Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2022/ДШМ/410

 

  2022             4              19                                       2022/ДШМ/410                                 

 

      Ч.Сад холбогдох эрүүгийн

                                                                       хэргийн тухай                                         

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Баянмөнх,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/82 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Т.Баянмөнхийн бичсэн 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 06 дугаартай эсэргүүцлээр Ч.Сад холбогдох эрүүгийн 2202000000058 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

           

            Ч.С нь согтуурсан үедээ 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр 23 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандан центрийн 2 дугаар давхрын бааранд хохирогч Б.Хтэй үл ойлголцон маргалдсаны улмаас харилцан зодолдон түүний толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Ч.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

             

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ч.Сад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ч.С нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Ч.Сад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэр хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.

 

Прокурор Т.Баянмөнх бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Мөрдөн байцаалтын шатанд хавтас хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн хохирогч Б.Хгийн “...зөөгч С хүрч ирээд Лыг өмөөрөөд намайг хэл амаар доромжлоод эхэлсэн тэгэхээр нь тайзны хажууд Сын шанаа хэсэг рүү нь нэг удаа цохитол С намайг эргүүлж цохиод тэгээд миний биед гэмтэл учирсан.” гэх мэдүүлэг, шүүгдэгч Ч.Сын “ ...намайг хэл амаар доромжлоод, Х намайг түрүүлж цохиод би буцаагаад цохисон. ...Тэгээд манай ажлын хүмүүс бид хоёрыг салгасан” гэх мэдүүлгүүдээс үзэхэд хохирогч, шүүгдэгч хоёр хэрэг гарсан тухайн цаг хугацаанд хоёулаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, хоорондоо бие биенээ хэл амаар доромжилсон бөгөөд хэрэг гарах нөхцөлийг хохирогч бүрдүүлж шүүгдэгчийн эрх чөлөөнд түрүүлж халдан, харилцан зодолдох эхлэлийг тавьсан боловч хохирогчийн дээрх хууль бус үйлдлээс шалтгаалан довтолгоон төгссөний дараа хохирогчийн толгой хэсэг рүү цохиж гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдсон байна. Хэрэг гарах үед хохирогчийн зүй бус үйлдэл байсныг шүүх аргагүй хамгаалалт гэж дүгнэж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хуулийн гэм буруугийн зарчимд үл нийцнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог. Аргагүй хамгаалалт нь халдагч этгээдийн нийгэмд аюултай хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор хариу довтолгооны эсрэг дайралт хийхийг хууль тогтоогч хүлээн зөвшөөрсөн. Гэтэл энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтын хувьд хохирогч эхэлж шүүгдэгчийг цохисон боловч довтолгоо төгссөний дараа шүүгдэгч нь хохирогчийн эрх чөлөөнд хариу эргүүлэн халдаж байгаа нь харилцан зодоон буюу бие биенийхээ эрх чөлөөнд халдаж харилцан зодолдсон үйлдлийг аргагүй хамгаалалт мэтээр дүгнэсэн нь цаашид буруу практик тогтож улмаар эрүүгийн хуулийн зорилт алдагдахад хүргэх буруу жишиг болох нөхцөл бүрднэ. Хэдийгээр хохирогч Х нь хууль бус үйлдэл гаргасан боловч энэ нь шүүгдэгч Сын гэм бурууг үгүйсгэх, түүний үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч С нь өөрийн эрүүл мэндэд аюул учрах гэж байна гэж ойлгож өөрийгөө хамгаалах санаа зорилготой бус харин хохирогчийн эсрэг идэвхитэй үйлдэл буюу Лыг өмөөрч Б.Хгийн толгой хэсэг рүү цохисон үйлдпийг аргагүй хамгаалалт гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүгдэгч Ч.С, Б.Х нар харилцан биесээ хэл амаар доромжилж улмаар Б.Х нь Ч.Сыг цохиход өөрийг нь цохисон гэх шалтгаанаар хохирогчийг эргүүлэн цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан болохыг тогтоосон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгийг анхан шатны шүүх няцаан үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байхад шүүгдэгчийн үйлдлийг аргагүй хамгаалалт гэж хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, илтэд үндэслэлгүй хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Энэ тохиолдолд анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар шалгаж үнэлэх, хуулийн шаардлагыг зөрчиж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруу, сэдэл, санаа зорилгын хандлага, шалтгаан, маргааны эхлэл, өрнөл, дэс дараалалд зөв үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй, өрөөсгөл байдлаар зарим баримтанд буюу зөвхөн хохирогч Б.Х түрүүлж цохисон гэсэн баримтанд тулгуурлан, шүүгдэгчийн үйлдлийг аргагүй хамгаалалт мэтээр дүгнэснийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдпийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй гэж хуульчилжээ. Гэтэл хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Ч.С нь довтолгоон төгссөн хойно хохирогч Б.Х рүү эргүүлэн довтолж цохисон. Ийнхүү зодоон болох үед хамт байсан ажлын газрын хүмүүс нь тэр хоёрыг салгасан үйл баримтууд тогтоогдсон байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдпыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан байна. Гэтэл шүүх хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад яригдаагүй буюу яллах болон өмгөөлөх талууд мэтгэлцээгүй, мэтгэлцэх боломж олгоогүй асуудлаар, гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдалд шүүх хуралдаан завсарлахад гэнэт дүгнэлт хийж илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Цагаатгах тогтоолд хохирогч Б.Х “...С хүрч ирээд Лыг өмөөрөөд намайг хэл амаар доромжлоод эхэлсэн” гэж мэдүүлж байгаа боловч хэрхэн хэл амаар доромжилсон болох нь тодорхойгүй ба бусад гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч зүй бус үйлдэл гаргасан гэх байдал тогтоогдоогүй байна” гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т хохирогч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүргийг хуульчилсан. Хэрэгт хохирогч Б.Хгийн уг мэдүүлгийг үгүйсгэсэн нотлох баримт байхгүй буюу өөрөөр хэлбэл, гэрч Э.С, Э.З нар хохирогчийн уг мэдүүлгийг шууд үгүйсгээгүй байхад шүүх “...гэрч Э.С, Э.З нарын мэдүүлгээр шүүгдэгч Ч.С нь хохирогч Б.Хг санаатай өдөөн хатгаж түүнтэй хэрүүл маргаан үүсгэж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдоогүй" гэж хэргийн бодит байдалд нийцээгүй гэж хийсвэр дүгнэлт хийсэн. Мөн монгол хэлэнд “хэл амаар доромжлох” гэдэг нь элдэв үгээр дайран дээрэлхэх утгыг илэрхийлэх бөгөөд хохирогчид шүүгдэгч нь яг ямар үг хэлсэн нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд чухал гэж шүүх үзэж байгаа бол хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулан тодруулан асуух бүрэн боломжтой байсан. Гэтэл хэрэгт авагдсан хохирогч Б.Хгийн “намайг хэл амаар доромжлоод эхэлсэн” гэх мэдүүлэг, шүүгдэгч Сын “намайг хэл амаар доромжлоод” гэж өгсөн мэдүүлэг зэргээс үзэхэд хохирогч, шүүгдэгч нарын хооронд харилцан бие биесээ үгээр дайрсан үйл явдал болж өнгөрсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон байна. Мөн цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “ ...хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгасугай” гэсэн нь шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой байх хуулийн шаардлагыг зөрсөн гэж үзнэ. Шүүх цагаатгах тогтоолынхоо тодорхойлох хэсэгт шүүгдэгч Ч.Сыг “Аргагүй хамгаалалт" хэрэглэсэн гэж дүгнэсэн атлаа тогтоох хэсэгтээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэх заалтыг зөрчсөн гэж үзнэ. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шүүхэд буцааж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шаардлагыг бүрэн хангахаас гадна, шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн тохиолдолд хууль ёсны ба үндэслэл бүхий болдог учиртай.

 

Прокуророос Ч.Сыг согтуурсан үедээ 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр 23 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандан центрийн 2 давхрын бааранд хохирогч Б.Хтэй үл ойлголцон маргалдсаны улмаас харилцан зодолдон түүний толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Ч.С нь хохирогч Б.Хг санаатай өдөөн хатгаж, түүнтэй хэрүүл маргаан үүсгэж, гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөлийг бий болгосон нөхцөл байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан үндэслэл бий болсон гэж үзсэн болно. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Сын хохирогч Б.Хгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг аргагүй хамгаалалт гэж дүгнэж түүнд холбогдох хэргийг гэмт хэргийн үгүйсгэх нөхцөл байдал бий болсон тул гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзлээ.

 

Учир нь, аливаа гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго, сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг онцлогтой юм. Энэ хүрээнд гэмт үйлдлийн төрөл, аргыг зөв тодорхойлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн зүйлчлэл, гэм буруу, ялын асуудал зэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг, өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн объектив шинжийг бүрдүүлдэг.

 

Хэргээс үзэхэд, хохирогч Б.Хгийн “... зөөгч С хүрч ирээд Лыг өмөөрөөд намайг хэл амаар доромжлоод эхэлсэн, тэгэхээр нь тайзны хажууд Сын шанаа хэсэг рүү нэг удаа цохитол С намайг эргүүлж цохисны улмаас миний биед гэмтэл учирсан” гэх, шүүгдэгч Ч.Сын “... намайг хэл амаар доромжлоод, Х намайг түрүүлж цохиод би буцаагаад цохисон. ...Тэгээд манай ажлын хүмүүс бид хоёрыг салгасан”, гэрч Э.Санчирбаярын “... Х Лыг нэг удаа нүүр лүү нь мангасдсан, тэр үед хамт ажилладаг С очоод салгатал Х Сын нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон ба тэр үед С эргүүлээд Хгийн толгой, нүүр хэсэг рүү нэг удаа цохисон ...”, гэрч Э.Зын “... Х гэх залуу зөөгч Сын нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон ба С тэр үед эргүүлээд Хгийн толгой хэсэг рүү нэг удаа цохисон ...” гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 1305 дугаартай дүгнэлтээр Б.Хгийн биед зүүн чихний дэлбээний угт шарх, зүүн чихний дэлбээнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогджээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд зааснаар өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй боловч бусдын эсрэг санаатай өдөөн хатгалт хийсний улмаас үүссэн таарамжгүй харилцааны явцад маргалдаж, улмаар харилцан бие биенийхээ эрх чөлөөнд халдан довтолж санаатай гэмтэл учруулсан нөхцөлд аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ч.С нь өөрийн эрүүл мэндэд аюул учрахыг ойлгож өөрийгөө хамгаалах санаа зорилготой бус өөрийг нь цохисон гэх шалтгаанаар хохирогчийг эргүүлэн цохисон үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх ... хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан бүрэн гүйцэд, бодит байдлаар үнэлэхийн оронд “... шүүгдэгчийн хийсэн хариу үйлдэл нь өөрийгөө хамгаалсан гэж үзнэ, ... шүүгдэгчийн хувьд өөрийн зүгээс бусдын эсрэг ямар нэгэн өдөөн хатгалт хийсэн, хувийн таарамжгүй байдал үүсгэсэн, харилцан бие биенийхээ эрх чөлөө, бие махбодид халдах нөхцөл байдлуудыг үүсгээгүй байна, ...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ, ...хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг аргагүй хамгаалалт гэж дүгнэж түүнд холбогдох хэргийг гэмт хэргийн үгүйсгэх нөхцөл байдал бий болсон тул гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй. ...” гэх зэргээр харилцан уялдаагүй, нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн дүгнэлтүүдийг хийж илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10-т заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарч байна.

 

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

 

Иймд прокурор Т.Баянмөнхийн бичсэн 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 06 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/82 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ч.Сад холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/82 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ч.Сад холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хүртэл Ч.Сад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                           Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ 

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ