| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 128/2019/0875/З |
| Дугаар | 128/ШШ2020/0174 |
| Огноо | 2020-03-17 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2020 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 128/ШШ2020/0174
| Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн би, Б.Ж*******ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны даргад холбогдох захиргааны хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Б.Ж*******а, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т******* нарын хооронд 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “Нэхэмжлэгчийн эрх, үүрэг: 1. “Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/255 дугаар тушаалаар Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанд Газар зохион байгуулагчаар томилсныг хүлээн зөвшөөрч, ажилгүй байсан хугацааны /2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх/ цалин хөлс, нөхөх олговрыг нэхэмжлэхгүй бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. 1 удаа 3 сарын чөлөөний хугацаа дуусгавар болсны дараа нэхэмжлэгч нь тус ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгөх үүрэгтэй. Хариуцагчийн үүрэг: 2. Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/255 дугаар тушаалаар Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанд Газар зохион байгуулагчаар томилсныг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулж, нэхэмжлэгч талд хуулийн дагуу ээлжийн амралт олгох, 1 удаа гурван сарын хугацаатайгаар цалинтай чөлөө олгох, дээрх тушаал гарсанаас хойш төлөгдөөгүй /2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх/ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх үүргийг хүлээнэ...” гэжээ. ҮНДЭСЛЭХ нь: Б.Ж*******ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар харилцан тохиролцож, эвлэрснээ баталгаажуулан, Эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулж, шүүхэд ирүүлсэн байна. Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны даргын үүрэг гүйцэтгэгчийн 2020 оны 02 дугаар сарын 12-ний өдөр шүүхэд ирүүлсэн албан бичгээр Т.Т*******ийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.5-д заасны дагуу нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхийг олгожээ. Дээрх эвлэрлийн гэрээ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дүгээр зүйлийн 20.1.1-т зааснаар нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дугаар зүйлийн 21.1.1-т ... хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, эсхүл татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй, 68 дугаар зүйлийн 68.1-т Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно 68.2-т “Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрсэн тохиролцоогоо бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна, 68.4-д Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасантай нийцсэн байна гэж шүүх дүгнэв. Нэхэмжлэгч Б.Ж*******а, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т******* нар нь харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж шүүх үзлээ. Иймд нэхэмжлэгч Б.Ж*******а, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т******* нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дүгээр зүйлийн 68.4-т заасныг баримтлан Б.Ж*******ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны даргад холбогдох “Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/255 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Мэдээллийн технологийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэрэгт талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН
| |||
| | |