Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2168

 

 “Г.И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2019/02905 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Г.И” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Э” ХХК-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 5 996 175 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Баяраа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э” ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 13 өдөр манай компанитай бараа худалдах, худалдан авах гэрээ байгуулан барааг худалдаж авч байсан бөгөөд манай байгууллага гэрээний үүргийн дагуу захиалсан бүтээгдэхүүнийг цаг тухайд нь нийлүүлж байсан. Гэтэл “Э” ХХК нь гэрээний үүрэг болох төлбөрөө цаг тухайд нь төлөөгүй. Манай байгууллагын нягтлан бодогч Б.Батчимэг “Э” ХХК-ны захирал болон нягтлан бодогч М.Гансүрэн, Тунгалагтуяа нартай тооцоо нийлж үлдэгдэл төлбөрийн талаар баталгаа үйлдсэн болно. Иймд “Э” ХХК-наас гэрээний төлбөрийн үлдэгдэл, алданги нийт 5 996 175 төгрөг гаргуулаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Э” ХХК-аас худалдах худалдан авах гэрээний үүрэг нийт 5 996 175 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Г.И” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 900 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 110 900 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх хэргийг хариуцагч талыг байлцуулалгүйгээр шийдвэрлэсэн нь шүүхийн мэтгэлцэх зарчим, эрх тэгш байх зарчмуудыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Уг иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагч талаас хариу тайлбар өгөх хугацаа дуусаагүй байхад шүүх хуралдааныг зарласан. Энэ үйлдэл нь хариу тайлбар гаргах эрхээр хангаагүй гэж үзэхээр байна.

Мөн хариуцагч талаас шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасан ба шүүх 3 хоногийн хугацаатай шүүх хуралдааныг хойшлуулсан. Шүүх хуралдаан зарласан өдөрт нь манай өмгөөлөгчийн шүүх хурал давхацсан юм энэ талаар тайлбарлахад зохицуулаад ир гэж хандсан нь өмгөөлөгч авах эрхээр хангаагүй гэж дүгнэхээр байна.

2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийг хүртэл хугацаанд ажлаас чөлөөлсөн эмнэлгийн магадлагааг шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү, шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байгааг дурдсан хүсэлтийн хамт шүүхэд гаргасан. Хүсэлтэндээ мөн шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлттэй байгаагаа дурдсан боловч шүүх хариуцагчийг байлцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Г.И” ХХК нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5 996 175 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баяраад 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийг гардуулж өгсөн ба 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тайлбар ирүүлэхийг мэдэгдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан 14 хоног буюу 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тайлбар гаргах хугацааг богиносгож тогтоосон нь буруу болсон боловч нэхэмжлэлийг гардуулснаас хойш 24 хоногийн дараа шүүх хуралдааныг явуулснаар хариуцагчид тайлбар гаргах хангалттай хугацаа байсан тул анхан шатны шүүхийн уг алдааг ноцтой зөрчилд тооцохгүй юм.

 

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцүүлэх тухай захирамжийг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гаргасан нь хариуцагч хуулиар тогтоосон тайлбар гаргах хугацаа дуусахад 1 хоног дутуу байхад гаргасан нь буруу боловч шүүх хуралдааныг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр явуулснаар уг алдааг залруулсан гэж үзнэ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцож, хуульд зүйн туслалцаа авах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШЗ2019/13703 дугаар захирамжаар хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэснээс үзвэл хариуцагчид 3 өдрийн хугацаа олгосон гэсэн хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэв.

 

Учир нь хариуцагчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор тайлбар гаргах үүргээ хэрэгжүүлээгүй, мэтгэлцээн явагдаагүй тохиолдолд түүний гаргасан хүсэлтийг шууд хүлээн авах боломжгүй юм.

 

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр анхан шатны шүүхэд “эрүүл мэндийн шалтгааны улмаас 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй тухай хүсэлтийг эмнэлгийн магадлагааны хамт ирүүлснийг анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШЗ2019/13836 дугаар захирамжаар “эмнэлгийн нэр, эмчийн албан тушаал, овог нэр бичигдээгүй, тамга тэмдэг гаргацгүй” гэх үндэслэлээр хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь зөв болжээ. Учир нь уг магадлагаанд эмчийн хувийн тэмдэг бүдэг дарагдсанаас өөр тамга тэмдэггүй байна.

 

Иймд хариуцагч тал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүхэд тайлбар гаргаагүй тохиолдолд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 1003 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад нотлогоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Нэхэмжлэгч “Г.И” ХХК нь хариуцагч “Э” ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр бараа захиалгаар худалдах, худалдан авах гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч гурил, будаа, масло, сүү, элсэн чихэр зэрэг хүнсний бараа бүтээгдэхүүнийг гэрээнд заасан хугацааны туршид бэлтгэн нийлүүлэх, хариуцагч захиалсан барааны 30 хувийг урьдчилан төлж барааг хүлээн авч, үлдэгдэл 70 хувийн төлбөрийг бараа хүлээн авснаас хойш 7 хоногийн хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээсэн байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэхь хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

“Г.И” ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд 3 199 550 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэлх хугацаанд 797 900 төгрөг нийт 3 997 450 төгрөгийн үнийн дүн бүхий бараа бүтээгдэхүүнийг “Э” ХХК-д нийлүүлсэн, “Э” ХХК нь дээрх төлбөрийг төлөөгүй, тооцооны үлдэгдэлтэй болохыг анхан шатны шүүх талуудын хооронд хийгдсэн тооцооны үлдэгдлийн баталгаагаар тогтоогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Иймд нэхэмжлэгч “Г.И” ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нийлүүлсэн барааны үнэ болох 3 997 450 төгрөгийг хариуцагч “Э” ХХК-аас шаардах эрхтэй гэж дүгнэжээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан бараа захиалгаар худалдах, худалдан авах гэрээний 3.5-д “захиалагч тал гэрээний 3.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд шалтгааныг тодруулж төлбөр төлөх хугацааг дахин тогтоох ба тухайн тогтоосон хугацаанаас хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алданги борлуулагч талд төлнө” гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн тодорхойлолтод нийцжээ.

 

 

Харин нэхэмжлэгч алданги шаардсан байхад шүүх хохирол шаардах Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7 дахь хэсэгт заасныг баримталж алдангийг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсныг залруулах боломжтой.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2019/02905 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “232.7” гэснийг “232.6” гэж өөрчилж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 900 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    М.НАРАНЦЭЦЭГ

 

       ШҮҮГЧИД                                    С.ЭНХТӨР

 

Э.ЗОЛЗАЯА