Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2022/ДШМ/425

 

 

 

 

      2022           4            20                                    2022/ДШМ/425

 

Б.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Н.Батсайхан, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Гэрэлчимэг,

хохирогч Ө.Дийн өмгөөлөгч З.Ариунжаргал,

шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч П.Баасанжав,  

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,     

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/104 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ө.Д, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.Бд холбогдох 2007003800228 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.     

Б.Б нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар байрны гадна 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хохирогч Ж.Атэй маргалдан зодолдож түүний биед “тархи доргилт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал, дух, зүүн сарвуу, эрхий хуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Маршал таун хотхонд үйл ажиллагаа явуулдаг Нум сум гэх нэртэй пабын гадна 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хохирогч П.Мтай маргалдан гараараа толгойн хэсэгт цохиж “хамар ясны хугарал, дагзанд шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2020 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Корпорет зочид буудлын 1501 дугаартай өрөөнд хохирогч Ө.Дтэй маргалдан хутга барин дайрч, зүүн нүдний хөмсөг дайруулж хатган эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Белла Виста” гэх хотхоны 400 дүгээр байрны 802 тоотод 2020 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө хохирогч Н.Дтай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хоёр буюу түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Бд мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Д.Б.Б нь хохирогч Н.Дд 5.000.000 төгрөг, хохирогч Э.Ө.Дд 10.000.000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн болохыг дурдаж, хохирогч нар нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.Бгээс нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, цагаан өнгийн хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хохирогч Ө.Д болон түүний өмгөөлөгч З.Ариунжаргал нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч З.Ариунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. ...хавтаст хэргийн 18 дугаар хуудсанд 2020 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр буюу уг хэрэг болдог өдөр Б.Б Ө.Дийг зодож гэмтээх, “ална” гэж хутга бариад хөөж байх үед дэргэд нь байсан гэрч П /2 дугаар хавтас хэргийн 18 дугаар хуудас/, мөн хэрэг болох үед дэргэд нь байсан гэрч Х.З нар “....Б.Б нь хутга бариад Ө.Д рүү дайрч нүд дух орчим нь хатгаад дахиад хутгаа бариад ална гэж дайрсан, хутгаа бариад ална гээд хөөгөөд хүмүүс Б.Бг барьж зогсоосон. ...” гэдэг мэдүүлэг байдаг. Гэтэл энэ нотлох баримтыг шүүх огт үнэлээгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 16.15 зүйлийн 1 дэх хэсгийг заасан хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг огт үнэлээгүйгээс үүдэн хэргийг буруу зүйлчилсэн. Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг зөрчсөн байдаг.

2. ...прокурор Д.Нямдэлэг нь уг Б.Бд холбогдох хэргийг ... шүүх хуралтай, ажилтай гэдэг шалтгаан хэлээд хэргийг шүүх рүү явуулахгүй өөр дээрээ ямар ч шалтгаангүй 2 сар орчим байлгасан. Өмгөөлөгч З.Ариунжаргал би дээд шатны прокурорт хэргийг шүүх рүү шилжүүлэх хүсэлт гаргаж байж шүүх рүү шилжүүлсэн. Гэтэл прокурор өөр дээрээ байлгах хугацаандаа хэргийн зүйлчлэлийг өөрчилснөө хохирогч Ө.Д болон өмгөөлөгч надад огт танилцуулахгүй шүүх рүү шилжүүлсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтыг ноцтой зөрчсөн, хэргийн оролцогч нарын гомдол гаргах эрхийг хаасан.

3. ...прокурор Д.Нямдэлэг анхан шатны шүүхэд хэргийг яллах биш өмгөөлөх байр суурьтай орж хэргийг хэрэгсэхгүй болгох шүүмж гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 4.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн.

4. Энэ хэргийн холбогдогч Б.Б урьд нь хүн зодож, танхайрч шүүхээр орсон. Мөн энэ удаагийн хэрэгт маш бүдүүлгээр байнга дээрэлхэж, өөрөө өдөж, эрэгтэй, эмэгтэй, залуухан хүмүүсийг зодож гэмтэл учруулсан асуудлыг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр бүхэлд нь үзэж үнэлэлт, дүгнэлт өгөөгүй анхан шатны шүүх хурал зөвхөн Ө.Дийг зодсон хэсгийг хэлэлцсэн. Прокурорын яллах дүгнэлтэд байгаа бусад хэргүүдийг хэлэлцээгүй. Б.Б “би уг нь зодоогүй, гэхдээ зодсон болоод гэм буруугаа хүлээе ээ” гэдэг байр суурьтай оролцсон байхад гэм буруугаа ойлгосон гэж зүйлчлэлийн хамгийн хөнгөн хэлбэр болох мөнгөн хэлбэрээр төлүүлсэн байгаа нь шүүгдэгчийн хувийн байдлыг хэрэгт хамааруулаагүй, гэм буруугийн байдлыг тогтоохдоо шүүгдэгчийн урьд нь энэ төрлийн гэмт хэрэг гаргаж байсан, үүндээ огт гэмшээгүй, одоо ч эмэгтэй хүнийг гутаан доромжилж, зодсон байдлыг ял оногдуулахдаа огт хамааруулаагүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн байх тул Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/104 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчилж, хэргийг хуулийн дагуу явуулах боломжоор хангаж, мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч П.Баасанжав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй. Прокуророос яллах дүгнэлтийг хэргийн хүрээнд хуульд заасан журмын дагуу үйлдсэн. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй. Хохирогчийн талаас шүүгдэгчийг хүнийг алах гэмт хэргийн зүйлчлэлээр зүйлчлэх ёстой байсан гэдэг. Өмнө энэ зүйлчлэлээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхэд шүүхээс буцаасан байдаг. Өөрөөр хэлбэл алах гэсэн санаа зорилго байгаагүй. Гэрчээр асуугдсан П, Ө.Д нар хэрэг болсон газарт тухайн үед байгаагүй хүмүүс юм. Хэрэг болсон өрөөнд юу болсон талаар тодруулах зорилгоор З, С гэх хүмүүсээс мэдүүлэг авахад алах гэсэн зүйл болоогүй, Б.Бгийн өрөөнд хохирогч Ө.Д өөрөө дайрч орж ирээд зодоон эхэлсэн гэж мэдүүлснээр хэргийн бодит нөхцөл байдал бүрэн тогтсон гэж үзсэн. Прокурорын шатанд хэрэг удсан тухай ярьж байна. Хэргийг анх Мижиддорж прокурор хянаж байсан. Уг хэргийг хянаж байх явцад Мижиддорж прокурор Сонгинохайрхан дүүрэгт шилжин томилогдсон. Ингээд хэрэг хэсэг хугацаанд хяналт тавих прокуроргүй байж байгаад Нямдэлэг прокурор дээр шилжиж очсон. Ингээд Нямдэлэг прокурор яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн асуудал биш юм. Хохирогч шүүгдэгчээс хохирлын мөнгө авах ёстой гэдэг асуудал анхан шатны шүүх хуралдаан дээр ч мөн яригдаж байсан. Шүүгдэгчээс материалаа гаргаад өгвөл хохирлыг барагдуулна гэсний дагуу хохирогч 8.000.000 төгрөгийн хохирлын баримт бүрдүүлсэн байдаг. Үүний дагуу бид 10.000.000 төгрөгийг хохирогчид төлсөн. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэдэг бол Эрүүгийн хуульд зааснаар учирсан бодит хохирол, хор уршгаар хэмжигдэх ёстой. Үүнийг хохирогч өөрөө гаргаж өгөх ёстой. Одоогоор Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд сэтгэл санааны болон өөр байдлуудын хохирлыг шийдвэрлэх зохицуулалт байхгүй. Тиймээс хохирогчийн гаргаж өгсөн хохирлын баримтын хүрээнд бид хохирлыг барагдуулсан. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ц.Гэрэлчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогчийн өмгөөлөгчийн зүйлчлэлийг өөрчилсөн гэх гомдлын хувьд хэрэгтэй танилцаад 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Б.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийн зүйлчлэл тохиромжгүй мөн хэрэг гарах үед байсан гэх С, З нарыг гэрчээр асуулгахаар нэмэлт ажиллагаанд буцаасан. Энэ дагуу нэмэлт ажиллагаа хийгдээд хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 9-нд прокурорт шилжүүлсэн байдаг. Хохирогч Ө.Дий өмгөөлөгч З.Ариунжаргалаас прокурор хэргийг өөр дээрээ 2 сар гацаасан гэж гомдолдоо дурдсан байна. Хэргийн материалаас үзэхэд анх энэ хэрэгт Мижиддорж прокурор хяналт тавьж байсан ч шилжин томилогдсонтой холбогдуулаад Нямдэлэг прокурорт хэрэг шилжин ирсэн. Ингээд Д.Нямдэлэг прокурор хяналт тавьж байх явцдаа хэргийн зүйлчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж шүүхэд шилжүүлсэн байдаг. Мөн Нийслэлийн прокурорын газраас хэргийн хугацааг сунгасан баримт хавтаст хэрэгт хавсаргагдсан байдаг. Хохирогчийн өмгөөлөгч прокурорыг шүүх хуралдаанд яллах бус өмгөөлөх байр суурьтай оролцсон гэдэг. Д.Нямдэлэг прокурор нь анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийг 2.500 нэгжээр торгох санал гаргаж уг ялыг өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж хэрэгсэхгүй болгох саналыг гаргасан хэдий ч шүүхээс санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тул өршөөл үзүүлэх үндэслэлгүй хэмээн 2.700 нэгжээр торгох ял оногдуулсан. Зүйлчлэлийн хувьд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг шүүх үндэслэлтэй гэж үзсэн. Учир нь С, З гэх 2 хүн Б.Бтэй хамт байхад Ө.Д Зг авахаар Б.Бгийн өрөөнд орж уг үйлдлийн улмаас маргалдаж, шүүгдэгч ширээн дээр байсан хутгыг авч хохирогчийг гэмтээсэн ч амь насыг нь хохироох санаа сэдэлгүй байсан гэдэг нь тогтоогдож байгаа тул шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж шийтгэх тогтоол гаргасан байна. Иймд хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хохирогч Ө.Д, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд, шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй болж чадаагүй байна.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 16 дугаартай зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолд “...яллагдагч Б.Б нь 2020 оны 9 дүгээр сарын 3-наас 2020 оны 9 дүгээр сарын 4-нд шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Рэд Рок” амралтын газар хохирогч Т.Стой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний нүүрэн тус газарт цохиж, хоолойг нь боох зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт шинжээчийн дүгнэлтээр хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байхад гэмтлийн зэрэг тогтоогдохгүй байна. ...” гэж үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Гэрч Х.Згийн “...Б.Б нь босож ирээд ширээн дээр байсан хоолны хутгыг аваад шууд Ө.Д рүү дайрсан. Ө.Д гарч зугтасан чинь араас нь “алчихъя л даа” гээд хутгаа бариад хөөсөн ба улмаар коридорт Ө.Дийг гүйцэж очоод дух хэсэгт нь хутгаа зоочих шиг болсон. Бид нар салгаж чадахгүй хажуу талын өрөөнд байсан залуучууд гарч ирээд Ө.Д, Б.Б хоёрыг салгаж өгсөн. ...” /2хх 19-20/,

гэрч О.Пын “...Ө.Д нь Зг дуудах гэж Б.Б гэх залуугийн өрөөнд ганцаараа явж орсон. Удалгүй өрөөнд нь зодоон болсон байсан ба бид араас нь явж ортол Ө.Дийн хөмсөг орчимд хоол идэж байсан хутгаараа цохисон гээд цус гарсан байдалтай байхад нь таарсан юм. ....” /2хх 17-18/  гэсэн мэдүүлгүүд зэргээр Б.Б нь “хутга барьж дайрах” идэвхитэй үйлдэл хийсэн байх бөгөөд үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар зүйлчилсэн нь үндэслэлгүй, уг үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл буюу “Хүнийг алах” гэмт хэрэгт завдсан шинж байгаа эсэхийг шалгах нь зүйтэй.

Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд, шүүгдэгчийн хохирогч Ж.А, П.М, Н.Д нарт учруулсан хохирол, гэм буруугийн талаар хэлэлцсэн эсэх нь тодорхойгүй байгааг анхаарвал зохино.

Иймд хохирогч Ө.Д, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал нарын хамтран гаргасан “...нотолбол зохих байдал нотлогдогдож тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт хүргүүлтэл шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/104 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Бд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр мөн шүүхээр дамжуулан Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт хүргүүлтэл шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.ОЧМАНДАХ

 

                                  ШҮҮГЧ                                                              Н.БАТСАЙХАН

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ