Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2009

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Б-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 сарын 01-ний өдрийн 102/ШШ2019/02584 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Н.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: БГД цэцэрлэгт холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 3 сарын 02-ны өдөр Нийслэлийн БГД цэцэрлэгийн эрхлэгч М.О-тэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, манаачийн ажилд орсон. Ажилд орсон цагаасаа ямар нэг хөдөлмөрийн сахилга батын зөрчил гаргаж байгаагүй, ажил үүргээ биелүүлж ирсэн. Би өвчний улмаас 2019 оны 4 сарын 01-ний өдрөөс 4 сарын 11-ний өдөр, мөн 2019 оны 4 сарын 21-ний өдөр хүртэл эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, магадлагаа байгаа. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлж, эмчилгээ хийлгэж дуусаад 2019 оны 4 сарын 22-ны өдөр ажилдаа очтол цэцэрлэгийн эрхлэгч М.О- нь “... ажилдаа ирээд хэрэггүй хүлээж бай, би дуудна” гэхээр нь дуудахыг нь хүлээсэн. Гэтэл эрхлэгч М.О- нь 2019 оны 4 сарын 23-ны өдөр Б/17 дугаар тушаал гаргаж, нэхэмжлэгчид 2019 оны 5 сарын 02-ны өдөр тушаалын хувийг өгч, намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалтыг баримталсан байсан. Гэтэл би сайн дураараа хөдөлмөрийн гэрээгээ цуцалж, ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байгаагүй. Яагаад намайг миний хүсэлтээр ажлаас чөлөөлөх болсныг ойлгоогүй. 2018 оны 3 сарын 02-ны өдөр надтай хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. Миний хөдөлмөрийн гэрээний хугацаа 2019 оны 3 сарын 02-ны өдөр дууссан боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт “хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх хийсэн хугацаагаар сунгагдсанд тооцно” гэсэн байна. Гэтэл цэцэрлэгийн эрхлэгчийн болон, миний зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар хэн аль нь санаачлага гаргаагүй, би ажлаа үргэлжлүүлэн хийж байгаад 2019 оны 4 сарын 01-ний өдөр өвдөж эмчилгээ хийлгэсэн. Улсын Дээд Шүүхийн 2006 оны 7 сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 7-д Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар ажил олгогч байнгын ажлын байранд ажиллах иргэнтэй хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулах үүрэгтэй болно” гэснээс үзэхэд намайг анх ажилд ороход хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулах ёстой байсан байгаа юм. Бодит байдал дээр Н.Б- өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй. 2019 оны 4 сарын 23-ны өдөр Н.Б- нь БГД цэцэрлэгийн удирдлагад хандаж “... миний бие өвдөж эмнэлгээр явах болсон тул ажлын гэрээгээ дуусгавар болгох хүсэлтэй байна ...” гэж өөрийн гараар бичиж өгсөн нь үнэн. Гэхдээ тэрээр уг бичгийг сайн дураараа бичиж өгөөгүй. Цэцэрлэгийн эрхлэгч нь ингэж бичиг хийж өгөхгүй бол ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй шүү гэж хэлж дарамталж, нөлөөлж, төөрөгдүүлсэн учраас л ийм бичгийг нэхэмжлэгч хийж өгсөн. БГД цэцэрлэгчийн эрхлэгч М.О- нь үндэслэлгүй тушаал гаргаж намайг ажлаас халж миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн. Иймд урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох манаачийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаа цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Н.Б- нь анх ажилд орохдоо архи хэрэглэдэггүй, нийтэч, эвсэг хэмээн 2018 оны 3 сарын 12-нд бичиж байсан. Гэвч тэрээр зан харилцааны доголдолтойгоос гадна согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэг болох нь илэрхий болсон. Согтууруулах ундаа хэрэглэж, улмаар ажлын байраа орхиж явсан нь илэрсэн тул энэ талаар түүнд 2019 оны 3 сарын 11-нд сануулахад ажил дээр архи уусан бол өөрийн хүсэлтээр ажлаас гарна хэмээн бичиж ажлын байранд архи ууж, цэцэрлэг эзэнгүй орхисон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд цуцална гэснийг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан. Н.Б- нь 2019 оны 3 сарын 29-нд ажилдаа ирээгүй буюу ажлаа тасалсан болохоо хүлээн зөвшөөрч, гарын үсгээ зурсан. Цэцэрлэгийн ёс зүйн хороо 2019 оны 4 сарын 23-нд хуралдсан ба Н.Б- нь гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч байна, ажлаасаа гаръя хэмээн хэлж, хуралдааны тэмдэглэлд гарын үсгээ зурсан. Мөн өдөр тэрээр урт хугацаагаар эмчлүүлэх болсон тул ажлын гэрээгээ дуусгавар болгох хүсэлтэй байна гэж бичгээр өргөдлөө өгсөн. Н.Б- нь нэхэмжлэлдээ хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөгдөх тухай ямар нэг хүсэлт гаргаж байгаагүй, яагаад намайг миний хүсэлтээр ажлаас чөлөөлөх болсныг ойлгоогүй хэмээн бичсэн байна. Гэвч 2019 оны 4 сарын 23-нд гаргасан өргөдлийг нь үндэслэн Н.Б-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тул түүний уг тайлбар үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч нь эхлээд архи уугаад байсан учир сануулсан бөгөөд дахин архи уусан учир өөрөө ажлаас халах хэрэггүй гээд өөрөө хүсэлтээ бичиж өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай Н.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүхийн 02584 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн тайлбар зэргийг тодорхойлон бичээд “... хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд ажил олгогч эсхүл ажилтан санаачилсан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож болгохыг Хөдөлмөрийн тухай хүулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.2 дахь хэсгүүдэд заасан. Өөрөөр хэлбэл гэрээний үйлчилгээг зогсоох санаачилгыг гэрээний талуудын аль нэг гаргаснаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдах нөхцөл үүснэ ... 2019 оны 4 сарын 23-ны өдөр Н.Б- нь ажил олгогчид буюу БГД цэцэрлэгийн удирдлагад хандаж, ажлын гэрээгээ дуусгавар болгох хүсэлтэй байна гэж өөрийн гараар бичиж өгсөн үйл баримтын талаар маргаагүй ...”, Хөдөлмөрийн тухай хуулийн заалтын "хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл" гэдэг нь ажил олгогчийн шахалт, шаардлага, ёс зүйн нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг хэлдэг ...” гэж шүүхээс тайлбарласан хэдий ч “... ажил олгогчид хандаж бичсэн өргөдлийг бусдад дарамтлуулсан, төөрөгдөж, бичсэн гэх боловч түүний тайлбарыг нотлох баримт хэрэгт авагдаагүй, өөрийн шаардлагын үндэслэлийг нотлуулах талаар ямар нэг хүсэлт гаргаагүй" гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна. Нэхэмжлэгч нь 2019 оны 4 сарын 23-ны өдөр бичсэн өргөдөл дээр маргадаггүй ч 2019 оны 5 сарын 02-ны өдөр эрхлэгч М.О- нь нэхэмжлэгч Н.Б-ийг дуудан ирүүлж, ажлаас чөлөөлсөн тушаалыг танилцуулж түүний хууль, эрх зүйн мэдлэггүйг ашиглан "... та өөрийн гараар ийм утгатай өргөдөл бичиж өгөхгүй бол танд ажилгүйдлийн тэтгэмж олдохгүй шүү ...” хэмээн төөрөгдөлд оруулж, зүй бусаар нөлөөлөн бичүүлсэн өргөдөл юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт ажилтны өөрийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлийг зохицуулсан байна. Хөдөлмөрийн гэрээг цуцлах агуулга бүхий ажилтны хүсэлт нь хуульд заасан шаардлагыг хангасан хэдий ч уг өргөдлийг гаргах болсон учир шалтгааныг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай шүүх харьцуулан дүгнээгүй. Мөн тухайн өргөдөл нь ажил олгогчийн зүгээс ямар нэгэн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл байх учиргүй бөгөөд ажилтан өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр өргөдөл гаргасан эсэхийг шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхаарч шүүхээс энэ талаар үнэлэлт, дүгнэлт өгөөгүй. БГД цэцэрлэгээс гаргасан тайлбарт "... Н.Б- нь архи уудаг ... цэцэрлэгийн ёс зүйн хороо 2019 оны 4 сарын 23-ны өдөр хуралдсан бөгөөд тухайн өдрийн хорооны тэмдэглэл, хурлын тэмдэглэлд Н.Б- нь “... гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч байна, ажлаасаа гаръя” хэмээн хэлж, хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зурсан ...” гэх боловч энэ тухай хэрэгт авагдаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “хариуцагч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” байдаг. Учир нь 2019 оны 5 сарын 02-ны өдөр эрхлэгч нь нэхэмжлэгч Н.Б-ийг дуудан ирүүлж, тушаалаа танилцуулж, 2019 оны 4 сарын 23-ны өдөр гаргасан гэх өргөдлийг нөхөн бичүүлж, авсан байдаг юм. Энэ талаар шүүх дүгнэлт гаргаагүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... БГД цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 4 сарын 23-ны өдрийн Б/17 тоот Н.Б-ийг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар “... заалтуудыг баримтлан тус цэцэрлэгт манаачаар ажиллаж байсан Н.Б-ийг өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна ...” гэжээ. Гэтэл Б/17 дугаар тушаалд “... өөрийнх нь ...” гэсэн үг, өгүүлбэр байхгүй, “... үүрэгт ажлаас гаргасан өргөдөл, хүсэлтийг үндэслэн ...” гэж бичигдсэн тушаалыг хариуцагч нь нэхэмжлэгч Н.Б-өд 2019 оны 5 сарын 02-ны өдөр танилцуулсан байдаг ба энэ талаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн дүүрэн үнэлээгүй. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Н.Б- нь БГД цэцэрлэгт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч БГД цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 4 сарын 23-ны өдөр Б/17 тоот тушаалаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэгт заасны дагуу Н.Б-ийн хүсэлтийг үндэслэн, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас нь чөлөөлсөн байна. /хх-ийн 6, 27-р тал/

Нэхэмжлэгч Н.Б- нь ажил олгогчид 2019 оны 4 сарын 23-ны өдөр гаргасан өргөдөлдөө “ ... миний бие Н.Б- нь бие өвдөж эмнэлгээр явах болсон тул ажлын гэрээг дуусгавар болгох хүсэлтэй байна ...” гэж бичсэн байх бөгөөд уг баримт нь хэрэгт нотлох баримтаар авагджээ.  

 

Харин нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа тухайн өргөдлийг сайн дураар, өөрийн хүсэл зоригийн дагуу бичиж өгөөгүй, цэцэрлэгийн эрхлэгч нь ингэж бичиж өгөхгүй бол ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй гэж дарамталж, нөлөөлж бичүүлсэн гэсэн бол, хариуцагч нь нэхэмжлэгч М.Батмөнхийг зан харилцааны доголдолтойгоос гадна согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж, ажлын байраа орхиж явсан нь илэрсэн, цэцэрлэгийн ёс зүйн хорооны хурлын тэмдэглэлд гарын үсгээ зурсан гэжээ. Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл ажилтан М.Батмөнх Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ зөрчсөн, эсхүл өөрийн хүсэл зоригийн дагуу хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гэх зөрүүтэй тайлбаруудыг гарган маргажээ. /хх-ийн 97-р тал/

 

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээ цуцлахыг ажилтан санаачилсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ өргөдөл гаргахад ажил олгогчийн зүгээс ямар нэгэн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл байсан эсэх, ажилтан өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр өргөдөл гаргасан эсэхийг тодруулах, уг асуудлаар талуудыг мэтгэлцүүлэх шаардлагатай байжээ.

 

            Дээрх нөхцөл байдал тодорхойгүй байх тул давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 01-ний өдрийн 102/ШШ2019/02584 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                               

                   

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ц.ИЧИНХОРЛОО                                      

                                         ШҮҮГЧИД                                                А.МӨНХЗУЛ

                                                                                                 

                                                                                                            Г.ДАВААДОРЖ