Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2022/ДШМ/412

 

     2022             4              19                                       2022/ДШМ/412                                 

 

      Н.Э, Д.Т нарт холбогдох

               эрүүгийн хэргийн тухай      

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Б.Зориг, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Цогтгэрэл,

шүүгдэгч Н.Эийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгч Д.Тийн өмгөөлөгч Ч.Загдсүрэн,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

            Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Э, Д.Т нарын давж заалдах гомдлоор Н.Э, Д.Т нарт холбогдох эрүүгийн 2102000000353 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

               Шүүгдэгч Д.Т нь 2021 оны 10 дугаар сарын дундуур Налайх дүүргийн нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Өвс” нэршилтэй нийт цэвэр жин нь 1603,8 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “Шавар” гэх нэршилтэй 7,5 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус өөрийн найз Н.Эөд өгсөн,

            2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Налайх дүүргийн 3 дугаар хороо, Замчин гудамжны 2-11 тоотод биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Шавар” гэх нэршилтэй нийт цэвэр жин нь 14,372 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

            шүүгдэгч Н.Э нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Налайх дүүргийн 3 дугаар хороо, Төмөр замын орон сууц 6-2 тоот дахь амбаарт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Өвс” гэх нэршилтэй нийт цэвэр жин нь 1603,8 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг, өөрийн биедээ “Шавар” гэх нэршилтэй 7,5 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Нийслэлийн прокурорын газраас: Н.Э, Д.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

             

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн, шүүгдэгч Н.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тийг 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Төд оногдуулсан 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Н.Эөд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т, Н.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг сидиг хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж, мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн байцаах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 1 дугаартай 14,7 грамм шавар, 2 дугаартай ногоон өнгийн асаагуур 1 ширхэг, 3 дугаартай соруул мэт хэлбэртэй 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, 4 дугаартай мөнгөлөг цаас, 5 дугаартай сахлын хутганы ир 1 ширхэг, 6 дугаартай цагаан өнгийн уутанд 6 грамм үртэс мэт зүйл, 7 дугаартай цагаан өнгийн 0,5 л багтаамжтай хуванцар саванд шингэн зүйлтэй, 8 дугаартай ЛД тамхины хайрцаг 1 ширхэг, 9 дугаартай тогоо мэт хэлбэртэй мөнгөлөг цаас 1 ширхэг, 10 дугаартай 0,5 л багтаамжтай усны сав, ёроол хэсэгт нь 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг 1 дугаартай наалдамхай туузаар наасан цагаан өнгийн тортой өвс 1603,8 грамм, шавар 7,5 грамм, автобусны карт 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгаж, холбогдох баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Н.Э давж заалдах гомдолдоо: “... миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэрэгт холбогдсон өдрөөс хойш маш их зүйлийг бодож буруу зүйл хийсэндээ гэмшиж ухаарч байна. Иймд хорихоос өөр төрлийн ял оногдуулж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Д.Т давж заалдах гомдолдоо: “... миний бие үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Энд хоригдсон хугацаанд улс орондоо болон өөртөө хийсэн хэргээ маш ихээр ухаарч, гэмшиж ард үлдсан гэр бүлийнхээ өмнө буруу зүйл хийсэндээ харамсаад барахгүй байна. Манайх ам бүл зургуулаа Налайх дүүргийн 3 дугаар хороонд оршин суудаг. Бага дүү Т нь групд байдаг тул ээж маань дүүг гэртээ асарч ажил хийх боломжгүй байдаг. Хойд аав Б нь ажил хийдэггүй, архины хамааралтай хүн. Дүү Т, Т нар нь сургуулийн насны сурагч хүүхдүүд юм. Тус хэрэгт холбогдохоос өмнө Т миний бие хувийн компанид гагнуурчны ажил хийж авсан цалингаа гэр бүлдээ зарцуулдаг байсан. Миний бие нь сурч, ажил хөдөлмөр эрхлэх насандаа ийм муу зүйл хийсэндээ үнэн голоосоо гэмшиж байна. Иймд миний ар гэрийн нөхцөл байдал, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй зэргийг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулан хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Д.Тийн өмгөөлөгч Ч.Загдсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Шүүгдэгч Д.Т давж заалдах гомдолдоо өөрийнхөө хувийн байдлын талаар дурдсан байна. Ам бүл 6, айлын том хүү байгаа. Тухайн үед ажил хөдөлмөр эрхэлдэг байсан.” гэв.

 

Шүүгдэгч Н.Эийн өмгөөлөгч Г.Наранбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Н.Эийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь сонгох санкцтай. Шүүгдэгчийн гэмт хэрэгт оролцсон оролцоо, хувийн байдал зэргийг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү.” гэв.

Прокурор Г.Цогтгэрэл шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч нарын хувьд мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруу дээрээ маргадаггүй. Үйлдсэн гэмт хэргийнхээ талаар тодорхой мэдүүлдэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлагын зорилгыг заасан. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, үйлдсэн гэмт хэргийн арга зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын яллах саналаа гаргаж байсан. Шүүхээс хавтас хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэж, шүүгдэгч нарт хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй шийдвэр болсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэж байгаа учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгч Д.Т нь 2021 оны 10 дугаар сарын дундуур Налайх дүүргийн нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Өвс” нэршилтэй нийт цэвэр жин нь 1603,8 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “Шавар” гэх нэршилтэй 7,5 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус өөрийн найз Н.Эөд өгсөн,

            2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Налайх дүүргийн 3 дугаар хороо, Замчин гудамжны 2-11 тоотод биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Шавар” гэх нэршилтэй нийт цэвэр жин нь 14,372 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

шүүгдэгч Н.Э нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Налайх дүүргийн 3 дугаар хороо, Төмөр замын орон сууц 6-2 тоот дахь амбаарт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Өвс” гэх нэршилтэй нийт цэвэр жин нь 1603,8 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг, өөрийн биедээ “Шавар” гэх нэршилтэй 7,5 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

гэрч Б.Чгийн “... 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 18 цаг 30 минутад ажлаасаа тараад найз Ттэй Налайх руу хамт явж Налайхад очсон. Налайхад очоод гэр лүү орохоос өмнө Т халааснаасаа би ийм зүйл олоод гээд эссэ тамхины хайрцагтай асаагуурт наачихсан байсан зүйл гаргаж ирээд би үүнийг ажил дээрээ олсон юм. Энэ олсны ургамал юм шиг байна хэрэглэж үзэх үү гэхээр нь гэрийнхээ урд талын балгасанд орж байгаад асаагуур дээр байсан зүйлээсээ приткаар хусаж аваад мөнгөлөг цаасан дээр тавьж байгаад доороос нь гал асаагаад ороосон хуйлсан мөнгөөр утааг нь сорж хэрэглэсэн. Тухайн үед хэрэглэхэд надад ямар нэгэн мэдрэмж төрөөгүй. Би анх удаа хэрэглэж байгаа болохоор сайн мэдэгдээгүй. ...” /хх 30-33/,

 

Д.Тийн яллагдагчаар өгсөн “... Би Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ганцаараа явж байгаад гэдэс эвгүйрхээд байхаар нь балгас руу ороод хүндэрсэн. Тэгтэл шуудайны доор хар өнгөтэй 2 үүргэвчтэй цүнх байсан. Тэгээд цүнхийг сонирхоод очоод асгаад үзтэл цагаан уутанд боосон өвс, цагаан өнгийн хуванцар савтай зүйл байсан. Үнэртээд үзтэл будаг шингэлэгч үнэртэж байсан. Мөн картан дээр наасан хар өнгийн наалдамхай зүйл байсан. Тэрийг сонирхоод тэндээс нь аваад найз Чгийн гэрт очсон. Тухайн үед би найз Чгийн гэрт амьдарч байсан ба амбаарт нь тэр зүйлийг хийсэн. Би цагаан ууттай зүйлийг анх олохдоо өвс гэж мэдэж байсан болохоор өөрт байлгахаас айж найз Эөд аваачиж өгсөн. Эөд өгөхдөө “энийг хадгалж байгаарай, өөртөө байлгаж байгаарай” гэж хэлсэн. Тэгээд Э аваад хашааныхаа амбаарт хийсэн. ...” /хх 145/,

 

Н.Эийн яллагдагчаар өгсөн “... 2021 оны 10 дугаар сарын дундуур гэж санаж байна. Найз Т надад цагаан тортой өвс авч ирж өгөөд “энийг хадгалж байгаарай” гэж өгсөн. Би Төөс тортой өвсийг аваад хашаандаа байдаг нүүрс хийдэг амбаартаа хийсэн. 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэж санаж байна. Т надад эссэ тамхины хайрцагтай автобусны картанд наасан байсан шавар мэт зүйл өгсөн. 2021 оны 11 дүгээр сарын 10-ны орой 23 цаг өнгөрч байхад би Тийг надад өгсөн эссэ тамхины хайрцагтай автобусны картанд наасан байсан шавар мэт зүйлээс сонирхоод хэрэглэсэн. Хэрэглэхдээ мөнгөлөг өнгийн цаасан дээр хумсны толины тал чинээ тасдаж аваад шатааж гарсан утааг нь хамраараа сорж үнэрлэхэд ямар нэгэн нөлөө үзүүлээгүй. ...” /хх 153/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 5306 дугаартай “... Шинжилгээнд “1” гэж дугаарлан ирүүлсэн улаан өнгийн асаагуурт наалдсан 13,93г бор өнгийн шавар мэт зүйл, “3” гэж дугаарлан ирүүлсэн хуйлж соруул хэлбэрт оруулсан бохирлогдсон 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртийн хэсэг, №4 дугаараар дугаарласан 0,442г жинтэй шавар мэт зүйлээр бохирлогдсон нимгэн мөнгөлөг цаас, №5 дугаараар дугаарласан бохирлогдсон сахлын хутганы ир буюу притка зэрэг зүйлс тус бүрт делта-9-тетрагидроканнабинол илрэв. “2 дугаараар дугаарлан ирүүлсэн бор өнгийн шавар мэт зүйл наалдсан ногоон өнгийн асаагуурт мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. Делта-9-тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг” /хх 52-57/,

2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 5354 дугаартай “... “8” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн “LD CLUB гэсэн шошготой цаасан хайрцагт хийсэн ногоон өнгийн нунтаг ургамал мэт зүйл, хуйлсан 50-тын мөнгөн дэвсгэрт, “9” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн мөнгөлөг цаас зэргээс делта-9-тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтад багтдаг болно. ...”6” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цаасанд боодолтой бор шаргал өнгийн нунтаг зүйлийн цэвэр жин нь 0,0721г, “8” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн “LD CLUB” гэсэн шошготой цаасан хайрцагт хийсэн ногоон өнгийн нунтаг ургамал мэт зүйлийн жин 0,0862г байна.” /хх 58-62/,

2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 5305 дугаартай “... шинжилгээнд ирүүлсэн “1” гэж хаягласан 1603,8г цэвэр жинтэй ногоон өнгийн өвс, ургамал мэт зүйл, эссэ тамхины хайрцганд хийсэн “2” гэж дугаарласан нийт 7,5 г жинтэй автобусны картан дээр наалдсан бор өнгийн шавар мэт зүйлс тус бүрд делта-9-тетрагидроканнабинол илрэв. Делта-9-тетрагидроканнабинол НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг” /хх 67-70/,

2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5303 дугаартай “... “Т УД99062536 2021.11.11” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илрэв. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг” /хх 78-80/,

2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5302 дугаартай “... “Нямлхагва Э 2021.11.11” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илрэв. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг.” /хх 83-85/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 941 дугаартай “... Н.Э нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвдөж байсан гэх баримт үгүй байна. Н.Э нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан байна. Сэтгэцийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай байна. Н.Эөд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Н.Э нь сэтгэц идэвхит бодисоос хамааралтай болсон гэх шинж, баримт үгүй байна.” /хх 168-169/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 940 дугаартай “... Д.Т нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвдөж байсан гэх баримт үгүй байна. Д.Т нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан байна. Сэтгэцийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай байна. Д.Төд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Д.Т нь сэтгэц идэвхит бодисоос хамааралтай болсон гэх шинж, баримт үгүй байна.” /хх 160-162/ гэсэн дүгнэлтүүд,

 

2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нэгжлэг хийсэн тухай тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-12/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх 13-18/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 21-25/ зэрэг хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Д.Тийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн, шүүгдэгч Н.Эийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

            Шүүгдэгч Д.Тийн 2021 оны 10 дугаар сарын дундуур Налайх дүүргийн нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Өвс” нэршилтэй нийт цэвэр жин нь 1603,8 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “Шавар” гэх нэршилтэй 7,5 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус өөрийн найз Н.Эөд өгсөн,        2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Налайх дүүргийн 3 дугаар хороо, Замчин гудамжны 2-11 тоотод биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Шавар” гэх нэршилтэй нийт цэвэр жин нь 14,372 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдлийг,

  шүүгдэгч Н.Эийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Налайх дүүргийн 3 дугаар хороо, Төмөр замын орон сууц 6-2 тоот дахь амбаарт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Өвс” гэх нэршилтэй нийт цэвэр жин нь 1603,8 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг, өөрийн биедээ “Шавар” гэх нэршилтэй 7,5 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдлийг тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Д.Т, Н.Э нарын “...анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...”  гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, шүүгдэгч Д.Т, Н.Э нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа хэдий ч гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь тооцон ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шийдвэрлэхэд зайлшгүй харгалзан үздэг.

Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын үнэ цэнэ, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогдоно.

Сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах замаар хүний ердийн үйл ажиллагаа, зан авирыг хямраан саатуулж хараат байдлыг үүсгэж донтуулах хорт үр дагавартай учир хууль тогтоогч сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, бусдад өгөх, тээвэрлэх, илгээх, борлуулах зэрэг бүхий л үйл ажиллагааг хориглож, тухайн үйлдэл бүрийг гэмт хэрэгт тооцож хуульчилсан болно.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Эрүүгийн хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь тухайн заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй биелүүлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг.

Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хариуцлагын зорилгыг тодорхойлон хуульчилжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт үйлдсэн гэмт хэрэгт оногдуулахаар хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр буюу шүүгдэгч Н.Эөд 1 жилийн хугацаагаар, шүүгдэгч Д.Төд 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь тэдгээрийн гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Э, Д.Т нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Э, Д.Т нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                      Б.АРИУНХИШИГ

                   

                                 ШҮҮГЧ                                                      Б.ЗОРИГ

                                

                                 ШҮҮГЧ                                                      Б.БАТЗОРИГ