Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2022/ДШМ/411

 

      2022             4              19                                       2022/ДШМ/411                                 

 

      П.Бад холбогдох эрүүгийн

                                                                       хэргийн тухай                                         

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Б.Зориг, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Н.Ганбат,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/264 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Бын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2106034302574 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

            Шүүгдэгч П.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмнэлгийн 13-212а тоотод байх иргэн М.Аын монгол гэрт хууль бусаар нэвтэрч “Өлзий” нэртэй төслийн зуухыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 195.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: П.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.            

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч П.Быг хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар П.Бад 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар П.Бад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Бын урьд цагдан хоригдсон нийт 6 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар П.Баас нийт 195.300 төгрөгийг гаргуулж хохирогч М.Ад олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч П.Б давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хохирогчид олгуулахаар шийдвэрлэсэн хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогчийн хохирол 195.300 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирогч нэхэмжлэх зүйлгүй ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байгаа. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шүүгдэгч П.Бад оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жилийн хорих ял болгон хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

Прокурор Б.Оюун-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хуулийн дагуу шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Анхан шатны шүүхийн шатанд шүүгдэгч П.Б хохирлыг нөхөн төлөөгүй. Хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байсан. Давж заалдах шатны шүүхийн шатанд шүүгдэгч П.Б нь хохирлыг нөхөн төлсөн. Тусгайлан гаргах саналгүй байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч П.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмнэлгийн 13-212а тоотод оршин суух иргэн М.Аын эзэмшлийн монгол гэрт хууль бусаар нэвтэрч “Өлзий” нэртэй төслийн зуухыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 195.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч М.Аын “... нөхөр бид хоёр 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 08 цагт гэрийнхээ хаалгыг цоожлоод ажилдаа яваад орой 23 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоожийг эвдээд хулгайч орсон байсан. Манай гэрээс “Өлзий” нэртэй төслийн зуух алдагдсан байна, өөр эд зүйл алдагдаагүй.” /хх 16-17/,

 

П.Бын яллагдагчаар өгсөн “... 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 13 дугаар гудамжны 212а тоотод байх найз Бмөнхийн ах Баянмөнхийн гэрт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ цоожтой монгол гэрийн цоожийг амбаарт байсан галын хайчаар хөшиж, онгойлгон орж гэр дотор байсан төслийн зуухыг авч гарсан.Өөр зүйл авч яваагүй. Би зуухыг өргөж явж байгаад замдаа ачааны машинтай хүнд 20.000 төгрөгөөр зарсан юм. ... ” /хх 53/ гэсэн мэдүүлгүүд,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 25-26/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-12/ зэрэг хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч П.Быг хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч П.Бын Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмнэлгийн 13-212а тоотод оршин суух иргэн М.Аын эзэмшлийн монгол гэрт хууль бусаар нэвтэрч “Өлзий” нэртэй төслийн зуухыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 195.300 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч П.Бад гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

 

Шүүгдэгч П.Б нь “... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлын мөнгө болох 195.300 төгрөгийг төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгосон.

 

Мөн давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч П.Бын анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлоо нөхөн төлсөн болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жилийн хорих ял болгон багасгах боломжтой гэж үзлээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч П.Бын “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/264 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар П.Бад 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар П.Быг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэж өөрчилж,

“Шүүгдэгч П.Б нь хохирогч М.А /РД:УЧ90121943/-д 195.300 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.” гэсэн нэмэлт заалтыг оруулсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бын цагдан хоригдсон нийт 62 /жаран хоёр/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

4. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Бын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                      Б.АРИУНХИШИГ

                   

                                 ШҮҮГЧ                                                      Б.ЗОРИГ

                                

                                 ШҮҮГЧ                                                      Б.БАТЗОРИГ