Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2024/02937

 

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2024/02937

Улаанбаатар хот

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:................дүүрэг, .... дугаар хороо, ........ тоотод байрлах, регистр 5832551, ...............,

Хариуцагч:...........дүүрэг, .......... дугаар хороо, . өргөн чөлөө гудамж, ......... дуга............ар байрны .... тоотод оршин суух, регистр .............../, ..........,

Нэхэмжлэлийн шаардлага:542 022 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтөр, хариуцагч .........., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Төвсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ...... нь хариуцагч ............. холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 542 022 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

............... нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд бөгөөд манай компанид хариуцагч нь зээл авах хүсэлт гаргаж 2022 оны 01 сарын 27-ны өдрийн 111380 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулж, 2022 оны 3 сарын 29-ний өдөр 150,000 төгрөгийг 8,7 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгөөр зээлсэн.Хариуцагч нь зээлийн гэрээ болон Гэрэл аппликейшн-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлээ төлөх үүргээ үл биелүүлсэн, компанийн зүгээс зээл, зээлийн хүүгээ төлөх шаардлага тавьсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлөлт хийгээгүй байгаа нь Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн3.2.1 дахь хэсэг, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан үүргээ ноцтой зөрчиж байна.Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий байгууллагын мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалтыг тус тус үндэслэн хариуцагчаас дараах төлөлтийг нэхэмжилж байна.Үүнд 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдэл 150 000 төгрөг, төлөх ёстой хүү 328 860 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 63162 төгрөг, нийт 542 022 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

 

 

Хариуцагч хариу тайлбартаа:Би утасныхаа дугаарыг сольсон тул ............аппликейшн-д орж чадахгүй байсан, 2023 оны 10 дугаар сард нэхэмжлэгчээс холбогдохоор нь миний зээлийн мэдээллийг өгөөч гэхэд надтай зүй бусаар харьцсан, . аппл..........икейшнаар зээл авахад зээлийн сарын хүү тэд гэдэг нь харагдахгүй байсан, би зээлийн 150 000 төгрөгийг 2 жилийн хүүгийн хамт 350 000 төгрөг төлнө гэв.

Нэхэмжлэгчээс:Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн Цахим зээлийн эрх нээх гэрээ, зээлийн график, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, зээл олголтын дансны хуулга, шилжүүлгийн мэдээллийг шүүхэд өгсөн, хариуцагчаас баримт өгөөгүй.

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч ......-ийн нэхэмжлэлээс 350 000 төгрөгийг хангаж, 192 022 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд: Хариуцагчаас 2022 оны 3 сарын 29-ний өдрийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 150 000 төгрөг, үндсэн хүү 328 860 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 63 162 төгрөг, нийт 542 022 төгрөг гаргуулна гэж тайлбарласан. 

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд:_............ аппликейшн-д зээлийн хүүгийн хэмжээ харагдахгүй байсан, нэхэмжлэгч байгууллагын ажилтан надтай зүй бусаар харьцсан тул 350 000 төгрөг төлнө, бусдыг нь төлөхгүй гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн Цахим зээлийн эрх нээх гэрээ, зээлийн график, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, зээл олголтын дансны хуулга, шилжүүлгийн мэдээлэл болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. 

Зохигчдын хооронд 2022 оны 3 дугаар сарын 29-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу хариуцагч .......... нь нэхэмжлэгч байгууллагаас аппликейшнаар 150 000 төгрөгийг, 30 хоногийн хугацаатай зээлж авсан болох нь зээл олголтын дансны хуулга, шилжүүлгийн мэдээлэл, талуудын тайлбараар нотлогдож байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг байна.

Хариуцагч нь зээл авснаас хойш эргэн төлөлт хийгээгүй Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д зааснаар зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болох бөгөөд нэхэмжлэгч байгууллагын аппликейшн-д зээлийн хүүгийн хэмжээ харагдахгүй байсан гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч няцаагаагүй, мөн нэхэмжлэгч байгууллага нь зээлдэгчид 150 000 төгрөгийг, сарын 8,7 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн тухайгаа баримтаар нотлоогүй байна.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө заасан байна.

Иймд үндсэн зээлийн төлбөр 150 000 төгрөгийг, хариуцагчийн зөвшөөрсөн зээлийн хүү 200 000 төгрөгийн хамт гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож, нэхэмжлэлийн дүнгээс үлдсэн 192 022 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16 911 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 11 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-т заасныг баримтлан ............. 350 000 /гурван зуун тавин мянган/ төгрөг гаргуулан ......-д олгож, үлдсэн 192 022 /нэг зуун ерэн хоёр мянга хорин хоёр/ төгрөгийг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16 911 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ..........аас 11 120 /арван нэгэн мянга нэг зуун тавин/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ......-д олгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  З.ДОРЖНАМЖИН