Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2020/0290

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

 

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн би, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Баярчимэгийн дүгнэлттэй, Чингэлтэй дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Ц.Одгэрэлд холбогдох зөрчлийн хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Баярчимэг шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “Чингэлтэй дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Ц.Одгэрлийн гаргасан 0154701 дугаартай шийтгэл оногдуулсан үндэслэл, торгох шийтгэлийн хэмжээ зэрэг нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн бөгөөд шийтгэлийн хуудсанд хуулийн зүйл, заалтыг буруу бичсэн тул өөрчлөлт оруулахаар дүгнэлт бичив” гэжээ.

Хариуцагч Чингэлтэй дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Ц.Одгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Чингэлтэй дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Ц.Одгэрэл би 0154701 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл ногдуулахдаа хуулийн зүйл, заалтыг буруу бичсэн гэх прокурор Б.Баярчимэгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул шийтгэлийн хуудсыг өөрчилж бичихэд татгалзах зүйлгүй” гэжээ.

                                                             ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  21 дүгээр зүйлийн 21.1-д хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ, 21.1.1-д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх эсхүл татгалзах эрхтэй гэж заасны дагуу хариуцагч Чингэлтэй дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Ц.Одгэрэл нь Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Баярчимэгийн тус шүүхэд гаргасан 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 28 дугаартай прокурорын дүгнэлтийг бүхэлд нь  хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх хуралдаанд илэрхийлсэн байх тул хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрлийг баталснаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасан бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг хөндөхөөргүй, хуульд харшлах байдал тогтоогдохгүй байгаа болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Хэргийн оролцогчдод Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно”, 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж заасныг тайлбарласан бөгөөд хариуцагч Чингэлтэй дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Ц.Одгэрэл нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж холбогдох баримтанд гарын үсэг зурсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Баярчимэгийн улсын байцаагч Ц.Одгэрэлд холбогдуулан гаргасан “0154701 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах тухай” дүгнэлтийг хариуцагч Чингэлтэй дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Ц.Одгэрэл бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                          Н.ДУЛАМСҮРЭН