Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2020/0249

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн би, Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын Зөрчил хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих албаны хяналтын прокурор М.Н*******ын дүгнэлттэй, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч Б.Д*******д холбогдох зөрчлийн хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч Б.Д******* шүүхэд 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр бичгээр гаргасан тайлбартаа “Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч Б.Д******* миний бие Баянгол дүүргийн Прокурорын газрын Зөрчил хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих албаны хяналтын прокурор М.Н*******ын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Алдаа гаргасан зөрчлөө залруулж зөвтгөх болно” гэжээ.

                                                             ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  21 дүгээр зүйлийн 21.1-д хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ, 21.1.1-д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх эсхүл татгалзах эрхтэй гэж заасны дагуу хариуцагч Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч Б.Д******* нь Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын Зөрчил хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих албаны хяналтын прокурор М.Н*******ын тус шүүхэд 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гаргасан 206 дугаартай прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлсэн байх тул хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрлийг баталснаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасан бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг хөндөхөөргүй, хуульд харшлах байдал тогтоогдохгүй байгаа болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Хэргийн оролцогчдод Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно”, 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж заасныг тайлбарласан бөгөөд хариуцагч Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч Б.Д******* нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж холбогдох баримтанд гарын үсэг зурсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын Зөрчил хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих албаны хяналтын прокурор М.Н*******ын “№2319709 дугаартай шийтгэлийн хуудас бүхий шийдвэрт өөрчлөлт оруулж, зөвтгүүлэх” тухай дүгнэлтийг хариуцагч Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч Б.Д******* бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                                 Н.ДУЛАМСҮРЭН