Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 431

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч А.Намдаг,

Шүүгдэгч З ,

Шүүгдэгч О , тэдгээрийн өмгөөлөгч Н.Намжилцогт,

Шүүгдэгч Ч , түүний өмгөөлөгч Н.Жамъяндорж нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас яллагдагч З , О  нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3, 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

яллагдагч Ч т холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3, 35 дугаар зүйлийн 35.6, 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201601000261 тоот дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, Бэйст мэйд ХХК-д менежер ажилтай, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, ял шийтгэлгүй, З .

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, програмист мэргэжилтэй, Айнел ХХК-д менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суу, ял шийтгэлгүй, О .

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, програмист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт оршин суух, ял шийтгэлгүй, Ч .

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З  нь химийн хорт аюултай бодисыг зөвшөөрөлгүйгээр хадгалсан, дамжуулсан мөн химийн хорт аюултай бодисыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн зөвшөөрөлгүйгээр худалдахыг завдсан гэмт хэрэгт,

шүүгдэгч О  нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн химийн хорт болон аюултай бодисыг зөвшөөрөлгүйгээр худалдахыг завдсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Ч  нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн химийн хорт болон аюултай бодисыг зөвшөөрөлгүйгээр худалдахыг завдсан үйлдэлд дэмжлэг үзүүлэн оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З  мэдүүлэхдээ:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн гэв.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О  мэдүүлэхдээ:

 Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн гэв гэв.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч  мэдүүлэхдээ:

Би энэ хэрэгт буруугүй. О  З  хоёрыг холбож өгсөн. З  надад “мөнгөн ус байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “О  гэдэг найзтайгаа холбож өгье. Манай найз Хятадуудтай цуг ажилладаг” гэж хэлсэн. Ингээд зургийг нь үзсэн. Би энэ 2 хүнийг танилцуулсан. Би мөнгөн ус хараагүй. Надад ямар нэгэн ашиг сонирхол байгаагүй гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтад шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч З гийн өгсөн:

“... 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр би найз Ч ийн хамт гэрт нь сууж байтал манай хуурай дүү Ганбаяр над руу залгаад “дүүгийнх нь танилд мөнгөн ус байна, ямар ч асуудалгүй юм гэнэ, та авах хүн байна уу асуугаад өгөөч” гэхээр нь “за хүнээс асуугаад өгье” гэж хэлсэн. Ингээд Ч ээс “манай дүүд мөнгөн ус байна гэнэ, авах хүн байна уу” гэж асуухад Ч  О  гээд  найз руугаа залгаад хэлсэн. О  бас хүнээс асууж өгье гэж хэлсэн байсан. Тэгээд О  зургийг нь харуулах хэрэгтэй байна гэхээр нь би Ганбаяр руу залгаад “мөнгөн усаа аваад хүрээд ир, зургийг нь авах хэрэгтэй байна” гэж хэлээд Ганбаяртай уулзаж мөнгөн усны зургийг гар утсан дээрээ аваад Ч  бид хоёр О тай гэмтлийн эмнэлэг дээр уулзаад, гар утаснаасаа О ын утас руу явуулсан. ... Ингээд 11 дүгээр сарын 16-ны өдөр 09 цагийн үед О тай түүний гэрт нь уулзахад О  “мөнгөн ус авах хүн нь Төмөр замын Монгол хуушуур цайны газарт байна гэхээр нь такси бариад төмөр зам руу явсан.  Ойролцоо нь очоод О  мөнгөн усаа аваад ганцаараа Монгол хуушуур цайны газар руу ороод авах хүнтэйгээ уулзаад 10-15 орчим минутын дараа гарч ирээд нөгөө хүн чинь авна гэж байна, 5 шард очиж мөнгөө аваад, мөнгөн усаа өгөхөөр боллоо, хоёулаа такси бариад явья гээд таксинд суугаад Улаанбаатар паласын хойд талын зам дээр түгжрээд зогсож байтал 2 талаас хаалга онгойлгоод цагдаа бариад авсан. ... Манай найз Ч  мөнгөн ус авах хүн асуугаад О ыг надтай холбож өгсөн.

... Ганбаяр мөнгөн усыг өөртөө авчихсан явж байсан бөгөөд би гар утсан дээрээ зургийг нь аваад, ...Ч ийн гэрт очиж Ч тэй хамт эмнэлэг дээр очиж О тай уулзаад зургаа явуулсан. Маргааш нь буюу 11 дүгээр сарын 15-ны өдөр ярихад хүнээс асууж байна гэсэн. Орой нь дахиад залгатал маргааш өглөө хоёулаа уулзья, чи мөнгөн усаа өөр дээрээ авчих гэхээр нь би Ганбаяр руу залгаад ахдаа мөнгөн усаа аваад ир гэхэд Ганбаяр орой 20-21 цагийн үед манай гэрт ирээд мөнгөн усаа өгсөн. Би гэртээ тэр савтай мөнгөн усыг авч ороод маргааш өглөө нь 10 цагт О тай уулзсан ... /1 дүгээр хавтаст хэргийн 67-68, 70, 172 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч О ын өгсөн:

“ ... 2016 оны 11 дүгээрсарын 14-ний өдөр ... Ч  миний фэйс буук хаяг руу нэг зураг явуулаад “манай танилд зарах мөнгөн ус байна аа, чи хятадуудтай ажилладаг хүн байна асууж сураглаач” гэхээр нь би юу ч гэсэн сураглаад үзье гэж хэлсэн. Тэгэж байтал орой 22 цагийн үед Ч  над руу ярьж байгаад мөнгөн усаа аваад гэмтлийн эмнэлэг дээр З  найзтайгаа ирсэн. Харахад жижиг савтай, саарал мөнгөлөг өнгөтэй ус байсан. Би харчихаад ... Ви чат аппликейшнд зар тавьсан. Маргааш нь буюу 11 дүгээр сарын 15-ны өдөр 20 цагийн үед 8811-тэй дугаараас над руу залгаад маргааш уулзаж мөнгөн усыг чинь үзье, би хонгор сумаас гарна, маргааш 9 цагийн үед хотод ирнэ гэхээр нь та ирээд над руу залгачих миний юм биш ээ, танилд маань байгаа юм гэж хэлсэн. Ингээд 11 сарын 16-ны өдөр З  бид 2 уулзаад мөнгөн ус үзнэ гэсэн хүнтэй Төмөр замын Богд Ар хороололд байх Монгол Хуушуур цайны газарт уузахаар болоод тариурт соруулсан байсан мөнгөн усаа үзүүлэхэд авна аа 1 цагийн дараа 5 шард уулзаж, мөнгөө өгье тэнд хүрээд ир гэхээр нь З  бид 2 такси бариад Баянгол дүүргийн замын цагдаагийн тасгаас хойшоо эргээд 100 метр орчим явж байтал цагдаа нарт баригдсан ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст харгийн 34 дүгээр хуудас/

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ч ийн өгсөн:

“... 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр найз З  бид 2 манай гэрт юм яриад сууж байтал З гийн утас руу хүн ярьсан. Ярьж дууссаныхаа дараа З  надад манай 2 танил дүүд мөнгөн ус байна, яахаа мэдэхгүй байна гэнэ, асууж өгөх хүн байна уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэсэг хугацааны дараа О  гээд оюутны ангийн найз Файс буукт идэвхитэй байж харагдахаар нь мэнд мэдэнгээ мөнгөн усны талаар асуусан. Тэгтэл О  миний утас руу залгаад “ээж гэмтлийн эмнэлэгт хэвтчихсэн, сахиж байна, гарч орох боломжгүй байна, чи зургийг нь дараад над руу явуулчихгүй юу” гэхээр нь орой З  нөгөө 2 хүүхэдтэйгээ холбогдож уулзаад, зургийг нь дарж аваад, мөнгөн усаа авсан юм шиг байна лээ. Тэр зургаа З  над руу явуулахаар нь би О  луу явуулахад “зураг нь бүрсийгээд сайн харагдахгүй байна, наад мөнгөн усаа аваад над дээр хүрч ирээд үзүүлээдхээч” гэж О  хэлсэн. Тэгэхээр нь З  бид 2 уулзаад гэмтлийн эмнэлэг дээр очиж О тай уулзаж мөнгөн усаа үзүүлсэн. О  за за харчихлаа маргааш яръя гээд салцгаасан. 11 дүгээр сарын 16-ны өдөр би ажилтай байсан учир З , О  2 утсаар яриад өөрсдөө уулзсан байсан. З , О  нар 2 бие биенээ танихгүй, би холбож өгсөн ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 36 дугаар хуудас/

 

            Мөрдөн байцаалтанд гэрч Ц.Нямаагийн өгсөн:

            “... 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 11 цагийн үед ... 2 залуу гараа өргөөд зогсож байхаар нь авсан. ... Бид нар машинаас буугаад би цагдаа нараас юу болоод байгааг асуутал миний машинд сууж явсан 2 залуугийн нэгэнд нь савтай мөнгөн ус байсныг хурааж авч байсан ...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 35 дугаар хуудас/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч А.Ганбаярын өгсөн:

             “... 2016 оны 11 дүгээрсард найз Маакутай гэрийнхээ ойролцоо уулзахаар хүлээж байтал Мааку ирсэн. Тэгтэл Мааку халааснаасаа савтай мөнгөн ус гаргаж ирээд энийг зарна гээд явж байхаар нь би байрны ах З гийн утас руу залгаад манай найз мөнгөн ус зарах гээд хүмүүсээс асуугаад байгаа юм та авах хүн байна уу асуугаад өгөх үү гэхэд З  ах “за ах нь асуугаад өгье, зургийг нь авья” гэхээр нь би мөнгөн усыг нь аваад З  ахын гэрт очсон. Хэсэг хугацааны дараа З  ах дахиж над руу залгаад нөгөө юм аа аваад хүрээд ир гэхээр нь дахиж гэрт нь очиж мөнгөн усаа үлдээчихээд би явсан ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 37 дугаар хуудас/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Э.Энхбатын өгсөн:

“... 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн орой 22 цагийн үед гэртээ гар утсаараа интернэтэд холбогдоод Ви Чат апликешн ашиглан сошиал ертөнцөөр мэдээ мэдээлэл сонирхож байтал “Монгол” гэсэн нэртэй групп дээр “Одко” гэж хүн “Мөнгөн Ус зарна” гэсэн зар байршуулсан байсныг би хараад ямар учиртай болохыг нь сонирхоод, үнэхээр мөнгөн ус мөн бол химийн хорт бодисыг интернетэд зар тавьж байгаад бусдад зарж борлуулж болохгүй гэдгийг эрх зүйч хүний хувьд мэдэж байсан учраас Одко гэж хүн рүү хандаад, би мөнгөн ус сонирхъё, утасныхаа дугаарыг өгчих гэсэн. Би түүний 88708555 дугаар руу залгаад би өөрийгөө “Дархан Уул аймгийн Хонгор сумаас ярьж байна, мөнгөн усыг чинь үзье, агууламж гайгүй өндөртэй бол авая” гэхэд Одко “мөнгөн ус нь манай найзынх байгаа юм. Одоо надад байхгүй” гээд маргааш нь цаг болзоод уулзахаар тохирсон. Маргааш нь буюу 11 дүгээр сарын 16-ны өдөр би Одко руу залгаад ах нь хотод ирчихлээ, одоо уулзая гээд Богд Ар хорооллын Монгол хуушуур гэдэг газар уулзахад мөнгөн усаа бүгдийг нь биш 1 граммын тариуранд соруулаад дээжлээд авчирч үзүүлсэн. Та 7,500,000 төгрөгөө бэлэн өгөх юм бол 1500 грамм мөнгөн ус манай найзад гадаа бэлэн байгаа, би таныг авья гэвэл нэг газар тохироод тэндээ наймаагаа хийе гэж ярьсан. Тэндээс гараад би 5 шарын Худалдаа хөгжлийн банктай өндөр барилгын үүдэнд зогсоол дээр 1 цагийн дараа уулзья гэж тохироод салсан. Ингээд би мөнгөн ус мөн байхыг хараад хууль бусаар наймаалцах гэж байгааг мэдсэн даруйдаа өөрийн 88111887 дугаарын утаснаас 102-т залгаж “энд мөнгөн ус зарах гэж байгаа хүн байна. Яг одоо Богд Арын урд Вареттагийн урд явж байна шүү” гээд өмссөн хувцасыг нь хэлээд дуудлага өгөхөд за ойлголоо дуудлага хүлээж авлаа гэж хариу өгсөн. Үүнээс хойш над руу дахин цагдаагийн байгууллагаас залгаагүй. Тухайн үед Одко зар тавиад нэг их удалгүй устгасан байсан. Би амжаад харчихсан байсан болохоор Одко гэх хүн рүү өөрөө холбогдоод гар утасных нь дугаарыг аваад ярьсан. Би зургийг нь аваагүй болохоор одоо миний утсан дээр тухайн үед тависан зар болон зураг нь байхгүй.

Би Одко гэж хүнийг үнэхээр мөнгөн ус зарах гэж байсан үгүйг мэдэхгүй, худлаа зар ч байж болох учир юу ч гэсэн өөрөө нүдээрээ харж, баттай болгож байж цагдаагийн байгууллагад мэдэгдэе гэж бодсон. Хэрэв би Одко гэж хүн мөнгөн ус зарах гэж байна гээд өөрөө харахаасаа өмнө хэлчихдэг, бөөн ажил болгоод шалгатал тэр нь мөнгөн ус биш байвал би өөрөө хүн гэмт хэрэгт гүтгэсэн асуудалд орох болохоор маргааш нь уулзсаныхаа дараа 102-т залгаж мэдэгдсэн. Одко гэж залуугийн содон шинж тэмдэг гэвэл 30 орчим насны 170-175 орчим см өндөртэй, махлагдуу биетэй, барзгар хар царайтай залуу байсан. Монгол хуушуур дотор орж ирэхдээ ганцаараа орж ирсэн бөгөөд гадаа найз нь байгаа гэж хэлж байсан. Мөнгөн усыг 1 кг-г нь 5,0 сая төгрөг гэж тохироод 1 кг 500 грамм байгаа гэхээр нь 7,500,000 төгрөгөөр авахаар болсон ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 35 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Ц.Норолхоожамцын өгсөн:

“...Манай гэрийнхэн болон найз нөхөд намайг Мааку гэж дууддаг, намайг авгайлж дуудсан нэр байгаа юм. ...Ганбаяр гар утаснаасаа залгаад хаана явж байгаа юм, хүрээд ир гэхээр нь би төрсөн ах Идэрбатын эзэмшлийн Приус 20 маркийн машинтай Ганбаярын байрных нь гадаа яваад очсон. Тэгээд 19-н үйлчилгээний төвийн хажууд байх Ганбаярын гэрийн гадаа очиход Ганбаяр машинд орж ирж суугаад юм ярьж байхдаа машины урд талын хайрцаг онгойлгоод юм үзэж байгаад хайрцаг дотор байсан савтай мөнгөн усыг гаргаж ирж үзсэнээ “энэ юу юм бэ, энүүгээр яадаг юм” гээд асуухаар нь “мөнгөн ус байгаа юм, манай ахын компанид ашигладаг мөнгөн ус байгаа юм” гэсэн. Тэгээд “ийм хүнд байдаг юм уу, би хүнд зарчих уу” гээд “байрныхаа ахад үзүүлээд өгөе” гээд аваад буугаад байрныхаа булан тойроод яваад өгсөн. Би араас нь яваагүй машин дотроо орцных нь үүдэнд хүлээгээд байж байсан чинь 20-30 орчим минут хүлээгээд ирэхгүй болохоор нь гар утас руу нь залгахад одоохон очлоо гэж байснаа утас нь холбогдох боломжгүй болохоор нь аргаа ядаад явсан юм. ... Тэгээд нилээн хэд хоногийн дараа над руу нэг танихгүй дугаараас Ганбаяр залгаад “чи хаана байгаа юм бэ” гэж асуухад нь би шар хаданд хадмындаа байна гэсэн чинь “би ээжийг суулгаж өгөх гээд явж байна. Тэгээд ярья, чи ирж мөнгөө аваарай, би нөгөө юмыг чинь зарчихсан” гэж хэлэхээр нь би “чи юу яриад байгаа юм бэ, наадах чинь манай ахын юм нэхээд байна” гэсэн чинь эргээд ярья гээд ахиж холбогдоогүй ...” гэх мэдүүлэг /1-р хх-н 184-р хуудас/

 

            Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Гамшгийн туршилт, шинжилгээний төвийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2/06 дугаар:

            1. Шинжилгээнд ирүүлсэн гадуураа шар өнгийн / хүнсний бүтээгдэхүүний уут/ цахилгаантай нийлэг уут бүхий 1560,4 гр жинтэй /бохир жин/ дээж ирүүлэв. Уг уутанд цайвар өнгийн миллитрийн хуваарь бүхий 100 миллитрийн саванд мөнгөлөг өнгийн шингэн, хүнд зүйл, 1 миллитрийн 3 ширхэг шприц, үүний 1 ширхэг нь 5 мкг жинтэй мөнгөлөг өнгийн шингэн агуулсан ба 2 ширхэг нь ямар нэг зүйл агуулаагүй хоосон байв. Эдгээр зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ.

            2. Шинжилгээнд авсан мөнгөлөг өнгийн шингэн бодисын физик, химийн шинж чанарыг үндэслэн мөнгөн ус гэх бодис болохыг тодорхойллоо.

            3. 4. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаар хамтарсан тушаалын гуравдугаар хавсралт “Химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-ын 658 дугаарт мөнгөн ус нь химийн хортой бодис буюу Н400, Н410 усан орчинд архаг, хурц хордолт үүсгэнэ. Н331 амьсгалын замаар хурц хордуулах шинж чанартай гэсэн ангилалд багтаж байна.

            5. Шинжилгээнд ирүүлсэн бодисын хэмжээ, найрлага, нягтшил, агууламжийг хүснэгтээр харуулав.

Бодисын нэр

 Хэмжээ

Найрлага

Нягт, г/мл

Агууламж

HG,%

Бохир жин1 , гр

Цэвэр жин2, гр

Бортогоны жин3, гр

Мөнгөн ус

1560,4

1532,3

28,10

Цэвэр мөнгөн ус

13,56

99.0

            7. Шинжилгээний явцад ач холбогдолтой зүйл илрээгүй болно гэх дүгнэлт /1-р хх-н 47-49/

             

                        - Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /1-р хх-н 7-9 /,

            - З , О  нарын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-н 18-25/,

            - Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаар хамтарсан тушаалын гуравдугаар хавсралт /1-р хх-н 33/

             

            - 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 14 дугаар Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай прокурорын тогтоол /1-р хх-н 235/

 

            Шүүгдэгч З гийн хувийн байдалтай холбоотой:

            Мөрдөн байцаалтад гэрч С.Даариймаагийн өгсөн:

            “... Миний хүү З  Өвөрхангай аймгийн Төгрөг сумын эмнэлэгт төрсөн. 2005 онд 10 дугаар ангиа төгсөж, 2014 онд их сургуулиа сэтгүүлч мэргэжлээр төгссөн. ... Сургууль төгссөнөөсөө хойш 2 ахынхаа Номтын Баатар ХХК-д ажиллаж байгаа. З  үг дуу цөөнтэй, тайван, дөлгөөн, хүнтэй маргалдаад сөргөлдөөд байдаггүй, гэр бүлийн суурь хүмүүжил сайтай. ... 2011 онд Уранбайгаль гэж эмэгтэйтэй гэр бүл болоод 1 охинтой болсон. Миний хүү ээж, эхнэр охиндоо халамжтай, цайлган цагаахан сэтгэлтэй, хүнд тусархуу, эвдрээгүй зантай  ...” гэх мэдүүлэг /1-р хх-н 39/,

            Мөрдөн байцаалтад гэрч Э.Ганхүүгийн өгсөн:

            “...Манай дүү З  багын дуугуй нэг их ярьж хөөрөөд байдаггүй, одоо ч гэсэн даруухан талдаа хүүхэд. Хүмүүнлэгийн Ухааны дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. ... Эхнэр хүүхэдтэй бөгөөд эхнэр нь Эрдэнэт үйлдвэрт ажилд ороод одоо Орхон-Уул аймагт байгаа ...” гэх мэдүүлэг /1-р хх-н 188/       

            - Вэйст Мэйд ХХК-ийн тодорхойлолт /1-р хх-н 93/,    

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 89/,

                        - урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 90/,

            - Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /1-р хх-н 95/,

            - Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /1-р хх-н 94/,

            - Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /1-р хх-н 96/,

            - Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /1-р хх-н 98/,

            - Оршин суугаа хаягийн тодорхойлолт /1-р хх-н 220/,

           

            Шүүгдэгч О ын хувийн байдалтай холбоотой:

                        - иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 163/,

                        - урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 104/,

            - АСАП сангийн лавлагаа /1-р хх-н 106-107/,

 

            Шүүгдэгч Ч ийн хувийн байдалтай холбоотой:

            Мөрдөн байцаалтад гэрч А.Одмаа мэдүүлэхдээ:

            “... Би Ч ийн төрсөн эгч нь байгаа юм. Бид нар эхээс 5-уулаа. Ч  тайван дөлгөөн зантай. Комьпютерийн чиглэлээр сургууль төгссөн. Сургуулиа төгсөөд улирлын чанартай замын Арц Суварга ХХК-д инженер хийж байгаад одоо ажилгүй байгаа ...” гэх мэдүүлэг /1-р хх-н 187/ 

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 108/,

                        - урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 105/,

            - Оршин суугаа хаягийн тодорхойлолт /1-р хх-н 223/,

            Бакалаврын дипломын хуулбар /1-р хх-н 224-225/, 

 зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч З  нь 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 16-ны өдөр химийн хорт аюултай бодисыг зөвшөөрөлгүйгээр хадгалсан, дамжуулсан мөн химийн хорт аюултай бодисыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн зөвшөөрөлгүйгээр худалдахыг завдсан,

шүүгдэгч О  нь 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 16-ны өдөр урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн химийн хорт болон аюултай бодисыг зөвшөөрөлгүйгээр худалдахыг завдсан,

шүүгдэгч Ч  нь 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 16-ны өдөр урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн химийн хорт болон аюултай бодисыг зөвшөөрөлгүйгээр худалдахыг завдсан үйлдэлд дэмжлэг үзүүлэн оролцсон болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад шүүгдэгч З гийн өгсөн “... 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр би найз Ч ийн хамт гэрт нь сууж байтал манай хуурай дүү Ганбаяр над руу залгаад “дүүгийнх нь танилд мөнгөн ус байна, ямар ч асуудалгүй юм гэнэ, та авах хүн байна уу асуугаад өгөөч” гэхээр нь “за хүнээс асуугаад өгье” гэж хэлсэн. Ингээд Ч ээс “манай дүүд мөнгөн ус байна гэнэ, авах хүн байна уу” гэж асуухад Ч  О  гээд  найз руугаа залгаад хэлсэн. О  бас хүнээс асууж өгье гэж хэлсэн байсан. Тэгээд О  зургийг нь харуулах хэрэгтэй байна гэхээр нь би Ганбаяр руу залгаад “мөнгөн усаа аваад хүрээд ир, зургийг нь авах хэрэгтэй байна” гэж хэлээд Ганбаяртай уулзаж мөнгөн усны зургийг гар утсан дээрээ аваад Ч  бид хоёр О тай гэмтлийн эмнэлэг дээр уулзаад, гар утаснаасаа О ын утас руу явуулсан. ... Ингээд 11 дүгээр сарын 16-ны өдөр 09 цагийн үед О тай түүний гэрт нь уулзахад О  “мөнгөн ус авах хүн нь Төмөр замын Монгол хуушуур цайны газарт байна гэхээр нь такси бариад төмөр зам руу явсан.  Ойролцоо нь очоод О  мөнгөн усаа аваад ганцаараа Монгол хуушуур цайны газар руу ороод авах хүнтэйгээ уулзаад 10-15 орчим минутын дараа гарч ирээд нөгөө хүн чинь авна гэж байна, 5 шард очиж мөнгөө аваад, мөнгөн усаа өгөхөөр боллоо, хоёулаа такси бариад явья гээд таксинд суугаад Улаанбаатар паласын хойд талын зам дээр түгжрээд зогсож байтал 2 талаас хаалга онгойлгоод цагдаа бариад авсан. ... Манай найз Ч  мөнгөн ус авах хүн асуугаад О ыг надтай холбож өгсөн.

... Ганбаяр мөнгөн усыг өөртөө авчихсан явж байсан бөгөөд би гар утсан дээрээ зургийг нь аваад, ... Ч ийн гэрт очиж Ч тэй хамт эмнэлэг дээр очиж О тай уулзаад зургаа явуулсан. Маргааш нь буюу 11 дүгээр сарын 15-ны өдөр ярихад хүнээс асууж байна гэсэн. Орой нь дахиад залгатал маргааш өглөө хоёулаа уулзья, чи мөнгөн усаа өөр дээрээ авчих гэхээр нь би Ганбаяр руу залгаад ахдаа мөнгөн усаа аваад ир гэхэд Ганбаяр орой 20-21 цагийн үед манай гэрт ирээд мөнгөн усаа өгсөн. Би гэртээ тэр савтай мөнгөн усыг авч ороод маргааш өглөө нь 10 цагт О тай уулзсан ...” гэх,

шүүгдэгч О ын өгсөн “... 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ... Ч  миний фэйс бүүк хаяг руу нэг зураг явуулаад “манай танилд зарах мөнгөн ус байна аа, чи хятадуудтай ажилладаг хүн байна асууж сураглаач” гэхээр нь би юу ч гэсэн сураглаад үзье гэж хэлсэн. Тэгэж байтал орой 22 цагийн үед Ч  над руу ярьж байгаад мөнгөн усаа аваад гэмтлийн эмнэлэг дээр З  найзтайгаа ирсэн. Харахад жижиг савтай, саарал мөнгөлөг өнгөтэй ус байсан. Би харчихаад ... Ви чат аппликейшнд зар тавьсан. Маргааш нь буюу 11 дүгээр сарын 15-ны өдөр 20 цагийн үед 8811-тэй дугаараас над руу залгаад маргааш уулзаж мөнгөн усыг чинь үзье, би хонгор сумаас гарна, маргааш 9 цагийн үед хотод ирнэ гэхээр нь та ирээд над руу залгачих миний юм биш ээ, танилд маань байгаа юм гэж хэлсэн. Ингээд 11 сарын 16-ны өдөр З  бид 2 уулзаад мөнгөн ус үзнэ гэсэн хүнтэй Төмөр замын Богд Ар хороололд байх Монгол Хуушуур цайны газарт уузахаар болоод тариурт соруулсан байсан мөнгөн усаа үзүүлэхэд авна аа 1 цагийн дараа 5 шард уулзаж, мөнгөө өгье тэнд хүрээд ир гэхээр нь З  бид 2 такси бариад Баянгол дүүргийн замын цагдаагийн тасгаас хойшоо эргээд 100 метр орчим явж байтал цагдаа нарт баригдсан ...” гэх,

шүүгдэгч Ч ийн өгсөн “... О  гээд оюутны ангийн найз Фэйс бүүкт идэвхитэй байж харагдахаар нь мэнд мэдэнгээ мөнгөн усны талаар асуусан. Тэгтэл О  миний утас руу залгаад “ээж гэмтлийн эмнэлэгт хэвтчихсэн, сахиж байна, гарч орох боломжгүй байна, чи зургийг нь дараад над руу явуулчихгүй юу” гэхээр нь орой З  нөгөө 2 хүүхэдтэйгээ холбогдож уулзаад, зургийг нь дарж аваад, мөнгөн усаа авсан юм шиг байна лээ. Тэр зургаа З  над руу явуулахаар нь би О  луу явуулахад “зураг нь бүрсийгээд сайн харагдахгүй байна, наад мөнгөн усаа аваад над дээр хүрч ирээд үзүүлээдхээч” гэж О  хэлсэн. Тэгэхээр нь З  бид 2 уулзаад гэмтлийн эмнэлэг дээр очиж О тай уулзаж мөнгөн усаа үзүүлсэн. О  за за харчихлаа маргааш яръя гээд салцгаасан. 11 дүгээр сарын 16-ны өдөр би ажилтай байсан учир З , О  2 утсаар яриад өөрсдөө уулзсан байсан. ... З , О  нар 2 бие биенээ танихгүй, би холбож өгсөн З  надад “мөнгөн ус байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “О  гэдэг найзтайгаа холбож өгье. Манай найз Хятадуудтай цуг ажилладаг” гэж хэлсэн. Ингээд зургийг нь үзсэн. Би энэ 2 хүнийг танилцуулсан ...” гэх,

 

мөрдөн байцаалтад гэрч Ц.Нямаагийн өгсөн “... 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 11 цагийн үед ... 2 залуу гараа өргөөд зогсож байхаар нь авсан. ... Бид нар машинаас буугаад би цагдаа нараас юу болоод байгааг асуутал миний машинд сууж явсан 2 залуугийн нэгэнд нь савтай мөнгөн ус байсныг хурааж авч байсан ...” гэх,

            гэрч А.Ганбаярын өгсөн “... 2016 оны 11 дүгээр сард ... Мааку халааснаасаа савтай мөнгөн ус гаргаж ирээд энийг зарна гээд явж байхаар нь би байрны ах З гийн утас руу залгаад манай найз мөнгөн ус зарах гээд хүмүүсээс асуугаад байгаа юм та авах хүн байна уу асуугаад өгөх үү гэхэд З  ах “за ах нь асуугаад өгье, зургийг нь авья” гэхээр нь би мөнгөн усыг нь аваад З  ахын гэрт очсон. Хэсэг хугацааны дараа З  ах дахиж над руу залгаад нөгөө юм аа аваад хүрээд ир гэхээр нь дахиж гэрт нь очиж мөнгөн усаа үлдээчихээд би явсан ...” гэх,

            гэрч Э.Энхбатын өгсөн “... 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн орой 22 цагийн үед гэртээ гар утсаараа интернэтэд холбогдоод Ви Чат апликешн ашиглан сошиал ертөнцөөр мэдээ мэдээлэл сонирхож байтал “Монгол” гэсэн нэртэй групп дээр “Одко” гэж хүн “Мөнгөн Ус зарна” гэсэн зар байршуулсан байсныг би хараад ямар учиртай болохыг нь сонирхоод, үнэхээр мөнгөн ус мөн бол химийн хорт бодисыг интернетэд зар тавьж байгаад бусдад зарж борлуулж болохгүй гэдгийг эрх зүйч хүний хувьд мэдэж байсан учраас Одко гэж хүн рүү хандаад, би мөнгөн ус сонирхъё, утасныхаа дугаарыг өгчих гэсэн. Би түүний 88708555 дугаар руу залгаад би өөрийгөө “Дархан Уул аймгийн Хонгор сумаас ярьж байна, мөнгөн усыг чинь үзье, агууламж гайгүй өндөртэй бол авая” гэхэд Одко “мөнгөн ус нь манай найзынх байгаа юм. Одоо надад байхгүй” гээд маргааш нь цаг болзоод уулзахаар тохирсон. Маргааш нь буюу 11 дүгээр сарын 16-ны өдөр би Одко руу залгаад ах нь хотод ирчихлээ, одоо уулзая гээд Богд Ар хорооллын Монгол хуушуур гэдэг газар уулзахад мөнгөн усаа бүгдийг нь биш 1 граммын тариуранд соруулаад дээжлээд авчирч үзүүлсэн. Та 7,500,000 төгрөгөө бэлэн өгөх юм бол 1500 грамм мөнгөн ус манай найзад гадаа бэлэн байгаа, би таныг авья гэвэл нэг газар тохироод тэндээ наймаагаа хийе гэж ярьсан. ... Ингээд би мөнгөн ус мөн байхыг хараад хууль бусаар наймаалцах гэж байгааг мэдсэн даруйдаа өөрийн 88111887 дугаарын утаснаас 102-т залгаж “энд мөнгөн ус зарах гэж байгаа хүн байна. Яг одоо Богд Арын урд Варетагийн урд явж байна шүү” гээд өмссөн хувцасыг нь хэлээд дуудлага өгөхөд за ойлголоо дуудлага хүлээж авлаа гэж хариу өгсөн. ... Мөнгөн усыг 1 кг-г нь 5,0 сая төгрөг гэж тохироод 1 кг 500 грамм байгаа гэхээр нь 7,500,000 төгрөгөөр авахаар болсон ...” гэх,

гэрч Ц.Норолхоожамцын өгсөн “... 2016 оны 11 сарын 14-ний өдөр ... Ганбаяр машинд орж ирж суугаад юм ярьж байхдаа машины урд талын хайрцаг онгойлгоод юм үзэж байгаад хайрцаган дотор байсан савтай мөнгөн усыг гаргаж ирж үзсэнээ энэ юу юм бэ, Энүүгээр яадаг юм гээд асуухаар нь мөнгөн ус байгаа юм. Манай ахын компанид ашигладаг мөнгөн ус байгаа юм гэсэн. Тэгээд ийм хүнд байдаг юм уу, би хүнд зарчих уу гээд байрныхаа ахад үзүүлээд өгөе гээд аваад буугаад байрныхаа булан тойроод яваад өгсөн ...” гэх мэдүүлгүүд, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Гамшгийн туршилт, шинжилгээний төвийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2/06 дугаар дүгнэлт, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт З , О  нарын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь 2002 оны эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарч байх ба 2015 оны шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-т “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасныг удирдлага болгон шүүгдэгч З , З.Олбаяр, Ч  нарын гэмт үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч З г химийн хорт аюултай бодисыг зөвшөөрөлгүйгээр хадгалсан, дамжуулсан мөн химийн хорт аюултай бодисыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн зөвшөөрөлгүйгээр худалдахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд,

шүүгдэгч О ыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн химийн хорт болон аюултай бодисыг зөвшөөрөлгүйгээр худалдахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд,

шүүгдэгч Ч  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Би энэ хэрэгт буруугүй. О  З  хоёрыг холбож өгсөн. З  надад “...мөнгөн ус байна...” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “...О  гэдэг найзтайгаа холбож өгье...” манай найз Хятадуудтай цуг ажилладаг гэж хэлсэн. Ингээд зургийг нь үзсэн. Би энэ 2 хүнийг танилцуулсан...” гэх боловч химийн хорт болон аюултай бодисыг ...бусдад дамжуулах үйлдэлд болгоомжгүйгээр дэмжлэг үзүүлсэн нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм.

         

          Иймд шүүгдэгч Ч ийг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн химийн хорт болон аюултай бодисыг зөвшөөрөлгүйгээр худалдахыг завдсан үйлдэлд дэмжлэг үзүүлэн оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч нарт ял оногдуулахдаа анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, ял хөнгөрүүлэх нөхцөл болон тэдний хувийн бусад байдал зэргийг харгалзан ялыг ялгамжтай оногдуулсан болно.        

      

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Гамшиг судлалын үндэсний хүрээлэнд хадгалагдаж буй 1532.3 грамм цэвэр жинтэй мөнгөн усыг  уг хэргээс тусгаарласан А.Ганбаярт  холбогдох 201726021315 тоот хэрэгт шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч З г химийн хорт аюултай бодисыг зөвшөөрөлгүйгээр хадгалсан, дамжуулсан мөн химийн хорт аюултай бодисыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн зөвшөөрөлгүйгээр худалдахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч О ыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн химийн хорт болон аюултай бодисыг зөвшөөрөлгүйгээр худалдахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,     

шүүгдэгч Ч ийг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн химийн хорт болон аюултай бодисыг зөвшөөрөлгүйгээр худалдахыг завдсан үйлдэлд дэмжлэг үзүүлэн оролцсон гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. 2015 оны Шинэчилсэн найруулсан Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З г 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ял,

шүүгдэгч  О ыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ял,

шүүгдэгч Ч ийг 1 /нэг/ жил хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. 2015 оны Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З д оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ялыг, О т оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ялыг, Ч т оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Гамшиг судлалын үндэсний хүрээлэнд хадгалагдаж буй 1532.3 грамм цэвэр жинтэй мөнгөн усыг  уг хэргээс тусгаарласан А.Ганбаярт  холбогдох 201726021315 тоот хэрэгт шилжүүлэхийг прокурорт даалгасугай. 

 

6. 2002 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар З д оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст,

 О т оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст,

Ч т оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст тус тус даалгасугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн, захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14  хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол З , О , Ч  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХ-ЭРДЭНЭ