.Бнэ,

хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Сонинбайгаль

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Г.Мтай зээлийн гэрээг 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулж, түүний нөхөр М.Мийн Hаан банкны дансанд 9 477 000 төгрөг, бэлнээр 523 000 төгрөг, нийт 10 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлсэн.

Гэрээний үүргийг биелүүлээгүй тул 2017 онд Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст хандсан. 2018 оны 06 дугаар сард М.Мөөс хүү 2 400 000 төгрөгийг бэлнээр авч, үлдэгдэл 12 600 000 төгрөгийг 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө төлөхөөр тохиролцсон боловч одоог болтол үүргээ биелүүлээгүй.

Талууд 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээний асуудлаар ярилцаж М.М, Г.М нар үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахаар болсон ба тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Г.М байсан учраас зээлийн гэрээг Г.Мтай байгуулсан.

Б.Отгонзаяа нь өөрийн данснаас Т.Бнээс гэсэн гүйлгээний утга зааж мөнгийг шилжүүлсэн учраас надаас мөнгө шилжүүлсэн гэж ойлгож болно. Хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, тасалдсан, 2 600 000 төгрөгийн хүүнээс татгалзаж байна. Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох 10 000 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Отгонзаяа өөрийн Хаан банкны данснаас М.Мийн дансанд 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 9 477 000 төгрөгийг шилжүүлсэн. Ямар зорилгоор шилжүүлснийг, яагаад Бат-Эрдэнээс гэснийг мэдэхгүй байна. 523 000 төгрөг бэлнээр хариуцагч нарт өгөөгүй.

Нэхэмжлэгч нь цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн үед М.М 2 400 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Г.М, М.М нар гэр бүлийн хүмүүс. Г.М зээл аваагүй, гэрээ байгуулаагүй болох нь шүүхээр тогтоогдсон, түүнээс гадна 2013 оны зээлийн гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Мөөс 7 077 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Бнэд олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 5 523 000 төгрөгийг болон хариуцагч Г.Мд холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Мөөс улсын тэмдэгтийн хураамжид 128 182 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Анхан шатны шүүх Т.Бнэд М.Мөөс 7 077 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэхдээ 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн н.Отгонтуяа гэх хүний дансаас Т.Бнэ гэсэн гүйлгээний утгаар 9 477 000 төгрөг М.Мийн дансанд шилжин орж ирсэн учир талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ гэжээ.

Тухайн данс эзэмшигч нь н.Отгонтуяа байхад нэхэмжлэгчийг нэхэмжлэх эрхтэй этгээд мөн эсэхийг тодруулалгүй шийдвэр гаргасан.

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан, уг гэрээний төлбөрийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Г.Маас нэхэмжилсэн бөгөөд Т.Бнэ тухайн үед шүүхэд “би 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Г.Мд өөрийн дэлгүүрийн орлого болох 10 000 000 төгрөгийг зээлдүүлсэн мөнгийг гаргуулж өгнө үү” гэсэн тайлбарыг өгсөн.

Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхээс дээрх гэрээг Иргэний хуульд заасан үүрэг хүлээсэн этгээд баталгаа гаргасан гэж үзсэн нь буруу юм. 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 9 477 000 төгрөг шилжүүлсэн, нэхэмжлэгчийн хэлснээр 6 сарын хугацаатай гэж үзвэл 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хооронд нэхэмжлэгч шаардах эрхтэй. Гэтэл М.М 2018 оны 06 дугаар сард 2 400 000 төгрөгийг өгсөн байхад хөөн хэлэлцэх хугацаа тасалдасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, Иргэний хуульд заасан баталгаа гаргасан гэж үзэх боломжгүй.

Иймд анахн шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Т.Бнэ нь хариуцагч Г.М, М.М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагыг 10 000 000 төгрөг болгож багасгасан, хариуцагч нар нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Хаан банкин дахь Б.Отгонзаяагийн эзэмшлийн 5034293285 тоот дансны хуулгаас үзвэл нэхэмжлэгч Т.Бнэ нь 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр М.Мийн эзэмшлийн, мөн банкны 5020556241 тоот дансанд “Бат-Эрдэнээс” гэх гүйлгээний утгаар   9 477 000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

Учир нь Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ биечлэн гүйцэтгэхээр заасан буюу үүргийн шинж чанарт харшлахгүй тул үүргийг гуравдагч этгээд болох Б.Отгонтуяа гүйцэтгэж болох юм.

 

Анхан шатны шүүх Т.Бнэ болон Г.Мөнхтөр нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа 9 797 000 төгрөгийн хэмжээнд үүссэн гэж дүгнэсэн нь зөв болжээ.

 

Харин Т.Бнэ болон Г.М нарын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан боловч Г.М нь уг гэрээгээр 10 000 000 төгрөгийг хүлээж аваагүй тул талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэсэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2018/00393 дугаар шийдвэрээр тогтоогдсон, уг үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй юм. Энэ үндэслэлээр Г.Маар холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

 

Хариуцагч М.М нь зээлийн гэрээний үүрэгт 2 400 000 төгрөгийг нэхэмжлэгч Т.Бнэд төлсөн талаар талууд маргаагүй тул 9 477 000 төгрөгөөс хасч тооцно.

 

Талуудын хооронд зээлийн гэрээ амаар байгуулагдсан нэхэмжлэгч зээлийн гэрээний хүүг шаардаагүй юм. Нэхэмжлэгч уг зээлийн гэрээний 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 06 сарын хугацаатай байгуулсан гэж тайлбарласан ба хариуцагч 2018 оны 6 сард 2 400 000 төгрөгийг төлсөн тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3 дахь хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг дахин шинээр эхлэн тоолох учиртай юм.

 

Иймд анхан шатны шүүхээс зээлийн гэрээний үүрэг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ. Нэхэмжлэгчийн зээлийн гэрээний шаардах эрхийг 7 077 000 төгрөгөөр тодорхойлж нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэр зөв, хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинорхайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 184/ШШ2019/02862 дугаар хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128 182 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

         

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.НАРАНЦЭЦЭГ

 

                                         ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

 

                                                                                              Э.ЗОЛЗАЯА